Буриадын спорт, соёлын гавьяат ажилтан, Спортын мастер Т.Батмөнх: “Цэц магнай”-д тоглож, “Мандухай сэцэн хатан”-ы 10.000 нумыг хийлцсэн

А.Тэлмэн
2012 оны 2-р сарын 07 -нд

 Нум сум хийдэг цөөн хэдэн дархчуулын нэг Т.Батмөнх манай энэ удаагийн зочин байлаа.
 -Буриад улсын спорт, соёлын гавьяат ажилтан цолыг нь зэрэг хүртсэн хүн ховор байдаг байх?
 -Одоогоос долоон жилийн өмнө Буриадууд модон булцуутай сумаараа байтын нумаар харвадаг байгаад Засгийн газраас нь Их Монгол улсын 800 жилийн ойг угтаж уламжлалт эвэр нумтай болох шийдвэр гарган, Спортын холбооноос нь надад санал тавьсан юм. Тэгээд гавьяат тамирчин Цэвээн гуай бид хоёр нэлээн хэдэн нум өгсөн. Зөвхөн надаас гэхэд 3 жилийн дотор 300 гаруй нум авсан. Тэгээд Биеийн тамир спортын хорооны дарга нь өөрөө ирж спорт, соёлын гавьяат ажилтан гэдэг хоёр цол тэмдгээ гардуулсан. Энэ бол үнэхээр ховор аз тохиол байлаа.
 -Нум хийж эхэлснээс хойш ер нь хэчнээн нум хийсэн бол, тоог нь гаргасан уу?
 -1965 онд харваанд орсноосоо хойш нумтай нөхөрлөөд 47 жил болсон байна. 1976 оноос эхлээд хөгшчүүлтэй нум хийгээд явсан. Тэгэхээр 30-аад жил нум сумтай ноцолдсон байна. Сүүлийн 20 хэдэн жил нум сумыг өөрөө дагнаад хийсэн. Тоог нь нарийн гаргаагүй дээ, ер нь жилд олон нум гарахгүй. 300-аад нум гарч чаддаг юмуу, үгүй юу. Ер нь нум хийх хэцүү, ажил ихтэй. Таван хүн нийлээд 300-аад нум хийдэг. Хийснийгээ нэг жил хатааж байж хүнд өгдөг.
 -Нум хийхэд хамгийн нарийн, илүү ур чадвар шаарддаг хэсэг нь юу вэ?
 -Нумны хамгийн нарийн эмзэг хэсэг нь хөдөлгөөндөө байгаа юм. Нум сумны матаастай хэсэг хамгийн чухал, татахад матаас нь ижил ирнэ гэдэг чинь ухаан нь тэнд байгаа юм. Байнгын хөдөлгөөнтэй юмны мод, урд талын эвэр, ар талын шөрмөс гурвыг тэнцүүлж тавин цавуугаар наана гэдэг өөрөө нарийн зүйл л дээ. Нум сум хийдэг хүн бүр өөр өөрийн аргатай. Манай нумны онцлог нь өргөн, том, хатуу талдаа нум хийдэг. Ер нь хүүхнүүдийн нум манайхаас цөөхөн гардаг.
 -Учир нь юундаа байна вэ?
 -Яахав материалдаа тохируулаад том өргөн сайхан эврийг тайраад чадахгүй, тэрүүндээ захирагдаад том нум гардаг. Гэхдээ би хүүхдийн нумыг би захиалгагүй хийдэг. Яагаад гэхээр хойч үедээ сурын харвааг уламжлуулах нь харваач бидний үүрэг учраас хүүхдийн нумыг ашиг бодолгүй хийдэг. Үнэндээ хүүхдийн нум хийх надад жаахан хохиролтой. Том хүнийхээс ердөө 20см-ийн зөрүүтэй хэрнээ хүүхдийн нум 150 мянга байхад нөгөөдөх нь 250 мянга байх жишээтэй. Манайхаас өөр хүүхдийн нум хийж байгаа газар бараг байхгүй.
 -Бэлэг дурсгалын зориулалттай нум хийлгэх нь ихэссэн гэж сонссон юм байна?
 -Сүүлийн үед бэлэг дурсгалын зориулалтаар нум захиалж хийлгэх нь олширсон. Гэрийнхээ хоймор залах гэсэн юм гээд нэг талд нь авгайнхаа, нөгөө талд нь өөрийнхөө жилийг сийлүүлдэг. Харин би нэг талд нь монголчуудын гарал үүсэл болох Бөртэ чоно, Гуа маралыг, дээр нь морио сийлдэг. Үүгээрээ би XIII зууны үед морь, хүн, нум сум гурав ертөнцийн талыг эзэлсэн гэдгийг илтгэж байгаа санаа юм. Ялангуяа гадаадынхан их худалдаж авдаг. Анчид болохоор аргаль, янгирын толгой сийлүүлдэг юм. Ер нь хуур, нум сум хоёр өөр шүү дээ. Хуур гэдэг чинь тэр айлын жаврыг үргээж, сэтгэл санааг сэргээдэг бол нум нь тэр айлын гай барцдыг зайлуулж байдаг. Сийлбэртэй нумаа голцуу гавьяатуудын найр, насны ой, гаднаас ирж байгаа зочид төлөөлөгчдөд хийж өгдөг. Манайх Засгийн газрын бэлэг дурсгалын фондод жил бүр төрийн тахилгын сумуудыг би өөрөө хийж өгдөг. Тэр бол уул усандаа барьж байгаа миний өргөл.
 -Таны цуглуулгад 600 жилийн өмнөх ч нум байна. Ер нь багш мэргэжилтэйнхээ хувьд, дээр нь нум сум урлаачийн хувьд нум сумны талаар судлаа байлгүй?
 -Тэгэлгүй яахав. Би газарзүйн багш мэргэжилтэй. Тиймээс энэ талаар судалсан. Ердийн нумыг татахад 30кг-тай. Ийм нумыг нэлээн хүчтэй залуучууд харвана шүү. Гэтэл эрт үед байлдааны хол тусгалтай нумнууд нь 50-60 кг-ын таталтыг шаарддаг байх жишээтэй. Сум нь бууны сум шиг хурдан нисэж, 300 метр газрын алсын тусгалтай. Есүнхэй мэргэн 335 алд буюу 512 метр газар харвасан гэдэг. Хэрвээ татаж чадах хүн байвал би 500 метр газар тусах нум хийж чадна. Ганцхан тэр нумыг татаж чадах хүн хэрэгтэй.
 13-18-р зуун хүртэл эрэгтэй хүүхэд төрвөл дайчин төрлөө гэж бэлгэддэг. Айлд хоёроос гурван нум байдгаас алсын зайнд харвах нум, морин дээрээс харвах нум гэх мэт өөр үүрэгтэй байсан.
 -Ингэхэд түүх, газарзүйн багш яагаад сурын харваанд орж, нум сум хийх болсон юм бэ?
 -Манайх гурван үеийн уран дархчууд. Би гурав дахь үе нь. Гарынхаа үзүүрээр юм хийвэл хийчихнэ. Анх нум хийдэг мэргэн хөгшчүүл надаар шөрмөс задлуулна, заримдаа нумаа засуулна. Тэгсээр байгаад өөрөө нум хийгээд сурчихсан.
 -Таны нумаар улсын мэргэн, спортын мастер цолонд хүрсэн харваач хэр олон бэ?
 -Мэргэчүүлээс гэвэл улсын мэргэн Батгэрэл, Болдбаатар мэргэн байна. Мастерууд гэвэл зөндөө байна даа. 40, 50-аад хүн байдаг. “Харваачдын 30 хувь нь чиний нумыг барьж байна” гэж Цэвээн гуай хэлдэг юм.
 -“Цэц магнай” кинонд нум сум урлаачийн дүрд тоглосон байдаг. Яаж яваад энэ кинонд тоглох болсон юм бэ?
 -Эрийн гурван наадмаар кино хийсэн Бунтар найруулагч надтай нэг нутаг, Говь-Алтай аймгийн хүн л дээ. “Чи нум сумаа хийж, нум сумынхаа талаар зөвлөж оролц” гэж “Цэц магнай”-д тоглох саналыг тэр хүн надад тавьсан юм. Кинонд би гэр дотор Гомбосүрэн гуайтай нум сум хийгээд сууж байгаагаар, хүлэгдээд сууж байгаа зэргээр гардаг. Энэ бол хамгийн сүүлд төсвийн хөрөнгөөр хийгдсэн кино л доо. Өмнө нь би Мөнх тэнгэрийн хүчин доор, Мандухай сэцэн хатан зэрэг кинонуудад нум сум хийж өгч байсан юм. Ялангуяа “Мөнх тэнгэрийн хүчин доор” кинонд 10 мянган цэрэгт бүгдэд нь нум үүрүүлсэн ш дээ. 500 ширхэг металл нум хийснээс гадна, яг дэлгэцэнд ойр хэсэгт нь ердийн нум, хойд талаар байгаа хэсэгт нь бургас матаж өгөөд бариулж байлаа./инээв/ Маш их хөрөнгө гаргасан. Одоо тэр 500 металл нумнаас чинь гурав дөрөвхөн байдаг юм билээ. Зах зээлийн үед хувааж аваад дуусгачихсан байх. Түүнээс биш металл нум хугарахгүй ш дээ.
 -10.000 нумыг хэдэн өдөр хийж байсан бэ. Танаас гадна нум сум хийдэг хүмүүсээс хэн хэн байсан бэ?
 -Миний багш Ядамсүрэн, зохиолч Дашдондогийн аав Жамбаа гуай, мөн Хангай зэрэг нум хийдэг мэргэчүүл байсан.

Металл нумыг өдөрт хэд хэдээр нь хийнэ шүү дээ. Тэнд гагнуурчин, таслагч байсан болохоор дор нь тасалж гагнаад, бид зөв хэлбэр дүрстэй болгоход нь анхаарч, сумыг нь хийх, хөвчийг нь хийх ажилтай байлаа. Нум сумнаас гадна дуулга, хуяг, гутал, морины тоног төхөөрөмж хийж маш олон хүн энэ кинонуудын ард зүтгэсэн.
 -Танай гэрийн хоймор сурын харвааг хөгжүүлэх Ерөнхийлөгчийн зарлиг залаастай байдаг юм байна. Энэ зарлигийн түүхийг ярихгүй юу?
 -Энэ хоймор байгаа нум ч бас зарлиг хүлээж авсан нум л даа. Зарлиг 2004 оны 10 сард гараад 11 сард Абтай сайн хааны өргөөнд манай сурчдын төлөөлөгч очиж зарлигыг хүлээж авсан юм. МУГТ Цэвээн гуайд энэ нумыг саадагтай нь үүрүүлээд, Багабанди ерөнхийлөгчөөс зарлиг хүлээж авч байсан. Тэр зарлиг нум, хоёр манайд байдаг юм. Морин хуураа дээдлэх зарлиг нь бодвол Морин хуур чуулгын Батчулуун гуайд байдаг байх. Би Монгол улсын бүх сумууд эрийн гурван наадмаа хийж сураасай гэж хүсдэг. “Хийморь” сэтгүүлийн хамт олон залуучуудад, улс даяар энэ спортыг түгээх хүртээх гэж ийм сайхан булан нээгээд ажиллуулж байгаад баярлаж байна. Би нумаа гадаад дотоодын хэнд ч өгсөн хэлдэг нэг үг байдаг. Та бүхний ажил үйлс нум шигээ хүчтэй, сум шигээ хурдан сайхан бүтэж явахын өлзийтэй ерөөлийг дэвшүүлье.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна