Ж.Алтанцэцэг: Түүхийн үнэнийг тогтоож, цаг хугацааны зөв гольдролд оруулж чадсандаа баяртай байгаа

А.Тэлмэн
2015 оны 7-р сарын 31 -нд

Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын түүхт 90 жилийн ой долоон сарын 18,19-ний өдрүүдэд болж өнгөрлөө. Баяр наадмын талаар сумын засаг дарга Ж.Алтанцэцэгтэй ярилцсанаа уншигч танаа хүргэж байна.

-Хурдан хурц хүлэг морьдоороо цуутай Түвшинширээ сумын түүхт 90 жилийн ойн баяр наадам өргөн дэлгэр сайхан болжээ. Баяр наадмынхаа талаарх сэтгэгдлээс манай уншигчидтай хуваалцаач?
-90 жилийн ойн баяр наадам өргөн дэлгэр сайхан болж, ирсэн зочид маань сэтгэл хангалуун буцлаа. Уг нь 2012 онд манай сум түүхт 80 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлсэн. Гэтэл архивын газрын лавлагаагаар манай сум 1925 онд Дэлгэр Их уулын аймгийн Баянмөнх уулын хошуу буюу Түвшинширээ нэртэйгээр үүсгэн байгуулагдаж байсан нь тогтоогдсон л доо. Архивын хуулбар баримтаар ийнхүү сум байгуулагдсан түүх нотлогдсон тул сумынхаа ИТХ-аар уг асуудлыг авч хэлэлцээд, цаг хугацааны зөв гольдролд нь оруулж тэмдэглэх нь зүйтэй хэмээн үзэж, 4-р сараас бэлтгэл ажил эхэлсэн. Хэдийгээр ой тэмдэглээд удаагүй ч зочин гийчин ихтэй, баяр наадам өргөн дэлгэр сайхан болж, байгаль дэлхий ч  хураа хайрлан наадмын өмнө ган тайлагдаж, хотол олноороо сайхан баярлалаа.
-90 жилийн ойдоо ямар бэлэг барьсан бэ?
-Зөв зүйлийн төлөө зүтгэсэн учраас богино хугацаанд ч гэсэн ихийг амжуулж чадсан. Бид бүтээн байгуулалтын тал дээр нэлээд анхаарч сумандаа авто зогсоол байгуулж, гудамж талбайгаа гэрэлтүүлэгтэй болголоо. Мөн ногоон сум болох зорилгодоо нийцүүлэн олон тооны мод тарьсан. Ард иргэдээ уриалан хашаа хороо, гудамж талбайгаа засч будан, байгууллагууд маань гаднах тохижилтоо сайжруулж дор бүрнээ л хичээлээ. Манай аймгийн засаг дарга аймаг, сумдаа жигд хөгжүүлэх бодлого баримталдаг  учраас орон нутгийн хөгжлийн сангаас санхүүжилт олгон бүтээн байгуулалтын нэлээд   хэдэн ажил хийхэд тусаллаа. Ямартаа ч ирсэн зочид маань сум орон нутгийнхаа бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтийг хараад сэтгэл хангалуун байна лээ.
-Олны хүч оломгүй далай гэдэг. Сум орон нутгийнхаа ойд сэтгэлийн хандив өргөсөн хүмүүс цөөнгүй байгаа байлгүй?
-Тэгэлгүй яахав. Түмэн олныхоо дэмжлэгтэйгээр түүхт ойгоо өргөн дэлгэр сайхан тэмдэглэлээ. Сумын 90 жилийн ойн түүхчилсэн номыг УИХ-ын Тамгын газрын хэлтсийн дарга  Л.Батжав  маань дөрвөн сая төгрөг гарган хэвлүүлж өгсөн. Мөн  ойн тэмдгийг Улаанбаатар дахь нутгийн зөвлөлийн дарга Ш.Доржпалам аав ээж, ах дүү нарын хамт таван сая төгрөгөөр хийлгэж өглөө. Түүнээс гадна Үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар хандив өргөсөн. Аймгийн Алдарт уяач Д.Пүрэвдорж ах маань хоёр насны түрүүг, Ш.Батболд, Р.Артаабазар  нар маань мөн нэг нэг насны түрүү морьдыг хувиасаа байлсан. Түрүү бөхийн шагналыг манай суманд үйл ажиллагаа явуулдаг “ЭДНЭ” жоншны уурхайн захирал Эрдэнэ ивээн тэтгэлээ. Энэ мэтчилэн нутгийн олон минь харамгүй тусалж дэмжсэн. Мэдээж бүх зүйл дардан байгаагүй. Саяхан ойгоо тэмдэглэчихээд хэмээн эгдүүцэх хэсэг ч байсныг нуугаад яахав. Хамгийн гол нь бид түүхийн үнэн мөнийг тогтоож, цаг хугацааны зөв гольдролд нь оруулж чадлаа. Энэ хамгийн чухал юм.
-Тэгэлгүй яахав. Түүхийг гажуудуулж болохгүй шүү дээ. Сумын ойд ирсэн хүндэт зочид, хүчит бөхчүүд, хурдан хүлгүүдээ танилцуулаач ?
-Улаанбаатар хот, Бор-Өндөр, Хэнтий, Дорнод, Дорноговь зэрэг аймгаас 100 гаруй хүндэт зочид ирсэн. Мөн аймгийн Засаг даргын зөвлөх Д.Сүхбаатар гуай урилгаар ирж оролцлоо. Ойн баярын үеэр шагналын хур бууж, дөрвөн хүн Алтангадас, нэг Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнагдан, яамдын жуух бичгээр, аймгийн ИТХ, засаг даргын хүндэт өргөмжлөл, баярын бичгээр нэлээд хүмүүс шагнуулсаан.
-Олон газрын морьд ирэв үү?
-Зэргэлдээх сумд болон ойр  аймгаас хурдан хүлэг, хүчит бөхчүүд,  шагайн болон сур харваачид хүрэлцэн ирсэн. Манай сум бөх олонтой. Аймгийн хоёр начин, сумын дөрвөн заантай. Сүүлийн үед залуучууд маань мөн сайн барилдаж байгаа. Би Засаг даргын сонгуульт ажлыг авснаас хойш нутаг орондоо эрийн гурван наадмаа тэгш хөгжүүлэхэд анхаарч, 2013 онд нум сум авсан. Цааш цаашдаа үндэсний сурын харваа мөн сайхан хөгжих байхаа.
-Мотоцикльгүй монгол наадам уриалгыг анх дэвшүүлж хэрэгжүүлсэн сумдын нэг нь Түвшинширээ. Тэрхүү уриалга сая хэрэгжсэн үү?
-Хэрэгжилгүй яахав. Монгол ёс заншил, өв уламжлалаа дээдлэн, морь унаж эдлэх соёлыг түгээн дэлгэрүүлэхийн тулд 2012 оноос эхлэн “мотоцикльгүй монгол наадам” уриалгыг дэвшүүлэн хэрэгжүүлж байгаа. Энэ жил ч мөн адил мөрдөгдсөн. Зөвхөн уриалга гаргаад зогсохгүй бид баяр наадмынхаа үеэр залуусынхаа дунд уурга, ташуур  шүүрэх тэмцээнийг зохион байгуулж, сайхан хос морьтныг шалгаруулдаг уламжлалтай. Хос морьтны тэмцээний оролцогчид жил ирэх тусам ихэсч, морины эдлэл хэрэгсэл нь ч сайжирч байгаа. Энэ жил гэхэд 20-иод залуус оролцсон. Дашрамд дурьдахад “Сайхан Морьтон” тэмцээнийг Д.Өнөрцэцэг эгчийн маань гэр бүл ивээн тэтгэдэг уламжлалтай. “Тод магнай” сэтгүүлээрээ дамжуулаад Өнөрцэцэг эгчдээ болон гэр бүлд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
-Ерөнхийлөгчийн “Морьтой монгол” урилгыг дэмжсэн сумдын нэг нь мөн танайх байхаа?
-Тиймээ. Өнгөрсөн зургаадугаар сард Ерөнхийлөгчийнхөө уриалгыг орон нутагт хэрэгжүүлж, Монголын үндэсний телевизийн “Морьтон монгол” нэвтрүүлэгт оролцсон. Хэдийгээр байгаль цаг агаарын хувьд таатай бус  байсан ч малчид маань өргөнөөр оролцож, сайхан эмээл, хазаар, эдлэл хэрэгсэлтэй 70-аад морьтон жагссан.
-Ингэхэд Түвшинширээ сум маань ямар онцлогтой вэ?
-Манай сум мал аж ахуй дээр суурилдаг. Сүүлийн жилүүдэд малын тоо толгой тогтмол өсч, тэр хэмжээгээр иргэдийн маань амьдрал ахуй сайжирч байгаа. 2014 оны жилийн эцсээр  манайх 288 мянган толгой мал тоолуулсан. Аймагтаа мянгат малчдынхаа тоогоор нэгдүгээрт  бичигддэг.
-Хэдэн мянгат малчинтай вэ?
-69 хүн бий. Манай сумын бас нэгэн онцлог бол түүхийн дурсгалт газрууд олонтой. Дэлгэрхаан ууланд Хүннүгийн үеийн булш, бунхан, эртний хадны бичээс их бий. Мөн манайх эрт дээр үеэсээ  уран дархчуул, уртын дуучдаараа алдартай. Хурдан хурц хүлэг морьдын тухайд бол та бүхэн хангалттай мэдэх байх. Наранхүүгийн Монгол хээр, Бат-Эрдэнийн Даян түмний эх хүрэн морь гээд л ярина шүү дээ.
-Энэ нутгаас ямар ямар суутнууд төрсөн байдаг юм бол?
-Хүний гавъяат эмч Д.Сүх, Д.Чулуун, ХАА-н Гавьяат ажилтан Ж.Лхамсүрэн, Төрийн соёрхолт зохиолч Д.Маам, газар зүйн ухааны доктор С.Норжмаа, доктор Л.Батжав, Гавьяат дасгалжуулагч Халзан нарын олон сайхан хүмүүсийг нэрлэж болно доо. Мөн модоор оёдлын машин урласан уран Монхоорой гэж хүн байсан. Тэрхүү ховор бүтээл нь өдгөө аймгийн музейд хадгалагддаг. За дээр нь МУ-ын Алдарт уяач Ж.Шунуу болон  Алтан хурга, ботгоны эзэд болсон сайн малчид маань байна.
-Орон нутгийн  удирдлагыг авснаас хойш хийж хэрэгжүүлсэн ажлаасаа товч дурьдаач.
- Би 1986 онд Хууль цаазын дунд сургуулийг төгсөөд л нутагтаа ирж ажилласан хүн. Ажлын гараагаа бичээчээр эхэлж, өнөөдрийг хүртэл нутаг орондоо ажиллаж амьдарч байна. Би 2012 оны 12 сарын 19-нд сумын Засаг даргын ажлыг авсан.
Түүнээс хойш иргэдийнхээ амьдрах орчинг эрүүл цэвэр байлгах тал дээр нэлээд анхаарч,  цөөнгүй зүйлүүдийг хийсээн. Жил ирэх тусам нэмэгдэж байгаа хуурайшилт, цөлжилтийн эсрэг зүлэгжүүлэх хөдөлгөөнийг өрнүүлж, жилдээ л 700-800 мод шинээр суулгаж байна. Сумын баруун талын ойн зурваст 90 хайлаас суулгасан нь одоо 200 гаруй болтлоо өтгөрсөн.
Мөн  2013 онд хүүхдийн чуулга уулзалтыг зохион байгуулж, тэднийхээ саналыг үндэслэн гудамж талбайгаа гэрэлтүүлэгтэй болгосон. Бэлчээрийн усан хангамжийг шийдэхэд анхаарч, найман худаг гаргаад байна. Аймгийн хөдөлмөр эрхлэлтийн албатай хамтран малжуулах бодлогыг  хэрэгжүүлж, 2013 онд тав, 2015 онд долоон өрхийг малжууллаа. Манай сум таван багтай. Жилд нэг багт хоёр өрхийг малжуулдаг. Түүнчлэн сумын иргэдээ ажилтай болгохын тулд нийтийг хамарсан ажил өрнүүлэн байнгын ажилд арав гаруй хүнийг, түр ажлын байранд давхардсан тоогоор 300-гаад  хүнийг хамруулаад байна.
-Тэмээгээ өсгөх бодлого баримталж, энэ хүрээндээ хэд хэдэн шийдвэр гаргаад байгаа гэж байсан. Тэр талаараа дэлгэрүүлээч?
-Тиймээ. Мөрийн хөтөлбөртөө тэмээгээ өсгөх бодлого боловсруулж оруулсан. Үүний үр дүнд 1221 тэмээ тоолуулж тэмээний тоогоор аймагтаа нэгдүгээр байранд орсон. Тэнгэр хангай, байгаль дэлхий бидний үйл ажиллагааг дэмжиж, сүүлийн хоёр жил дараалан манай сум ихэр ботго хүлээн авсан.
-Ховор тохиол байх шүү?
-Тэгэлгүй яахав. 2013 онд Өгөөмөр багийн харьяат, сумын сайн малчин Ц.Дамдинсүрэнгийн ингэ ихэрлэсэн бол, 2014 онд мөн тус багийн харьяат аймгийн сайн малчин Ж.Батбаярын ингэ ихэрлэсэн. Бид тухай бүрт нь аймгийн удирдлагадаа зургийг нь явуулж тэр дагуу  Хөдөө Аж ахуйн Яамнаас  Мөнгөн буйлаар  шагнасан. Тэмээгээ өсгөх бодлогын хүрээнд хийж хэрэгжүүлж байгаа өөр нэг алхам бол сумын иргэдийн хурлаар тогтоол гарган залуу болон үржлийн насны тэмээг мах бэлтгэлд өгөхгүй байхаар болсон.Энэ бодлогыг малчид маань ч ойлгон дэмжиж байгаа. Тэмээгээ өсгөх бодлогын хүрээнд хийгдэж буй дараагийн алхам бол  хаврын тэргүүн сарын шинэдээр тэмээний уралдааныг зохион байгуулж байгаа. Энэ жилийн тэмээний уралдаан их сайхан тогтуун, нойтон цастай өдөр болж, малчид маань их бэлгэшээж, аймгийн Алдарт уяач Д.Пүрэвдорж ах маань ирэх жил 100 тором уралдуулах уриалгыг гаргасныг дуулгах таатай байна.
-Ажил үйлс нь өөдрөг бүтэмжтэй яваа Түвширээчүүдэдээ амжилт хүсэж, сайн сайхныг ерөөе. Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа. Монгол түмэндээ болон тэр дундаа эх орныхоо өнцөг булан бүрт аж төрж буй уугуул нутгийн түмэндээ болон бидэнтэй хамтран ажилладаг аж ахуй нэгж, албан байгууллага, ард иргэдэдээ түүхт ойн мэндийг дэвшүүлж, элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан байхын ерөөлийг өргөе.

А.Энхжил

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна