Н.Санжаадорж: Өвгөн ноёныг өөр хэн нэгэн уяачтай харьцуулж жиших нь Чингис хааныг аль нэг жанжинтай нь адилтгасантай утга нэг

Тэлмэн
2015 оны 8-р сарын 27 -нд

Тод магнайн өнөөдрийн зочин хойморт Монголын хурдан морины хүндэт зүтгэлтнүүдийн нэг,  Хэнтий аймгийн МСУХ-г үүсгэн байгуулагч,"Сэцэн ханы хүлэг”  МСУХ-ны хүндэт тэргүүн Н.Санжаадорж саатан тухалж байна. Монгол адууны үнэ, цэнэ, адуун өв соёлын амин чухал хэлхээсийн талаар цаг ямагт санаа тавьж явдаг энэ эрхмийг манай уншигчид амтат нийтлэлүүдээр нь эчнээ таних билээ. Ингээд түүний "Тод магнай" сэтгүүлийн Хэнтий аймгийн тусгай дугаарт өгсөн ярилцлагыг уншигч танаа хүргэе. 
-“Сэцэн ханы хүлэг”  ММСУХ-ны анхны салбаруудын нэг. Холбоо үүсгэн байгуулагдсан үеийн түүхээс яриагаа эхэлье?
-1995 онд ММСУХ үүсгэн байгуулагдаж, анхдугаар их хурлаас эхлэн  тэргүүлэгчээр 17 жил сонгогдсон.  Анхны тэргүүн  Пунцагбалжир надад аймагтаа салбар холбоо байгуулаач  гэдэг  байсан юм.  Тэгээд л 1996 оны дөрөвдүгээр сарын 16-нд  зар гаргаж уяачид цуглуулж  хурал  хийгээд ММСУХ-ны анхны салбарыг Хэнтий аймагт байгуулж байлаа. Тэгэхээр манай “Сэцэн ханы хүлэг” уяачдын  холбоо  бол анхны салбаруудын нэг биш. Хамгийн анхны салбар нь юм. ММСУХ үүсгэн байгуулагдахаас өмнө Монгол адуу нийгэмлэг гэж байсныг мэдэх байх.
-Мэднээ...
-Манай аймагт болохоор “Монгол адуу” нийгэмлэгийн салбар гэлгүй уяачдын холбоо гэж байгуулаад  даргаар нь  Дашдорж  гуайг  тавьсан  юм шиг байгаа юм.   Ингэж яривал манай аймгийн уяачдын холбоо ММСУХ-ноос ч өмнө байгуулагдсан гэж хэлж болно. Намайг 1992 онд Хэнтий аймагт очиход Дашдорж гуайг  уяачдын холбооны  дарга гэдэг байсан. Тэгэхдээ тамга тэмдэг гэх мэт албан ёсны зүйл байхгүй, хурал цуглаан хийж байгаагүй юм билээ.
-1996 онд албан ёсны тамга тэмдэгтэй байгууллага байгуулагджээ дээ?
-Тэгсэн. Бид хурлаараа холбоондоо “Сэцэн ханы хүлэг” гэдэг нэр өгч   албан ёсны тамга тэмдэгтэй болсон. Аймгуудын уяачдын холбоо оноосон нэртэй болсон нь манайхаас эхтэй юм шүү.
-Тухайн үед ямар зорилт зорилго дэвшүүлж байв?
-Уяачдаа  дэмжих,  уяачдынхаа эрх ашгийг хамгаалах ингэснээр хурдны өлгий нутгийнхаа өв соёлыг, хурдны цөм сүргээ  сэргээх, хадгалах гэх мэт.  Хавчигдаж хаширсан  уяачдынхаа урам зоригийг сэргээхийн тулд шагнаж урамшуулах, цол олгох  зэрэг арга хэмжээг авч эхэлсэн. 
-Гэхдээ хавтгайруулаагүй байна лээ?
-Цолыг өгсөн. Гэхдээ хаа хамаагүй өгөөгүй ээ. Хазаартай, бодлоготой өгсөн. Яагаад гэхээр уяач гэдэг өөрөө ёс суртахуун, хэр хэмжээний эрэмбэ байхгүй юу. Тэгэхээр тухайн нутаг орондоо уяач гэдгээрээ  хүндлэгдсэн  хүлээн зөвшөөрөгдсөн  уяачдаас нь эхэлж  цолыг нь  өгч эхэлсэн.   Сүүлд баяр наадмын тухай хууль батлагдаад тусгай болзол  зааж өгснөөс хойш бол түүнийг нь үндэслэж олгодог болсон доо. Хуулийн заалтыг баримтлахаар  үнэндээ цол авах хүн бараг байхгүй болсон.  Би холбооны тэргүүнээр ажиллаж байхдаа  нийтдээ 130-аад хүнд л цол олгосон  байх.  Уяач биш нэг л хүнд өгсөн дөө.
-“Санжаа даргын үед томилогдсон” гэсэн сумдын уяачдын холбооны тэргүүнүүд цөөнгүй байна лээ.Танай дүрмээр томилох ёстой юу?  
-Тиймээ. ММСУХ-ноос гаргасан  аймаг дахь  салбар холбооны  дүрэм гэж огт байгаагүй.  Би аймагтаа  салбар холбооны дүрэм хоёр удаа хийж бага хурлаараа хэлэлцүүлж  батлуулж хэрэгжүүлсэн. Түүнээс гадна  сумд дахь салбар холбооны дүрмийн төсөл хийж   өгсөн.   Тэдгээрийг  ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн хэрэг болно гээд авч  байсан. Тэр дүрэмдээ “сумдын уяачдын холбооны даргыг сонгохоос гадна томилж болно” гээд оруулчихсан юм. Сонгуулаад шийдье гэхээр  уяачид  нь цугларахгүй, хуралдах боломжгүй байлаа шүү дээ. Тэгэхээр нь тухайн суманд очоод моринд дуртай, дээр нь орон нутагтаа нөлөө бүхий Засаг дарга юм уу, малын эмч зэрэг хүмүүсийг  шууд томилчихдог байсан юм.  Тэр зөв болсон шүү. Бор-Өндөрийн Ичинноров,  Баян-Овоогийн Бямбабатжил, Баянхутагийн Цолмон, Дарханы Содном, Өлзийтийн Энхтөр гээд  хүндтэй хүмүүс болчихсон  даргаа хийгээд л  явж байна. Тухайн цаг үедээ  олон зүйлийн анхдагч болж байлаа.
-Жишээлбэл?
-Орон  нутагт зохиогддог томоохон уралдааныг  анх санаачилсан гэж боддог.  1991 онд Өвгөн ноён Хардэл жанжин бэйсийн  нэрэмжит уралдааныг  санаачилж байлаа. Тухайн үед би Төв аймагт ажилладаг байсан юм. Өвгөн ноёныхоо нэрэмжит уралдаалга хийчихье гээд “Монгол адуу” нийгэмлэгийн ерөнхийлөгч  Гомбожав даргад хандтал “хадлан тарианы үеэр олон хүн цуглуулж ажил үймүүлсэн болно. Дэмий байхаа” гээд дэмжээгүй. Тэгэхээр нь орлогч Хэнч-Яахавт хэлээд  15 медаль авсан. Гол нь уралдсан түрүү айрагт медаль  өгөх нь л чухал. Улсын 70 жилийн ойд ирсэн  Галшарын уяачдад   “намар  есөн сарын 15-нд их нас, даага, соёолон уралдуулна” гэж хэлээд 15 медалиа өгөөд явуулж билээ. Би араас нь очсон л доо.  Тэгсэн хүмүүс дор нь  дэмжээд, бригадын дарга хүргэн дүү маань багийнхандаа хэлээд айраг бэлтгүүлчихсэн. Сумын засаг дарга, компанийн захирлууд нь “Өвгөн ноёны нэрэмжит  наадамд оролцохгүй бол болохгүй” гээд асар майхнаа барьчихсан сумын наадам шиг л юм болсон. Өөр хаана ч хэн ч ийм уралдаан санаачлаагүй байсан цаг шүү. Анхдагч гэх байх.  
-Та тийм олон хүн дэмжинэ гэж бодоогүй байсан юм уу?
-Миний хувьд анх “Өвгөн ноёноо л алдаршуулъя” гэж бодож морь уралдуулж медалиар мялаачихаад ирье л гэж бодож байсан.  Яагаад гэхээр тэр хүний адуу л  улсын наадамд түрүүлж, айрагддаг. Ханддорж гуай бас надад “миний хонгор  халзан морь Өвгөн ноёны адуу” гэж ярьдаг байсан л даа. Тэгсэн миний бодож санаж байснаас илүү өргөн цар хүрээтэй үйл ажиллагаа болсон.Тэгээд тэр үеэс эхлээд үндэсний соёл, хурдан морины асуудлаар өөрийн байр сууриа илэрхийлж, өөрийнхөө хэр хэмжээнд хувь нэмрээ оруулж явна даа. 
-Өвгөн ноёны нэрэмжит уралдаан уламжлал болон тогтсон?
-Тэгсэн. 1994 онд Өвгөн ноёны 150 жилийн ойг тохиолдуулан маш том уралдааныг зохион байгуулж байлаа. Өвгөн ноён гэж яриад байдаг болохоос биш ний нуугүй хэлэхэд насыг нь ч мэддэг хүн байгаагүй  шүү дээ. Тэгээд би Галшарын “сирий” Нацагтай хамт Лосолнямбуу гээд Өвгөн ноёны жасааг нь уншиж  байсан 90 настай лам өвгөнтэй уулзаж насыг нь тогтоогоод Баярмагнай гуайд хэлж 150 жилийн ойн тухай нийтлэл бичүүлсэн. Аймгийн дарга дээр орж 150 жилийн ойг тэмдэглэх  хүсэлтийг тавьсан.Тэгсэн аймгийн дарга Балдандорж дарга  дэмжээд, “Чи бид хоёр шийдэж болохгүй. Уяачдын холбооны дарга Дашдоржийг  дагуулаад ир. Тэрүүгээр хүсэлт гаргуулаад ИТХ-ын тогтоол би гаргуулчихъя... гэж билээ. Тэгээд хэлснээр нь болж Балдандорж дарга Батсүрэн дарга дээр орж   “Өвгөн ноён Пүрэвжавын 150 жилийн ойг нь тэмдэглэн өнгөрүүлэх Иргэдийн хурлын тогтоолыг гаргуулахдаа 3 жил тутам нэрэмжит наадам хийж байхаар тогтоолд зааж өгсөн   байлаа.  Балдандорж дарга надад "би бай шагналыг нь гаргаж чадахгүй шүү. Харин зохион байгуулах комисс гаргаж өгье” гэсэн. Тэр ёсоор ч болсон.  Энэ бол үндсэндээ  анхны зүүн бүсийн уралдаан байлаа. Энэ тогтоолын дагуу 1997, 2000 онд хийх ёстой  Шөрмөсөн чулуут довон дээр уралдаан хийсэн.
-1997 оных нь бүсийн наадмын статустай болсон бил үү?
-Тэгсэн.  1997 онд Буяндэлгэр ах  ММСУХ-ны ерөнхийлөгч болчихсон байсан. Тэгээд ММСУХ-ны тэргүүлэгчдийн хурлаар “Улсын зүүн бүсийн уралдаан” болгосон нь  маш өргөн болсон шүү дээ. Ер нь үзсэн хүмүүс нь МНТ-ны 750 жилийн дараа болсон том уралдаан нь тэр байсан гэцгээдэг. Ерөнхийлөгч асан П.Очирбат гуай, Эрдэнэтийн Отгонбилэг хүртэл онгоцоор очсон шүү дээ.  Хэнтий аймгийн засаг дарга Ч.Энхээ  байсан учраас сонгуульт дөрвөн жилд уралдаануудыг дэмжиж тусалсантай холбоотой  юм шүү. 
-Анхны “Их хурд” уралдаанд Хэнтийн  уяачид зохион байгуулалттай очиж оролцсон байдаг?
-Аймгийнхаа уяачдыг   нэгдсэн зохион байгуулалттайгаар авч  очиж оролцсон. Тэр жил манай Хэнтий аймагт гантай байсан учраас  эрт сарын өмнө  Хар хоринд очиж Шар бүрдэд байрлан газар оронтой нь танилцуулж байсан. Манайхан сумын наадамд нь уралдаад айраг, түрүүг нь авч л байлаа. Манайхыг тийнхүү сарын өмнө явсан тухай дуулаад Сүхбаатарынхан цочроо авч аймгийн  дарга дээрээ ороод  сая төгрөгийн хандив авчихсан гээд уралдааны өмнөхөн  ирж байсан  юм.   Тэр үед Гангын Гомоо гэж  хүн Сүхбаатарын уяачдын холбооны  дарга нь байсан. Ер нь тэр үеийн хэдэн  жил дараалсан томоохон уралдаануудыг хөдөлгөхөд   “Сэцэн ханы хүлэг” уяачдын холбоо л эхний дуу хоолой болж байсан.
-2000 оны Өвгөн ноёны уралдаан албан ёсны бүсийн статустай юу?
-Тэгэлгүй яахав. Мөн л ММСУХ-ны тэргүүлэгчдийн хурлаар “Бүсийн уралдаан” гээд тогтоочихсон.  Өвгөн ноёны наадам “морины олимп” гэдэг байлаа шүү дээ. Тэнд очиж уралдах нь уяачдын нэр хүндийн хэрэг гэдэг байв.  Улсын наадамд түрүүлсэн Эрдэнэчулууны том шаргаас эхлээд цуут хүлгүүд очсон. Ер нь тэгээд л тэр үеэс эрлийз адуу хурдан юм байна гэдэг ойлголт төрж, “Эрдэнэчулууны шарга шиг адуутай болъё” гэх санаа төвийн  заримд нь бий болсон байх.    Сүүлдээ “Өвгөн ноёны адуу хурдан байдаг нь эрлийзжүүлснийх” гээд цуу зохиогоод  амжсан шүү дээ. Манай холбоо улсын хэмжээнд анх удаа 2010 оны зүүн бүсийн наадмаар эрлийз адууг хассан. Бид бүх сумдаас  ирсэн   уяачдынхаа хурлаар л шийдсэн дээ. Улсын хэмжээнд эрлийз адуу хассан анхны бүсийн наадам тэр байлаа.  Монгол адуугаа, үндэсний соёлоо хамгаалах анхны санаачлага тэр байсан.  Бас л анхдагч болох зүйл.
-Өвгөн ноёны зарим нэг азарга монгол адуу байгаагүй хэмээн барин тавин ярьдаг хэсэг бий?
-Галшарт  эрлийз адуу оруулж ирсэн бол нутгийнхан мэднэ  дээ. Тэгээд ч Өвгөн ноён саяхны хүн шүү дээ. Манай эмээ, өвөө танина, мэднэ. Эмээгийн ах “ижий” Чүлтэм гэдэг чинь  Элбэг хээрийг адгуулж байсан хүн. Тэр хүн хэзээ ч  эрлийз адууны тухай ярьж байгаагүй. Харин тахийн адуутай эрлийзжүүлэх  гэж байгаад адуучин нь тахийн эрлийз азарганд бариулж нас барсан гэдэг юм.  Тэр хэрэг явдлыг нутаг хошуугаараа дарсан байдаг юм. Өвгөн ноёны азарганы зурмал зургуудыг хараад  тэгж боддог шиг байгаа юм. Тэр чинь урлагийн бүтээл. Өлгөр хүрэн нь адуун дотроо явж байхдаа морьтой хүн яваа юм шиг харагддаг байсан гэдэг ярианаас нэг хэсэг нь эрлийз гэсэн дүгнэлтийг хийдэг.Гэтэл тэр чинь зүйрлэл. Хөдөөгийнхөн зүйрлэж л ярина шүү дээ. Томхон хонийг бяруу шиг гээд л ярьдаг. Яг бяруутай зэрэгцүүлээд харвал түүний хэмжээнд хүрэх хонь  хэзээ ч байхгүй. Тэгэхээр аман яриа, уран зураг хоёроор дүгнэж буруу мэдээлэл түгээж болохгүй. “Монгол адуу” нийгэмлэгийн хурал дээр эрдэмтэн, доктор Готовын Цэвэгмид агсан “монгол адууг эрлийзжүүлж ёстой болохгүй шүү” гээд бүр аминчлан хэлж  байж билээ.  Энэ сэдвээр ярилцвал маш өргөн хүрээтэй зүйл ярих болно. Би бол түүх, соёл л ярьж байгаа хүн. Эрлийзжүүлэхийг биологи, генетикийн шинжлэх ухаан монгол адуу биш бол болно гээд  нотолчихсон байхад түүнтэй тэрсэлдээд байгаа  шинэ монгол хүмүүст надад хэлэх үг даанч алга даа.
-Санал нэг байна.
-Сэцэн ханы адуу 200 жилийн турш хурдалж байгаа бол сүүлийн 100 жилд Галшарын адуу л түрүүлж айрагдлаа. Энэ талаар ярьж болж байна. Амбан сэцэн хан Артсэд гэдэг моринд дуртай хүн байсан байх. Сайн адуу, сайн уяачдыг сонгон цуглуулж таараа.  Тийм ч болохоор Сэцэн ханы адуу даншигийн наадмын бүх түрүү, айргийг авдаг байж л дээ. Хэн нэг нь бас л албан тушаалаа ашиглаад эрлийз адуутай байсан гэж мэдэх л байх шүү.  Тэрний дараа Дайчин засгийн Дашдондов гэдэг моринд дуртай хошуу ноён байж. Түүний морьд бас нэг хэсэг хурдалж. Үүгээр би юу хэлэх гээд байна вэ гэхээр хошууны ноён моринд дуртай бол тэр нутгийн адуу хурдалдаг. Тэр соёл тэнд  хөгждөг байж. Үүнийг баяр наадмын цуваанаас бэлхнээ харж болно.  Хардэл жанжин бэйсийн хувьд зөвхөн моринд дуртай байгаад сайн адуу бий болгоод зогсоогүй түүнд суурилсан бүхэл бүтэн дэг жаяг, соёлыг бий болгосон. Хардэл жанжин бэйс бол адууны хувьд  зургаа дахь мэдрэхүйтэй, гоц авьяастай хүн. Тийм учраас би Өвгөн ноёныг өөр хэн нэгэн уяачтай  харьцуулж  жишихийг зөвшөөрдөггүй. Энэ нь Чингис хааныг аль нэг цэргийн жанжинтай нь адилтгасантай   утга нэг. Үүнийг би зориуд хэлэхийг хүсч байна.
-Монголын хурдны гол цөм булгийн  эх, усны ундарга нь Хэнтий аймаг гэдэгтэй хэн ч маргадаггүй шүү дээ?
-Өвгөн ноёны бий болгосон хурдны цөм сүргийн адуунууд сүүлийн 100 гаруй жилийн турш Монгол төрийн наадамд түрүүлж айрагдлаа. Зарим нэг нь Төв аймгийн уяачдын морьд л түрүүлж, айрагдсан гэдэг. Үнэндээ тэр адуунууд нь явсаар бүгд л Галшар угшилтай болдог. 2000 он гарсаар Сүхбаатарын адуу хурдалж байна л гэдэг. Тэр адуунууд ч гэсэн Галшар удмынх болчихдог.  Ний нуугүй хэлэхэд сүүлийн үед сүрхий хурдлаад байна гээд байгаа Сүхбаатар  аймгийн Халзан, Асгат зэрэг сумдын настайчуудын яриа нь болохоор  Халзан сумын хурд Галшараас эхтэй, Асгат , Эрдэнэцагааны хурд Халзангаас эхтэй гэж л ярих юм билээ.  Тэгэхээр хэн ч маргадаггүй гэдэг нь үнэн л дээ. Өөрөөр хэлвэл ер нь бүгд нэг угшлын адуугаар уралдаж байгаа гэж ойлгож болно.   Сүүлийн жилүүдэд Хэнтий аймгийн морьд түрүүлж айрагдахгүй байна гэдэг хүмүүс бий.
-Би тэдний нэг. Миний бодол ташаа бол “Яагаад” гэдгийг тайлбарлахгүй юу?
-Социализмын үед морь уяхыг дэмждэггүй, төрөөс  уяачдыг хавчдаг байлаа шүү дээ. Зарим нэг нь морь уяад хэрэгт ордог. Тэгэхээр дээхнэ үеийн сайн уяачид “өөрөөрөө дуусгая” гээд залгамжлагчаа бэлтгээгүй. Ангасай Банзрагч гуай гэхэд л тэгээд л хүүгээ моринд ойртуулдаггүй байсан гэдэг. Ер нь бол энэ маягаар олон уяачийн залгамж халаа тасарсан. Харин ч морь уядаг, нийгмийн ажил хийдэггүй гээд ад үзэгддэг байсан.Ялангуяа Галшарынханд хатуу туссан. Онон, Бат-Өлзий эд нар шиг зөвхөн морь уяхыг дагнасан уяач Хэнтийд байхгүй.  Тэр ч утгаараа  нэг үе морь уях гэдэг тэтгэвэртээ гарсан хүний л хийдэг ажил байлаа. Тийм цаг үеийг мэдэх болохоор Өвгөн ноёны наадмыг санаачилж, тэр хүний бий болгосон их соёлыг хойч үедээ үлдээх гэсэн зорилго надад бий. 
-Ингэхэд та аль сумын хүн юм бэ?
-Галшар.
-Уяачийн гэрт өсч хүмүүжсэн үү?
-Миний өвөө Зангийн Дугарсүрэн гэж уяач байлаа. 1945-46 онд Хэнтий аймагт даага түрүүлгэж байсан. Галшарынхан “Зангийн Дугарсүрэнгээс доод гурван насаа асуу” гэдэг байсан юм гэнэ лээ. Тийм л хэмжээний уяач. Тэр өвгөн чинь өөрөө “би морио сайн уядаг байсан” гэж ярихгүй шүү дээ. Жишээлбэл одоо хүмүүс “жониго” Дагва гуайг сайн уяач байсан гэдэг. Тэр нь ч үнэн.  Манай ажаа болохоор “Жониго  сүүлдээ дээрдсэн хүн  шүү” гэдэг байсан. Би тийм хэмжээний хүмүүсийн яриаг сонсож өссөн.  Миний нагац ах уяач  “шар” Банзрагч  гэж 1961 онд Хэнтий  аймгийн наадамд их нас, хязаалан түрүүлгэж, соёолон аман хүзүүдүүлж байсан  хүн.  Өвгөн ноёны Элбэг хээрийн  адуучин “ижий”  Чүлтэм гэдэг хүн бол  “шар” Банзрагч” ахын нагац  ах нь байв.   Тэр “ижий” Чүлтэм гэдэг хүнд Өвгөн ноён Элбэг хээрийнхээ үр хүрэн үрээ өгсөн байдаг юм.Чүлтэм өөрөө  морь мал уядаггүй, дүү Сономдагва нь сайн уяач байж.  Тэгээд тэр Сономдагва нь хүрэн азарганы үр төлийг Галшарт их хурдлуулсан өндөр эрэмбэтэй уяачийн нэг байсан гэдэг юм. Даанч наслаагүй юм билээ. Тийм болохоор Галшарынхан  манай нагац ахыг   “Элбэг хээрийн  адуутай” гэж ярьдаг байсан.
-Та ер нь морь уяж байсан уу?
-Би 7 настайгаасаа морь унасан, 14 настайгаасаа  морь уясан. Дээр ярьдаг нагац ахаараа хэлүүлээд, өөрөө уяад,  10 настай дүү Дамчаадоржоороо  унуулаад 1970 онд  аймгийн наадамд ирж  хязаалан наймд,  шүдлэн 22-оор давхиулж л байлаа. Тэр үед манай нагац ах  дээр хэлдэг "шар” Банзрагч хөлөө  хугалчихаад гэрээс гарахгүй болчихсон.  Бид хоёр нутгийн уяачдыг дагаад  аймагт ирж уралдаж байсан. Сургууль соёл гээд хот хүрээ явчихсан болохоос биш хөдөө байсан бол сайн уяач  л болох  байсан гэж боддог.   Одоо  бол ч муу уяач  л даа. 
-Сургуулиа төгсөөд Төв аймагт  нэг хэсэг ажилласан уу?
-Тэгсэн. 1982 онд Төв аймагт автын байцаагчаар очоод тэр хавийн уяачидтай танилцаж  Ханддорж гуай, Туваан гуай, Рэнцэндорж гуай  гээд тэр үеийн мундаг уяачидтай ойр байсан. Галшарын хүн гэхээр их хүндэлнэ. Дорнойн Сундуй гуай гэхэд л манай Галшараас азарга авчирсан  тухайгаа ярина. Ганжуурын Сундуй гуай цагдаад мөрдөн байцаагч байсан тухайгаа ярина.
-Морь хэрхэн уях тухай зөвлөх үү?
-Манай Галшарын өвгөчүүл  морь тэгж уядаг, ингэж уядаг гэж ярихгүй. Харин сайхан хөглөх ёстой, унааг нь сайхан хийх ёстой, зөв унаж эдлэх ёстой л гэж ярина. Угаасаа соёл нь тийм. Би бичсэн дээ, Данзанням гуай  “малгайгаа ар шилэн дээрээ авч яваарай” гэж хэлснийг 20 жилийн дараа ойлгосон” гэж. Тэр л байхгүй юу. Дөхүүлэн дөхүүлэн хэлснийг ухааран ухааран ойлгох чадамжаар нь уяач болохыг нь хэмждэг юм. Тэгээд ч хүн болгон уяач болохгүй. Донойн Цэвэгмид гуайн  хүү Минжүүр “аав надад ердөө олигтой юм хэлж өгөөгүй шүү” гэдэг юм. Хэлээд ойлгохгүй хүнд юу хэлэхэв дээ. Жишээлбэл, Халтар гуай өөрийнхөө хүүд зааж өгөөгүй зүйлээ “оготор”  Балжинням гуайд хэлж өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл уяач болох хүн бусдаасаа авьяасаар илүү  төрдөг. Ний нуугүй хэлэхэд дагаж мөрдөх дэг ёсоо мэдэхгүй байж морь уяна гэж хошуурч байгаа нь энэ том соёл устаж байгаагийн шинж. 
-Алдар цолны асуудлыг хэлж байна уу?
-Тийм.  Би хувьдаа бөхчүүд шиг болчихоосой гэж боддог.
-Ямар утгаараа?
-Үндэсний  бөхөө дэмждэг бизнес эрхлэгчид бөхчүүдийг өөрийн компанийнхаа бөх болгоод ивээн тэтгээд явдаг шүү дээ. Тэрэн шиг моринд дуртай бизнесменүүд уяачдыг тэгж дэмждэг болох хэрэгтэй байгаа юм. Тэр компанийн уяач тэрний уясан тийм зүсмийн адуу түрүүллээ...гээд зарладаг байхад  юу нь болохгүй байхав дээ. Хөрөнгө мөнгөө зориулж байгаа зүтгэлийг нь үнэлээд уяачаас өөр  цол өгч болно. Ер нь бол уяач биш хүнд  цол олгодог болсноос үүдээд, ёс жудаггүй болж байгаа. Үндэсний соёл гэхийн утга,  мөн чанар нь ёс жудагт л байгаа юм шүү дээ.
-Цол өгөх нь буруу гэсэн үг үү?
-Уяач гэдэг цол ёс зүйгүй болоод байна.  Би анх цол олгох тухай асуудлыг дэмжиж байсан хүн. Гэхдээ амьдрал дээр зөв гэж байсан зүйл буруу болох нь цөөнгүй шүү дээ. Өнөөдрийн өндөрлөгөөс харахад ийм болохыг нь мэдсэн бол  цол олгоогүй нь дээр байж. 
-Хэнтий аймгаар явж байхад Монголын Үндэсний морин уралдааны холбооноос олгодог “Хүлэгч” цолыг нэлээд олон хүн авсан байна лээ. Тэр цолыг олгуулахад таны оролцоо чамгүй байсан тухай ярих юм билээ?
-Уяач гэдэг  цол бол мэргэжилд нь  өгч байгаа  үнэлэмж.  “Хөгжимчин”  гэдэг шиг.  Хөгжим тоглодоггүй хүнийг ингэж нэрлэдэггүй. Үүнтэй ижил юм даа. Харин “ Хүлэгч”  гэдэг цол  бол үнэлэмж нь өөр.  Монгол адуун соёлд  оруулсан хувь нэмрийг нь үнэлж олгодог цол. Өөрөөр хэлбэл морины зүтгэлтнүүдэд өгдөг цол. Би тэр утгаар нь дэмждэг.
-Таны цуврал нийтлэлүүд хэдийнэ өөрийн  гэсэн уншигчтай болсон. Дээхнэ үеийн эрдэмт уяачид, хурдан хүлгүүдийн талаарх нийтлэлүүд уншигчдын талархлыг илүүтэй хүлээдэг. Эх сурвалжаа хэрхэн тодруулдаг вэ?
-Би олон хүнтэй уулздаг. Нэг материал бичихийн тулд нэлээд хэдэн хүнээс асууж тодруулаад түүн дээрээ дүгнэлт хийж бичдэг дээ. Нэг зүйлийг бичихийн тулд олон хүнээс асууж сайн судалгаа хийхгүй бол олон жилийн өмнөх явдлыг худлаа хэлэх явдал элбэг болж. Энэ бол морины соёлд оруулж буй миний хувь нэмэр. Тэгж бодож зорин байж мэдээлэл цуглуулан бичдэг юм.
-Сонирхолтой нийтлэлээр уншигчдыг маань дайлж байдагт баярладаг шүү. Тантай уулзчихаад Босоо хээрийн тань талаар асуухгүй өнгөрч болохгүй байх?
-Босоо хээр ч гэдэг, Задгай хээр ч гэдэг. Хээр морины удам угшил гэвэл  Бөгөн  адуу юм. Бүр тодруулбал  Баянхутагийн улсын алдарт Хүрлээгийн их улааны төл  охин бор  унага  надад бэлгэнд өгсөн. Тэр гүү болоод уурхайн Цэвээн гуайн өвгөн халтар азарганд тавиад  гарсан юм. Дааганд  нь нэг аман хүзүүдүүлээд  шүдлэн үрээ туранхай өнжиж, хязааланд нь Цэнгэлд  бэлгэнд өгсөн.  Соёолондоо 2006 онд Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор улсад түрүүлсэн. Соёолондоо 5 түрүүлсэн байсан шүү.
-Хэнтийн Хөдөө Аралын наадамд мөн түрүүлсэн?
-Тэгсэн. 2008 онд бас  Булган аймгийн 70 жилийн ойд  түрүүлсэн. Хээр морийг яагаад Цэнгэлд өгөх болсон бэ гэхээр өмнө нь аймгийн наадамд хязааландаа түрүүлсэн алаг морио  Цэнгэлд  өгсөн юм. Тэгсэн тэрийгээ хулгайд алдаад байхгүй болгочихсон байсан. Тэгэхээр нь  санаа зовоод “сайн адуу өгье” гэж бодоод  хээрийг өгсөн юм.
-Олон уяачидтай ойр байсан хүн. Удам угшлын сайныг хөөж цуглуулаа байлгүй?
-Ер нь адууны угшлыг ярихдаа манай адуу, миний унаган адуу гэж ярих нь соёл биш.  Ямар угшилтай вэ гэдгийг ярих нь соёл.  Надад хурдаараа  нэрд гарсан  бүхий л адууны угшил бий.
-Уяад өгье гэсэн найз нөхөд цөөнгүй биз?
-Байнаа, байна. Найз нөхдөөрөө уяулж ч байна. Давхил дээр нь очоод харж байх сайхан л байдаг юм. Тэжээл тариа гээд нэмэгдэл  хэрэгтэй.  Санхүү талаасаа хүндрэлтэй байдаг юм. Эрлийз  уралдуулахаа больчихвол  олон түмэнтэйгээ наадаж баймаар л байна.
-Танай хүүхдүүд моринд хэр сонирхолтой вэ?
-Манай том хүү моринд их сонирхолтой. Намайг дагаж явсаар байгаад миний мэддэгийг бүгдийг нь мэднэ. Одоо 27 хүрч байгаа залуу. Морь уяж  чадна.   Гэхдээ одоо морь уях гэдэг чинь өөртөө байгаагаасаа илүү цаг хөрөнгө шаарддаг болж. Тийм болохоор морины соёл гэдгийг мэддэг байхад л хангалттай. Боломжтой цагтаа морио уяна биз.
-Миний асуулт энэ хүрээд жаргаж байна. Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа.
-Монголын хурдан морины том ёс, соёл, зан заншлыг агуулж буй Хэнтийчүүддээ  монгол адуу бол  Монголчууд бидний “СҮЛД ОНГОН”    гэсэн Цэвэгмид докторын үгийг дахин нэг сануулж  үе удмаараа хадгалж хамгаалж  явахыг ерөөе.

"Тод магнай" сэтгүүл Хэнтий аймгийн тусгай дугаар

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.