Г.Жадамбаа: "Нэг тэргүүлэгч - Нэг ишиг" санаачлага гаргаж, холбооныхоо санхүүг шийдвэрлэсэн

А.Тэлмэн
2015 оны 7-р сарын 06 -нд

Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын Мөнхийн хүлэгтэн” МСУХ-ны тэргүүн, аймгийн Алдарт уяач  Г.Жадамбаатай хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-2005 оноос хойш өнөөг хүртэл сумынхаа МСУХ-ны удирдлагын багт ажиллаж байгаа гэсэн байхаа?
-Тийм ээ. Сумынхаа МСУХ-г үүсгэн байгуулагдсан цагаас дэмжиж, үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцож байна. Анх1998 онд гишүүнээр элсээд, 2005 оны хурлаас нарийн бичгийн даргаар сонгогдсон. Тэр хурлаас манай найз Хишигдорж дэд тэргүүнээр сонгогдож, бид хоёр их гар нийлж ажилласан. Хүн бүр нэг адуу гэдэг уриаг дахин гаргаж, холбоогоо санхүүжүүлж байлаа.
-“Нэг тэргүүлэгч-нэг адуу” гэдэг санаачлагыг анх хэн гаргасан юм бэ?
-Тухайн үед Мөнхнаст гэж манай холбооны дарга байсан юм. 21 гишүүний бүрэлдэхүүнтэй хурлаа хийгээд адууны талаар нэгдэж холбоо байгуулсан юм чинь ерөөсөө адуутай байх нь зүйтэй юм гэсэн санал гаргасан. Тэгээд хүн болгон нэг удамтай бага охин адуу өгье гэж шийдээд 17, 18 нь охин адуу анх цугласан гэдэг юм билээ. Тэр адуу нь 1999-2000 оны хоёр жил дараалсан зуданд үрэгдэж үгүй болоод уяачдын холбоо хөрөнгөгүй болсон юм. Тэгээд 2005 онд Хишигдорж бид хоёр ажил аваад, ерөөсөө л санхүүтэй болох хамгийн гол арга бол бог мал юм. Уяач болгоноосоо охин ишиг цуглуулъя, эргэлт нь ч хурдан, ноолуур ч өгнө, маллагаа нь ч гайгүй гэж ярилцаад 2006 оноос ямаа цуглуулж эхэлсэн. Тухайн үед 36 ямаа, 4 хонь, нийт 40 богтой болоод, төлийнх нь 30 хувиар цалинжуулах тохироотойгоор хүнд өгч маллууллаа. Хоёр гурван жилийн дотор холбооны сүрэг маань 100-аад толгой болоод, хавар нь ноолуураа аваад зун нь наадмаа зохион байгуулчихдаг боллоо. Тэгтэл 2010 онд дахин зуд болж арван хэдхэн ямаатай үлддэг юм.
-Харамсалтай юмаа. Холбооныхоо санхүүжилтийг дахиж ямар байдлаар босгосон бэ?
-Тэгэхээр нь дахин хурлаа хийгээд зуданд малаа босоо оруулсан гурван залуугаар малаа маллуулъя гэж санал орууллаа. Эхлээд Отгонгэрэл гээд миний нэг дүү байдаг, түүнд 17 ямаа өгч маллуулсан чинь гучин хэд хүргэж, дараа нь Сайнбаяр гэж Аймгийн Алдарт уяач залуу хоньтой нь далан хэдэн толгой болгож өсгөдөг юм. Сүүлд нь Уламбаяр гэж манай МСУХ-ны гишүүн, Аймгийн Алдарт уяач залуу маллаад 100 гаруй толгой болгож өсгөөд 2013 онд хүлээлгэж өгсөн.
-Нэгдүгээрт холбоогоо өөрийн гэсэн санхүүтэй болгосон томоохон ажил хэрэгжүүлжээ. Хоёрдугаарт дугаарлагдах ямар ажил хийсэн бэ?
-Ерөнхийдөө би холбооны нарийн бичиг хийж байх үедээ уяачдынхаа сэтгэлийг дэмжье, морьдыг будилаангүй уралдуулдаг болгоё гэж зорьсон. 2001 оноос хойш би наадмын комисст байнга томилогдож ажилласан. Тэр хугацаанд манайд болсон ямар ч том, жижиг уралдаан будилсан удаагүй. Мөн уяачдаа Алтан-Овоо, Шилийн богдоор аялуулах ажлыг анх санаачилж, эхний удаад 12 уяачийг аялуулсан. Өөрөө уяачдаа авч явсан учраас Сүхбаатар аймгийн нэлээд хэдэн сумдаар явж, ганц нэг уяачидтай уулзаж, тэндэхийн наадмын талбай, адуу ямар байдаг юм байна гэдгийг үзүүлсэн. Хамт явсан 12 уяачтайгаа нийлж Хийморийн морь хийсэн. Дараагийн хүмүүс 2012 онд Түвдэнням ахлагчтай явж байлаа. Энэ хүмүүс уяачдын холбоо өөрийн гэсэн байр савтай баймаар юм байна гээд холбоондоо сайхан эрээн гэр авч өгсөн. 2013 онд явсан уяачид маань гэрийнхээ гадуур хашаа барьж өглөө. Ноднин 2014 онд Баянмөнх ахлагчтай уяачдыг явахад би хамт явсан. Тэгээд аж ахуйн талын байр савтай болгоё гээд байшин авч өгсөн. Ингээд холбоо маань санхүүгийн хувьд бие даасан байгууллага болсон доо.
-Холбооны тэргүүний ажлыг хэзээ хүлээж авсан бэ? Ойрын үед хийхээр төлөвлөж байгаа ямар зүйлүүд байна вэ?
-Би саяхан 2015 оны 5 сарын 23-нд болсон хурлаар холбооны тэргүүнээр сонгогдсон. Одоо манай холбоо өргөжөөд 108 гишүүнтэй болж байна. Хэдэн жил энэ холбооны ажилд оролцож явсан хүний хувьд цаашид хийхээр төлөвлөсөн зүйл байна. Тэр ч утгаараа намайг холбооны тэргүүнд нэр дэвшүүлэхэд нь татгалзаагүй. Миний хамгийн түрүүнд хийхээр төлөвлөж буй юм юу гэхээр бүх уяачдаа танилцуулгатай болгож, адууг нь гарал үүслийн бичигтэй болгох. Хоёрт уяачдын холбооны санхүүг улам бэхжүүлж, сум орны уяачдын холбооны нэгдлийг улам сайжруулж, зэргэлдээ сумдынхаа МСУХ-той шифийн холбоотой хамтран ажиллах бодолтой байгаа. Уралдааны тухайд хамгийн ойрын уралдаан 6 сарын 7-нд Дундговь аймгийн төв дээр “Аймгийн шилмэл морьдын уралдаан” болно. Анх 1959 онд “Дундговь аймгийн шилмэл морьдын уралдаан” фестиваль гэж болоход манай сумын Төмөржав гэж ахмад уяачийн хээр морь түрүүлсэн түүхтэй. Энэ уралдаанд амжилттай оролцохын тулд бэлтгэл ажлаа хангаад явж байна.
-Уралдаанд хичнээн уяачид хэдэн насны морьтой явах вэ?
-Тэр уралдаанд долоон уяач есөн морьтой явна. Энэ долоон уяачийг сонгохдоо өмнөх амжилтыг нь харж байгаад сонгосон. Мөн 9 сараас хойш аймгийн бүсийн наадамд амжилттай орсон гурван морьд квотоор орж ирж байгаа. Сая хурлаараа энэ уяачдадаа батламжийг нь гардуулсан. 5 сарын 23-ндаа их морио уралдуулаад, эхний долоон морьдоо яг нэрсээр нь оруулж ирсэн. Сайнбаярын шарга морь Дундговь аймгийн шилдэг мориор хоёр жил дараалан шалгарсан. Тэр шарга морь энэ жил огт уягдаагүй байгаа учраас явахаар товлосон 10-аас шарга  морь хасагдаж 9 морь явахаар боллоо. Манай холбооны ойрын үеийн төлөвлөгөөнд уяачдаа нэгдсэн зохион байгуулалтанд оруулж ийш тийшээ наадамд явах, улсын наадамд ч ганц нэгээрээ биш өргөн бүрэлдэхүүнтэйгээр шилмэл морьдуудаа авч очиж оролцож байя гэж төлөвлөж байна.
-Дундговь аймгийнхан сүүлийн үед маш сайн наадаж байгаа. Улс бүсийн наадмуудаас хоосон буцахгүй байгаа шүү?
-Тийм. Манайхан нэгдсэн зохион байгуулалтанд ороогүй ч ганц нэг явсан уяачид нь амжилт гаргаад ирдэг. Сая хурлаас нэгдсэн зохион байгуулалттайгаар орж байя гэж ярилцсан. Манай сумын Аймгийн Алдарт уяач Отгонгэрэл гэж залуу аймгийн бүсийн наадамд их сайн оролцдог, Сая шигшмэл морьд шалгаруулахад л гурван их насны морь нь багтаж байна. Дандаа зүүн тийш Хэнтий, Дорноговь руу явж нааддаг юм.
-Албаны асуултуудыг хойш тавиад хувийн асуулт асууя. Аймгийн Алдарт уяач цолыг хэзээ хүртсэн бэ?
- Би 2006 онд Аймгийн Алдарт уяач цолыг хүртсэн.
-Энэ цолыг авахад голлох амжилтыг авчирсан хурдан хээрийн чинь талаар ярилцъя?
-1994 оноос морь уяж эхлээд, 1996 онд хээр морио шүдлэн үрээ байхад нь авсан юм. Хязааланд нь уяж чадаагүй, 1997 онд Говь-Угтаал сумын 70 жилийн ойд соёолон үрээ айрагдуулсан. Зургаан настай өнжүүлээд, долоон настай морь 1999 онд Цагаандэлгэрийн наадамд анх түрүүлгэж байлаа. Тэрнээс хойш сумынхаа наадамд завсаргүй 7 жил түрүүлсэн морь. Энэ хугацаанд нэг удаа “Их хурд” уралдаанд урилгаар явж, 2003 онд зүүн бүсийн наадамд гуравт орсон. Ойр хавийн сумдын наадамд их олон айрагдаж, түрүүлсэн. 2006 онд улсын баяр наадамд Улаанбаатар хотод очиж зургаалсан. Манай сумаас 23 жилийн дараа улсын наадамд очсон хүн нь би байдаг юм. Үүнээс 23 жилийн өмнө Өлзийбаатар гэдэг хүн очиж, морио арван хэдээр давхиулж байсан юм билээ. 2006 оноос хойш дахин улсын наадамд очиж чадаагүй л байна. Хамгийн сүүлд Дорноговь аймгийн Иххэт сумын наадамд очиж тавласан. Өвөл нь урагшаа оторт яваад Дорноговьд байдаг хортой өвс идээд байхгүй болсон доо. Миний хээр морь 16 нас хүртлээ уралдахдаа ямар ч бэртэл гэмтэл аваагүй. Энэ хавийнхан Боржигоны богино хөлт гэцгээдэг, их моринд байх бүх шинж энэ моринд байна гэж хөгшид ярьдаг юм.
-Амжилтын хувьд ийм байж. Хээр морио өөрийн болгосон түүхээ дурсахгүй юу?
- Манай нутгийн Дэмчиг гэдэг хурдан адуутай өвгөнөөс авсан юм. Хээр морины эх талын угшлыг яг нарийн сайн хэлж мэддэггүй, Дэмчиг гуайн өөрснийх нь адуу гэж ярьдаг. Эцэг тал нь Даваанэрэн начингийн хүрэн халзан азарганых гэдэг. Миний хээр морь надад ирэх л хувьтай байгаад ирсэн гэж би дотроо боддог. Яагаад гэхээр би 1996 онд Говь-Угтаалын наадамд яваад Дэмчиг гэдэг хүний хүүтэй наймаа хийсэн юм. Тэр залуу надаас нэг юм аваад оронд нь Говь-Угтаалд тавласан халзан үрээгээ өгнө гэлээ. Би ч хурдан адуутай болчихлоо гэж бодоод намар нь очоод авах гэсэн чинь Дэмчиг гуай хүүхдийн юм гээд өгдөггүй. Хоёр гурван ч удаа давхиж очих хэрэг гарлаа. Тэгж тэгж Дэмчиг гуай чамд би нэг үрээ өгье, эцэг тал нь гайгүй юм байгаа гэлээ. Түүнийг нь авахуулахаар дүүгээ явуулсан чинь хариугүй эцэнхий хээр үрээ өгөөд явуулчихаж. Нөгөөхийг нь би дотроо голонгуй янзтай авсан. Өнтэй сайхан өвөл болж, хавар нь хөнгөлчихсөн чинь хачиг хувалзанд баригдаад үхэхээ алддаг юм, юун уях манатай. Тэгээд хязаалан үрээ өнжөөгөөд, намар нь нэг хүнээс урьд нь уягдаж байсан хязаалан халтар үрээ 450 мянгаар хэрдээ үнэтэй авлаа. Тэгээд хээр үрээтэйгээ ижил зүстэй юм, хоёр соёолонгоо ханинд нь уяад Говь-Угтаал явдаг юм. Өмнөх сунгаа болгонд халтар нь түрүүлж, хээр нь арваадаар л ирээд байсан. Халтар үрээгээ түрүүлнэ гээд газрын дундаас тосоод зогсож байтал нээрээ л халтар өнгөлөөд гараад ирлээ. Тэгээд явж байснаа газрын тэхий дундаас халтар үрээ суучихлаа, хээр соёолон 30-аадаар яваад өнгөрлөө. Машинтай дагаж байсан холбооныхонд хээр морийг минь мэдэж яваарай гэж захичихаад, өөрөө мотоцикльтой халтар үрээгээ дагаад үлдлээ. Сүүлдээ бүр явахгүй болохоор нь хүүхдээ аваад, үрээгээ тэнд орхичихоод, морь орсноос нэлээд хойхно давхиад очсон чинь хээр соёолон чинь дөрөвт орсон шүү гэж байна. Анх тэгж л тодорсон морь байхгүй юу. Намар нь Баянцагаанд очиж гайгүй сайн давхиад, тэрнээс хойш сумандаа давсаргүй 7 жил түрүүлсэн дээ, миний хээр морь.
-Таныг хамгийн их баярлуулсан наадам аль нь байсан бэ?
-Би бүсийн наадамд айрагдахад нь их баярласан шүү. Манай сумын Дагва гэж хурдан морьтой өвгөний насны ойг 2004 онд хүүхдүүд нь тэмдэглэж, их олон газраас морьд ирж уралдсан. Тэр уралдаанд миний 5 настай хүү хээр морио унаж хол түрүүлж ирсэн нь бас бэлгэшээлтэй сайхан байсан даа.
-Таны нэрийг гаргаж байсан адуу ганц хээр мориор тогтохгүй байх гэж бодож байна?
-Морь мэддэггүй хүн хурдан адуутай таардаг гэгчээр анх би хурдан адуутай таарсан. Манай дүү Отгонгэрэлийн хурдан хул азаргыг анх хязаалан үрээ байхад нь уяад, бид хоёр Говь-Угтаалын наадамд очиж холхон түрүүлүүлээд, тэгээд л хурдан моринд эргэлт буцалтгүй орсон хүн байгаа юм. 2004 оноос хойш түрүүний ярьж байсан хул азарганы дүү халзан үрээг уясан. Халзан үрээ маань 2004 онд шүдлэндээ сумын наадамд түрүүлээд, Дундговь аймгийн Сайнцагаан сумын 40 жилийн ойд очиж гуравт орж, улсын наадамд очоод тавин хэдээр давхисан. Соёолон азарга их хурдан байгаад Бага Хэнтийн бүсэд түрүүлгээд, тэр жилээ Багануурт өвөлжөөд, тэндэхийн дөрвөн наадамд холхон түрүүлгэсэн. Дүнжингаравт уралдуулаад зургаалуулсан. Хавар нь Дорноговийн хойд талын бүсийн наадамд очоод их хол зугтааж байгаад хадуурч давхиад аман хүзүүдсэн. Үүнээс өөр бага наадмуудад нэлээд айраг, түрүү авсан. Соёолон азарга бас улсын наадамд аваачаад 54-өөр давхиулсан. Хойтон жил нь Дорноговь аймгийн хаврын бүсийн наадамд тавд оруулаад, хөлийг нь жаахан муутгачихаад, хоёр жил хэртэй өнжүүлээд Дорноговь аймгийн “Хутагтын хурд” бүсийн наадамд дөрөвт оруулсан. Бүсийн наадамд ороогүй, аймаг, сумдын наадамд орсон морьд бол бий бий. Манай адууны угшил гэж ярих юм бол Төв аймгийн Баянцагааны хурдан саарал морьтой Баяр гэж өвгөнөөс анх хонгор азарга авч тавьсан. Адууны маань угшил анх эндээс л эхэлсэн. Одоо ч тэрний төлүүд надад их сайн давхиж байна.
Хурдан хүлгийн хийморь лундаа үргэлж өөдөө байг. 

"Тод магнай" сэтгүүл №66

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна