Аймгийн Алдарт уяач Т.Болдбаатар: Халиун азарга маань ховорхон заяах хурдан буян учраас бага, сага уралдаануудад мордуулдаггүй

Тэлмэн
2015 оны 8-р сарын 12 -нд

Хоймор нутгийнхаа нэрийг өргөн, хүлэг морио эрхэмлэгч түмэн олноо цэнгүүлэн буй хийморилог уяач сэтгүүлийн зочноор уригдлаа. Энэ хүн бол өнөө цагийн цуут хурдан хүлгүүдийн нэг Магнай халиун азарганы эзэн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул, аймгийн ИТХ-ын дарга, “Дэлтэй цэнхэр” МСУХ-ны нарийн бичгийн дарга, аймгийн Алдарт уяач Түдэндоржийн Болдбаатар юм. Ерөөл бэлгээр учирсан халиун азаргаа улс, бүсийн наадамд гурав түрүүлгэж    /сэтгүүл хэвлэлтэнд шилжих мөчид Магнай халиун Сүхбаатар аймагт болсон зүүн бүсийн уралдаанд түрүүлсэн баярт мэдээ ирлээ/, зургаа айрагдуулан МУ-ын Алдарт уяач хэмээх эрхэм цолны болзлыг давуулан биелүүлээд буй юм. Хүлгийн хиймориор цэнгүүлэгч Т.Болдбаатар Алдарт бидний яриа ийн эхэлсэн юм.
-Хүлэг морио эрхэмлэгч Монгол түмний хүндлэлт хүлэг халиун азарга төрийнхөө наадамд дахин айрагдлаа. Баяр хүргэе.
-Баярлалаа. Уяачид, хурдан морины зүтгэлтнүүдийг уулзуулж байдаг “Тод магнай” сэтгүүлээрээ дамжуулан Монголынхоо нийт ард түмэнд баярын мэндчилгээ дэвшүүлж, эрүүл, энх, сайн, сайхан бүхнийг хүсэн ерөөе.
-Баярлалаа. АХ-ын 94 жилийн ойн баяр наадмын талаарх сэтгэгдлээсээ хуваалцаач?
-Энэ жилийн баяр наадам дэлгэр сайхан боллоо. Ихэнх нутгаар гантай байсан болохоор морьдын хүч тамир дутуу, уяачдын маань зорьсон хэмжээнд хүрээгүй байх. Гэлээ гэхдээ дэлхийд ганцхан дэлгэр Монголын наадам болдгоороо өргөн дэлгэр сайхан боллоо. ММСУХ санаачилж, хурдан морины салбар хороо дэмжин төрийн наадмаа өргөн дэлгэр болгож, Монгол орны өнцөг булан бүрт байгаа уяачдаа  хамруулах боломж нөхцлийг бүрдүүлэх үүднээс эрлийз морьдыг ялгах  журмыг гаргасан. Гэлээ гэхдээ энэ зохицуулалт зарим нэг хүний сэтгэлд төдийлөн хүрсэнгүй бололтой. Илэрхий монгол морьдыг барьж үлдэх, уралдах боломжийг нь хаах зэргээр уяачийн бүтэн жилийн хөдөлмөрийг үрэн таран хийж, наадамчин олныг гонсойлголоо. Үүнийгээ дараа жилийн наадмаар засч залруулах биз дээ. Миний хувьд халиун азарга минь сүүлийн хэдэн жил урамтай сайхан уралдаж, уяач миний болоод Хөвсгөл нутгийн минь ард түмний магнайг тэнийлгэж, моринд хайртай монгол түмнээ цэнгүүлж байгаа. Халиун азарга айрагдах нь ганц миний бус Хөвсгөл нутгийн ард түмний минь баяр, хийморь, лундааны бэлгэдэл болдог.
-Сүхбаатарт уягдсан уу?
-Тэгсээн. Зуншлага тааруу байсан болохоор Мөнх-Эрдэнэ уяач маань Онгон сум хүртэл отор хийж, азаргаа ногоолуулсан. Гэлээ гэхдээ урьд жилүүдийнх шигээ тамир суугаагүй байна лээ.
-Уяачийн туршлага, адууны төрмөл чанараар уралдлаа гэж үү?
-Тиймээ, манай Мөнх-Эрдэнэ халиун азаргаа шүдлэн цагаас нь уяж байгаа, ааль, авир араншинг нь андахгүй. Залуу хүн гэхэд уяа сойлго тааруулахдаа гаргуун шүү. Өөрийгөө боловсруулах тал дээр их анхаарна. Би Шонхорыг энэ цагийн  шилдэг залуу уяачдын нэг гэж боддог. Энэ дашрамд Мөнх-Эрдэнэдээ баярлаж талархаж явдгаа дуулгаж, гэр бүлд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
-Унаач хүүхэд солигдсон байсан уу?
-Өмнө нь Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын харьяат Батжаргалын Ганхүү гэж хүү унадаг байсан. Та бүхэн мэдэх байх.
-Өнгөрсөн жилийн улсын шилдэг уралдаанчаар шалгарсан?
-Тиймээ. Энэ жил Ганхүү маань мориноос хасагдаж, МУ-ын Алдарт уяач Сэргэлэнбаатарын хүү Буджав халиун азаргыг маань унасан. Анх удаа улсын наадамд морь унаж байгаа гэхэд сэргэлэн хүү байна лээ. Сүхбаатар аймгийнхаа шилдэг 100 хүүхдийн нэгээр тодорсон сурлага сайтай, авхаалжтай хүү. Ер нь хурдан морины унаач хүүхэд сэргэлэн цовоо, аль ч талаараа шилдэг байх ёстой гэдэг шүү дээ. Урьд нь унаж байсан Ганхүү маань ч гэсэн их сэргэлэн хүү. Уралдсан наадмаасаа айраг, түрүү алдаж байгаагүй. Хэнтий аймгийн 90 жилийн ой, зүүн бүсийн уралдаанд түрүүлэхдээ өөртөө их итгэлтэй байсан. Уралдаан, сунгаануудад өөрөө унаад азаргаа мэдэрчихсэн учраас тийм итгэлтэй байсан хэрэг л дээ. Ганхүүгийн маань хэлсэнчлэн халиун азарга Хэнтийд тасархай хол түрүүлсэн.
-Уралдаанч хүүхдийн авхаалж, самбаа уралдааны замд 90 хувийг шийддэг шүү дээ?
-Тэгэлгүй яахав. Манай уралдаанч хүүхдүүдийн аавууд цөм улс, аймгийн Алдарт уяачид. Уяач аавын хүү аргагүй өөр байлгүй яахав.
-Халиун азаргыг түрүүлчих болов уу гэсэн хүлээлт байсан шүү?
-Гарсан цагаас өнгөлсөөр барианы доохон талд Онон Тод манлайн хөвгүүдийн азарганд дайруулж, дөрвөөр давхилаа. Ер нь монгол адуун дотроо халиун азарга маань магнайлсан шүү дээ. Тэр ч утгаар нь энэ жилээс азаргаа “Магнай халиун” хэмээн нэрлэхээр болсон.
Халиун азарганыхаа амжилтаар МУ-ын Алдарт уяач цолны болзлыг биелүүллээ
-Бэлгэшээлтэй сайхан нэр байна. Магнай халиун эзэндээ МУ-ын Алдарт уяач хэмээх эрхэм цолны болзлыг биелүүлж өглөө.
-Тэгсээн. Миний бие хурдан морь уяж, сойгоод арав гаруй жил болж байна. Орон нутагтаа наадсан  амжилтаараа 2012 онд Аймгийн алдарт  уяач цолоо авсан. Харин одоо Магнай халиуны буянаар МУ-ын Алдарт уяач хэмээх эрхэм цолны болзлыг биелүүлээд байна. Сайн хүлэгтэй ерөөлөөр учирдаг гэдэгчлэн халиун азарга маань ирсэн цагаас эхлэн хурдалж, уралдсан болгондоо түрүүлж, айрагдан магнайг маань тэнийлгэж байгаа.
-Улс, бүсийн наадмаас хичнээн айраг, түрүү хүртээд байгаа билээ?
-Хоёр түрүү, зургаан айраг авч, баяр наадмын тухай хуульд заасны дагуу Монгол Улсын Алдарт уяач гэсэн эрхэм хүндтэй цолны болзлыг бүрэн дүүрэн хангаж буй юм.
-Мичин жилийн босгон дээр хоймор нутгийн Алдартуудын тоо нэгээр нэмэгдэх нь?
-Тэгэх байхаа. Цандэлэг Соёмбо хүрэн азарганыхаа амжилтаар Тод манлай, Ерөөлт халзан мориныхоо амжилтаар улсын Алдарт уяач болж байсан. Би тэдний дараа нэг адууны амжилтаар улсын цолонд хүрч байгаа уяач болох байх. Хамгийн гол нь морин уралдаан идэвхижсэн энэ үед нэг адуугаар тогтмол амжилттай уралдахад бас амаргүй болсон шүү дээ.
-Тийм шүү. Санал нэг байна?
-Халиун азарга маань ховорхон заяах хурдан буян учраас бага, сага уралдаануудад мордуулдаггүй. Зөвхөн улсын баяр наадам болон Засгийн газрын тогтоолт бүсийн уралдаануудад мордуулдаг. Та бүхэн ч мэдэх байх. Хамаагүй олон уралдуулбал хүч тамир нь буурах, хөл гарт нь сэв суух зэрэг сөрөг тал олонтой. Тэгээд ч халиун азарга дан ганц миний биш, монгол түмний хүлэг шүү дээ.
-Өнгөрсөн жил аман хүзүүнд хурдалсан болохоор энэ жил түрүүлчих болов уу гэсэн горьдлого байсан л биз дээ?
-Байлгүй яахав. Гэхдээ яг түрүүлнэ гэхэд хэцүү шүү дээ. Дээр хэлсэнчлэн морин уралдаан идэвхжиж, мэргэжлийн шахуу болсон. Уяач болгон дор бүрнээ адуугаа сайжруулж, хурдлах чадварыг нь нэмэгдүүлэхэд анхаарч, жил бүр шинэ залуу хүлгүүд тодорч байна шүү дээ. Тийм болохоор дотроо залбирна уу гэхээс итгэх тухай ярих аргагүй юм.
-Өнгөрсөн жил түрүүлж, айрагдсан азаргануудаас Магнай халиун нь амжилтаа бататгаж, төрийнхөө наадамд айрагдсан байна лээ?
-Тэр ч тийм шүү. Уралдсан болгондоо түрүүлж, айрагддаг буянт хүлэг дээ.
-Морь айрагдаж түрүүлэх зөвхөн уяач, унаачийн бус уугуул нутгийн олон, хүлэг морио эрхэмлэгч хүн болгоны баяр бахдал байдаг. Тэр ч утгаараа өнгөрсөн жил улсад аман хүзүүдсэнийх нь  дараа хоймор нутагтаа авчирч уралдуулах хүсэлт нэлээдгүй ирсэн дуулдсан?
-Би дээр хэлсэн шүү дээ. Халиун азарга ганц миний адуу биш гэж. Магнай халиун бол Монголын ард түмний тэр дундаа Хөвсгөлчүүдийн минь хайртай хүлэг. Өнгөрсөн жил Хөвсгөл аймагт маань хангайн бүсийн уралдаан болж, тэрхүү уралдаанд халиун азаргаа уралдуулаач гэсэн хүсэлт цөөнгүй ирсээн. Нутгийн түмний хүсэлт ёсоор халиун азаргаа аваачиж уралдуулан гурваар давхиулсан. Мэдээж нутгийн олон бол түрүүлчихээсэй л гэж хүсч байсан байх. Гэхдээ гурав дараалаад ойрхон уралдчихсан учраас яг бариан дээр дайруулж, гуравт баригдсан. Миний хувьд түрүүлж, айрагдахаас илүүтэй нутгийн олныхоо хүсэлтийг биелүүлэх нь сайхан байсан. Тэгээд ч нутгийн хоёр азарга урд нь орж байна гэдэг нөгөө талаараа манай аймгийн адуу сайжирч, уяачдын маань ур чадвар дээшилж байгаагийн илрэл биз дээ.
-Аймгийн МСУХ-ны нарийн бичгийн бодол уу?
-Тийм.
-Халиун азарганы төл мордсон гэж сонссон. Үнэн үү?
-Тиймээ. АХ-ын 94 жилийн ойдоо халиун азарганыхаа төл зээрд даагатай ирсэн. Монгол дааганы уралдаанд эрлийзүүдтэй уралдлаа шүү дээ. Тэгэхээр нь аваад үлдчихсэн. Одоо зүүн бүсийнхээ наадамд уралдуулна даа.
-Наадмын өмнөх сорилго сунгаануудад хэр хурдан байсан бэ?
-Том наадамд уралдаагүй ээ. Ер нь халиун азарганы удмын адуунууд бага насандаа тэр тусмаа даагандаа нэг их давхидаггүй. Халиун азарга ч  гэсэн, шүдлэнгээсээ эхлээд хурдалсан шүү дээ.
-Халиун азарганы үр төлөөс авах санал цөөнгүй ирнэ биз?
-Байнаа байна. Халиун азарганы маань үр төлөөс авах сонирхолтой найз нөхөд, ах дүүс байлгүй яахав. Тийм санал зөндөө ирдэг. Гол нь яг уралддаг ид нас нь учраас, тэр талд нь илүүтэй анхаарч цөөн гүү өгч байгаа. Хязааландаа "Жавхлант шаргын хурд"-д түрүүлэхэд нь хамгийн ихээр баярласан
-Халиун азаргатайгаа олон газрын наадамд явсан. Аль газрын наадам илүү зохион байгуулалттай сайхан болдог санагдсан бэ?

-Сүхбаатар аймаг уралдаанаа маш сайхан зохион байгуулдаг. Дэг журамтай, олон машин дагуулахгүй, уралдааны зам ч гэсэн их аятайхан. Уралдаанч хүүхдийнхээ амь нас, аюулгүй байдлыг хангах дээр ихээхэн анхаарч, уяачдынхаа эрх ашгийг хамгаалах тал дээр хариуцлагатай ханддаг. Хэнтий аймгийн наадам ч ялгаагүй их сайхан болдог шүү дээ. Ер нь зүүн талын аймгуудын наадам арай өөр шүү. Ядаж л уралдаад сурчихсан байдаг.
-Халиун азарга уралдсан наадмуудаас хамгийн их догдлуулсан нь хаанахын наадам байсан бэ?
-Халиун азарга маань анх хязааландаа Сүхбаатар аймгийн “Жавхлант шаргын хурд” уралдаанд түрүүлсэн. Хурдны өлгий нутгийн чансаа өндөр уралдаанд түрүүлж, том наадмын өм нээсэн гэдэг утгаар нь би одоо ч тэр наадмыг дурсаж явдаг. Хэдийгээр дараа нь улс, бүсийн наадамд түрүүлж, айрагдсан ч миний хувьд хамгийн сайхан нь тэр наадам. Аливаа юмны эхлэл нь зөв бол төгсгөл нь сайн байдаг шүү дээ. Тэр утгаар нь бэлгэшээж явдаг юм.
-Тэр утгаараа өнгөрсөн жил “Жавхлант шаргын хурд” уралдааны хязаалан насны морьдыг байлсан юмаа даа?
-Тиймээ. Өнгөрсөн жил хурд төрдөг энэ сайхан нутгийн уяачдадаа баярласан сэтгэлээ илэрхийлж, “Жавхлант шаргын хурд” хаврын уралдааных нь хязаалан насны морьдыг өөрийнхөө аймгийн бүсийн уралдааны жишгээр байлсан. Түүнээс хойш тэр нутгаас хурд авсан хэд хэдэн хүн тийнхүү нэг насны морийг нь байлсан байна лээ.
-Та шинэ жишиг тогтоожээ дээ...
-Би ч гэсэн орон нутагтаа уралдаан зохион байгуулдаг хүн. Аливаа уралдаан тэмцээн зохион байгуулахад санхүүгийн бүхий л ачаалал тухайн орон нутгийн холбооны удирдлагууд дээр ирдэг. Түүнээс бага ч гэсэн хуваалцах нь ихээхэн нэмэр болдог учраас, хүмүүс тийнхүү хандаж байгаад нь баяртай байгаа. Ер нь уралдаан зохион байгуулах чинь амаргүй ажил шүү дээ. Төсөв санхүүгээс гадна олон хүний амь нас, олон хурдан хүлгийн хөл гарыг хариуцахаас эхлээд...
-Тэр ч тийм шүү. Нутагт уягддаг морьд тань хэрхэн давхисан бэ?
-Аймгийнхаа хаврын бүсийн уралдаанд аман хүзүүдсэн хээр соёолон маань сая аймгийн наадмаар бас сайхан  давхисан байна лээ. Энэ жил хаа сайгүй зуншлага тааруу, дээр нь баярын үеэр Хөвсгөлд адууны ханиад  гараад морьдын уяа сойлго нэлээд алдуурлаа. Гэсэн хэдий ч уяачид өөрсдийн боломжоор морио уяж, нутгийн түмнээ цэнгүүлсэн. Миний бие нутагтаа өөрийн унаган адуугаараа нааддаг хүн. Адууны удам угшлыг сайжруулахад нэлээд эртнээс анхаарсны маань үр дүн одоо гарч, унаган адуунууд маань сайхан давхиж байнаа. Овоо, тахилга болоод багавтар наадмуудад даага, шүдлэн айрагдаад  байна.
Хөвсгөлийн морьд хурдан байгаа нь бидний зорилго, бодлого, сэтгэл нэг байгаагийн илрэл гэж боддог
-Ганц та гэлтгүй сүүлийн үед Хөвсгөлийнхөн адууныхаа удам угшлыг сайжруулахад ихээхэн анхаарч байх шиг ажиглагддаг шүү. Түүнийх нь ч үр дүн гарч улс, бүсийн чанартай уралдаануудаас айраг, түрүү хүртэж буй.
-Тэгэлгүй яахав. Сүүлийн жилүүдэд уяачид маань олз омог дүүрэн сайхан наадаж байгаа. Ярилцаж байгаад бүсийн уралдаануудад нэгдэж явдаг болж. Ингэж нэгдсэнээр зарим нэг боломж бололцоо муутай уяачид нь бусадтайгаа нийлээд адуу, малаа ачаад явчихаж байна. Энэ жил гэхэд л манай хэсэг уяачид Увс аймагт болох баруун бүсийн уралдаан руу явлаа. Бас нэг уяачид Булганы бүс рүү явсан. Өвөрхангай руу ч хэдэн уяач явна гэж байна лээ. Энэ мэтчилэн алдар цолны болзолд нөлөөлдөг Засгийн газрын тогтоолт наадмуудад манай уяачид боломж нөхцлөөрөө сайн явж байгаа. Морио түрүүлгэж, айрагдуулдаггүй юмаа гэхэд олон газрын хурд цугласан тийм газраас хүн, морь хоёрын аль аль нь томоохон сургамж авна шүү дээ. Тэр утгаараа үр өгөөж ихтэй.
-Хоймор нутгийн уяачид азаргаар голдуу нааддаг бололтой юм. Холбооны тэргүүн Даваасүрэн ногоон азарга улсад айрагдуулж байсан бол Алдарт уяач Доржпүрэв Толбот хүрэнээ түрүүлгэж байсан. Харин та Магнай халиунаараа сайхан наадаж байгаа.
-Манай аймгийнхан Хар морьтын сахиусыг шүтдэг. Дээр нь 2010 онд уралдааны замд байдаг Даага толгой дээрээ хийморийн морийг залсан. Энэ цагаас хойш уяачдын маань хийморь лундаа сэргэн аль ч газрын уралдаанд очсон голдуу түрүүлж, айрагддаг болоод байгаа. Аливаа зүйл хоёр талтай. Нэг талаараа уяачид маань адууныхаа чанарыг сайжруулж, ур чадвараа дээшлүүлж байгаа ч нөгөө талаараа “Дэлтэй цэнхэр” МСУХ-ноос хэрэгжүүлж буй бодлогын үр дүн юм. Бид уралдаануудаа тогтмолжуулж, уяачдынхаа хөдөлмөрийг үнэлж, урамшуулах үйл ажиллагааг зохион байгуулж ирснээс гадна төв халын уяаны арга барилд сургахаар Тод манлай, Манлай уяачдыг урин хичээл заалгадаг. Энэ хавар гэхэд л холбооны тэргүүн Даваасүрэн адуу судлаач Баярмагнай, эрдэмтэн Мянганцэвээн, Манлай уяач Ононгийн Батбилэг нарыг урьж, дөрвөн суманд бүсчилсэн байдлаар 200-гаад залуу уяачид зөвлөгөө өглөө. Энэ нь залуу уяачдынхаа ур чадварыг дээшлүүлэхийн зэрэгцээ хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажиллаж амьдрах нөхцөл бололцоог нь бүрдүүлэх зорилготой юм. Цаашид монгол ахуй соёлоо тээн, мал аж ахуйгаа авч явах хүмүүс бол өнөөгийн залуус шүү дээ.
-Жаахан зохимжгүй асуулт байж болох ч хариулт авах нь зүйтэй хэмээн бодож байна. Азарганы уралдааны дараа Хөвсгөлчүүдийн дунд бага зэргийн үл ойлголцол гарсан дуулдсан? 
-За яахав ээ, залуу насны ааг омог л юм даа. Намайг үүлдэрлэг байдалд хяналт тавих хэсэгт очиж, аймгийнхаа  нэг уяачийн азаргыг барьж уясан гэсэн ташаа ойлголт гарсан байна лээ. Уяачид нь өөрсдөө ирж тэрхүү дургүйцлээ илэрхийлсэн. Аймгийнхаа морийг хөгжүүлэх гэж зүтгэж яваа намайг тийнхүү бодож, ойлгож байгаа зарим нэг хүнд гомдсоноо нуугаад яахав. Уяач хүнд байх ёстой хамгийн гол чанар бол жудаг ёс. Түүнээ сахиагүй хэний ч болов морь давхихгүй шүү дээ. Миний хувьд түүнд ихээхэн ач холбогдол өгдөг хүн.Тийм байж, юу гэж тийм зүйл хийхэв дээ. Тэгээд ч улсын баяр наадам зохион байгуулж байгаа хүмүүс нэг аймгийн МСУХ-ны нарийн бичгийн даргыг оруулчихаад, “тэрийг хас”, “энийг нь хас” гэж хэлүүлээд зогсож байх уу. Нохойтой цагдаа хамгаалж байгаа тэр хашаа руу би хэзээдээ орохов дээ. Цаг хугацааны аясаар үнэн мөн нь тогтоогдох байлгүй дээ. Би холбогдох газар нь хандчихсан байгаа. Миний ойлгосноор хурдан морины салбар комиссын гишүүн миний амьдаатай андуурсан юм шиг байна лээ. Спорт гэдэг утгаараа өрсөлдөөн, цагаан хор шар байлгүй   яахав. Тэглээ гээд нэгнийгээ гутааж, сэтгэл зүрхийг нь шархлуулж болохгүй шүү дээ.
-Хэзээнээс Хөвсгөлийн МСУХ-ны нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа билээ?
-Таван жил болж байна. Холбооны нарийн бичгийн даргын ажлыг авснаас хойш манай уяачдын ажил үйлс өөдрөг, бүх л оролцсон бүсийнхээ уралдаануудаас айраг, түрүү авч байгаа шүү дээ. Энэ нь бидний зорилго, бодлого, сэтгэл нэг байгаагийн илрэл гэж боддог. Ер нь тэгээд морь гэдэг сэтгэл тавьж байгааг анддаггүй шүү дээ. Жаахан анхаарал суларч, сэтгэл дутахад морь ухарч байдаг. Миний хувьд морь айрагдах бүрт бидний хийж байгаа ажил зөв, Хөвсгөл аймгийн ард түмний маань сэтгэл цагаан байгаагийнх хэмээн бэлгэшээдэг.
-Та чинь аймгийнхаа ИТХ-ын даргаар ажилладаг байхаа?
-Тиймээ. ИТХ-ын дарга аймгийнхаа 126 мянган ард иргэдийнхээ итгэлийг дааж явах ёстой. Үүний тулд өөрийн сахилга хариуцлагаа дээшлүүлж, нутаг орныхоо лус савдагт залбирч, олон түмнийхээ заяа буянг даатгаж явдаг даа.
-МСУХ-ны ажлыг сэтгэл зүтгэлтэй хүн л хийдэг. Хөрөнгө, санхүү, цаг зав их зүйлээ зориулах хэрэгтэй болдог биз?
-Монгол хүн морьтойгоо явах ёстой. Эр хүний хийгээд, эх орны хийморийг өргөсөн хүлэг мориныхоо төлөө сэтгэл зүрхээ зориулдаг байх хэрэгтэй. МСУХ гэдэг нэг хүсэл зорилготой хүмүүсийн нэгдэл. Холбоо уяачдынхаа эрх ашгийг хамгаалахын зэрэгцээ уралдаанч хүүхдүүдийнхээ  эрүүл мэнд, аюулгүй байдалд хяналт  тавьж, хурдан сайхан хүлгүүдээ осол эндэгдэлгүй уралдахад анхаарал тавих үүрэгтэй. Мөн уяачдынхаа хүч хөдөлмөрийг үнэлүүлж, урам зориг хайрлах ёстой. Сая улсын наадмын өмнө манай хэд хэдэн уяач  төрийн дээд одон медалиар энгэрээ мялаасныг  дуулгах сайхан л байна. Ер нь тэгээд явж явж энэ хэдэн уяачид л нүүдэлчин монгол ахуй, өв соёлоо тээж явна шүү дээ.
-Өнгөрсөн хугацаанд аймгийнхаа морин спортыг хөгжүүлэхэд ямар хэмжээний хандив дэмжлэг үзүүлсэн бэ? Тооцож байсан уу?
-Мөнгөн дүнгээр нарийвчлан тооцож байгаагүй юм байна. Нэг наадамд дунджаар хорь гаруй сая төгрөг зарцуулагддаг гэж тооцохоор жилийн төлөвлөгөөнд тусгагдсан аймгийн бүсийн 4-5 уралдааны зохион байгуулалтанд багагүй хөрөнгө зарцуулагдах нь ойлгомжтой. Манай аймгийн нэг онцлог бол аливаа уралдааны үеэр уяачдаасаа бүртгэлийн хураамж авдаггүй. Энэ нь уяачдадаа эдийн засгийн ачаалал болголгүй дэмжиж байгаа хэлбэр юм. Уралдааны үед хувийн компанийн ажилчдаа хүртэл дайчилна шүү дээ. Энэ мөнгө санхүүгийн ачааллаас илүүтэй аймгийнхаа морин спортыг хөгжүүлье гэсэн чин сэтгэл минь хавьгүй өндрөөр үнэлэгдэх байх гэж боддог шүү. Би аймгийнхаа МСУХ-ны нарийн бичгийн даргаас гадна Хөлбөмбөгийн холбооны тэргүүний сонгуульт албатай. Хүүхэд залуучуудаа чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд зориулж орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр аймгийнхаа стадионыг хиймэл зүлэгтэй болгосон.
-Тамирчдын амжилт өндөр үү?
-Өндөр, өндөр. Хүүхдүүд маань  оролцсон тэмцээн уралдаанаас ганзага дүүрэн ирж, улам бүр урам нэмж байгаа. Олон улсын хөл бөмбөгийн холбоо, Монголын хөл бөмбөгийн холбооноос багш дасгалжуулагчид урьж сургалт зохион байгуулж байгаа. Дээрээс нь хүүхдэд ээлтэй аймаг стратеги хэрэгжүүлж, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийн арваас доошгүй хувийг хүүхэд залуучуудад зориулах тогтоолыг гарган хэрэгжүүлж байна.
-Сайхан хэрэг байна. Хурдан халиуны амжилт олон хүнийг моринд урвуулсан дуулдсан. Танайхан олон уяачтай болж байна уу?
-Миний хоёр дүү морь уядаг. Нэг нь аймгийн Алдарт уяач цолтой. Орон нутагтаа сайхан наадчихдаг юмаа.
-Ах дүү олуулаа юу?
-Ах дүү тавуулаа. Цөмөөрөө л морь мал сонирхож уяна. Манайхан цуглараад ярьдаг сэдэв нь морь. Аав маань ч гэсэн моринд их дуртай. Тиймдээ ч  хаана л уралдаан болно дагаад л явна.
-Хүүгийнх нь азарга хурдан байгаад баяртай байдаг байх даа?
-Тэгэлгүй яахав. Морио сайхан давхиулж улс орон даяар эцгийнхээ нэрийг цуурайтуулна гэдэг бол хүү нь болж төрснийхөө ачийг хариулж байгаа хэрэг гэж боддог. Аав маань ч их баярладаг юм. Ер нь манайхны эрчүүд цөм моринд дуртай. Нямбаатар дүүгийн маань хүү бас их моринд элэгтэй. Уяаны ажилд их тусална. Манай хүүхдүүд ч бас моринд дуртай болоод байгаа. Ер нь монгол хүн монгол ахуй, малтайгаа ойр л явах хэрэгтэй. Тэгж бодоод дэмждэг юм.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Зүүн бүсийн уралдаандаа амжилттай сайхан наадаарай.
-За баярлалаа. Нийт уяачдадаа уясан хүлэг нь хурдан, унасан хүүхэд нь цовоо байж сайхан наадахыг ерөөе.

А.Тэлмэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна