Уул, хангай, ус мөрөн, элс толгодоор гоёсон Увс нутгаар...

Тэлмэн
2015 оны 6-р сарын 02 -нд

Морьтон  монголчуудын мөнхийн омогшил “Тод магнай” сэтгүүл 2012 оноос эхлэн орон нутгийн уяачид, хурдан хүлгүүдийг алдаршуулах зорилгоор аймаг тус бүрийн тусгай дугаарыг эрхлэн гаргаж байгаа билээ. Өнгөрсөн гурван жил гаруйн хугацаанд бид арав гаруй аймгийн сэтгүүл бэлтгэж, олны хүртээл болгосон байна. Олон ястны өлгий, алс баруун Увс аймгийн уяачид, хурдан морины зүтгэлтнүүдтэй уулзах тов гуравдугаар сарын дундуур гарч, 5-р сарын 2-нд болох аймгийн төвийн бүсийн уралдаанаас өмнө манай сурвалжлах хэсэг тэнд очсон байхаар тохиролцон юм. Тэр дагуу 2015.04.29 ний өглөө “Увсын хурд” МСУХ-ны дэд тэргүүн Б.Баяраа, түүний найз Баянмөнх, 5-6 насны хүүгээ дагуулсан Болороо гэгч бүсгүй дээр бидний хоёр сурвалжлагч нэмэгдэн  аян замд гарлаа.
Б.Баяраа 5-р сарын 2-нд болох аймгийнхаа төвийн бүсийн уралдааныг зохион байгуулахын зэрэгцээ хоёр үрээгээ түрүүлгэх /нэлээд итгэлтэй байгаа бололтой/ зорилготой явж байгаа бол Баянмөнх сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор явж байгаа гэнэ. Харин Болороо бүсгүйн хувьд Увсын бэр  бөгөөд тэнд ажлаар явсан нөхөртэйгээ уулзахаар бага хүүгээ дагуулаад гарчээ.
Зам зуур элдвийг хөөрөлдөж уйдахын завгүй явсан бид хорь гаруй цагийн дараа буюу маргааш өглөөний 10 цагийн үед Улаангомд очсон байв.
Б.Баяраа биднийг аймагтаа л өдтэйд тооцогддог “Ачит нуур”-т буулгаж, интернэттэй  хэмээн 207 тоот өрөөнд орууллаа.Товлосон хугацаанаас хоёр хоногийн өмнө очсон, дээр нь МСУХ-ны тэргүүн хотод ажилтай яваа тул дэд тэргүүн тэр өдөртөө замын алжаалаа тайлан, амрахыг зөвлөж бид ч дуртайяа хүлээн авсан юм. Замын тоосоо гөвж, усанд орсны дараа Улаангомтой танилцахаар гарлаа. Аймгийн захиргааны өмнөх талбайд Цэдэнбал агсны том хөшөө байх. Өмнө нь цээж баримал байсныг сольж, хуучныг нь Давст /төрсөн нутаг/ сум руу явуулжээ. Талбайн эргэн тойрон дахь сандлууд дээр хөгшид нарлаж, залуус болзон харин хүүхдүүд дугуй, роллиг унаж хөгжилдөнө.
Хэд хэдэн дэлгүүрээр орлоо.Ихэнх нь орос бараатай юм. Тэр бүү хэл өдөр тутмын хэрэглээ болсон талх, хиам, жимсээ хүртэл Оросоос оруулж ирдэг гэнэ. Алимны амт хотод зардагаас тэс өөр.Цаанаа л нэг амтлаг. Ориг бололтой.
4-р сарын 30-ныг ийм маягтай өнгөрүүлэв.
5-р сарын 1 ний үдийн алдад  аймгийн МСУХ-ны  тэргүүн Төгсжаргал холбоо барьж, “төвд байгаа ярилцлаганд орох уяачдыг буудал руу чинь явуулна.Наанаа яриагаа авч бай” гэсэн үүрэг өгөв.
Төд удалгүй  хаалга тогшиж, эхний ярилцагч ирлээ. Увс аймгаас төрсөн улсын Алдарт уяачдын нэг Зүүнговь сумын уугуул Зодовын Дамдинсүрэнтэй цаг орчим хөөрөлдөөд, зургийг нь гэрт нь очиж авахаар тохиров. Удалгүй Төгсжаргал тэргүүн дахин залгаж, “машин явуулсан ажил дээр хүрээд ир. Маргаашийн уралдааны замыг хамт үзье” гэлээ. Холбооны тэргүүлэгч Лхагважав,Батболд нарын хамт ажил дээр нь очоод, тэндээсээ уралдаан болох газар луу явлаа.
Улаангом сумын МСУХ-ны тэргүүн Ядамцоо хэсэг хүмүүсийн хамт гарааны төхөөрөмжөө суурилуулж, тороо татсан гэдгээ уламжилж байна.Гарааны төхөөрөмжөөс гадна торыг юунд ашиглаж болохыг эхэндээ ойлгосонгүй.Удалгүй ногоон тор татсан бетонон шонгуудын хажуугаар 10 гаруй км явсаны дараа л сая учрыг нь ойлгов. Эднийхэн гараа, бариа нь нэг бөгөөд морьд гараанаас шууд гарч ногоон  торыг дагаж уралдаад шонг тойрон эргэж  бариандаа ирдэг юм байна.
Халаалтгүй шууд уралдаж, бас тэр шон тойрно гэдэг нь яг үнэндээ санаанд нэг л буухгүй байлаа. Тэндээсээ тэргүүний гэрт ирж, шинэ хонины махаар дайлууллаа. Өвөлдөө их хүйтэрдэг учраас Увсынхан мах голдуу иддэг.”Яс буцалгаагүй бол хоол хэмээн тооцохгүй. Яс мөлжихгүй бол хоолшдоггүй юм” хэмээн эрчүүд нь ярих.
 Бас нэг анхаарал татсан зүйл бол өвчүүг бүсгүйчүүдийн хүндэтгэлийн зоог хэмээн тооцох юм. Манай нутагт бол эрчүүд л голдуу иддэг. Архи задлаад мөн эхнэртээ түрүүлж хундаглана.Энэ нь дайн тулааны үед хортой эсэхийг шалгаж, бүсгүйчүүдэдээ эхэлж хундагладаг байснаас улбаатай ч өдгөө цагт бол гэргийгээ хүндэтгэж буйн илрэл гэнэ.
Шинэ шөл, тэргүүний гэргийн гарын дарсаар дайлуулсаны дараа бид буудалдаа ирж, Улаангом сумын МСУХ-ны тэргүүн Ядамцоо хэмээх эрхэмтэй удтал хөөрөлдлөө. Нутгийнхан түүнийг “сэгсгэр” Ядамцоо гэх юм. Бүр зарим нэг өргөмжлөл дээр нь сэгсгэр Ядамцоод гээд биччихсэн байх. Өөрөө түүнийг нь тоож байгаа ч янз алга.Аймгийнхаа морины холбогдолтой бүхий л асуудалд оролцож, сэтгэл зүрхээ зориулж явдаг нэгэн бололтой. Бас “одоо бидний үе өнгөрсөн. Юм хийчихээр залууст энэ холбоог өгөх болсон” гэх юм. Морь уяна, цоллоно. Машин барина, засна. Аймгийн Алдарт уяач, Осолгүй манлай жолооч, Улсын тэргүүний уран сайханч гээд   тодотгох зүйл олонтой. 5-р сарын 1-нийг  ийн өнгөрөөв.
5-р сарын 2
Уралдаан харьцангуй аажуу буюу 11 цагийн үед эхлэх юм. Зургаан насны морь уралдана гэж бодоод би л өмнөөс нь давчдаад байдаг. Зохион байгуулагчид тоох шинжгүй. Удалгүй азарга уралдах болж, төхөөрөмжний ард орлоо. Улаангом, Завхан, Ховд, Түргэн, Зүүнговь, Тэс, Өлгий, Сагил, Тариалан, Өндөрхангай, Зүүнхангай, Наранбулаг, Малчин, Хяргас, Цагаанхайрхан зэрэг сумдын 30 гаруй  хурдан азарга  нэгэн зэрэг гарч, Ховд сумын уяач Мээлэйн хөх түрүүлэн, Завхан сумын уяач Ган-Очирын хүрэн аман хүзүүдэж, Улаангом сумын уяач Бямбажаргалын зээрд гурваар, Улаангом сумын харьяат, аймгийн Алдарт уяач Ядамцоогийн хүрэн дөрвөөр, Улаангом сумын уяач Батсуурийн зээрд  таваар давхилаа. Хагас цаг хүрэхгүй хугацаанд азарга уралдчихлаа. Дараа нь их насны 60 гаруй морьд уралдав. Өмнөхийн адил хагас цаг хүрэхгүй хугацаанд уралдаан үргэлжилж, Тэс сумын уяач Жамсрангийн саарал түрүүлэн, Зүүнговь сумын уяач Норовсамбуугийн зээрд халзан аман хүзүүдэж, Түргэн сумын уяач Батцэнгэлийн саарал гурвалан, Завхан сумын уяач Дүрзээний хар дөрвөлж, Өлгий сумын уяач Жарандаваагийн шарга таваллаа. Хүүхэд морь хоёр талдаа уралдахгүй, цаг хугацаанд хэмнэлттэй, үзэгчид гараа, бариаг нэг дороос харах боломжтой ч эргэлтэн дээр анхаарах хэрэгтэй байгааг хэн хүнгүй хэлж, холбооны удирдлагууд ч хүлээн зөвшөөрч байлаа. Удахгүй болох баруун бүсийн наадмаас өмнө энэ асуудлаа нэн яаралтай шийдэх гэнэ.
Зургаан насны морьдын уралдаан эрт дуусч, нар жаргахаас өмнө цоллоод амжив. Энэ нутагт гурав дахь өдрөө ийн өнгөрөөлөө.
5-р сарын 3
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр. Бид хоёр өглөө босоод тэрүүхэндээ догдлоостой. Бага үдийн алдад эхний ярилцагч ирэв. Тэс сумын ахмад уяачдын нэг Дашийн Бүрэнбаатар. 1937 онд төрсөн тэрээр өдгөө Улаангом сумнаа амьдардаг. Аймгийн Алдарт уяач цолтой.
Дараагийн ярилцлага аймгийн МСУХ-ны тэргүүлэгч, аймгийн Алдарт уяач Х.Сүхбаатарынд өрнөв. Эрүүл мэндийн шалтгааны улмаас сүүлийн хэдэн сар эмнэлгээр явсан ч биднийг ирсэн сургаар босч, бүр өөрөө биднийг гэртээ авчирлаа. ХАА болон барилгын салбарын тэргүүний ажилтнаар шалгарч байсан, Алтангадас одонтой юм. Ер нь нэлээд хичээнгүй нэгэн бололтой. Олсноо олуулаа гэдэг зарчимтай. Тиймдээ ч компанийнхаа 20 жилийг ойг тохиолдуулан хамгийн удаан ажилласан 20 ажилтандаа байшин барьж өгч байгаа гэнэ. “16-г нь бариад хүлээлгээд өгчихсөн. Одоо дөрөв үлдсэн. Хүмүүс түлхүүрээ гардаж авахдаа нулимс унагадаг юм” хэмээн ярих. Орох оронтой болж байгаа хүн арга  байж уу.
Тэндээсээ гараад  аймгийн Алдарт уяач Бадарчийн Норовсамбуутай уулзахаар ажил дээр нь очлоо. Тэрээр мөн л аймгийн МСУХ-ны тэргүүлэгч. Увсын нөлөө бүхий бизнесменүүдийн нэг. Бизнесээ овоо болохын алдад дээдсийнхээ үйл хэргийг үргэлжүүлэн морь уяж эхэлсэн гэнэ. Адууныхаа удам угшлыг сайжруулахад анхаарч зүүн зүгээс цөөн бус адуу авчирчээ. Мөн шинэ цагийн уяаны арга барилаар уях гэж хичээж байгаа гэнэ. Түүндээ нэмэрлэхээр Сүхбаатар аймгийн Халзан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Р.Мөнхтөрийг уриад авчирчихаж. Тэд эмнэлэгт хамт хэвтэж байхдаа танилцан, адуу малны арилжаа наймаагаар зузаарч,_ өдгөө их дотно нөхөрлөж буй гэнэ. Р.Мөнхтөр Алдарт уяа сойлго болоод  үржлийн тал дээр нэлээд зөвлөдөг гэнэ. Уг нь уяачдаа түүнийг нь сонсгох гэсэн боловч “ноолуурын цаг ямаагаа самнана”гээд  хүлээж аваагүй бололтой.
Тэндээсээ буудалдаа хүргүүлж ирээд удаагүй байтал энэ өдрийн дөрөв дэх ярилцагч маань ирлээ. Түүнийг Сүрэндоржийн Жаваа гэдэг. Аймгийн Алдарт уяач цолтой. Наранбулаг сумнаа төрсөн ч, Улаангом сумнаа аж төрдөг аж. Бид Алдартын  адуутай холбогдсон түүх, хурдан хүлгүүдийнх нь талаар ярилцлаа. Төвөөс, тэр тусмаа морины талаар дагнасан сэтгүүлчид энэ хүртэл зорин ирсэнд ихэд олзуурхаж байгаа гэнэ.
16 хагас хүртэл ийнхүү ажиллав. Утас дуугарч бидний анхны танил, Б.Баяраа залгаж “ажил хэр урагштай байгаа”талаар лавлалаа.
-Өнөөдрийн ажил энэ хүрээд дуусч байх шиг байна. Маргааш Сагил явна.
- Тэгвэл Улаангомтой танилцах уу?
-Чи завтай бол Увс нуур үзмээр байна.
-Бололгүй яахав.
Ингээд ямартаа ч бид хоёр хэвлэлийн эрх чөлөөний өдрийг шинэ газар үзэж “тэмдэглэхээр” боллоо. Увс нуур өнөө жил цөнгөө дотогшоо түрж байгаа гэнэ. Зарим жил мөс нь 3-4 давхар байшингийн хэртэй өндөр болдог ч энэ удаа тэгсэнгүй.
Буцахдаа зэгсэн дундах жижиг нуурын хөвөөнд саатан, төвөөс зэхэж гарсан хүнсээ идэнгээ “Увс нуурын сайхныг магтан” ам булаалдацгаан, хэсэг суулаа. Ажил, амралт  хосолсон 5-р сарын 3 ийн өндөрлөв.
5-р сарын 4
Өглөө 9 өнгөрч байхад Сагил сумаас аймгийн ИТХ-д сонгогдсон Насаа гэж хүн ирж, бид замдаа гарлаа. Сагил аймгийнхаа төвөөс 80 гаруй км зайтай. Засмал замаас салаад хэдхэн км яваад хүрэх юм. Бидэнд мэдээлж байсанчлан уяачид нь цугларсан шинжгүй. Сумын МСУХ-ны нарийн бичгийн дарга гэх дунд хэрийн нуруутай 40 гаруй насны ах ийш тийш залгасаар цаг орчмын дараа эхний ярилцагчид ирлээ. Бид хоёр хэсэгт хуваагдан ярилцахаар болж, миний эхний ярилцагч 1985 онд төрсөн, сумын Алдарт уяач Буяннэмэхийн Мягмаржав хэмээх залуу таарлаа.Тэс сумын уугуул. Тэс сумаас шилжин ирсэн нэг баг Сагилд байх бөгөөд бага Тэс хэмээн нэрийддэг. Мягмаржав тэр багийнх гэнэ.
Хоёр дахь ярилцагч маань аймгийн Алдарт уяач Дүвдэнгийн Түнэрэв хэмээх хээгүй эр. Өчигдөр хүүхэд тэмцээнд орж медаль аваад, түүнийг нь тэмдэглэчихсэн чинь гээд ус ууна. 20 нас хүртлээ айраг түрүү алдаагүй жороо халтар морио бахархан ярина. Хурдан хүлгийг нь нутгийн заншлаар /суманд арав түрүүлсэн бол “Дархан” цол олгож, насан эцэслэтэл нь түрүү морины байгаар байлдаг/дархалж “Дархан” цол олгож байгаа гэнэ.
Гурав дахь ярилцагч аймгийн Алдарт уяач, сумын заан Төгсөөгийн Цээсүрэн. Сандарч, биеэ барьсандаа тэрүү хөлс нь урсаж, түүнийгээ эв хавгүй нь аргагүй арчина. Дээр нь бохь зажилна. /Би түүнийг нь зоригоо чангалах нэрээр 50 татаад, үнэрээ дарав” хэмээн хардав/
-Уяа азарганд аль болох олон гүү өгөх тусмаа сайн юм билээ.  
-Цөөн өгөх хэрэгтэй л гэх юм билээ.Би Даваахүү Тод манлайтай азарганы уяа сойлгын талаар ярилцаж байсан.
-Үгүй юм билээ. Олон байхаараа илүү байна. Би туршиж үзсэн.
-Заза, таныхаар болог.
Бидний яриа нэг ийм маягтай өрнөв.
Дөрөв дэх ярилцагч Чимиддоржийн Доржсүрэн. 1972 онд Сагил суманд төрсөн. Аймгийн Алдарт уяач цолтой. Саран тамгатай, Сагил нутгийн талаар тун сонирхолтой түүхийг өгүүлэв.
Хэн хэний маань /нөгөө сэтгүүлчийн/ ярилцлага дууссан учраас зураг авчихаар аятайхан газар хайн, 3-4 км явсаны эцэст голын ширгэн дээр ирж, ярилцлаганд орсон эрхмүүдийнхээ зургийг дарлаа. Зураг авсан газрын эсрэг талд Сагилчуудын  шүтлэгт Цагаан шувуут  уул харагдана. Мөнх цаст энэ хайрханаа нутгийнхан ихэд дээдлэх аж.
Ажил төлөвлөж байснаас харьцангуй эрт дууссан тул гарахаасаа өмнө Түргэн сумын уяачдын холбооны тэргүүн рүү утас цохиж, хүмүүсээ цуглуулж   байхыг хүслээ. Түргэн сум аймгийн төвөөс 30, харин Сагил  сумаас 50 гаруй км зайтай. Засмал замаар явах тул төд удалгүй очиж, Батцэнгэл тэргүүнийд цугларсан цөөн тооны төлөөлөл уяачтай уулзаж ярилцлаа.
Аймгийн Алдарт уяач Даржаагийн Батцэнгэл холбооны тэргүүний албыг 2012 оноос хашиж буй бөгөөд сумын хэмжээнд 30 гаруй хүн морь уядаг гэнэ. Өнөө жил болох сумынхаа ойг угтан уяачид нь дор бүрнээ хичээл зүтгэл гаргаж буй талаар тэргүүн хэд хэдэн удаа дурьдана лээ.
Дараагийн ярилцагч маань хоёр хоногийн өмнө болсон аймгийн төвийн бүсийн уралдаанд соёолон айрагдуулсан Цээсүрэнгийн Болдбаатар  байлаа. Дааган цагаасаа эхлэн 17 хүртлээ айраг түрүү алдаагүй хурдан хээрийнхээ амжилтаар 2006 онд аймгийн Алдарт уяач болсон тэрээр адуугаа сайжруулахад нэлээдгүй анхаарч байгаа гэнэ лээ. Түргэн сумнаа дөрвөн уяачтай уулзаад бид Улаангомын зүг хөдөллөө.Эртхэн очиж, амрахгүй бол өглөө үүрээр Ховд сум руу хөдлөх ёстой.
Үргэлжлэл бий...

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна