Гарааны даамал Г.Батсайхан: Эрдэнэтчүүдийн Монголын хурдан морины түүхэнд оруулсан хувь нэмэр бол гарааны төхөөрөмж

А.Тэлмэн
2015 оны 6-р сарын 22 -нд

Гарааны даамал Г.Батсайхантай хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Улс, бүсийн чанартай олон уралдааны үед гарааны даамлаар ажиллаж байсан юм байна. Даамал ямар үүрэг, хариуцлага хүлээдэг юм бэ?
-Морьд гараанаас нэгэн зэрэг эргэж байж, наадам будлиангүй сайхан болдог ёстой. Гарааны даамал наадам будлиантахгүй, хүүхэд гараан дээр унаж бэртэхгүй байх бүхий л нөхцөл бололцоог бүрдүүлэх үүргийг хүлээдэг. Өөрөөр хэлбэл морь будлиантахгүй байх нөхцлийг бүрдүүлнэ гэсэн үг. Тэгэхийн тулд морьдоо төхөөрөмжийн ард гүйцэд оруулж зогсоохоос эхлээд, төхөөрөмжийг нэгэн зэрэг унагах хүртэл бүхий л үйл ажиллагааг удирдаж зохион байгуулна.
-Нэг үе ч наадам будлиантаад хэцүү байсан. Танай аймаг энэ тал дээр хамгийн түрүүнд анхаарч, дэвшил гаргасан байх шүү?
-Тэгэлгүй яахав. 1998 онд манай аймаг хамгийн анх удаа гарааны төхөөрөмж ашигласан уралдааныг зохион байгуулсан. Энэ бол монголын хурдан морины түүхэнд Эрдэнэтчүүдийн оруулсан том хувь нэмэр шүү. Сүүлийн жилүүдэд аймаг, сум болгон шахуу хэрэглэж байна. Гарааны төхөөрөмж ашиглаж байгаа нь сайшаалтай ч чанар стандартын тухайд учир дутагдалтай байх шиг санагддаг. Манай аймаг 2010 онд стандартын дагуу шинэ гарааны төхөөрөмж хийсэн.
-Хамгийн дээд тал  нь нэг дор хэдэн морь гаргаж байсан бэ?
-Архангай аймгийн Тоглохын талд болсон “Тамирын хурд-3” хангайн бүсийн уралдаан л юм даа. Тэгэхэд их насны морьд 400 гаргаж  мордсон. “Эрдэнэт хурд-2010” төвийн бүсийн уралдааны соёолон ч гэсэн их өтгөн мордсон шүү дээ. Манай “Эрдэнэт хурд” холбоо сүүлийн хоёр жил “Дүнжингаравын хурд” хаврын бүсийн уралдааны зохион байгуулалтанд оролцож байгаа. Тэр утгаараа би “Дүнжингаравын хурд-2011, 2012” уралдааны гарааны даамлаар мөн ажилласан. 
-Өвлийн уралдааны үед олон морь нэгэн зэрэг гаргах хэцүү биз?
-Аль ч уралдааны үед хүндрэл бэрхшээл байлгүй яахав. Ялангуяа өвлийн уралдааны үеэр хүүхэд морь хальтирч унах асуудал цөөнгүй гарна. Тэр болгонд хүүхдээ мордуулж, агсамнасан морьдыг тайвшруулж байж гаргах ёстой. Тэр хүртэл төхөөрөмжөө унагаахгүй барина шүү дээ. Тэр олон агсамнасан адууг удаан тогтоох амар биш.
-Төхөөрөмжин дээр дунджаар хэдэн жил ажилласан юм бэ?
-Морь гаргахад 60-100 орчим хүн ажиллана. Би гарааны даамлын ажлыг 2007 оноос хойш хийж байна.
-Адуу сонирхдоггүй хүн ийм ажил хийх нь ховор. Уугуул нутаг хаанах вэ?
-Би Булган аймгийн Могод сумын хүн. Миний аав Гончиг морь уядаг. Багадаа аавынхаа уясан морьдыг унаад сумынхаа наадамд уралддаг л байлаа. Соёолон үрээ хүртэл сумын наадамд айрагдуулж байсан юмдаг.
-Адуутай айрагтай газрын хүү моринд дурлахгүй гээд яахав?
-Тэгэлгүй яахав. Миний нутгийн айраг ч сайхан шүү дээ. 2007 оноос хурдан морь сонирхож, Сэлэнгэ аймгийн Орхонтуул, Сүхбаатар аймгийн Мөнххаан, Түмэнцогт зэрэг сумдаас бага насны адуунууд авсан. Морь уяад удаагүй болохоор гаргасан амжилт гэх юм маруухан. Гэхдээ бас хоосонгүй ээ, сумын наадмаас 1-2 айраг хүртсэн.
-Уясан хүлэг нь хурдан, унасан хүүхэд нь цовоо байж тод магнай торгон жолоогоо өргүүлэх болтугай.

"Тод магнай" сэтгүүл №35

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна