Аймгийн Алдарт уяач Д.Батмөнх:Түвдэн Манлайн дүүгээр адуу шинжүүлнэ гээд сандаргадаг байлаа
Ховд аймгаас төрийн хишигт, улсын цолтой 30 гаруй уяачийн нэлээд нь буюу шинэхэн Тод манлай Б.Мөнхтөр, төрийн наадмын гурван түрүүг нэг дор хүртэн Монголын хурдан морины түүхэнд мөнхөрч үлдсэн Манлай уяач Д.Түвдэн агсан, түүний хүү МУ-ын Алдарт уяач Т.Батцоож нарын эрхмүүд Дарви сумаар овоглодог гэдгийг уншигчид мэдэх билээ. Тэгвэл энэ удаагийн ярилцагч маань Манлай уяач Д.Одгэрэл манай сумын хүн. Өөрөө үүнийг хүлээн зөвшөөрдөг хэмээсэн юм.Ингээд “Морин эрдэнэ” галын тэргүүн, аймгийн Алдарт уяач Д.Батмөнхийн ярилцлагыг хүргэе.Түүнийг Д.Түвдэн Манлайн төрсөн дүү гэдгээр морь сонирхогчид эчнээ мэдэх бизээ.
-МУ-ын Манлай уяач Түвдэн агсны нэрэмжит уламжлалт уралдааны тов гарчээ. Энэ уралдааны талаарх мэдээллийг хүргэнэ үү?
-Манлай уяачийг өөд болсноос нэг жилийн дараа энэ уралдааныг зохион байгуулж, өдгөө уламжлал болоод байгаа юм. Манай галаас тав дахь уралдаанаа тавдугаар сарын 3-нд зохион байгуулахаар болж байна. Гурван жилд нэг удаа болдог чансаатай уралдааны нэг хэмээн уяачид үнэлдэгт баярладаг.
-Галынхаа гишүүдийг танилцуулаач?
-Манайхан олуулаа шүү дээ. Тод манлай уяач Б.Мөнхтөр,нийслэлийн Алдарт уяач А.Батчулуун, Ү.Атарсайхан, Үндсэн Хуулийн Цэцийн дэд дарга Н.Жанцан, Төмөр замын дэд дарга, аймгийн Алдарт уяач Л.Халтар, аймгийн Алдарт уяач, хонгор халзан морины эзэн Базаргарьд, Мөөжиг буюу Мөнх-Эрдэнэ, УИХ-ын гишүүн, сайд С.Эрдэнэ, Сүхбаатар аймгийн Онгон сумын уугуул, аймгийн Алдарт уяач Б.Доржпүрэв, УИХ-ын гишүүн асан, аймгийн Алдарт уяач Р.Буд гээд л явна даа. Манай галд чинь олон газрын хүн бий. За тэгээд Мягмарсүрэн заан, улсын начин Баатар, “Гарьд зам” компанийн захирал Батбаяр, Баянмөнх, Батсайхан нарын моринд сэтгэл зүрхээ зориулсан олон сайхан залуус байна. Саяхан аймгийн Алдарт уяач болсон Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат Цэмбэл манай галын гишүүн.Өнгөрсөн жил хүрэн азарга нь улсын наадам болон Дорнодод болсон зүүн бүсийн уралдаанд тус айрагдаж,ММСУХ-ны 2014 оны чансаа өндөр 9 азарганы гуравдугаарт эрэмбэлэгдсэн шүү дээ.
-“Морин-Эрдэнэ”-ийнхэн өнөр олуулаа юмаа?
-Талийгаач ахынхаа үүсгэн байгуулсан галыг өргөжүүлэн, үйл хэргийг нь үргэлжлүүлэх чин сэтгэл өвөрлөсөн уяачдын тоо жилээс жилд нэмэгдсээр байна.Өнгөрсөн15 жилийн хугацаанд бид эвтэй найртай, тогтвортой байж, цаашдаа ч хөгжин дэвжихийн үндсээ дэлгэрүүлсээр ирсэн юм.
-Энэ хугацаанд Түвдэн агсны дурсгалд зориулж, ямар ямар ажлыг хийсэн бэ?
-Манай талийгаач олондоо хүндтэй, сайхан хүн байлаа.Тийм болохоор нь үүсгэн байгуулсан гал нь өдий зэрэгтэй явж байна.Цайлган, сайхан сэтгэлтэй, ил тод ярьчихдаг, хэнтэй ч яриа хөөрөөтэй, заримдаа ёгтолж ярьдаг их наргианч хүн байж билээ.
-Манлайг мэдэх ихэнх хүмүүс тийн тодорхойлдог юм билээ?
-1981 онд АХ-ын 60 жилийн ойгоор гурван морь түрүүлгэчихээд байхад нь би гадаа нь оччихоод орж чадаагүй.
-Яагаад?
-Гадаа нь улаан номертой хар машинууд зогсчихсон, тойроод хамгаалалт гарчихсан, гэрт орох гэсэн улсууд бужигнаад л. Тэр үед би ахаараа үнэхээр их бахархсан.Чих тавихнээ нэг хүний гурван адуу түрүүлнэ гэдэг мундаг байна шүү гэлцэнэ. Би алба ажил гээд уяан дээр нь очиж чадаагүй юм. Гэрт нь манай аав ээж, Түвдэн ах бас бус ойр дотны хүмүүс, гадных голдуу сайд дарга нар байгаа нь харагдаад байдаг ч орж чаддаггүй. Хэсэг хүлээвэл машинууд цуварч явсаар сая нэг орох боломж гарч билээ. Тэндээс гарсан хүн бүхэн л баярын нулимстай, сэтгэл хөөрөн гарч байсансан. Яагаад ч юм дурсах тоолонд самсаа шархируулан, зөөлөн дулаан мэдрэмжийг төрүүлдэг юм. Тэр үеийн дүр төрх яг кино шиг л хөвөрнө гээч. Тэр үеэс л моринд илүү хорхойсох болсон юм даа. Өдгөө галын гишүүдээс ахын гарын шавь Манлай уяач Цэнд-Аюуш одтой сайхан наадаж байна. Ер нь манайхан сүүлийн жилүүдэд сайхан наадлаа. Тэр дундаа өнгөрсөн жил Ховдын баруун бүсээс дөрвөн түрүү, есөн айраг авлаа. Манай дүү Эрдэнээ уяандаа надаас хавьгүй илүү. Манлай ахтай маань их дотно, морь уяж байсан хүн дээ.
-Танай бүлээс улсын цолтой хичнээн уяач төрсөн бэ?
-Манай аав ээж зургаан хүү, ганц охинтой айл. Одоо ч дөрөв нь бурхан болчихлоо. Том ах Рэндорж, Түвдэн, II эмнэлгийн их эмч Нэргүй, хэнз дүү Насантогтох нар одоо байхгүй ээ. Эгч Норжин, дүү Эрдэнээ бид гурав л үлдэж. Дүү бид хоёр хоёулаа морь маланд дуртай.
Манай бүлээс улсын цолтой гурван уяач төрсөн. Манлай ах маань, түүний хүү улсын Алдарт уяач Батцоож, сая Тод манлай уяач болсон Мөнхтөр байна. Энэ гурваас гадна зургаа, долоон хүн морь уядаг. Миний төрсөн дүү Эрдэнээ моринд их ойрхон хүн. 2006 онд хүрэн даагаа улсын наадамд түрүүлгэж, Жанцангийн цагаан хязааланг айрагдуулж төрийн наадмын данстай уяач болохоо харуулж байлаа. Ер нь манай галынхан чинь одтой улс л даа. Бид ЗГ-ын тогтоолтой улс бүсийн наадмаас 70 орчим медаль авсан байна лээ. Энд аймгийн наадмыг оруулаагүй шүү дээ. Ер нь манай галынхан жил алгасахгүй улс бүсийн айраг, түрүү авч байна даа.
-Танай хүүхдүүдээс морь мал сонирхож байна уу?
-Би нэг хүү, нэг охинтой. Охин багадаа уралдаан алгасахгүй аавтайгаа явж үздэг байлаа. Хүү маань ХААИС-д сурдаг. Багаасаа л адуу малтай ойр өссөн болохоор сонирхоно, надтай дандаа л хамт явна. юм. Гэхдээ уяа сойлго тааруулах хэмжээний бишээ.Харин манай гэрийн хүн намайг дагасаар моринд элэгтэй болсон.
-Танай галаас уяаны ажлын голыг хэн хэн нугалж байна даа?
-Манай галын уяач Цоож, Атарсайхан нар эгч дүүсийн хүүхдүүд байгаа юм. Атарсайханы ээжийнх нь ээж бид хоёр эгч дүү хоёрын хүүхэд. Мөнхтөр Манлайн ээж бид хоёр бас эгч дүүсийн хүүхэд. Манай ээж чинь найман эмэгтэй хүүхэдтэй айлын охин байсан. Тэгэхээр их олон юм болноо доо. Манай Цоож чинь олон сайн морь уяж байна. Тэгэхээр би нэрмээс болоод яах вэ гэж боддог. Энэ бол Цоожоо хайрласан сэтгэл л дээ. Тэгэхээр Атарсайханыг хайрлаагүй юм шиг сонсогдож магадгүй юм. Гэхдээ манай Атараа харьцангуй сайн уяж байна. Бас л цолонд ойрхон уяач даа.
-Удахгүй аав, хүү Манлай төрөх байх даа. Болзол ч нилээн дөхөж байгаа биз?
-Тийм ээ төрлөө. Цоож маань ноднин Алдарт уяачийнхаа болзлыг хангаад одоо Манлайн болзлыг хангачихаад байна. Манай аав улс бүсийн наадамд морь давхиулж байгаагүй ч сумандаа аатай наадчихдаг уяач байлаа. Тэгэхээр сумын уяачийг залгаад Манлай төрж, Манлай уяачаас Алдарт уяач гарлаа. Ингэхээр бид гурван үеэрээ уяачийн эрдмийг өвлөн, үргэлжлүүлж явна. Цоожийнх маань хоёр хүү, нэг охинтой. Банди нь моринд их сүрхий хүү бий. Тэр бас юм дуулгах байх шүү.
-Таны хувьд уяачийн гараагаа хэзээнээс эхэлж байв?
-1996 оноос хойш уяа сойлго тааруулж байна. Анх Батчулуун найз маань нэг, нэг адуутай болцгооё гэж санал тавьснаар эхэлж байлаа. Тэгэхэд би нэг зээрд азаргаа, Батчулуун маань Жаргалантаас нэг халтар үрээгээ уяхаар боллоо. Зээрд азарга манай талийгаачийн адуу. Даага байхад нь манай том охинд өгч байсан юм.
Жижиг сунгаа болгон дээр нэг нь хязааланд, нөгөө нь азарганд түрүүлээд янзтай байнаа. Бид ч хөөрөөд ахаас “түрүүлээд ямар гоё юм бэ, улсын наадамд ингэж хурдлах болов уу” гэвэл “буруудчихлаа” гэж байна. Болоогүй хоёулаа гурван сунгаанд түрүүлээд байхад буруудчихлаа гэж юу гэсэн юм бол гэж ярилцаад өнгөрлөө. Ингээд долооны сунгаан дээр уяж хоноод, маргааш нь давхиулбал миний азарга 30-даар, халтар хязаалан бүр хойгуур ирлээ. Хоёулаа санаагаар уначихсан улс ах дээр очоод “та юу хийчихэвээ. Хоёр морь явсангүй ш дээ” гэвэл инээгээд, одоо л зөвдөж байна гэх нь тэр. Үүний учрыг одоо ч олохгүй л явна. Уяач хүн өөрийн мэдрэмжээрээ л нэг юм хийж дээ гэж боддог юм. Ингээд итгэл муутайхан улсын наадамд мордуулахад миний хүрэн зээрд азарга зургаагаар, Батчулууны халтар хязаалан гуравлаж магнай хагартлаа баярлаж билээ. Энэ чинь 1997 он. Зээрд азарга маань бас анхны шахуу Дүнжингаравт дөрвөөр давхиж байсан адуу байгаа юм.
-Ямар уяаны арга хэрэглэсэн юм болоо?
-Асуухаар нэг их сайхан инээчихээд л явчихаад хариулт авч чадаагүй юм даа. Энэ тухай ярихаар хүмүүс гайхдаг. Бас нэг сонин дурсамж үлдсэнээ сонирхуулмаар санагдлаа. Гэхдээ оныг нь нэг л сайн санахгүй байнаа. Миний багад морин тойруулгын хээр морийг уядаг байлаа. Тэр хээрийг зургаалахад, эсвэл миний зээрд азарга зургаалдаг жилийн аль нэг нь л юмдаг. Зургаагаар ороод ирсэн “түй чёрт зургаа, зуу хоёр адилхан” гээд малгайгаа авч шидчихээд яваад өгч билээ. Өнөө малгай нь ахын Германаас авчирч өгсөн цоо шинэ шлап байсан. Тэрийг ч тоохгүй тэр чигт нь хаяад явчихаж байгаа нь тэр. Минийхээр хайрлаад л өмсмөөр санагдмаар. Зургаад ирэхээр нь харамссан сэтгэлээ тэгж илэрхийлсэн юм болов уу даа. Тийм сонин хүн байсан, ах маань.
-Анхны наадмаас хойш хэрхэн наадав?
-Ганц морьт уралдаанч, ганц дээлт барилдаанч гэдэг шиг ганц нэг морь авч, уяад байсан ч төдийлөн амжилт олоогүй. Ингээд Сүхбаатар аймгийн Асгат сумын Дугарын Баяраагаас зээрд даага бэлгэнд авсан юм. Энэ даагаа улсын наадамд 11-ээр давхиулаад, Хэрлэнгийн хөдөө аралд аман хүзүүлгэж байлаа. Энэ нь 2006 он шиг санагдана.
Манай галын уяач Атарсайхан миний халтар азарганы төлийг хоёр ч наадамд сайхан давхиуллаа. Ноднин бүсийн наадамд түрүүлсэн Доржпүрэвийн хүрэн даага ч миний халтар азарганы төл байгаа юм. 2014 онд Дүнжингаравт Сүхбаатараас авчирсан соёолонгоо Атарсайханы нэр дээр айргийн гурваар давхиуллаа. Зун Ховдын бүсэд дөрөвлүүлж, халтар даагаа аман хүзүүдүүллээ. Би уясан эзэн дээр нь цоллуулчихдаг юм. Нэг айлд ах дүү хоёр их том цолтой байж болохгүй гэсэн лам багшийн маань үг бий. Би ч галын тэргүүний хувьд нөхдөө дэмжээд л ажиллая гэж боддог. Манайхан чинь нэг хэсэг шинэ үеийн адуу гаргаж уралдуулах зорилго тавьж, Англи, Араб, Аахай /Өвөрмонголын адууг Англи адуутай нийлүүлээд дундаас нь гаргасан азарга/ азаргануудыг авчирлаа. Одоо миний адуу гаднаас аваад байх шаардлагагүй болсон. Надад 200 дөхсөн адуу Хэнтий аймгийн Баянхутаг сумын Хүрээ ууланд байна. Галынхандаа ч хэлдэг юм, “миний адуунаас авч уяад өөрийнхөө нэр дээр мордуул. Үнэтэй адуу авч, шатаад яахав” гэж. Түрүүчээсээ аваад уяж, уралдаж байна. Хэдийгээр талийгаач маань моринд ор гэж хэлээгүй ч би үйл хэргээрээ хүндлэл үзүүлэх ёстой юм. Тиймдээ ч адуу малаа өсгөж үржүүлээд, галаа ахлаад явж байна.
-Эрлийз адуу, азарга нилээн оруулжээ. Монгол талаасаа угшил хөөж адуу цуглуулсан уу?
-Байнаа байна. Хурдны өлгий Сүхбаатарын Асгатаас их олон адуу авлаа. Максийн Цэрэнжигмэдийн саарал азаргатай эцэг нэгтэй адуунаас бий. Мөн Дамдинжавын Даатгал хээр, Баяраагийн угшлын адуу, Дуламрагчаа гуайн адуунаас байна. Хэнтий аймгийн Баянхутагаас ч авлаа. Аймгийн Алдарт уяач Төрөөгийн адуунд тэр нутгийн газар газрын угшлын адуунууд байдаг юм. Саяын хэлдэг Уртын Дамдинжав гуайн адуу, Баянхутагийн хойд талын халзангийн эзэн Өлзийн адуу байх жишээтэй. Түүнээс нэлээн адуу авлаа. Түүнчлэн Говь-Алтайн Хүхэртэйн чиглэлийн адуунаас хэдэн сайхан гүү авсан. Сүхбаатарын адууг бодвол бие арай жижиг ч тэвчээр, хатуужил сайтай, адууны түрүүнд л явна, их ч сэргэлэн цовоо. Гарч байгаа унага нь мяраалаг, өсгөлүүн байгаад тун ч олзуурхаад байгаа. Энэмэтчилэн аль аль нь надад бий. Энд ярихад өнөөдөр шинэ цагийн адуу, монгол адуу тусдаа уралдаж байгаа нь уяачдад өргөн боломж олгож байгаа гэж би ойлгодог. Хуучин зургаан насны морь уралдаж байсан бол одоо есөн насны морь уралдаж байна. Энэ бол амжилтаа ахиулах том боломж. Харин манай уяачид янз бүрийн холион будилаан гаралгүй жудагтай л наадах ёстой юм даа.
-Ярилцлагаа таны хамгийн сайхан наадмын дурсамжаар үргэлжлүүлмээр байна?
-2006 оны Хэрлэнгийн Хөдөө арлын наадмыг гэж хэлнэ. Үнэхээр их сэтгэл хөдөлсөн л дөө. Тэгэхэд Цагаандалай, Доржпүрэв, Жанцан гуай бид хэд хамтдаа морь дагасан юм. Тэдний яриагаар би машинд багтаахааргүй догдолсон гэдэг. Ирээд “ийм гоё юмыг л би хүсч байлаа” гээд амандаа бувтнаад л байсан гэж дараа нь ярьцгаана лээ. Би сэтгэл хөдлөөд өөрийгөө ч хянах сөхөөгүй байсан шиг байгаа юм. Минийхээр уяач хүний дотоод сэтгэлд яагаад ч муу байх үндэсгүй санагддаг. Одоо ингээд газар газрын янз бүрийн улстай уулзахад уяачид илүү дотно бодогддог. Тэр хүмүүс улс төржихгүй, сайхан муухайн тухай хов жив ярихгүй, зөвхөн морио л ярина. Эндээс кайф авна. Адуугаар нөхөрлөсөн эрчүүдийн үерхэл ч сайхан байдаг юм. Найз нөхөд, дэмжиж байгаа нэгнийхээ морийг айрагдаж, түрүүлээд ирэхэд сэтгэл огшоод тогтож чадахаа больчихно гээч. Галынхаа хэдийн морийг айрагдаж, түрүүлэх тоолонд л аньсага нойтон зогсдог хүн дээ, би. Уг нь баргийн юман дээр уйлаад байх хүн биш л дээ. Энэ адуу хэмээх хийморилог амьтан л хүний дотоод сэтгэлийн үүдийг их томоор нээдэг бололтой. Тэр түрүүлээд, айрагдаад ирж байгаа агшин мөн ч гоё шүү дээ.
-Тэгвэл Түвдэн Манлайн хамгийн ихээр баярлаж байсан наадам хэзээнийх байсан болоо?
-Дээр ярьсан гурван түрүү хүртдэг жил байлгүй яахав. Нэг жил нэг даага тавлаад, нэг даага зургаалчихдаг юм. Дөрвөн жил дараалан айрагдсан хилэн хар азарга маань анх удаа даагандаа айрагдсан нь тэр. Тэгсэн ах “миний адуунууд намайг стадионоос салгахгүй юм байна даа” гэж хэлж билээ. Стадионоос салгахгүй гэдэг нь цоллуулахыг хэлж байна ш дээ. Тэгэхэд урьд хоёр өдрийн уралдаанд олигтой амжилт үзүүлж чадаагүй юм. Гэсэн ч найдвар тасраагүй харж зогссон ах маань энэ үед үнэхээр их баярласан.
Одоо ингээд энд тэнд явж байхад ахыг мэддэг хүмүүс намайг их адилхан юм. Ярьж, хөөрч инээж байгаа нь ялгах юм алгаа гэхээр нь баярладаг. Миний ах миний бахархал. Дээхнэ адуу сайн мэддэггүй байхад хөгтэй юм их болдог байлаа. Сүхбаатар, Хэнтийгээр явж байсан Түвдэн Манлайн дүү юм гэнэ, морио үзүүлье гээд ирнэ. Надад үзэхгүй гэж хэлэх зүрх байхгүй. Тийм болохоор сайхан амьтан юмаа. Арын нь залгаа мэднэ дээ гэж бөөрөнхийлөөд олонтаа гарч байлаа. Эндээс ах маань тэнгэрээс моринд ор гэж зөвлөөд байгаа ч юм шиг, би тэр захиасаар нь яваа ч юм шиг санагддаг байлаа. Нэлээн дээхнэ манай галын Доржпүрэв бид хоёр Мөнххааны Бураа Пүрэвжав гуайн адуун дээр очлоо. Тэд бие биенээ эртнээс мэддэг улс. Тэгээд намайг Түвдэн Манлайн дүү гэж танилцууллаа. Тэгсэн морь үзүүлнээ гээд сандаргадаг байгаа. Би ч бантсандаа гараад харвал сайхан хоёр шарга хязаалан соёолон байна. Монгол хүн чинь зөнгөөрөө мэдэрдэг юм шигээ. Тэгээд ёстой сайхан амьтад байна, арынх нь залгаа мэднэ дээ гэчихлээ. Тэр жил нь нутгийнхаа наадамд түрүүлсэн юм байна лээ. Бодвол Түвдэн Манлайн дүү сайн давхина гэсэн нь онолоо. Морь сайн мэддэг хүн байна гэж Бураа Пүрэвжав гуай яриа биз. /инээв/
-Уяаг л дагасан соёлын зүйлд та хэр ач холбогдол өгдөг бэ?
-Ач холбогдол өгөлгүй яахав. Залуу уяачидтай ярьж байхад надад гоё гэр, дээл байхгүй гэх нь олонтаа. Эндээс тэр хүн нэг юм бодож байна ш дээ. Тэгээд дараа жил нь дээлээ хийгээд өмсчихсөн, гэрээ барьчихсан байх жишээний. Үүнийг дагаад өнөө үндэсний өв соёл явж байна. Өнөөдөр манай адуучин мотоцикль аваад өгөөч гэдэг ч би өгддөггүй юм. Гэхдээ би харамласандаа биш л дээ. Морио унаад, уургаа бариад явж байх шиг гоё юм байхгүй гэж хэлдэг. Тэр хавийн улс ч надаас эмээгээд морио унадаг юм. Тэгэхээр нөлөөлж байна гэсэн үг гэж ойлгодог.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсан танд баярлалаа.
-Монголын нийт уяачид, наадамчин олондоо эрүүл саруул байж юу санасан есөн цагаан хүсэл нь дэлгэрч явахын өлзийтэй ерөөлийг өргөж, галын нийт гишүүд, дэмжигчидэдээ болон дүү Батцоож, улсын цолонд ойрхон яваа Атарсайхан, Доржпүрэв, Буд нартаа улам их амжилт гаргахыг хүсэн ерөөе.
Б.Долзодмаа
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна