Сумын Алдарт уяач Ч.Гантөмөр: Алдартынд хүргэн болсноор хурдан моринд нэвт орсон

А.Тэлмэн
2015 оны 5-р сарын 29 -нд

Төв аймгийн Лүн сумын хийморилог уяачдын төлөөлөл сумын Алдарт уяач Чулууны Гантөмөртэй ярилцсанаа хүргэж байна. Тэрээр 1954 онд Хангайн арын Поошигт хүр гэдэг газар төржээ.

-Алдартын моринд орсон түүхээс яриагаа эхлэх үү?
-Аймгийн Алдарт уяач Нямхүү манай хадам аав байгаа юм. Энэ хүн миний уяаны эрдмийн шанг татаж байлаа. Их гурван насны адууны уяа сойлгыг сайхан тааруулна. Дээхнэ одоо шиг тэжээл, бордоо ч гэж байсангүй, цагаан өвсөөрөө л уяна. Өвөл нь сайхан эдэлж оруулаад, хавар эрт ногоо идүүлнэ гээд сарын хугацаатай уяна шүү дээ. Ер нь яхир адуутай, торгон ирэн дээр нь л уяна. Ойр зуурын хөнгөхөн уяатай морийг уяхгүй, тэр нь өөрийнх нь гарын аяыг ч даадаггүй байсан юм шиг санагддаг. Өөрөө бага нас уях дургүй.  Бага насандаа буруудчихвал алсдаа хурдлахгүй гэнэ. Тэр дундаа хусран даага уях дургүй. Сүү, нарны хор болчихно. Соёолон болгож байж л үз гэж зөвлөнө. Одоо бодоход тэгж байж л адууны бяр, ир тэгширч гарын ая даадаг бололтой. Тэр үед зөрөөд уячихмаар л санагддагсан. Гэхдээ яалаа гэж настай хүний үгээс зөрөхөв. Хусран даага өнгөрөөчихөж л байлаа.  Миний хүрэн азаргыг дааганд нь өнжөөгөөд соёолонд нь аймгийн 80 жилээр мордуулж 20 гаргаад ирсэн. Тэр бол 1983 он байгаа юм. Түүнээс хойш азарга болсон хойноо их олон айрагдаж, түрүүлсэн дээ. Эндээс хашир өвгөчүүлийн зөвлөгөө ямар үнэтэйг харж болно. Миний хувьд багшийнхаа зааснаар 1975 оноос хойш өнөөг хүртэл морь уяж явна.
-Нямхүү Алдартын нэрийн хуудас болсон ямар, ямар хурдан хүлгүүд байсан бэ?
-Олон сайхан хурдан адуутай хүн л дээ. Хоёр, гурван сайн хул азарга, бор морь, дэлтэй хул морь гээд л. 1970 оны үед Мянгын хүрэн гэж алдартай адуу байлаа. Гэхдээ намайг цэргээс ирэхэд зодог тайлчихсан байсан. Мөнгө хатуу байхад мянган цаасаар худалдаж авсан байдаг юм. Ер нь өөрийнхөө дуртайг л авна. Ямартаа л 1976 онд Хасбазарын зэгэл азаргыг гурван мянгаар авахад нь зарим нэг нь толгой сэгсэрч байхав. Эрдэнэсант суманд соёолон аман хүзүүдсэн, мөнгөн медальтай тэр азаргыг аваад сайн хурдлуулсан. Ер нь бэлэрхүү, нүүрний буянтай, үр хүүхэд олонтой, нуруутай сайхан буурай байсан. Бас их нүдтэй, гадартай. Айлын занг нь мэдэхгүй соёолон үрээг авна гэж аваад л айргаар хурдлуулж явлаа.
Наадмын өглөө айргийн таван морийг алдахгүй хэлнэ шүү дээ. Яг л хэлснээр нь ирдэгсэн. Манай хадам азарганд их сайн. Өөрөө ч айхтар мэдрэмжтэй хүн болохоор хангаж уядаг байж. Туранхай ч уяна, тарган ч уяна. Гэхдээ адуу эвдэрдэг гээд тарган уяандаа дургүй.
-Таны аав морь уядаг байв уу?
-Миний аав хурдан морь сонирхож байгаагүй ээ. Харин жороо моринд нугасгүй. Насаараа л жороо морь унасан Чулуун гэж байлаа. Нэгдэл нийгмийн үед чинь 20-25 үрээ сургавал нэг үрээ өгдөг байсан юм. Тэгж хонгор халзан үрээ авсан нь жороо морь болсон. Ойрын сумдынхан андахгүй дээ. Нутгийнхан “Жороо” Чулуун л гэдэгсэн. Гэхдээ аав маань моринд дуртай хүүдээ хурдан удмын сайн, сайн морь авч өгсөн нь миний адууны үндэс болсон юм. Бид эхээс зургуулаа. Би айлын ганц хүү, бусад нь эмэгтэй. Гэхдээ адуу малд бүгд дуртай. Нэг эмэгтэй дүү Ширээтэд, нөгөө нь Баянхангайд бэр болцгоосон. Тэндээ хоёулаа хурдан адуутай. Хөдөөгийн хүүхдүүд чинь эр, эм гэлтгүй багаасаа хурдан  морь унаж өссөн болохоор дуртай байхаас ч яахав. 
-Тэгвэл та хэр унаач байв даа?
-1962, 63 оноос  хурдан морь унаж эхэлсэн дээ. Тэр үед сумынхаа хуучны сайн уяач Базарваань, Санжаасүрэн нарын уясан морьдыг унадаг байлаа. Базарваанийн хул азаргыг дөрөвлүүлж, саарал халзан морийг нь айргийн гурваар хурдлуулж байв. Хуучны нутаг орондоо нэртэй буурлуудын морийг унаж байсан нь хожмоо морь уяхын бас нэг шалтгаан байлаа. Ингээд1965 онд сургуулиасаа гарч, аав ээжийн туслах малчин хийж байгаад цэрэгт явсан. Энд гурван жилийн алба хааж, 1975 онд халагдаад Нямхүү Алдартынд хүргэн болсноор хурдан моринд нэвт орсон гэж болно. Эхнэр бид хоёрыг айл болоход хадам аав  “ам” Цэвээндоржийн хонгор азаргыг бэлэглэсэн юм. Тэр жилээ сумын баяр наадамд хонгор азарга тавлаж, анхны айргаа авч байлаа шүү дээ. Түүнээс хойш сумын наадмаас олон ч айраг, түрүү хүртлээ.
-Аавын тань жороо морьдоос танд бий юу?
-Халзан морь нь надад ирж хөгшрөөд өнгөрсөн, хөөрхий. Жороо, хурд хоёрыг нэг саванд байдаггүй гэлцдэг дээ. Тэр утгаараа манайд жороо морь байхгүй. Харин ааваас ирсэн хурд байсаан, одоо ч байна. Хадам аав Жаргалант гаралтай хоёр эрлийз гүү өгснийг өөрийн бор хонгор азарга, хонгор халзан азаргандаа хураалгаж олон сайхан хурдан төл авсан. Эр төлүүдээс нь олон ч хүнд өгсөн. Очсон газартаа айраг, түрүүнд хурдалж байгааг дуулаад баярладаг юм. Сайн хүлэг эзнээ хайж явдаг гэж үнэн байх шүү. Галсан хурандаа манай эндхийн Гэрэлчулуун гэж хүний аавд хонгор үрээ өгөх гэж хөтлөөд замд гарч л дээ. Тэгсэн өнөөх нь эцээд Хөшөөтөд бараг жил болоод, эзэн нь авсан юм билээ. Тэгсэн 1977 онд манайд адууны өргөн нийгэмчилгээ болж, тэгшитгэл хийлээ. Тэр үеэр хонгор азаргыг эзэн нь нийгэмчилж, хадам аавын дүү нь надад хоёр адуугаар авч өгч байлаа. Ингэж л бор хонгор азарга минийх болсон түүхтэй. 
-Азаргануудаа хурдан байхад өндөр довд уралдуулж байв уу?
-1995 онд Лүнгийнхэн Есөн зүйлийн даншигт явахад хул морио ачаад очиж байлаа. Хүйн долоон худагаас шууд очиж, 630 мориноос 28-аар давхиулж байв. Бас Өлзийт сумын ойд хээр халзан азаргаа гуравлуулж, хул морио айргийн дөрвөөр хурдлуулсан. Ер нь Өвөрхангай надад хаялгатай шүү. Миний ээж Өвөрхангайн Зүйлийн хүн. Тийм болохоор ээжийн минь төрсөн нутгийн уул ус хардаг шиг санагдаг.
Би чинь улсад гурав, дөрвөн жил явсан. 1986, 87 оны үед санагдана, хонгор азаргаа 41-ээр давхиулж байлаа. Бас хадмын залуу хул азарга зургаа, долоогоор орж, “ам” Цэвээндоржийн хонгорын үр хүрэн азарга 22-оор ирж байлаа. Дээхнэ улсын наадамд цөөхөн морь давхина. Зай завтай болоод, тасралтгүй явсан бол дээгүүр уралдуулж болохоор үе байсан гэж боддог юм. Гэхдээ тэр үед морь уяад уралдаанд явбал “дэмий тэнэж танхайрлаа” гээд хэрэгт орно шүү дээ. Албаны мал хаяж явж болохгүй. 
-Хонгор голдуу адуутай юмаа даа?
-Урьд манай Лүнд хул, хонгор адуу байсангүй. Манай хадам аав л хул, хонгор азаргатай байгаад тараасан хүн байгаа юм. Миний үед хонгор халзан болсон. Ер нь манайхны адуу сайн. Одоо дөрөв, тав дахь үедээ орж байгаа ч хурдалсаар л байна. Эх тал нь сайн байх юм бол төрөөд л байдаг юм байна. Сүүлд манай том хүү Жаргалантын адууны удамтай хээр халзан азаргатай болж, бас л хоёр, гурав дахь үедээ хурдалж байгаа. Эндээс гүү, азарганы тохироо бүрдвэл хурд тасардаггүй юм байна гэж ойлгосон. Манай адуу дээхнэ эр талдаа сайн байгаад, сүүл рүүгээ гүү нэлээн сайжирсан. Дээр нь Алтангадасынх ч орж ирсэн. 1980 хэдэн онд Алтангадасын төл шүдлэн үрээ надад ирж, төлүүдээс нь хоёр хүүд хэдэн халзан адуу бий. Одоо хүүхдүүд уяа сойлго тааруулж байна. Би зөвлөх маягтай л явна. Сүүлд 2011 онд хүү Дэлгэрэхээс цоохор азарга авчирч өгсөн нь Дорноговийн будангууд гэж ярих юм билээ. Төлийнх нь түрүүч нь шүдлэн болсон байна.
-Алтангадасын төл шүдлэн үрээгээ уяж хурдлуулж байв уу?
-Хурдлуулалгүй яахав. 1984 онд болсон сумын 60 жилийн ойгоор хадам, бид хоёр тун ч одтой наадсан. Хадмын хязаалан, соёолон түрүүлж, миний нэлээн харьчихсан  16, 17-той хонгор азарга айргийн таваар ирсэн. Алтангадасын төл хязаалан халзан азарга, бас нэг дошгин хязаалан үрээ хоёр айрагдаж магнай хагартлаа баярлаж билээ. Тэр үеэс сумын наадам медальтай болсон юм шүү дээ.
-Одоо та уяа эвлүүлэхгүй байна уу?
-Тийм ээ, эрлийз хурлийз уралдаад явдлын гарз шахуу, сонирхол ч алга шив дээ. Минийхээр тусад нь уралдуулж байгаа нь зөв гэж боддог. Нөгөө талаас уяачид маань жудагтай баймаар байгаа юм. Одоо бодлогоор адууг эрлийзжүүлж, намхан болгоод ялгах аргагүй болчихлоо. Эрлийз, монгол холимог үнэндээ бидний сэтгэлд таардаггүй, эсэргүүцдэг. Хэрвээ хол замд уралдвал монгол нь л дийлнэ л дээ.
Нөгөө талаас унаач хүүхэд олдохгүйн бас нэг зовлон байна. Өөрөө гардан уяж, өөрийнхөө хүүхдээр унуулж морь хурдан байдаг юм гэнэ лээ. Одоо ч цаг өөр болж дээ. Дээхнэ 13-тай хүүхэд, долоотой морь хоёрыг таардаггүй  гэлцдэг байлаа. Гэхдээ аргагүй хурдан байх юм бол эрдэнэ алхуулаад уях юм уу, алтан бөгжин дээгүүр алхуулаад давхиулчихдаг. Манай хадам ч тэгдэг байлаа. Харин одоо зургаа, долоотой морьд уралдаад түрүүлээд л байгаа харагдах юм. Цаад даасан лам нь  сайн байна. Эсвэл газар нь ойр болохоор тэр юм байлгүй дээ.
-Хэдэн оны сумын Алдарт уяач вэ?
-Би нэлээн хожуу 2013 онд сумын Алдарт болсон. Нас явж байгаа ч залуу уяачдын нэг болж байгаа юм байлгүй./инээв/
-Нэгдэл нийгмийн үед ямар ажил эрхэлж байсан юм бэ? 
-1975-1980 он хүртэл эр үхэр хариулж байгаад, 1981 оноос бяруу авч маллах болсон юм. Тэгж байтал Хэнтийн Данзандаржаа баатрын туршлагыг нэвтрүүлэх болж, шилмэл үхрийн суурийг хариуцах болсон. Энэ нь фермийн саальчдын сүүтэй үнээг хариулж, хавар тугаллуулаад, сувайрсныг нь авч жил хариулна. Өнөөхөө буханд гаргаад, хавар тугаллуулж эзэнд нь өгнө гэсэн зарчмаар ажилладаг. Ингээд 10 жил сумын аварга болж мандаж явлаа. Тэр үед манай хөгшин засгийн үнээ саана. Бид хөдөлмөрийг шуугиулж явлаа шүү дээ. Манай аав ч их хөдөлмөрч хүн. Ажлыг ёстой хийсэн шиг хийнэ. Залуудаа хойшоо Цагааннуур, Тууврын баазад тууварт явдаг байсан гэдэг. Биднийг том болсноос хойш хот руу их мал туудагсан. Их ч олон жил туусаан, зайлуул. Аймгийн аварга тууварчин, төрийн дээд шагнал Алтангадасын эзэн байгаа юм. Тэгэхээр би удам залгаж Алтангадас авсан азтай хүн шүү. Өнгөрсөн жил манай сумын 90 жилийн ойгоор төрөөс  Алтангадас одон хайрлалаа. Бас мянгат малчин боллоо. Хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэж байгаа учраас баярладаг юм. Одоо бид чинь хэдэн малынхаа буянаар сайхан амьдарч байна. Хүү бид хоёр чац мөч урттай, ноос үс сайтай ууцан сүүлтэй хоньтой. Манай Лүнд чинь ууцан сүүлтэй хоньтой айл байхгүй. Миний аав “өөд болохоосоо өмнө улаан хоньтой болгоно” гэсээр нэг улаан хуц олж өгөөд бурхан болсон юм. Тэр үед би үхэр хариулдаг, амины 50, 60-хан хоньтой. Улаан хонины тухай мэддэг ч үгүй байлаа.
-Лүнгийн залуус морь их уяж байна уу?
-Морь уяна гэдэг чинь авьяас. Өглөө уяж байгаад орой тавих юм биш. Одоо ч жилийн дөрвөн улиралд байнгын бэлтгэлтэй байж л амжилт гаргадаг болж дээ. Гэхдээ энд адуу, хүн хоёрын мэдрэмж их хэрэгтэй. Нэг хэсэг морь уяхаа байчихаад байсан юм. Одоо харин сэргэж байна. Сайн уяж байгаа залуус олон болж байгааг хараад баярлаж сууна. Бидний үед наадмаар хурдан морь, сайхан эхнэрээрээ гоёдог байлаа шүү дээ.
-Бидний яриа энд хүрээд өндөрлөж байна. Танд эрүүл энх байж, урт удаан наслахыг ерөөе.
"Тод магнай" сэтгүүл №63

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна