“Лүнгийн хурд” МСУХ-г үүсгэн байгуулагч Г.Эрдэнэдалай: Эцэг өвгөдийнхөө гал голомтны адууг хурдлуулж байна

А.Тэлмэн
2015 оны 5-р сарын 29 -нд

-10 жилийнхээ ойтой золгож буй Лүнгийн уяачдад баярын мэнд дэвшүүлье. Түүх сөхөж яриагаа эхлүүлбэл ямар байна?
-Баярлалаа. ММСУХ 1995 онд байгуулагдсанаар зэргэлдээ сум, аймагт уяачдын холбоо байгуулагдаж эхэлсэн шүү дээ. Ингээд олны жишгээр гэх үү, 2005 оны тавдугаар сарын 1-нд холбоогоо үүсгэн байгуулснаар бидний түүх эхэлсэн юм. Тухайн үед Цагаан-Уул талын уяачид буюу нэгдүгээр багийнхан маань тун ч идэвхитэй оролцож, дэмжсэн. Ингээд баруун талын уяачидтайгаа нийлээд анхны хурлаа зохион байгуулж, Тамгын дарга Даваахүү хурлын протоколыг хөтөлж байлаа. Тухайн үедээ намайг тэргүүнээр сонгож, аймгийн Алдарт уяач Санжаагийн Баасанжав, сумын Алдарт уяач Доржпүрэв, Батчулуун, Энхтайван нарын тэргүүлэгч, 41 гишүүнтэй “Лүнгийн хурд” холбоо байгуулагдсан. Ингээд жилийн дараа буюу 2006 онд цагаан сарын шинийн 5-нд мотоциклийн бооцоотой азарга, их насны анхны уралдаанаа зохион байгуулсан нь сайхан болж билээ. Цаг хугацаа ч хурдан байна шүү. Түүнээс хойш 10 жил өнгөрчихөж.
-Энэ хугацаанд хичнээн аймаг, сумын Алдарт уяач төрсөн байна вэ?
-Таван аймгийн Алдарт уяач, 20-30-аад сумын Алдарт уяачтай болжээ. Эндээс миний үед Өлзийбатын Нямхүү, Чойжилын Балжинням нар шинэ цолоор энгэрээ мялааж байлаа. Холбоо анх байгуулагдаж байхад насаараа халуун хүйтнийг ажралгүй хурдан морины төлөө сэтгэл зүрхээ зориулсан хөгшдийг харахаар өв өвдмөөр. Өчнөөн сайхан амжилт гаргачихсан атлаа цол хэргэмгүй насыг барж байгаад харамсч байсан болохоор амжилтыг нь харж байгаад ахмадуудаасаа эхэлж цол өгөх болсон юм. Ингээд эхний жил 60-аас дээш насны аймгийн Алдарт уяач нэг, сумын Алдарт уяач дөрөвтэй болж байлаа.
-Та тэргүүнээр хэдэн жил ажилласан юм бэ?
-Япон явах болоод 2007 оны есдүгээр сард ажлаа өгсөн. Арлын оронд гурван жил болж ирээд, одоо холбооныхоо тэргүүлэгчээр ажиллаж байна.
-Япон руу морины ажлаар явсан гэсэн байхаа?
-Тийм ээ, Япон бол адууны орон шүү дээ. Би Японы Нарито хотын Чиба аймгийн Бада фермд ажилладаг байлаа. Тэндэхийн адуу нь Монгол адууг бодвол арай тэсвэр муутай, тамирчин хүн шиг л мөнхийн бэлтгэлтэй. Өглөө мориныхоо халууныг үзэхээс ажил эхлэнэ дээ. Хөл, биеийг нь цэвэрлэж, бэртэж гэмтвэл эмчилгээнд оруулна. Хэрвээ тухайн өдөр халуунтай байвал өнөө морио унахгүй амраана гээд их нарийн. Хэрвээ бид монгол морьдоо иймэрхүү маягаар уявал амжилт гаргах бололцоотой санагддаг юм.
 Гэхдээ манай монгол адуу ч амархан бэртэж гэмтэхгүй л дээ. Зөв эдлээд, онгойлгоод, нимгэлээд, хүчийг нь тааруулчихвал тэсвэр сайтай амьтан шүү дээ. Амыг нь татахад ч тоохгүй. Гэтэл гадаад морь амыг нь нэг л эвгүй татчихвал нуруу нь гэмтэж, хөлөнд нь сэв суучих жишээний. Манайхан чинь хатгаж ханадаг даа. Тэгвэл Японд хатгахгүй юм байна лээ. Жишээ нь шороо идсэн морины гэдсийг 42-оос дээш хэмтэй 10-20 литр халуун усанд давс хийж хутгана. Ингээд өндөр газар шат тавиад савтай усыг шланкаар соруулаад клизм тавьдаг. Харин манайхан дэлүүг нь хатгадаг шүү дээ. Энэ мэтчилэн монгол ахуйдаа хэрэглэж болохоор зүйл их сурлаа.
-Та бас “Мөнхийн хурд” галын менежер гэсэн байхаа. Галынхаа тухайн танилцуулаач?
-Галын тэргүүн Нямхүүгийн Баярболд санал тавиад найман хүний бүрэлдэхүүнтэй “Мөнхийн хурд” галыг байгуулсан юм. Тэр бол 2014 оны тавдугаар сарын 20-ны өдөр байлаа. Бид анхныхаа хурлыг хийж, эндээс сарын дараанаас морьдоо нийлж уяж эхэлсэн. Манай гал санхүүгийн хувьд ч толгой өвтгөөд байхааргүй. Анх бид 500, 500 мянган төгрөг хандивлаж, морины хүүхдийн хувцас, хамгаалалтын хэрэгсэл, туг дарцагтай болж байлаа. Бас нэг айлд хоёр морины хүүхдийн хувцас оёж өгч, галынхаа унаач хүүхдүүдийг даатгалд 100 хувь  хамрууллаа.
Галын тэргүүнээр сумын сайн малчин Нямхүүгийн Баярболд ажилладаг бол сумын Алдарт уяач Пэрэнлэйжамцын Рагчаа, түүний хүү Хишигдорж, Нямхүүгийн Жаргалсайхан, аймгийн сайн малчин Сосорбарамын Базарням, Балжиннямын Буянбаатар болон миний бие багтаж байгаа юм. Манай залуус бүгд л энэ цагийн өнгөнд одтой сайхан наадаж яваа хийморилог эрчүүд дээ. Сумын Алдарт уяач Рагчаа хурдан бор адуугаараа нэртэй. Түүний хурдан бор азарга суманд нэг түрүүлж, гурав аман хүзүүдэж, гурав айрагдсан амжилттай. Харин хүү Хишигдоржийн хурдан бор морь нь суманд нэг түрүүлж, дөрөв аман хүзүүдэж, нэг гурваар давхилаа. Тэгвэл Жаргалсайханы хурдан хонгор морь нь Атар, Лүнд нийт найм түрүүлж, найм аман хүзүүдсэн бол сайн малчин Базарням хурдан хүрэн азаргатай. Энэ өвөл хүрэн азарга нь дөрөв түрүүлж, хоёр айрагдлаа. Бас нэг хурдан хонгор үрээ нь суманд хоёр ч түрүүллээ. Буянбаатар уяач хурдан хүрэн болон халтар морьтой бол Баярцэнгэл маань хурдан хонгор азаргаараа одтой наадаж байна. Өвлийн наадмуудад арваад түрүүлж, арваад айрагдчихаад байгаа юм. Миний хувьд сумаас нэг аман хүзүү, найман айрагтай. Уяачдын холбооны наадмаас гурав, дөрвөн айраг аваад байна. Бид ийм л амжилттай уяачид даа.
-“Мөнхийн хурд” нэрийг онцолсон нь учиртай байх даа? 
-Хурдан хурц хүлгэд маань мөнхөд хурдан байхын бэлгэдэл гэж болно. Түүнээс гадна манай нутгийн Энхийн амд Мөнх гэж тахилгатай хайрхан бий. Бид чинь энэ Мөнх хайрханыхаа энгэр, ар, өврөөр л тоглож өссөн хүүхдүүд байгаа юм. Тэр утгаараа Мөнх хайрхныхаа нэрийг орууллаа.
-“Мөнхийн хурд”-ынхан өнгөрсөн жил  одтой сайхан наадав уу?
-Өнгөрсөн жил галаараа аймгийн 90 жилээр одтой наадаж, морьд маань эхний 20 дотор давхисан. Үүнийг бид амжилт гэж бодож байгаа. Харин 2015 он гарсаар долоо найман уралдаанд оролцлоо. Эдгээр уралдаануудад галын найман гишүүний арав гаруй морьд уралдсанаас найман түрүү, 27,28 айраг авлаа. Дүнжингаравт манай галын уяач Нямбуугийн Жаргалсайхан ахын хонгор морь 47,48-аар давхилаа. Одоо эдгээр амжилтаа ахиулах зорилготой ажиллаж байна. Энэ зун Өндөр гэгээний даншиг наадамд явах зорилго тавиад байгаа.
-Харж байхад Лүнгийн уяачид тэр бүр гарч нааддаггүй юм шиг ээ?
-Уг нь манайхан уралдаан наадам зохион байгуулбал мундаг дэмжинэ гээч. Миний бодлоор мал аж ахуйдаа түлхүү анхаарал хандуулдаг шиг санагддаг. Манай сум 250 гаруй толгой малтай. Үүнээс хоёрдугаар баг малаараа улсад тэргүүлдэг. Гэхдээ сүүлийн хоёр жил манай сумын уяачид адуугаа эрчимтэй өсгөж үржүүлэх болсон нь сайшаалтай юм шүү. Энэ жил гэхэд 17 мянган адуу тоолууллаа. Хоёр түмэн адууныхаа баярыг 1995 онд хийж байлаа.
-Таны хувьд сумын аварга, мянгат малчин байхаа. Та адуугаа түлхүү өсгөж байна уу?
-Би малынхаа чанар, таваарлаг талыг түлхүү анхаардаг. Жишээ нь адууг хурдны чиглэлээр, хонь ямааг таваарлаг ноолууртай, үхрийг махны чиглэлээр өсгөж байна. Энэ өвөл 1400 гаруй толгой мал тоолуулсан. Үүнээс нь 600-гаад нь төллөнө.
-Уяа сойлго тааруулах болсон үе хэзээ юм бэ?
-Би чинь удам залгасан уяач хүн. Миний өвөө аймгийн Алдарт уяач Нямхүү, аав сумын Алдарт уяач улс. Бидний хувьд хар багаасаа л хурдны морь унаж, хасагдаад морины ажилд туслана гээд хөдөөгийн хөвгүүдийн жишгээр бага нас өнгөрсөн. Мориноос хасагдчихаад аавынхаа уясан морьдыг аваад улсын наадамд явж, хүрэн азаргаа 14-өөр, хүрэн, хонгор азаргаа 20,30-аар  давхиулж билээ. Миний багад хул, халтар зүсмийн сайн сайн адуунууд байсан л даа. Эхэндээ унаж уралддаг байгаад, дараа нь наадмуудад авч явж уралдуулдаг байлаа. Ингээд 2000-гаад оноос эхлээд аавыгаа даган морь уяж эхэлсэн. Түүнээс таван жилийн дараанаас бие даан уяж байна.
-Танай адуунууд хаанахын угшил гарвалтай вэ?
-Манай өвөө 1978 онд Жаргалантын морин заводоос хоёр эрлийз гүү авчирсан гэдэг. Их ч олон сайхан хурдан адуугаар наадаж явсан түүхтэй. Улсад ч морьд нь арав дотор нэлээн хэд орж байлаа. Гэхдээ голдуу будилсан наадмуудад хэд хэд айрагдсан даа, зайлуул. Одоо бодохнээ улсын наадамд өм муутай хүн байсан юм болов уу даа. Өвөө гурван хурдан хул азарганыхаа төл болох олон хул, хонгор адуугаар тун ч одтой нааддаг байж билээ. Эхний хул азарга нь Бөөрийн Дагвын Бөгөн хулын угшилтай. Өнөөх нь Баянцогт гаралтай шар хул азарга байлаа. Гурав дахь нь манай галын дарга, өвөөгийн хүү Баярболдын хул азарга байгаа юм. Харин аав Бөөрийн Дагвын Бөгөн хулын угшлын адуутай. Энэ угшлын гүү голдуу аавд бий. Эдгээр гүүндээ морин тойруулгын Алтангадасын төл халзан азаргыг авчирч тавьсан нь олон сайхан төл өгсөн. Ер нь аавын адуу сайн угшилтай байсан болохоор л миний адуу давхиж байгаа шүү дээ.
-Бие дааж уяа сойлго тааруулаад ямар, ямар амжилтууд гаргаад байна даа?
-Аавын тойруулга адуу болох Алтангадас угшилтай гүүнүүд надад ирсэн юм. Үүн дээрээ Төв аймгийн Баянцогтын Отгонбаяраас морин тойруулгын Тогоруу халтрын угшилтай хүрэн азарга авчирч тавиад байгаа. Бас Толин хул гэж Баянцогтын Дашдаваагийн хул азарганы төл эрлийз цустай сайхан азарга авчирсан. Алтангэрэлийн Чулуундорж гэж Төв аймгийн Баян-Өнжүүлийн хүн, одоо Алтанбулаг руу орчихсон. Түүний аймгийн 70 жилээр түрүүлгэж байсан хонгор азарганы үр хонгор азаргыг авчирч суманд тав айрагдуулж, том, жижиг наадмуудаас 14 айраг түрүү авлаа. Одоо ч өвгөрчихсөн л дөө. Үр төлүүдээр нь л наадаж байна. Мөн найз Отгоогоос ирсэн Толин хул азаргаар нэг түрүү, таван айраг хүртлээ. Манай нутагт дээр үед баян Чойжил гэж улсад морь түрүүлгэж, айрагдуулж явсан уяач байлаа. Тэр хүн нутагтаа хурд тарина гэж гурав, дөрвөн азарга авчирсны нэг Аюурын ухаа азарганы үр бор хул азарга манай аавд байсан юм. Тэгээд намайг айл болоход түүний үр хонгор азаргаар азарга тавьж өгч байлаа. Эцэг өвгөдийнхөө гал голомтны адуунаас хонгор азарганы үрийг энэ өвөл сайхан хурдлуулаад байна. Хонгор морь дөрөв түрүүлж, нэг гурваар, нэг дөрвөөр орчихоод байгаа юм.
-Сумын баяр наадмын хичнээн айраг, түрүүтэй вэ?
-Сумын баяр наадмын нэг аман хүзүү, найман айраг байна. Уяачдын холбооноос зохиосон сумын амжилтанд орох наадмын гурав, дөрвөн айраг бас бий. Ер нь морь уяснаас хойш 30 гаруй айраг, түрүүтэй болоод байна. Япон явахын өмнө морь ид сайхан давхиж байсан үе л дээ. Гэхдээ сонин юм билээ. Гурван жилийн дотор л морины уяа өөрчлөгдчихсөн байх юм. Түүнтэйгээ зохицох гэж бас хугацаа ордог юм байна. Энэ жилээс зүгшрэх маягтай.
-Танай удмаас уяач олон бий юу?
-Манай ах Эрдэнэбат уяа сойлго тааруулж байна. Ахад Алтангадасын төлүүд цөм бий. Эдгээрээс зээрд халзан морио гурав, дөрөв түрүүлгэж, мөн тоогоор айрагдуулчихаад байгаа хүн дээ.
Манай хүү одоохондоо унаачийн албанд зүтгэж байна. 2011 оноос хойш гурав, дөрвөн жил морь уначихлаа. Багад нь өвөө нь “миний хүү дээр нь тогтож байгаад гаргаад нүдчихээрэй” гээд онгироогоод гаргачихна. Нөгөөдөх нь өвөө хэлсэн гээд эргэж гараад л гуядчихдаг байлаа. Нас нь бага байсан болохоор мэнд хүрээд ирвэл болоо гэж баярлана. Харин энэ жилээс үг аваад, сүрхий унаж байгаа. Таван түрүү, таван айраг аавдаа авч өгсөн мундаг хүү дээ.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Уясан болгон айраг, түрүүнд хурдалж байх болтугай.

"Тод магнай" сэтгүүл №63

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна