Н.Энхсайхан: Нутгийн наадмаас түрүү хүртэхэд уяач хүнд огших омогших хоёр давхацдаг л юм билээ

А.Тэлмэн
2015 оны 6-р сарын 01 -нд

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул, аймгийн Алдарт уяач Н.Энхсайханы ярилцлагыг уншигч танаа хүргэе. Тэрээр сүүлийн жилүүдэд тогтмол амжилттай наадаж буй хийморилог нэгэн юм.

-Энхсайхан Алдартын нэрийг дуурсгасан хурдан бор азарганы тань талаар чинь яриагаа эхэлье?
-Энэ их түүхтэй л дээ. 1996,1997 оны үед  хотоос ирж яваад шөнө төөрчихдөг юмаа. Тэгж яваад Дэлгэрцогт сумын цаахна нэг айл харагдаад яваад ортол гэрийн эзэн гээд өндөр шар өвгөн байсан юм. Тэндээ хоноод өглөө босоод гэрийн эзэн хөгшинтэй ярьж байтал МУ-ын Алдарт уяач олноо “жаал” хэмээн алдаршсан Шаравжамц гэдэг хүн болж таарсан. Өвгөнтэй морь мал, нутгийн уяачдын талаар ярьж байгаад явах болоход “Чи моринд дуртай хүүхэд байна. Тэгж байгаад ирж нэг азарга адуу аваарай” гэсэн. Би ч “за” л гэлээ. Тэгсэн  яг авахын алдад “нэг азарган үрээ, нэг байдас аваарай. Тэр чинь хожим азарга адуу” болно гэсэн юм. Тэр үед одоогийнх шиг машин тэрэг элбэг байсангүй. Унаа тэрэг ч  олдохгүй өвгөн ахынх руу очиж чадахгүй хоёр жил шахуу болж байтал би нэг шөнө их сонин зүүд зүүдэллээ.
-Ямар?
-Нэг их хурдан бор морьтой болоод тэр маань наадамд хол түрүүлээд ирэхэд нь алтан медалийг нь гээчихлээ гэж. Тэгээд өглөө нь босоод ийм сонин зүүд зүүдэллээ гэж ярьж байсан юм. Тэгтэл удалгүй нөгөө өвгөн ах мааньМанлай сумын нэг хүнээр “ирж үрээ үз. Аятайхан хэдэн юм байна” гэж хэл явуулж. Тэгээд л сэтгэл шулуудан ах, дүү хоёртойгоо 66 машинтай гараад туучихлаа. Явсаар байгаад өвгөнийд очиж адуу үзлээ. Тэгсэн нэг хүрэн хязаалан үрээ нүдэнд тусаад болдоггүй. Өвгөнд хэлтэл “азарга тавих гэж байгаа” гээд өгөх шинжгүй байнаа. Тэгээд харж байтал бор шүдлэн үрээ нүдэнд туслаа. Харангуутаа л “энэ миний зүүдэнд ирсэн адуу мөн байна” гэж бодсон. Тэгээд өөр дөрвөн тооны адуу онцолж, хүрэн үрээ, бор шүдлэнтэйгээ нийлүүлээд авъя гэтэл өвгөн хүрэнг нь өгөхгүй гээд. Тэр үед залуу ч байж, холоос зорьж ирснийг ч хэлэх үү. “Энэ холоос ирчихээд харсан үрээгээ авч чадахгүй юм бол хэрэг алга” гээд хэлээд тавьчихлаа. Тэгсэн өвгөн сонсчихож. “Юу гэнээ” л гэж байна. Тэгэхээр нь дүүрсэн хэрэг гэж бодоод дахиад хэллээ. Тэгсэн өвгөн “тийм их авмаар байгаа юм бол үнэ л мэднэ” гэж байна.
-Тэгээд ямар үнэ хэлсэн бэ?
-Сая төгрөг гэсэн. 1999 онд манай говьд өндөр ханш байлгүй яахав.Гэхдээ тухайн үед ноолуур яг үнэд орж 30-40,000 хүрч байсан юм. Манайх овоо хэдэн ямаатай. Тэднийхээ хүчинд найдаад “авъя” л гэлээ.
-Бор үрээгээ хэдээр авсан юм бэ?
-500,000 төгрөгөөр. Бусад дөрвөн адууг бас хоёр сая орчим төгрөгөөр авсан санагдана. Тэгээд наймаа хийгээд явахын даваан дээр өвгөн надад мөнгөн аягатай сүү бариад, бас нэг хөөрхөн хээр үрээ бэлэглэсэн. Ер нь тэр хүн намайг их дэмжсэн. Олон ч сайхан хурдан буян хайрласан. Энэ дашрамд танай сэтгүүлээр дамжуулаад баярласнаа илэрхийлмээр байна. Та бүхэн дамжуулж өгөөрэй.
-Тэгээд л адуугаа авчраад уяж эхэлсэн үү?
-Би хүрэн үрээндээ Зандан, харин бор үрээндээ Зүүдэн гэдэг нэр өгсөн. Ирсэн жилийнхээ намар Зандан хүрэнгээ сумынхаа сургуулийн ойд айргийн таваар давхиулсан.
-Зүүдэн бор нь яаж давхисан бэ?
-Бор үрээ ирснээсээ хойш нэг хэсэг уягдаагүй юм. Хадам аав аймгийн Алдарт уяач Лувсан-Иш маань азарга тавьчихъя гэж гуйгаад
авчихсан байсан юм. Тэгээд 2003 оноос анх уяж аймгийн наадамд аман хүзүүдүүлэн, давхар уяагаар Мандал-Овоо сумын 80 жилийн ойд бас аман хүзүүдсэн.
-Зүүдэндээ медалийг нь гээснээс л болж дээ. Бор азарга хэд хэдэн удаа аман хүзүүдсэн байх шүү?
-Магадгүй л юм. Дараа жил нь 2004онд  аймгийн наадамд аман хүзүүдээд, Цогтцэций сумын 80 жилийн ойд дахиад аман хүзүүдсэн.
 Над дээр ирээд дөрөв аман хүзүүдсэн адуу байгаа юм.  Азарга маань хурдан байсан болохоор 2005 онд АХ-ын 84 жилийн ойгоор улсад  уралдъя гэж шийдэн хөөрч байгаад Зүүдэн борыгоо эндүүлчихсэн юм. Хаврын хавсаргатай өдөр хөлсөлж авчраад уяан дээр уячихсан байсан чинь чичрээд тэгээд л яах ийх учраа олохгүй байж байтал эндчихсэн. Сайхан хурдан буянаа алдчихаад нэг хэсэг хэцүү байсан. Гэхдээ томоохон наадамд явж уралдъя гэж бодоод Бат-Эрдэнэ ахдаа хэлтэл “манай уяан дээр хүрээд ир” гэсэн. Тэгээд Цогт-Овоогийн аймгийн Алдарт уяач Энхээгийн хамт их морь, азарган соёолон хоёртой улсын наадамд зорьж очсон. Тэгэхэд 70 жилийн дараа говиос уяачид ирлээ гэж байсан санагдана. Яахав халхын хурд чуулсан тэр сайхан довон дээр соёолон маань 27, их морь 150-ласан.
-Дахин улсын наадамд очсон уу?
-Энэ жил /2012 он/ дахин очиж уралдаад манай галын Нэхийтийн манайхаас авсан хар даага 13-аар орсон. Улсын наадамд гарсан цагаас эхлээд өнгөнд уралдсаар байгаад үзүүр  дээрээ суучихсан. Тэгсэн морь тайлбарлагчид Өвөрхангайн уяачийн нэр дээр зарлаад байсан. Дараа нь Сүхбаатарын 70 жилийн ой, зүүн бүсийн наадамд очсон хар үрээ дахиад 13-сан.
-Зандан хүрэн азарга яаж давхисан бэ?
-Би аймгийн наадамд явдаггүй байж байгаад 2002 онд анх яваад хязаалан үрээ дөрөвлүүлсэн. Дараа жил нь очоод Зүүдэн борыгоо аман хүзүүдүүлж, Зандан хүрэнгээ тавлуулан, Шөнтөөлөн зээрдийгээ гурвалуулж жигтэйхэн сайхан наадсан юм. Тэгээд аймгийн наадмаас ирснийхээ дараа Зандан хүрэнгээ Мандал-Овоо руу найздаа өгчихсөн. Тэгж байгаад бор азаргаа эндсэний дараа буцааж аваад нэг жил уралдуулсан ч намар нь эндээчихсэн. Надад хоёр сайхан хурдан буян заяасан ч цаг бусаар эндчихсэн. Гэхдээ үр төл нь үлдээд хурдалж байна.
-Таныг сүүлийн жилүүдэд одтой сайхан наадаж байгаа гэсэн. Ер нь эргээд дурсахад хамгийн их сэтгэлд үлдсэн нь хэдэн оны ямар наадам байсан бэ?
-2011 оны наадмууд л юмуу даа. Аймгийн 80 жилийн ойгоор манай “Галба шанхайн унага” галын гишүүн Нэхийтийн Дөл хонгор азарга, Амарбаясгалангийн Даян хүрэн соёолон хоёулаа түрүүлсэн. Хэдхэн хоногийн дараа болсон “Говьшанхын хурд-4” бүсийн уралдаанд Дөл хонгор гурвалж, Даян хүрэн дахин түрүүлсэн. Даян хүрэн маань өнгөрсөн жилийн улсын наадмын түрүү Ижилбаярын бор соёолонг нутгийнхаа дэвжээн дээр хоёр удаа дийлж түрүүлэхэд эзэн нь “ийм хурдан адуу байна гэж санасангүй” гэж байсан. Уяач хүн нутгийн наадмаас түрүү хүртээд огших омогших хоёр давхацдаг л юм билээ.
- Тэгэлгүй яахав. Тийм сайхан баярт мөчүүд олон тохиох болтугай. Дараагийн удаа тухтай хуучлах боломж гарна гэдэгт итгэлтэй байна.

"Тод магнай" сэтгүүл №36

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна