Аймгийн Алдарт уяач Д.Энхтүвшин: Ясны уяач, адуу таньдаг хүмүүс айхтар байдгийг тэгэхэд л мэдсэн

А.Тэлмэн
2015 оны 5-р сарын 07 -нд

Дорноговь аймгийн Дэлгэрэх сумынуугуул, аймгийн Алдарт уяач Д.Энхтүвшинтэй хийсэн ярилцлагыг хүргэж байна.

-Дээдсийн буян заяаг тэгшитгэсэн удамт уяачдын нэгтэй уулзаж байгаадаа баяртай байна. Энхтүвшин Алдартын адуунд аль газрын ямар хурдууд чуулсан бол?
-Мэдээж миний аав Дашнямын цогцлоосон адууны удам угшлууд бий. Түүнээс гадна миний өвөг эцэг Чогсом гэдэг хүний адууны угшил буюу тайж, банди  адуу бий. Чогсом гэдэг хүн бол миний ээжийг өргөж авсан аав нь байгаа юм. Дорноговь аймгийн Дэлгэрэх сумыг үндэслэн байгуулж, нэгдэл, намын үүрийн даргаар нь ажиллаж байсан тэр үеийн томчуудын нэг. Ажлынхаа хажуугаар малаа өсгөн 3-4 азарга адуутай болж, Дарьганга сумаас ирсэн Наваан-Осор гэдэг уяачаар морио уяулдаг байсан юм билээ. Тухайн үедээ Наваан-Осорын хээр азарга гэж төл сайтай, зартай хурдан адуу байж. Түүний үр төлүүд манай аймгаар их тарсан. Хамгийн наад захын жишээ гэхэд л улсын наадамд түрүүлдэг Дэлгэр хээр морь байна.  Мөн манай ажаагийн /аавыгаа ийн авгайлдаг аж/ 17 түрүүлж, хоёр аман хүзүүдсэн хурдан хар морь байна. Дурдвал олон доо. Олон сайхан хурдан буян төрүүлсэн Бэлэвсэн хээр азарга нас өндөр болсон хойноо Булагийн урдхантаа тэмээ аятай хүзүүгээ тавиад өнгөрсөн байсан. Жилийн дараа очиход яс нь тараагүй байсан хэмээн хөгшчүүл ярьдаг юм. Тэрхүү Бэлэвсэн хээрийн угшлын адууны цөм манай ахынд байдаг юм. Би чинь эцэг  эхээс арван хэдүүлээ. Манайх гурван хүүтэй айл. Ах маань ээжийн аав Чогсом гэдэг хүн дээр өссөн. Тэр хүний голомтыг залгасан хүн. Одоо 60 гарсан өвгөн бий. Ах сумандаа олон түрүүлж, айрагдсан хурдан хүрэн азаргатай байсан. Ер нь адуу сайтай шүү. Түүнээсээ ах дүү хамаатан садангуудадаа харамгүй өгнө. Манайхны эрэгтэй хүүхэд болгонд адуу бэлэглэсэн дээ.
-Дашням Алдартын хөвгүүд цөм морь уядаг юмаа даа?
-Том ах маань аймгийн Алдарт уяач цолтой. Дүү маань бас морь уядаг байсан ч мотоциклиос унаад өнгөрчихсөн юм. Ер нь манайхан эр эмгүй моринд дуртай. Би ямар сайндаа бага эмэгтэй дүүдээ “эр байсан бол миний дүүгийн уясан морь түрүүлж байгаа” гэдэг юм.
-Нутгийнхан таныг их хурданхонгор азаргатай байсан гэх юм билээ. Танай унаган адуу юу?
-Тэр ийм учиртай. Сүхбаатар аймгийн харьяат “эцэнхий” Санжаажав гэдэг хүний адууны хурдан шарга азаргыг Халзан гэдэг хүн авч. Тэгсэн хөөрхий бас боломж бололцоо нь болохгүй болоод Нямбуу ахад зарсан юм билээ. Шарга азарга ахад ирээд их олон түрүүлсэн гэдэг. Би 1983 онд намайг цэргээс халагдаж ирээд Нямбуу ахынд /МУ-ын Алдарт уяач/ очиход “доошоо харсан сав хүнд өгдөггүй юм гэнэ лээ” гээд тухайн үедээ ид мода болж байсан сээгий малгайнд дүүрэн чихэр хийж өгөөд, “за миний хүү, дөрвөн шүдлэнгээ үзэж байгаад нэгийг нь аваарай. Хүүхдүүд сургах гэж байгаад цээжийг нь авчихсан байж мэднэ” гэсэн. Тэр үед агентын худалдагч байсан юм. Тэгээд гэртээ давхиж ирээд ажаадаа /аавдаа/ хэллээ. Тэгсэн ажаа “гурван шарга, нэг хонгор үрээ бий. Миний хүү хонгор үрээг нь авъя гэдэг юм шүү” гэж байна. Би болохоор шарга адуу нь хурдан болохоор шарга зүстэйг илүү сонирхоод байгаа. Гэхдээ аавынхаа хэлсэнчлэн хонгор үрээг нь авлаа. Аавын онцолсон хонгор үрээ цээж хөл муутай, нэг уначихаар хоёр, гурван хоног хэвтэнэ.
-Аавынхаа сонголтонд эргэлзэж байв уу?
-Тэгэлгүй яахав. Ажаа болохоор хонгор үрээгээ додомдоод л байдаг. Тэгсээр соёолон болоход нь би азарга тавьсан юм. Бас уралдуулчих санаатай Төв аймгийн Баяндэлгэр сумын харьяат Буд гэдэг хүнийг авчирч хөлийг нь хатгуулсан ч айрагдуулж чадаагүй, арвын дотор олон оруулсан.
-Тэгвэл хурдан хонгор азарга гэдэг чинь төл нь болж таарах нь ээ дээ?
-Тийм. Хонгор азарганы маань үр төлүүд намайг гэлтгүй олон хүнийг баярлуулж, цол зэрэгт хүргэсэн. Энэ дашрамд нэг сонин зүйл ярихад ажаа тэр хонгор үрээг бүр эхийн хэвлийд байхаас нь танаддаг байсан юм билээ. Нямбуу ах аймгийн наадамд наадаж байхдаа Аранз гээд Улаанбадрахын мундаг уяачаас хүрэн гүү авчирсан юм билээ. Ажаа тэр хүрэн гүүнээс ямар унага гарах нь вэ гээд л хардаг байж. Тэгсэн эр хонгор унага гараад, тэгээд надаар авахуулсан юм билээ л дээ. Ясны уяач, адуу таньдаг хүмүүс айхтар байдгийг тэгэхэд л мэдсэн шүү. Ажаа маань “миний хүү дахин азарга, гүү авах гээд хэрэггүй ээ. Чи л уяж чаддаг юм бол хурд чинь чамд хүрнэ “гэж байсан. Би хонгор азарганыхаа үр төлийг олон түмэндээ их өгсөн. Хөвсгөл сумын харьяат онжавтайгаа олон жилийн дараа уулзсан “ойрын арван хэдэн жил уясан морь явахаа байчихлаа” гэж байна. Адуугаар нь орлоо бие хаа томтой ч давхичихаар адуу алга. Тэгэхээр нь “хавар чи яваад очоорой хө. Би чамд үнэ өртөггүй нэг сайн даага өгнөө. Харин хавар сургахаас нь өмнө очоорой” гэлээ. Тэгсэн чинь хавар ирдэггүй муу лүд чинь. Би даагаа сургачихаад хүлээгээд байдаг. Тэгсэн харин манай эгчийн хүү Сүхбаатар гэж моринд дуртай залуу байдаг юм. Тэр сургуулиа төгсчихөөд хүрээд ирлээ. Тухайн үед миний хонгор морь ид хурдалж, авъя гэсэн хүмүүс олон байлаа. Тэгэхээр нь нэг халамцуу үедээ “3-4 хүүхэдтэй ганц бие хүүхэнд хонгор морио үнээр өгөхгүй, үнсүүлээд бэлгэнд өгчихнө” гээд хэлчихгүй юу. Тэгсэн тэрийг дүү дуулчихаад цалингийн зээл аваад ирсэн байдаг юм. Тэгэхээр нь ах нь юу гэж хонгор морио зарахав дээ. Цагаан хэл амыг зайлуулах санаатай тэгж хэлсэн юм.Миний хүү гадаа байгаа цоохор морийг ав. Сайн морь болно” гэсэн чинь үзчихээд  “за, за ах яахав” гээд дурамжхан яваад өглөө. Гурав дөрөв хоног бодож байгаад “муу дүүгээ ханьтайгаа ирээд адуу авъя гэж байхад гомдоогоод яахав” гэж бодоод очингуутаа  даагаа бэлгэнд өгчихлөө. Тэр хонгор даага дүүд очоод нэг түрүүлж, тав айрагдсан. Яахав би өөрөө уясан л даа. Тэгсэн чинь нэг өдөр миний дүү орж ирээд “Энхээ ах аа, хонгор үрээг нэг хүн авъя гээд байна. Яахав” гэнэ. “Миний хүү өг, ах нь дүүдээ амьдралдаа хэрэглэ гэж өгсөн” гэсэн. Тэгээд хойшоо зарагдаад их сайн давхисан дуулдана лээ.
-Таны хонгор азарганы үр төлүүдээс хамгийн олон айрагдаж, түрүүлсэн нь ямар буян байдаг вэ?
-Миний хонгор морь байна даа. Тав түрүүлж, 17-18 айрагдсан хурдан буян. Хонгор морины эх нь банди угшилтай гүү байсан юм. Манай ажаа миний хонгор морийг соёолон хүртэл нь уяулаагүй юм шүү дээ. Хонгор морь хэнздүү том толгойтой илжигэрхүү төрхтэй унага байсан. Дааганд нь ажаа өөрийнхөө унадаг 3-4 хөгшин морьтойгоо нийлүүлчихсэн байсан. Яаж байгаа юм гэсэн “адуунд тангаруулчихна, хөл гарыг нь эвгүй болгочихно” гэж билээ. Хонгор морийг соёолон болдог жил ажаа 81 хүрч байсан юм. Тэр үед эр хонины байтай хаврын уралдаанууд болдог байлаа. Ажаа надаас хаврын уралдаанд  ямар нас уралдахыг асуучихаад миний хүү соёолон байлчихна биз дээ. Даргад хэлээд соёолон насны морьдыг уралдуулчих” гэж байна. Зах зээлийн үе байсан хэдий ч түрүү моринд хар зурагт, арын дөрвөн моринд нь дөрвөн эр хонь өгчихье гэж бодоод  сумын Засаг дарга Зундуйд очоод хэлтэл халгаадаггүй. Тэгснээ ажаагийн биеийг асуугаад “81 хүрчихлээ, өөрийнх нь ганц соёолон морь байдаг юм. Амьд байхдаа уралдахыг нь харчих юмсан гээд болдоггүй” гэсэн.  Өвгөний морь гэж аль түрүү хэлэхгүй яасан юм зарла гээд зарлуулж байсан. Тэгэхэд уралдаанболоход 12 хоног л дутуу байсан байх. Баздаа морьдоо захиж үлдээчихээд бай шагналын юм авчрах гээд явсан хойгуур сунгаан болж хонгор морь дөрөвт давхисан байсан. Байны юм аваад аймгаас гарах гэтэл тэнгэр бүрхчихээд нэг л эвгүй болчихсон. Тэгсэн ажаа зоос гүйлгэж үзчихээд “за миний хүү, хонгор морь чинь нөгөөдөр түрүүлнэ шүү. Алдчихгүй байгаа, ямар хүнд орхисон бэ” гэдэг юм. Банзайд орхисон гэсэн чинь Банзай авсан бол алдахгүй, за алдчих вий, нэг л саад байна гэсээр үлдсэн. Уралдааны урьд өдөр нүдгүй шуурга балбаад байхаар нь морьдоо чөдөрлөөд тавьчихлаа. Тэгсэн чинь тогтдоггүй ээ яваад өгч. Өглөө нар гарангуут мотоцикльтой давхиад хайсан Хар тойрмын урд өрөөлдчихсөн яг урагшаа давах гээд байж байна. Тэгээд авчраад уралдуултал хонгор морь хол түрүүлсэн дээ. Хонгор морио анх тэгж түрүүлгээд, түүнээс хойш олон оруулсан. Манай ажаа ер түрүүлж, айрагдах адууг алдалгүй хэлдэг хүн байсан шүү. Уях морьдоо ч гэсэн өөрөө харж байгаад өвөл уявал, зун уявал илүү гээд хэлж өгнө. Нэг хавар ажаа миний битүү морийг уялаа. Нөгөө алдарт “Халтар царайт” гардаг байх үед шүү дээ. Орой морь тавих үеэр кино гарна. Киногоо үзэх гээд бид хэд чинь адгадчихна. Ажаа “хавар морь уяж байгаа хүн цаг уурын мэдээ сайн сонс. Уяж байгаа морь хөрс, хүч нимгэн болохоор амарч идэхгүй, даарч чичрээд сүйд болохгүй ч гэсэн чичрээд байх юм бол дутуу иднэ. Дутуу иднэ гэдэг чинь уяа буруу болно гэсэн үг. Тэгэхээр таарсан нэмнээ тавь” гээд л зөвлөнө. Цагаан морийг харчихаад “за миний хүү, өнөө орой тэнгэр болохгүй, айхтар хүйтрэхгүй ч гэсэн эвгүй байна. Нэмнэ” гээд. За гээд нэмнэх гэтэл ажаа нэмнээ бүрийг барьж үзчихээд “энэ арай болохгүй нь” гээд болдоггүй. Тэр үед нь би “сайн сайн гэхээр сахлаа будав гэгчээр” гээд унтууцаж байсан ч эргээд бодоход нэмнээ хүртэл их чухал юм билээ. Ажаагийн нас яваад сүүлдээ бидэнд утсаар зөвлөгөө өгдөг болсон. Хавар барихад нь нэг харна. Тэгээд утсаар асууж байгаад одоо тийм ажил хийвэл зүгээр юм байна гээд хэлдэг байсан.
-Алдартыг адуунд эрэмгий хүн байсан гэдэг юм билээ. Бүр нас дээр гарсан хойно ч гэсэн морь уначихсан явж байсан гэж ярих юм билээ?
-Тийм шүү. Манай ажаа 70 хүртлээ нэг мордсон даагыг уначихдаг хүн байсан. Сэтгэлд нь аятайхан санагдах юм бол заавал ч үгүй мордож үзэж байж санаа нь амардаг. 70 настай байхдаа нэг хоёр мордсон шүдлэн үрээ унаад зогсож байдаг байсан.
-Ааваараа залган сурч мэдсэн бүхнээ үр хүүхдүүдэдээ зааж байна уу?
-Би гурван охин, ганц хүүтэй. Хүү маань хар нялхаасаа морь унасан. Одоо ч ялгаагүй морины “улаан” хорхойтон. Амралтаа аваад л хүрээд ирнэ. Ноднин дагуулж галын дарга Тулгынхаа морьдыг уяулсан, дажгүй байна лээ. Хүүгээрээ ганц юм авахуулж хажуудаа тавьчихаад “тэр мориндоо тийм ажил хийгээрэй” гэж хэлээд хийлгээд байсан. Хамгийн сүүлийн гурван сунгаан дээр гурван морь нь гурвуулаа хол түрүүлсэн. Хүү маань аавынхаа урмыг хугалахгүй байхаа.
-Хэзээнээс галын зөвлөх уяачаар ажиллаж байгаа юм бэ?
-Нэгэн үе ах нь зовлон жаргал бишгүй амссаан. Ажаа маань өнгөрөөд, сайхан дүү минь бурхан болоод хэцүү байсан. Гэтэл дээр нь нэмээд наадмын бэлтгэл хангаж явсан хань маань аваарт орж нас бараад, дөрвөн хүүхэдтэйгээ үлдсэн. Тэгээд хүүхдүүдээ бараадан төв рүү ирсэн. Хайртай хүмүүсийнхээ хойноос гандан хийдээр явж буян хийж чадахгүй ч алтан тууртынхаа хурдаар ард түмнээ цэнгүүлэн баярлуулж чадна гэж бодоод хүний өөрийн олон сайхан морь уяж, бишгүй айраг түрүү хүртлээ. Олон ч сайхан шавьтай болсон. Би чинь гурван сайхан аймгийн Алдарт уяач шавьтай хүн. Ажаа маань эмнэлэгт хэвтэж байгаад моринд дуртай Мандах гэдэг залуутай танилцаж, намайг дуудуулан “аав нь гайгүй хүүтэй танилцлаа. Моринд дуртай, өвөг дээдсээ хүндэлдэг сайн хүү байна. Миний хүү энэ хүүд буруу тавихад тавд ороод байхаар, зөв тавибал тархины гуравт ирэхээр сайн үрээ зар” гэсэн. Ажаа маань тэгж онцолж захисан болохоор би загал шүдлэн үрээгээ өгч  дараа нь  Мандахын босоо загал хэмээх хурдан азарга болсон доо. Мөн Сайхандулаан сумын уугуул, аймгийн МСУХ-ын тэргүүлэгч Ганбаа гээд залуу байгаа. Аймгийн Алдарт уяач цолтой. Манай “Найрамдлын хүлэгч” галаас төрсөн дараагийн Алдарт уяач бол Бат-Эрдэнэ маань  байгаа юм.
-Зөвлөх уяач хувь хүнийхээ тухайд аймгийн баяр наадмаас хэчнээн айраг, түрүү авсан бэ?
-Аймгийн баяр наадмаас хүний өөрийн нийлсэн 10 гаруй айраг түрүүтэй.  2007 онд Сайншанд сумын оны тэргүүний уяачаар шалгараад, 2009 онд Сайншанд сумын Алдарт, харин 2011 онд Дорноговь аймгийн Алдарт  уяач цолыг авсан.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Хурдан тууртын босоо цагаан хийморь өнө мөнх ивээх болтугай.

"Тод магнай" сэтгүүл Дорноговь аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна