Аймгийн алдарт уяач Ж.Тулга: Говийн адуу 3-4 хоногийн шуурганд зогсож л байдаг тэвчээртэй амьтан

А.Тэлмэн
2015 оны 4-р сарын 28 -нд

Өмнөговь аймгийн Булган сумын уугуул, аймгийн Алдарт уяач Ж.Тулгатай хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.

-Адуучин аавын адуучин хүү юм байна. Эр хүний жаргал мэдрүүлсэн эмээлт морьтой холбогдоод хэдэн жил болчихсон байна вэ?
-Манай эцэг Булган сумын Туяа нэгдлийн адуучин байсан юм. Би 1968 онд цэрэгт явж,  1971 онд халагдаж ирээд аавынхаа адууг өвлөн маллаж байгаад 1990 оны хувьчлалаар тараасан даа. Тэгэхээр 20-иод жил адуу хариулсан болж байна уу даа.
-Тийм байна. Говийн адуу ер нь ямар онцлогтой байдаг юм бэ?
- Говийн адуу  тэсвэр тэвчээр сайтай, холч байдаг юм. Нөмөрлөх газар байхгүй учраас тал дээр л өвөлждөг, гурав хоногийн шуурганд зогсож л байдаг амьтан. Түүнээс олон хоног бол жаахан уруудах аястай. Манай энд чинь заримдаа долоо найм хоногоор ч шуурна шүү дээ. 1982 онд санагдаж байна. Хойшоо Өвөрхангай руу 500 гаруй адуу оторлосон юм. Тэгсэн 3-4 хоног цасаар шуураад говийг бодвол хангайдаа илүү хүйтэн болдог юм билээ. Тэгж байхад манай адуу уруудаагүй юмдаг. Тэгэхэд л говийн адуу үнэхээр тэвчээртэй юм байна гэж мэдгийг мэдсэн шүү.
-Олон адуу услах яггүй ажил биз?
-Задгайдуу устай газар биш бол бас л яггүй шүү . Аав бид хоёр  хоёулахнаа  500 гаруй адуу маллана. Нэмэлт хүч энэ тэр гэж байхгүй. Дээрээс нь айраг, дэл сүүлний норм заагаад өгчихнө. Социализмын үед ер нь малчдад их ачаа үүрүүлдэг байж дээ.
-Нэгдлийн тэр олон мал дунд хурдан хурц адуу цөөнгүй байсан биз?
-Миний адуунд нэг хурдан буурал азарга байсан юм. Сумандаа хоёр түрүүлж, гурав айрагдсан. Мөн өөрийн амины харлаг азарга сумандаа бас 2-3 түрүүлж, айрагдсан. Түүний дараа зээрд халзан азарга аймагт дараалан хоёр түрүүлж байсан юм байна. Халзан азарга дааган цагаасаа уягдаж сумандаа айрагдан, шүдлэндээ Хонгор сумын 70 жилийн ойд түрүүлж байсан хурдан буян л даа.
-2000 онд аймгийн Алдарт уяач цолоо авсан юм байна. Алдарт улс бүсийн чанартай уралдаануудад оролцож байна уу?
-Аймагтаа болдог бүсийн наадмуудад бүгдэд нь оролцсон. Дээд тал нь арав, тэгээд түүнээс хойш давхидаг юм. Ер нь манай сумынхан сүүлийн үед л зүүн зүгийн адуугаар цус сэлбэж байгаа болохоос биш нутаг адуугаар л голдуу нааддаг хүмүүс. Уралдаан олширч, хаа газрын адуу сайжирч байгаа үед нутаг адуугаар наадах боломжгүй болж байх шиг байна. Тиймээс манайхан дор бүрнээ боломжоороо адуу зөөж цусыг нь сэлбэж байгаа. Түүнийхээ үр дүнг удахгүй үзэх байлгүй дээ.
-Тэгэлгүй яахав. Булганы уяачид хийморилог, адуу нь хурдан байхыг хүсэн ерөөе. Танд баярлалаа.

"Тод магнай" сэтгүүл №36

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна