Сумын Алдарт уяач Д.Арьяасүрэн: Хул азарга маань заяагаар учирсан хүлэг

А.Тэлмэн
2015 оны 5-р сарын 29 -нд

Төв аймгийн Лүн сумын уугуул, сумын Алдарт уяач Дашдаваагийн Арьяасүрэнгийн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна. Тэрээр морь уяж хурдлуулахын зэрэгцээ халуун хошуут малын буянг хүртэж яваа нэгэн. 
-Шинэхэн Алдартад баяр хүргэе. Хэзээнээс хурдан хүлгийн уяа тааруулж буй вэ?
-2015 онд сумын Алдарт уяач цол хүртсэн. Харин морь уяхын тухайд 1997 оноос эхэлсэн юм уу даа. Сумын төвд амьдарч байгаад 1997 оноос хөдөө гарч мал маллан, 2002 оныг хүртэл бага нас, тэр дундаа даага голдуу уяж уяачийн гараагаа эхэлсэн. Таван жил даага буюу унаган адуугаа уяж уяачийн гараагаа эхэлж, уяаны эрдэм ухаанд шамдсан гэх үү дээ. Өнгөрсөн хугацаанд миний нэрийг гарган амжилттай давхисан адуу бол хул азарга маань.
-Таны өөрийн унаган адуу юу?
-Үгүй ээ, манай сумын аймгийн Алдарт уяач Авирмэдийн Намдаг гэдэг хүний  унаган адуу. Би дааганд нь эхтэй нь цуг авч байсан юм.
-Эцэг азарга нь уралдаж байсан уу?
-Эцэг нь сумынхаа өвөл, зуны наадамд зургаа түрүүлсэн адуу. Хул азаргыг дааган цагаас нь уясан ч  хязаалангаасаа эхлээд хурдалсан. Өмнө нь бага адуугаар айраг цагаа амсаж байсан ч нас нийлээд буюу уяачийн эрдэм ухааныг гайхуулан хурдалсан нь хул азарга.
-Хул азарга тань ямар амжилт үзүүлж байсан адуу вэ?
-Хязааландаа сумын дунд сургуулийн 80 жилийн ойд таваар давхиад, соёолон  азарга төдийлөн сайн давхиагүй. Тэгээд эхлэн хурдалж Лүн, Баяннуур, Атар сумын уралдаануудад түрүүлж, айрагдан нэрд гарсан адуу. Сумынхаа баяр наадамд хоёр удаа айрагдсан байх. Манай эндхийн өвлийн бүсийн наадамд хоёр удаа айрагдсан. Мөн Баяннуурын бүсийн наадамд дөрвөөр давхин айрагдаж байсан.
-Залуу уяачид адууныхаа удам угшлыг сайжруулахад ихээхэн анхаарал хандуулж буй. Таны хувьд?
-Намдагийн адуунаас ганц нэг гүү авсан. Мөн МУ-ын Алдарт уяач Жамъяндорж ахаас  Буурал духтынх нь залуу цагийн төлүүдээс авсан.
-Хул азаргыг залгамжлан хурдалсан нь энэ хүрэн халзан морь уу?
-Тиймээ. Хул азарга 2009 онд зодог тайлан, уралдаанаа отголж байхад хүрэн халзан морь соёолондоо сумын наадамд арван хэдээр давхиж байлаа. Халзан морины эцэг нь манай эндхийн Гантөмөр уяачийн Сэлэнгийн гаралтай хүрэн халзан азарга. Халзан азарганд гүү тавьж авсан адуу л даа. Хавчигтаа их  хурдан байсан.Тухайн үед улам илүү хурдлуулчих юмсан гэж бодож “үхрийн борцоор утах сайн байдаг юм гэнэ лээ” гэж дуулчихаад утчихсан чинь бүр нялхарчихсан. Дараа жил нь долоотой морь сумын наадамд зургаалаад, наймтайдаа гурваар давхисан.
-Естэйдөө яаж давхив?
-Сумынхаа наадамд таваар давхисан. Халзан морь өвлийн уралдаануудад арваас хойш давхиагүй ээ. 2013 онд сумандаа наймлаад, 2014 онд 30 гаргаад давхисан. Сумын 90 жилийн ой гээд цэнэчихсэн, дэмий болсон.Задгай өөрийнхөөрөө уясан бол илүү амжилт гаргах байсан байх гэж бодож байгаа. Би анх уяачийнхаа гарааг бага адуугаар эхэлж байсан бол 2011 оноос соёолон, азарга, их морь голдуу уяж байна.
-Дээд нас уяачийн эрдмийг шалгадаг гэдэг?
-Харин тэгж бодож байна.
-Уяаны арга барилын тухайд хэнээс зөвлөгөө авдаг вэ. Ер нь танайханд танаас өөр морь уядаг хүн бий юу?
-Дээхнэ үедээ  байсан л байх. Тэрнээс манай аав морь уяж байгаагүй. Хөдөө гарчихаад Жамъяндорж Алдарт болон нутгийн уяачдаасаа зөвлөгөө аваад уяж эхэлсэн. Манай энд Аюуш Тод манлай нэг жил ирж наадсан юм. Тэр жилийн сунгаануудад миний хул азарга ганцаараа л ирдэг, үнэхээр хурдан байсан. Тэгсэн их сунгаан дээр уяач Бат-Эрдэнэ ах “чи ч наадах буурал толгойтой өвгөндөө зээр, ооно дээр нь хийлгэнэ дээ” гэж байна.
-Буурал толгойтой өвгөн гэдэг нь...?
-Цуг морь уяж байсан Мягмарсүрэн ахыг хэлж байгаа юм. Залуу байсан болохоороо аархаад сунгаан дээр бараагүй юм чинь л гэж бодож байлаа. Тэгсэн яг наадамд Мягмарсүрэн ахын ухаа азарга зөв талд нь орж түрүүлээд, миний хул азарга буруу талд нь ирж аман хүзүүдсэн. Наадам тараад явж байхдаа Мягмарсүрэн ах “чи бид хоёулаа сайн азаргатай. Нэг дор ч уясан. Ний нуугүй хэлэхэд чи хул азаргаа аргагүй сайн уясан байна лээ. Би чиний хул азаргыг яаж баръя даа л гэж бодож байлаа” гэж байсан.
-Уяач наадмаас наадмын хооронд суралцдаг гэдэг?
-Аргагүй тийм юм байна лээ. Би 2011 онд улс хувьсгалын 90 жилийн ойгоор улсын наадамд очиж уралдсан. Тэр жил миний хээр азарга суманд түрүүлээд, наймтай халзан морь маань гурваар давхисан байсан юм. Тэгээд Жаалаа буюу Жаргалсайхан найзтайгаа улсын наадамд очиж, найзын морь 107-108, миний халзан морь 110 хэдээр, хээр үрээ маань 150 гаргаж ирсэн. Морь, уяач аль аль нь том дов үзэх хэрэгтэй юм билээ.
-“Алтан тугал”-ын эзэн болж байсан юм байна. Хэдэн онд вэ?
-2011 онд 34 үнээнээс 28 тугал бойжуулж, энэхүү шагналын эзэн болж байсан. Энэ жил 1029 мал тоолуулаад мянгат малчин боллоо. Одоо 300 гаруй хонь хургалахаас 180-аад нь, ишиглэх 70-аад ямааны 60-аад нь ишиглээд байна. Хорогдолгүй юм гэж хаа байхав, гэхдээ энэ жилийн хувьд цаг сайхан орсон. 30-аад үнээ тугаллах юм, 15-16 нь тугаллаад байна.
-Адуу олонтой юу?
-Ерөнхийдөө хонь дийлэнх. 60-70 тооны адуутай. 80 гаруй үхэртэй. Мал дагавал ам тосдоно гэж хөдөлмөрийнхөө  үр шимийг амсаад сайхан л байна.
-Малын буян улам бүр дэлгэрэх болтугай. Ярилцсанд баярлалаа.

 


 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна