Улсын заан Б.Соронзонболд: Аавтайгаа адилхан сумын заан болно гэсэн мөрөөдөл маань улсын заан болж давж биелсэн

А.Тэлмэн
2012 оны 2-р сарын 07 -нд

-Шинээр цол авсан бөхчүүдийн сүүл мушгиж, хамгийн сүүлд мялаалга найраа хийх шиг боллоо?
-Тиймээ. Өнгөрсөн 1 сарын 22-нд заан цол хүртсэнийхээ мялаалгыг нутгийн ах дүүстэйгээ нийлж хийсэн. Ер нь бөхчүүд 9,10 сарыг сонгодог. Миний хувьд ч гэсэн 9 сард хийе гэж бодож байсан боловч амжилгүй явсаар нэгмөсөн он гаргаад өдөр судар харж байж хийлээ. Ёстой л сүүл мушгих шиг боллоо./инээв/
-Зааны цолны мялаалгад ямар ямар зочид ирэв. Цолыг тань юугаар мялаасан бол?
-УИХ-ын гишүүн Энхбаяр ах, Дашдорж, сангийн яамны дэд сайд Очирхүү, дэд сайд Ариунсан, нутгийн зөвлөлийн дарга Билэгт гээд зочид их ирсэн. Алтай нутгийнхнаа бүгдийг нь оруулъя гэж бодсон. Зөвхөн таньдаг гэлтгүй янз бүрийн салбарт амжилт гаргаж ажиллаж байгаа хүмүүсийг бүгдийг нь урьж оролцуулсан. Мялаалга найр маань сайхан болсон. Манай “Газар холдинг” компанийн захирал, УИХ-ын гишүүн Энхбаяр ах маань байраар мялаасан. Бас наадмын барилдааны давж, унаж байгаа зурагнуудыг томоор угаалгаж өгсөн нь хамгийн нандин бэлэгнүүд байлаа. 
Байр гэдэг бол хүний нэгдүгээр хэрэгцээ. Орох оронтой байна гэдэг хамгийн чухал. Зайсанд байрлалтай байр, 2 сарын эхээр ашиглалтанд орно. “Макс” компанийн захирал Ганбаатар , мөн “Алтайн хүдэр” компанийн захирал Батдорж хоёр байрыг маань тавилгаар тохижуулж өгөхөөр амласан байгаа. Энэ дашрамд тэр хүмүүст баярлаж талархаж байгаагаа илэрхийлмээр байна.
-Үнэндээ дөрвийн давааны оноолт, тавын давааны тунаа аймгийн цолтой бөхчүүдийг улсын цолонд хүрэхэд хүндхэн шалгуур болдог. Тиймээс ч сүүлийн үед шинэ цо?тон бага төрж байгаа. Харин Соронзоо начин, харцага цол алгасаад заан болсон?
-Дөрөв таван жилийн өмнөх үеийг бодоход улсын цол авах нь хэцүү болсон. Цолонд хүрэхгүй байж ч маг?дгүй. Бөхийн холбооноос санаачилсан дөрвийн давааны оноолт, дээрээс нь даваа болгоныг үнэлж харцага, гарьд цол нэмсэн нь үр өгөөжөө өгч байна гэж бодож байна. Ер нь аймгийн цолтонгууд цол авахад хэцүү болж. Гол нь өөрсдөө бэлтгэлээ сайн хийгээд явах юм бол цол авна даа. Миний хувьд 2004 онд арслан болсон. Нас залуу болохоор эхэндээ юм боддоггүй байсан ч гурван жил улсын наадамд өвдөг шороодчихоод байх үед цолгүй хоцорчих вий гэсэн айдас төрдөг байсан. Барилдаж байгаа бүхэн улсын цолтой бөх болохын төлөө байдаг ч хүссэн болгон нь тэрийг авна гэж байхгүй шүү дээ.
-Олон жил хүсэн хүлээсэн цолоо өнгөрсөн жил авсан. Магадгүй хулгана ивээл жил байв уу?
-Ивээл жил биш ээ. Харин жил орсон байсан. Би хулгана жилтэй. Улсын наадамд аймгийн цолтой бөх түрүүлж магадгүй, ядаж дөрөвт үлдэж магадгүй гэж боддог байсан. Гэхдээ тэр нь өөрийгөө байна гэж бодож байгаагүй. Би Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумынх. Нутгийнхаа Хараат хайрханыг шүтэж явдаг.  Тэр уулаа наадам болгоны өмнө шүтэж, барилдах болгондоо бодож барилддаг. Өнгөрсөн жилийн наадмын өмнө Сүхбаатар аймаг руу явж Алтан овоо, Шилийн Богд дээр гарсан.  Говь-Алтайнхаа бүх сумаар сонгуулийн ажлаар явж уул усан дээр гарч залбирч мөргөж явсны энерги шингэсэн байх гэж бодож байна.
-Сумын заан аав тань мэдээж их баярлаж, хүүгээрээ бахархсан байх?
-Тэгэлгүй яахав. Наадам болохоос сарын өмнө манай аав Солонгос явчихсан. Ээж маань цэнгэлдэх хүрээлэнд дээлийн захыг мушгиад сууж байсан юм. Аав ээжийнхээ ачийг бага ч болов хариулсан болов уу. Цаашид ч улам хичээж цолоо ахиулан барилдаж баярлуулах юмсан гэж боддог. Бага байхад аав, нагац ах нар бүгд бөх болно гэж ярьдаг байсан ч надаас илүү манай дүүг бөх болно гэж ярьдаг байлаа. Одоохондоо дүү маань барилдаагүй, гадаадад байдаг юм.
-Ааваас чинь өөр удамд тань барилддаг хүмүүс байв уу?
-Манай аав сумандаа найм түрүүлсэн сумын заан хүн байдаг. Ээжийн дүү таван нагац ах маань тавуулаа сумын заан. Өвөө маань сумын заан. Ер нь бол бүгд сумандаа барилддаг байсан. Удмаас гадна авьяас, хүч чармайлт бөх болоход их нөлөөлнө. Бэлтгэл сургуулилтаа сайн хийгээд явах юм бол удамтай, удамгүй сайн барилдаж болох байх.
-Бөхийн хорхойтнууд бөхчүүдийн том цолтойг нь биш бага цолтойг нь дэмждэг. Энэ нь өөрт чинь анзаарагдаж байна уу?
-Ноднин улсын цолтой бөх хаянгуут намайг дэмжиж уухайлдаг байсан. Тэгтэл одоо надтай барилдаж байгаа аймгийн арсланг давуулчих гээд үздэг болсон байна лээ. Намайг унахаар баярлах жишээтэй. Өөрийн чинь хэлснээр хандлага өөрчлөгдсөн байна. Гэхдээ намайг  дэмжиж байсан хүмүүс хэвээрээ байгаа байх. Тэр хүмүүст баярлаж явдаг. Ер нь хүн болгоны хайр хүндэтгэлийг хүлээсэн бөх болсондоо баярлаж явдаг даа.
-Улсын заан болсноос чинь хойш барилдааныг чинь харсангүй. Аймгийн цолтой үеийнх шигээ уран, шуурхай, тэсрэлттэй барилдаан үзүүлж байгаа биз дээ?
-Монголчууд цол дагаж бяр гэж ярьдаг. Тэр үнэн юм шиг байгаа юм. Миний хувьд урьд нь аймгийн цолтой биеэр бага байсан л даа. Одоо заан болчихоод хамаагүй унаад байж болохгүй учраас биеэ цэнэх хандлага бага зэрэг гардаг. Тэр болгонд өөрийгөө цэнэлгүй шиг байгаа боломжоо гаргаад сайхан барилдъя гэж боддог.
-Заан болсноос хойших анхны барилдаан ямар байв. Ялангуяа улсын заан гэж цоллуулах?
-Миний заан болсны дараах анхны барилдаан 8 сард болсон Төвийн бүсийн даншиг наадам байсан. Улсын заан гэж дуудуулаад гараад ирэхээр зүүд ч юм шиг сонин санагдаж байлаа. Аймгийн арслан байсан хүн улсын заан гээд гараад ирэхээр сайхан. Гэхдээ үнэн байгаа даа гэж боддог байсан. Улсын заан гэдэг чинь том цол ш дээ. Хүссэн хүн болгон аваад байх цол биш. Тийм учраас заан болсондоо нэг л итгэж өгөхгүй байсан. Ер нь багадаа аавтайгаа адилхан сумын заан болчих юмсан гэж боддог байлаа. Тэгсэн чинь сумын заан биш улсын заан болж мөрөөдөл маань давж биелсэн./инээв/
-Хамгийн ойрын зорилго гэвэл мэдээж цолоо батлах явдал болов уу гэж бодож байна?
-Мэдээж цолоо батлах, цолныхоо хэмжээнд барилдахын төлөө бэлтгэлдээ их анхаарч, долоо хоногийн зургаан өдөр нь бэлтгэл хийж байгаа. Хажуугаар нь амралт маш их байх хэрэгтэй. Анагаахын дээд сургуулийн зааланд манай Алтай нутгийнхан бүгд бэлтгэлээ хийдэг.  Бусад үед нь Тайхар клубт найз Бямбажавтайгаа цуг Алзахгүй багшийн удирдлага дор хүчний бэлтгэл хийж байна. 
-25 нас гэдэг ид хийж бүтээх, сурч мэдэх, амжилт гаргах нас. Боловсролдоо анхаарах нь ч зааны ойрын зорилгуудын нэг байх?
-Би Говь-Алтайн аймгийн Бигэр суманд 4-р анги хүртэл, аймгийн төвд гурван жил сураад, хотод ирээд Сонгинохайрхан дүүргийн 11-р сургуулийг төгссөн. Тэрнээс хойш сурч амжилгүй бөхөөр явж байна. Ер нь хүн заавал боловсрол эзэмших ёстой гэж боддог. Тиймээс энэ намраас Батлан хамгаалахын их сургуулийн Хууль эрх зүйн ангид ордог юмуу гэсэн төлөвлөгөөтэй байна.
-Зааныхаа малгай тэмдгийг хийлгээд авчихсан байлгүй?
-Наадмын дараа 7 сарын 15,16-ны үеэр хийлгэж авсан.  “Шар айраг” хамтлагийн дуучин Ганхүү ах залаа, тэмдэг хийлгэж өгсөн. Ганхүү ах маань Бямбажав бид хоёрын улаан фэн, бид хамтдаа Тайхар клубт бэлтгэл сургуулилт хийдэг юм. Ер нь намайг дэмждэг олон хүн бий. Дуучин Бат-Эрдэнэ манай нутгийнх. Бат-Эрдэнэ ах энэ жил наадмаар барилдахад хоёрын даваанаас эхлээд барилдаан дуусан дуустал дээлийн маань захыг мушгиж, өөрөө барилддаггүй ч гэсэн  бөхийг сайн мэддэгийнхээ хувьд намайг зоригжуулж, маш их зөвлөгөө өгч байсан.
-Тэгвэл бөхчүүдээсээ ямар хүмүүстэй ойр дотно нөхөрлөдөг вэ?
-Алтайнхаа бөхчүүдтэй сайн нөхөрлөж явдаг. Дээрээс нь аймгийн арслан Багахүү, Бямбажав бид гурав ойр дотно байдаг. Гурвуулаа цаг зав гарахаар биллъярд тоглоно.
-Улсын цолыг тэр тусмаа заан цолыг дааж авч явах нь чухал гэж ахмад бөхчүүд ярилцдаг. Энэ нь биеэ тоолгүй, сайн барилдах ёстойг сануулсан хэрэг байх тийм үү?
-Ер нь аймгийн арслан байх, улсын заан байх хоёрын хооронд маш том ялгаа бий. Улсын заан болсны дараа таньдаг хүн олон болсон. Тийм учраас олны газар биеэ зөв авч явах, янз бүрийн буруу зүйл хийхгүй, өөрийгөө анхаарч явахгүй бол болохгүй. Наад зах нь барилдаан дээр унахгүй гэсэн хариуцлага өндөрсөж байгаа юм. Юу ч болоогүй байж биеэ тоогоод гэж хүмүүс ярьдаг. Хүн болгоны хараанд байдаг учраас тиймэрхүү юм зөндөө гардаг байх. Миний хувьд  биеэ тоох, янз бүрийн ааш зан гаргахгүй байхыг хичээдэг. Урьд нь аймгийн арслан байхдаа ямар байсан тэр хэвээрээ л байгаа.
-Бөхчүүд дотроос хайрлаж хүндэлж явдаг хүн бий юу?
-Улсын гарьд Гантогтохыг маш их хүндэлдэг. Зан характер, биеэ авч яваа байдал нь их таалагддаг. Мөн Сүхбат, Бат-Эрдэнэ гээд аваргууд байна. Тэр болгоныг залуучууд маань харж үлгэр дуурайлал болгож, биеэ зөв авч явбал зүгээр байх.
-Өөрөө хэр сайн найз вэ?
-Итгээд нөхөрлөсөн хүндээ сайн найз байхыг хүсдэг. Тусламж гуйсан үед нь боломжтой бол тусална. Би жаахан түргэн зантай, бага зэрэг шартай. Ер нь бөх хүнд зөв шар байх ёстой гэж боддог.  Гаргах үед нь гаргаад дарах үед нь дараад тэр болгоныгоо зохицуулаад явбал.
-Улсын заан болсон хойно чинь тусламж хүссэн хүмүүс хандах юм уу?
-Улсын заан болсон гэдэг үүднээс мөнгөтэй болсон гэж үздэг юм шиг байгаа юм, тусламж хүсэх тохиолдол байдаг. Тэр болгонд боломжтой бол туслаад боломжгүй бол зохих хариултыг өгөөд явдаг.
-Сүүлчийн асуултыг өөрт чинь үлдээе.
-Төгсгөлд нь намайг өдий зэрэгтэй явахад туслаж дэмжиж байгаа “Газар холдинг” компанийн хамт болон УИХ-ын гишүүн Энхбаяр ахдаа баярлаж явдгаа хэлье. Мөн Хилийн цэргийн хамт олон, туслаж дэмжиж явдаг Гансэлэм, Энхболд ахдаа баярлаж явдгаа илэрхийлье.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна