МУГТ, Улсын заан Ц.Баярсайхан: Бөхчүүд бид зөв энергитэй болохоор ажил үйлс өөдрөг, бүтэмжтэй байдаг

А.Тэлмэн
2012 оны 2-р сарын 07 -нд

-Заан таныг шинэ албанд томилогдоод багагүй хугацаа өнгөрч байна. Энэ талаар яриагаа эхэлбэл ямар вэ?
- Төмөр замын “Есөн туг” клубын үндэсний  бөхийг хариуцаж, цагаан сар, улсын наадмаар хүүхдүүдээ бэлтгэл хийлгэхийн зэрэгцээ Хүүхдийн спортын холбоо гэж байгуулагдсаны Ерөнхий нарийн бичгийн даргын албыг хашиж байна. 2009 онд Хүүхдийн анхны Азийн наадам, 2010 онд хүүхдийн олимпийн наадам Сингапур хотод мөн анх удаа болох юм. Үүнд хүүхдүүдээ бэлдэх зорилготой энэ холбоо байгуулагдсан. Бээжингийн олимпоос хос алт, хос мөнгө, пара олимпоос алт авсан урмаараа Хүүхдийн олилмийн аварга төрүүлэхийн төлөө холбоо маань хичээж ажиллана.
Ер нь хүүхдийн төлөө юм хийж байхад бүтэмжтэй сайхан юмаа. Уулзсан байгууллага компани, хүмүүс аль болох бүтэх талаас нь бид ингэж чадахгүй ч гэсэн өөрийнхөө бараа материалаар тусалъя, энэ тэмцээнийг чинь нэрэмжит болгоод тэр хүнтэй нь холбож уулзуулж өгье гээд ажил бүтэмжтэй байдаг.
-Ганцхан биеийн хүчтэй бус билиг оюуны хүчтэй гэдгээ харуулж бизнест амжилттай яваа бөхчүүд олон бий. Таны хувьд ямар бизнес эрхэлж байгаа вэ?
-Манай бөхчүүд ер нь мэдрэмжтэй. Хань ижлээ гомдоож байсан бөх маш ховор. Бөх хүн гэдэг Монголын бүх эрчүүдийн төлөөлөл болж явдаг учраас ганц нэг болж бүтэхгүй хүмүүсээс болоод бөхчүүд бүгд тийм юм шиг ойлгогддог. “Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино” гэдэг болохоор бөхчүүд болгон дор дороо хариуцлагатай, ёс зүйтэй баймаар байгаа юм. Ганцхан Баярсайханаас бүх зүйл нөлөөлж байгаа юм биш. Тэр аймгийн заан тэгсэн гэнэ гэвэл тэр нь бүх бөхчүүдтэй хамаатай болдог. Би үүнд их эмзэглэдэг. Гэхдээ манай бөхчүүд гэр бүлээ 100 хувь сайхан авч явдаг. Бөх хүн аливаад их хурдан шийдвэр гаргадаг. Барилдаж байхдаа хоёр гурван секундын хооронд мэх хийдэг шигээ амьдрал дээр ч, бизнест ч хурдан, зөв шийдвэр гаргадаг. Тийм учраас манай Цэрэнпунцаг, Сумъяабазар, Бат-Эрдэнэ аварга гээд олон бөх бизнес хийж байна л даа.  Ер нь бөхчүүд маань зөв энергитэй болохоороо ажил үйлс нь өөдрөг байдаг болов уу.
-Заан таны бизнесийн талаар асуусан шүү дээ?
-Зах зээл гараад бүх бизнесийг хийж үзлээ. Ер нь би бөхийн буяндаа залбирч явдаг. Бөх болоогүй бол амьдрал маань ийм сайхан байхгүй. Бизнес гэдэг чинь хэрэгтэй мэдээллээ авч, цаг үеэ зөв мэдрэхийн нэр юм байна. Зах зээлийн хамгийн гол онцлог мэдээлэл байдаг юм байна. Хүн зөв юмаа олж авах, зөв хүнтэйгээ нөхөрлөх, зөв хүнтэйгээ хамтрах нь гол юм.
-Ямар нэртэй компанитай вэ. Нууц биш бол бизнесийнхээ талаар тодруулж ярихгүй юу?
-“Өнжүүл Богд” гэж компани бий. Тээвэр зуучийн ажил хийдэг. Бас Цэрэнпунцагтайгаа нийлж G-mobile-ийн нэг салбарт хамтраад янз янзын юм хийх гэж үзэж байна. Нэг юмаа дагнаад байх хэцүү байна. Ер нь бизнесийн янз янзын салбарт өөрийнхөө хэмжээнд хүч үзэж байгаа. Дээр нь Төв аймаг маань надад итгэл үзүүлж аймгийн “Өгөөмөр” пионерын зусланг өгсөн. Зусланг аваад хоёр жил гаран болж байна. Ер нь би хүүхэдтэй холбогдох хувьтай хүн юм. Анх 1979 онд Монголын пионер сурагчдын ордны гавьяат багш Цэрэндагва багшийн секцэнд Эрдэнэ-Очир арслангийн хүү Энхбаяр бид хоёрыг хоёр өвөө маань аваачиж өгсөн. Бөхийн гараа маань хүүхдийн ордноос эхэлсэн учраас хүүхдийн бүх юмтай холбогдоод байх шиг санагддаг. Эхэндээ хүүхдийн байгууллагыг мэдэхгүй амаргүй байлаа. Зуслан авч ажиллуулахдаа амархан гэж бодоод орсон чинь шал өөр ертөнц байсан. Хоол унднаас нь эхлээд бүх юманд оролцдог. Би тэр жил наадмаар ч барилдаж чадаагүй ш дээ. Хоол сайхан байх юм бол хүний сэтгэл санаа өөдрөг байдаг болохоор сайн хоолтой болгохын төлөө нэлээн зүтгэсэн. Эхний нэг сар нэлээд сандарсан шүү. Ямар ч учраа олохгүй. Хүмүүс хүүхдүүдээ заан дээр очиж амраана гээд ирчихсэн байдаг. Дээр нь хуучин ажиллаж байсан хүмүүс нь хоол ундны талаар жаахан маргаантай байсан. Ноднин интервирус гэж ханиад гараад сүүл?йн нэг сар л ажилласан. Энэ жилээс арай гайгүй, ерөнхийдөө гарт орсон. Хүүхдийн спортын холбоондоо түшиглээд зуслангаа өсвөр үеийн спортын сэргэлтийн төв болгох санаатай байна.
-Танай хоёр хүү Японд жудогийн сургуульд сурдаг байхаа?
-Том хүү Төөгий маань Токиогийн нөгөө эрэг дээр байдаг Пүке хотод таван жил сурч байна. Энд Японоос хүмүүс ирээд жудогийн сургуульд хүүхдүүд шалгаруулж авсан юм. Манай хүүгийн сагс тоглож, барилдахыг нь харж байснаа “Япон явах сонирхолтой байна уу” гэсэн. Тэр үед би хүүгээ 16 нас хүрэхээр чөлөөт бөхөөр барилдуулъя гэж боддог байсан ч жудогийн спорт хүмүүжилтэй, ёс журамтай, дээр нь төрөлх нутагт нь заалгавал зүгээр юмуу гээд хүүгээ явуулсан. Тэнд очоод нэг жил гаран зөвхөн хэлний бэлтгэл хийж байгаад гурван жил барилдсан. Одоо жудогоор Япондоо гайгүй барилдаж байгаа. Сая мужийнхаа гурван удаагийн аварга болсон. Зүүн Азийн аваргаас хүрэл медаль, Тайванд болсон олон улсын тэмцээнд түрүүлсэн. Ер нь бөх болох гараа нь тавигдаж гайгүй барилдах болов уу гэсэн бодолтой байгаа. Миний хүү өөрөө ч бөхөд дуртай. Намайг дагаад наадмын бэлтгэлд хоёр настайгаасаа гарсан. Бөхчүүдийн барилдааныг таах дуртай, котекс хөтөлдөг байсан. Тэр жил 80 жилийн ойн барилдааны сүүлийн 16 бөхийн 14-ийг нь таасан байсан шүү. Барилдаан үзсээр байгаад мэдэрдэг болчихдог юм билээ. Спортын төв ордонд намайг барилдахад дагаж ирчихээд телевизийн операторуудтай найз болчихсон камерных нь хөл дээр суучихсан бөх үздэг байлаа. Битүүний барилдаанд барилдчихаад гэртээ харих гэтэл хүүгээ хайгаад олдоггүй. Сүүлийн дөрвөн бөх үлдчихсэн байсан. Тэгтэл оператор над руу дохиод байхаар нь харсан чинь манай хүү камерны хөл дээр сууж байсан. Хакухо Даваажаргал, Төөгий хоёр 1-р сургуульд хамт сурдаг, хүүхэд байхаасаа их ноцолддог байсан юм. Барилдаан болохоор хувцасны өрөө рүү орчихно, наадам болохоор цэнгэлдэхийн өнцөг дээр хувцас нь шохой болчихсон хоёр юм зогсдог байлаа.
 -Бага хүү чинь хэзээ ахынхаа араас явсан юм бэ?
 -Манай хүү сургуулиа төгсөөд Пүке их сургуулийн барилгын инженерийн ангид орсон. Энэ жил 1-р курсээ төгсөж байна. Бага хүү маань тэнд ахлах сургуульд суралцахын хажуугаар жудогоор барилдаж эхэлж байгаа. Бага хүү Тэмүүлэнг маань ч тэр сургуулиас нь авсан. Гэхдээ Төөгийгөө бодвол бөхөд дуртай биш. Нэг сонирхсон юмандаа дурламтгай. Сая очиход бөх болох дүр орчихсон байна лээ. Хоёр хүүгээ явуулчихаад эхэндээ хоёулхнаа үлдэх эвгүй л байдаг юм байна. Одоо л нэг юм дасаж байна./инээв/
-Том хүү чинь эх орондоо ирж барилдана биз дээ?
-Тэгэлгүй яахав.
Хоёрдугаар курст байхдаа 800 жилээр ирж Төв аймгийн наадамд үзүүрлэж аймгийн заан болсон. Улсад барилдахаас нь өмнө аймгийн наадамд бэлтгэлд гаргасан. Тэр жил хүүтэйгээ Сонгинод Мөөеө багшийнхаа галд гарчихаад барилдсан юм. Тэр наадмаар Төөгий үзүүрлэж, Даваабаатар түрүүлсэн. Одоо ч Даваабаатар улсын цолтой том бөх боллоо. Сайн ч харцага боллоо.
-Бөхчүүдийн гэргий нар царай зүс, ааш ааль гээд аль ч талаараа сайхан хүмүүс байдаг. Дээгий эгч та хоёр яаж танилцаж байв?
-Бид хоёр 10 жилийн нэг ангийн, нэг ширээний хоёр. Дээгий манай хойд талын гудамж, манайх урд талынхад нь байдаг. Би 9-р ангид байхдаа Пионер сурагчдын 5-р спарткиадад орж түрүүлэн миний спортын гараа эхэлсэн. Тэр үеэс бэлтгэл сургуульд цаг заваа зарцуулж, хичээлдээ ховор суудаг байсан. Тэгээд л Дээгий маань миний хичээлийг нөхөж өгнө. Сүүлдээ 10-р ангид ороод нэг ширээнд суугаад бүр амар болсон. Тэр үедээ сууна гэж мэдээгүй. 10-р ангиа төгсөөд залуучуудын шигшээ багт нэг жил байж байгаад цэрэгт явсан. Тэгээд “Алдар” нийгэмлэгт гурван жил болоод цэргээс халагдаж ирээд Дээгийтэйгээ гэр бүл болж, анхны хүү Төөгий маань төрсөн. Миний өдий зэрэгтэй байгаа, спортод гаргасан бүх амжилт Дээгийтэй холбоотой. Залуу байхад янз янзын проблем их гарна ш дээ. Тэр болгоныг Дээгий маань тэвчиж гардаг, намайг зөвхөн бөхдөө анхаар гээд юунд ч гар хүргэдэггүй байсан. Тэр хэмжээгээр би спортод амжилт гаргаж, амьдрал маань сайхан болсон гэж боддог. Ер нь бөхчүүд харахад хатуу ч гэсэн уян зөөлөн, эхнэрүүддээ халамжтай хүмүүс.
-Хормогч зүүгээд гарынхаа хоолоор дайлж гэрийнхнээ халамжлах үе байдаг уу? Ер нь хоол хийхдээ хэр вэ?
-Би гал тогоонд маш муу байсан. 40 нас хүртлээ хоол хийж үзээгүй. Гэрт ирэхэд хоол бэлэн байдаг, бэлтгэлийн үеэр засгийн хоол идчихдэг. Жаахан чөлөөтэй болсон хойноо хоол хийгээд үзсэн чинь  аятайхан болмоор санагдаад. Одоо бол би ямар бол ямар ч хоол хийнэ. Хоолыг хүн сэтгэлээрээ хийх хэрэгтэй гэж манай ээж хэлдэг байсан юм. Тогооч хүн байсан л даа. Хоолны ерөнхий жорыг багцаагаар мэдэж бай, тэгээд хүний сэтгэл сайхан байхад хоол өөрөө амт ордог гэж хэлдэг. Хоол хийхдээ яаж хийнээ гээд шаналж хийх юм бол хоол амтгүй болно. Би өвөө эмээ дээрээ өссөн болохоор эрт босоод сурчихсан. Өглөө 6 цаг гээд босгодог. Тэгээд өвөө маань уул модоор их явуулдаг байлаа. Багаасаа эрт босоод сурчихсан болохоор гэрийнхнээ унтаж байхад босоод хоол цайгаа хийчихдэг.
-Хэдэн жилийн өмнө манай сэтгүүлийг сонин байхад та ярилцлага өгөхдөө эхнэрээ баярлуулж бэлэг авч өгөх дуртай гэж ярьж байсан. Одоо ч цэцгийн дэлгүүрийн байнгын үйлчлүүлэгч хэвээрээ юу?
-Хүн баярлуулна гэдэг гоё л доо. Би хоёр хүүгээ, ах дүү нараа баярлуулах их дуртай л даа. Шинэ жилээр ах дүү нарынхаа хүүхдэд бүгдэд нь бэлэг тараадаг. Манай Дээгий цэцгэнд их дуртай. Цэцгийн дэлгүүрийнхэн бараг мэддэг болсон доо намайг. Би өөрөө хараад цэцгийг ингэж хийвэл зүгээр, энэ сайн сарнай юм байна гээд багагүй мэдлэгтэй болсон. Эхлээд авч явахдаа санаа зовоод сонинд боодог байсан. Одоо бол тийм юм байхгүй. Өөртөө сайхан байвал бусдын юу гэж бодох ямар хамаа байна. Зарим нь хараад ямар гоё юм гэдэг. Зарим нэг муугаар ойлгодог улсууд “энэ нөхөр залуу авгайтай болж байгаа юм уу” гэж бодож байж ч мэдэх юм шүү. Хүн тэгж бодох нь хамаагүй өөрсдийнхнөө баярлуулж л байвал гоё гэж боддог. Манайхан бие биендээ сюрприз барих дуртай. Хоёр хүү маань энэ жил гэртээ шинэ он гаргасан. Төөгий маань спортын мастер болсон. Гэхдээ өөрт нь мастер болсныг нь хэлэлгүй шинэ жилийн бэлэгний шоколадан дотор нь боогоод хийчихсэн. 20 хүрчихсэн залуу чинь юу гэж шоколад тоох уу, тэгэхээр нь “наад шоколадаас чинь амсаж үзмээр байна” гэж задлуулсан/инээв/ Тэгээд хүүдээ мастерын тэмдгийг нь зүүж өгсөн. Манай бага хүү Эрэл сургуульд байсан, унаган орос хэлтэй болоод ч тэр юмуу  романтик сэтгэлгээтэй. Ээжтэйгээ их ойр дотно байдаг.
-Бат-Эрдэнэ аварга та хоёр дотно найзууд. Гэсэн хэдий ч олон жилийн наадамд тэр хүнд дарагдаж явна гэдэг нэг талаар харамсалтай биз?
-Аварга маань монгол бөхийн түүхэн дэх нэгэн гайхамшиг. Бид энэ түүхэн хүнтэй нэг үед барилдаж байсандаа баярламаар. Нэг бодлын харамсмаар, тэр хүнд 12 жил даруулсан Мөнх-Эрдэнэ, Балжинням, Хишигдорж, Бямбадорж бид хэдэд тэр хооронд нэг гарчих зай байхаар байлаа. Гэсэн ч гэр бүлээрээ сайхан найзууд байна гэдэг бурхны хишиг юм болов уу гэж боддог. Аваргынхантайгаа шинэ жилийг хамт гаргадаг. Цагаан сараар шинийн хоёронд хийморийн овоон дээрээ гарчихаад шууд аваргынд очдог. Тэрнээс гадна Бат-Эрдэнэ аварга гурван охинтой, манайх хоёр хүүтэй. Тэдний том охин Баярмаа, Төөгий хоёр чацуу, бага охин Сугармаа Тэмүүлэн хоёр чацуу. Сонин байгаа биз.
Ярилцсанд баярлалаа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна