Монголын хурдан морины уралдааны талаар гарч буй зарим мэдээллийг эргэцүүлэхүй...

Наранхүү
2015 оны 4-р сарын 17 -нд

Хаврын сар гарч улс, бүсийн хэмжээний хурдан морины уралдаануудаас гадна аймаг, сумын  уралдаанууд олноороо болж байгаа энэ цаг үетэй зэрэгцэн хот хөдөөгийн олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр сэтгүүлчид болоод хүүхдийн эрхийг хамгаалагчдын дуу хоолой идэвхжиж байснаа ойрноос аль аль нь намжих төлөвтэй байна. Уяачид маань ч хурдан хүлэг морьдоо амрааж, уралдаанч сэргэлэн багачууд маань ч хичээл сургуульдаа жигдрэн шамдаж байгаа  боловч удахгүй бага насны уралдаануудын тов тодорч түүнийхээ бэлтгэлд гарах нь тодорхой.
Хурдан моринд дуртай, уншдаг, сонсдог, хардаг, орон нутгийн хэмжээнд ганц нэг уралдааныг зохион байгуулахад гар бие оролцдог, морины их өв соёлоос суралцдаг, “уламжлалт” сэтгэлгээтэй нэгэн болохын хувьд энэ асуудлаар ОНМХ гэгдэх телевиз, сонинууд хэрхэн мэдээллэхийг нүдээ бүлтийлгэн, чихээ дэлдийлгэн анирддаг билээ. Өөрийнхөө энэ хавар сонсоод, уншаад жаахан “эгдүүцэх”,“эргэцүүлэх” байдал үзүүлсэн хэд хэдэн мэдээллээс жишээ болгон цөөн хэдийг нь та бүхэнд дуулгая. “Эгдүүцээд” байх ч юу байхав. Хүний эрх хэвлэн нийтлэх, үг хэлэх эрх чөлөө, нээлттэй ардчилсан нийгэмд мань мэт нь эгдүүцэх биш, эргэцүүлэх гэж оролдоод хуваалцахаар шийдлээ.
Улсын хаврын бүсийн уралдааны үеэр ММСУХ-ны зохион байгуулдаг Дүнжингарав-2015 Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизийн МҮОНТ “Цагийн хүрд” нэвтрүүлгээр “Монголчуудын уламжлалаар хамгаалагдсан энэ зэрлэгшил хэзээ дуусгавар болох нь тодорхойгүй байна” хэмээн мэдээллэв. Нөгөө бидний үндэсний бахархал, тусгаар байдлын бэлгэдэл энээ тэрээ гээд магтаад байдаг хурдан морины уралдааныг “уламжлалаар хамгаалагдсан зэрлэгшил” хэмээн нэрийджээ. Энэ талаар “учир мэдэх” зарим нэгэнтэй нь яриа өрнүүлэх гэж оролдсон чинь бүр дор хариултыг сонслоо. Тэр нь “энэ зэрлэгшлийг чинь бүр тэгээд МУ-ын Засгийн газар зөвшөөрч тогтоол гаргаад байдаг нь юу юм” гэж байна аа...
Цаашлаад ЕБС-ийн ирээдүйн сэтгүүлч болох хүсэл мөрөөдөлтэй охид, хөвгүүдийн дуу хоолойг олон нийтэд хүргэх зорилготой “Сурагчийн хэвлэл” гээд төсөл хэрэгжиж байгааг дуулаад тэдний юу бичиж нийтэлдгийг нь “Нээлттэй сургууль”  сонины 2015 оны 2-р сарын №02 169 дугаараас гарчиглалаа. Гэтэл “Нулимстай гийнгоо”, “Уралдаан уу? Нэр хүнд, эд хөрөнгө үү?” гэсэн хоёр жижиг нийтлэл яах аргагүй нүдэнд торж уншихаас өөр аргагүй байдалд хүргэлээ.
“Нулимстай гийнгоо” хэмээх ирээдүйн сэтгүүлч болох төгсөх ангийн нэгэн охины нийтлэлд:
...Морь унаж уралдах нь битгий хэл, модон байшин маань хүртэл сэрүүн оргих энэ хүйтэн өвөл аль нэг газрын ойн баяр болж түүнд зориулан өөрийгөө баясгах гэсэн хэсэг бүлэг хүмүүсийн зугаанд гэнэн цайлган хүү өртөж золиос болох агаад түүнийг тоох хүн нэг ч алга. Сүүлийн жилүүдэд баяр болгоноор шахуу “хүүхэд мориноосоо унаж гэнэ” гэсэн яриа сонсогдох болсон. Тэр бүхэнд хүүхдийн төлөө ажилладаг хүн болгон арга хэмжээ авахыг хичээвч зугаа цэнгэлд нүд нь сохорсон баячуудыг дийлж үл чадна. Уг нь монголчууд морио молор эрдэнэ хэмээн дээдэлдэг ч одоо цагт тэрхүү молор эрдэнэ нь мөнгө, алдар цол, атаа жөтөө, зугаа цэнгэл, тоглоом наадам болон хувирчээ. Морины нуруун дээр байхдаа сэтгэл нь баясаж инээж хөөрдөг гэнэн хонгор балчир багачууд маань одоо бол айж эмээн, нулимстай нүдээр гийнгоолох болж дээ... гэжээ.
Дараагийн нийтлэл болох “Уралдаан уу? Нэр хүнд эд хөрөнгө үү?” нийтлэлд:
...Өнөө үед морьтойгоо зэрэгцэн машинууд уралдаж их хэмжээний шагнал амладаг болчихож. Алдар нэр, хөрөнгө мөнгөнд шунасан зарим нэг уяачид хамгийн үнэтэй хулангийн удамтай монгол адууг эрлийзжүүлж, мэдэх мэдэхгүй олон амин дэм, эрдэс бодис, тамир тэнхээ оруулах тариа тарьж, өвлийн хүйтэнг тоохгүй чичиртэл нь уяж сойж, унаач хүүхдүүдийг хүртэл хөл гарыг нь хөлдтөл уралдуулсаар байна.
...Хэдэн мянган морь уралдаж мориноосоо унаж гэмтэж бэртэн, насаараа тахир дутуу  болсон хүүхэд байхад амиа алдсан нэг нь ч цөөнгүй” гэсэн байх юм.
За энэ хоёрт бол ёстой “эгдүүцлээ”. Учир нь зүс таних, танихаар барахгүй нэгэнд нь “Монголын түүхийг монгол хүн, монгол морь хоёр бичсэн юм” хэмээн Монголын эрт ба эдүгээ үеийн түүхийг бахархан өгүүлж байсны хувьд. Ганцхан ойлгох зүйл байсан нь тэдний сургалтан дээр фото зураг өгөөд түүний тухай ургуулан бичих даалгавар байсан юм байна. Хэл уран зохиолын багш нар нь яагаад тийм зураг сонгосныг мэдэхгүй юм. Зураг нь гэрэл зурагчин Ch.Batzaya гэсэн тамгатай “барианд орж буй мөчид мориныхоо зөв тал руугаа холбирон унаж байгаа уралдаанч хүүгийн дүрс” бүхий хаврын уралдааны фото. Цаг үеийн асуудал байсан бололтой.
Дараагийнх нь Хөвсгөл аймгийн 7 хоног тутмын “ЭРХ ЧӨЛӨӨ” сонины 2015 оны 03-р сарын №105409  дугаарт нийтлэгдсэн сэтгүүлч Б.Ням гэгчийн “Хаврын бүсийн уралдаанд олон жийп уралдлаа” гэсэн нийтлэл. Гарчигнаас нь үзвэл бидний буюу уралдаан зохион байгуулагчдын “шүдний өвчин” болж байдаг машин дагах асуудал. Үүнийг шийдэх гэж манай аймгийн хувьд уралдаан зохион байгуулах бүрт  л нэгийг сэддэг, уриалдаг, бүр цагдаагийн бүтэн хоёр тасаг гарч Нийгмийн хэв журам, зам тэмцээд ч дийлэхгүй, шийдвэрлэж чадахгүй л байна. Гэтэл сэтгүүлч маань нийтлэлийн дунд хэсэгтээ:
“Мориноос унасан хүүхдүүд дотор хүнд гэмтэл авсан хүүхэд байхгүй. Эрдэнэт хүний амь нас эрсдээгүй ч цаашид уяачид анхаарал болгоомжтой байж наян саяар авсан адуугаа нандигнах биш, насанд хүрээгүй балчир үрсээр унуулж буйгаа ухааран уралдааны замд жийптэй хөндөлдөж, тоос шороогоор булж урдах замыг нь хаан ханхалзахаа болих...” гэх мэтээр үргэлжлүүлсэн байх юм. Сониндоо үндэсний спортын талаар олигтой ганц нэгхэн нийтлэл, сурвалжлага бичээд тавьчихаж чадахгүй, адаглаад аймаг орон нутгийн сонин гэдгээ ухамсарлаад уралдааны үеэр алс холоос зориод ирсэн хөдөөний уяач, монгол малчны сэтгэгдлийг  сонсоод,  түрүүлж, айрагдсан морьдын эзэн хүүхдийн харьяа сум, сургуулийг тодруулаад мэдээлчихэж чадахгүй байж, ийн бичсэнийг үзвэл юу ч гэхэв. Монгол хүн амны бэлгээр гэдэгсэн. Хүүхэд унаж гэмтэн, үрэгдэж няцарвал тэдэнд амттай мэдээ болох уу. Уралдаан болно гэхэд түүнийг хүлээх нь... арай ч дээ ямар улайны хэрээ биш дээ. Аль эсвэл өөр ашиг сонихол байна уу?  Тийм л зүйл эндээс ханхалж байна.
Хөвсгөл аймгийн ууган хэвлэл ЭРХ ЧӨЛӨӨ сонины нийтлэлийн тухайд ийм зүйл байж болмооргүй сэн. Аугаа эх орны дайны ялалтын дараахан мэндэлж аймаг орныхоо ард түмний оюуны мэлмийг нээн явсан сонин шүү. Нөгөө мэдээллийн тэнцвэртэй байдал гэгч алдагдсан нь тодорхой. Харин 1970-аад оноос хойш 2000-аад оныг хүртэлх дугааруудаас 7-р сарынхыг үзвэл  аймгийн баяр наадмын хурдан морины мэдээг сайхан нийтэлж байсан нь хурдан морины түүх, соёл уламжлалыг сонирхон судалдаг хэн бүхэнд амттай сайхан олз байдаг гэдгийг тэмдэглэе.
За тэгээд улам цаашиллаа...
Сэтгүүлчид, судлаачид, тэр дундаа спортын сэтгүүлчид энэ асуудлаар хэрхэн бичиж нийтэлдгийг үзэж харахыг оролдов. Улс төр, эдийн засаг, түүх соёлын талаарх өчүүхэн мэдлэгээ бага болов  ч цэнэглэх зорилгоор үздэг BAABAR.MN гэх Монголын шилдэг нийтлэлчдийн клубын сайтаас нийтлэлч Батзаяагийн бичсэн “Манай үндэсний спортын царай” гарчигтай 2013 оны 08-р сарын 27 нд нийтлэгдсэн лут том нийтлэл санаанд буух нь тэр.
Тус нийтлэлийг тухайн үед нь үзэж, уншиж, хэвлэн авч байсан. Учир нь би нийтлэлчийг оюутан байх үеэс нь мэддэг, бид МУИС-ийн НШУС-ийн нэг оныхон бөгөөд бид түүний тайлбараар хөлбөмбөг үздэг, бидний үеийнхний чадалтай спортын сэтгүүлч гэж хүндэлдэг байснаас үүдэлтэй юм уу даа. Үндэсний спортын талаар сэтгүүлч өөрийн үзэл бодлыг сайхан бичжээ. Бодлого боловсруулагчид болоод сонирхогчид, оролцогчдод авууштай сайхан санаанууд олон байсан гэдгийг хэлье. Гэхдээ энд үндэсний спортыг хөгжүүлэх, шинэчлэх талаар санал нийлж дэмжих санаанууд байгаа хэдий ч нийлэхгүй, түүгээр зогсохгүй шүүмжлэх хэд хэдэн санал, үндэслэл байна.
Тус нийтлэлд хурдан морины уралдааны талаар:
“...Хар багаасаа үзээд дадчихсан учраас сонирхож буй болохоос бид бухны тулаан үзээд айж, испаничууд бага насны хүүхэд мориор уралдаж байхыг харвал биднээс дутахааргүй мэдрэмжийг авах биз...
...Хүүхэд мориноос унаж эндэж, гэмтэл авах нь элбэгшив. Энэ жил арав орчим хүүхэд амь насаа алджээ. Багаар бодоход зуу орчим хүүхэд гэмтсэн. Тэдний хэд нь насаараа тахир дутуу болохыг таашгүй...
...Эмч, барилга гэх мэт зүйлсээс улбаатай хэргүүд тодорхойгүй цаг үед гэнэт тохиодог бол, зориудаар баяр наадам хийж, өөрсдийгөө зугаацуулахын тулд хүүхдийн амь нас , эрүүл мэндэд халддаг санаатай ялзрал. Манайхан уламжлал гээд сохорчихсоны тодхон жишээ. Хүүхдийн амь нас эрүүл мэндийн бүтэн байдлыг олж харахаа больчихсон, уламжлалдаа нэвт идэгдчихсэн сэтгэхүй...
...Испаничууд хот дундуураа бухнуудыг сул тавиад, эфиопууд бэлгийн бойжилт нь гүйцээгүй хүүхдүүдийг гэр бүл болгодог,  эмэгтэйчүүд нь хүзүүндээ цагираг зүүдэг ард түмэн байхад Арабт эмэгтэйчүүдийн эрхийг янз бүрээр хааж доромжилдог. Уламжлал гэхдээ хоцрогдчихсон. Удахгүй эдгээр ард түмэн шиг бид олон улсын сувгаар булайгаа чирээд гарч гарч мэдэх юм. НҮБ-аас  хүртэл шаардлага тавьж байсныг бодоход гадны зурагтынхан дараа жилийн наадмаар хүрээд ирж магадгүй юм. Африк болон дэлхийн хоцрогдсон газруудад нэвтрүүлэг бэлддэг үндэстний газар зүйн сувгийнхан дараагийн байндаа биднийг тусгахыг үгүйсгэхгүй...“
...Хүнлэг ёс гэдэг юмыг хүмүүс анзаарахаа болчихсон уламжлал гээд морио уралдуулах ёстой гэхээр үнэндээ гайхах юм. Манай морин уралдаан аль дундад зууны үеийнхээрээ тэр чигтээ өнөөдөр хүрээд ирсэн...” гэх зэргээр өгүүлжээ.
Тэгэхлээр соёл судлалын үүднээс аваад үзвэл “этноцентрист” үндэстэн төвт үзэл хандлагуудын жишээ нэлээд өргөн ашигласан байна. Этноцентрист хандлага гэдэг нь өөрийнхөө соёлыг бусдынхаас дээгүүр тавьж, өөр соёлын доторхи  хүмүүсийн зан байдал, итгэл үнэмшлийг өөрийн соёлын үүднээс үнэлэх хандлагыг хэлдэг. Соёлын судалгааны тодорхой үед бий болж үүрэг гүйцэтгэж байсан ч өнөөгийн судалгааны түвшинд тухайн соёлын мөн чанарыг танин мэдэхэд саад тотгор болох болсон тийм л хандлага гэж ойлгогддог. Тухайлбал, испаничуудын бухтай тулалдах тэмцээн болоод Монголын хурдан морины уралдаан хоёрыг шууд харьцуулах, испани соёлын нүдээр хурдан морины уралдааныг, монгол соёлын нүдээр бухын тулааныг харах нь утгагүй асуудал. Бухын тулааны үүсэл болоод испаничуудын уламжлал соёлын талаарх ойлголт одоогоор надад бүрхэг учраас Монголын хурдан морины уралдааны талаар дараах санаануудыг дэвшүүлэн үргэлжлүүлье.
 Аливаа “соёл бол бүтээгчийнхээ оршин амьдрах утгат чанар” гэдэг үүднээс аваад үзвэл хурдан морины уралдаан бол монголчуудыг даяаршиж буй өнөөгийн дэлхий ертөнцөд монгол гэдгийг харуулах, батлах нэгэн зүйл мөн. Өнөөгийн дэлхий ертөнц, даяаршил гэдэг ойлголт аливаа улс үндэстэн болоод соёлд хөгжлийн хоёрхон хандлагыг тулган хүлээлгэж байгаа гэдэг нь ойлгомжтой болж байна. Энэ нь улс үндэстэн бие даан хөгжих, нөгөө нь улс үндэстнүүд соёлын хувьд ойртох, нэгдэх гэсэн хандлага байгаа. Даяаршилд нэгдэн нийлж, хөл зэрэгцүүлэхийн зэрэгцээ МУ-ын хоёр дахь ерөнхийлөгч Н.Багабандийн хэлснээр “дангааршин” хөгжих асуудал  байх нь зүйн хэрэг бөгөөд үүний нэг илрэл нь хурдан морины уралдаан мөн.
Монголын хурдан морины уралдааны түүхийг судлаачдын үзэж байгаагаар нүүдлийн мал аж ахуй үүссэн үетэй холбон үзэж болох ч өнөөгийн морин уралдаан  ХVII зууны үес хэлбэржин тогтож даншиг наадам, аймаг, хошуу наадам хэмээх тогтолцоонд шилжсэн нь Монгол орон манжийн эрхшээлд орсон үетэй давхцдаг нь санамсаргүй хэрэг биш.  Энэ харийнхны уусгах бодлогын эсрэг хийсэн монголчуудын нэгдэх үзэл санааны илрэл байсан гэдэг хүрээнд ойлгох ёстой. Өнөөдөр ч гэсэн үндэсний соёлын энэ үүргээ хадгалсаар байгаа гэдэгт би итгэдэг.
Африкийн нөхдүүд, бухтай тулалдагчид, Монголын хурдан морины уралдаан олон улсын сувгаар болоод Үндэстний Газар зүйн сувгаар гарахад “булай”-гаа чирсэн хэрэг биш гэж бодогдож байна. Өнөөдөр дэлхий нийт аливаа соёлын мөн чанарыг ойлгож харахдаа үндэстэн төвт үзлийн үүднээс биш “соёлын харьцангуйн үзэл”-ээр харахыг эрмэлздэг болсон. Нэг үгээр хэлбэл нөгөө “булай” гээд байгаа зүйлсийн үнэлэмжийг тухайн соёлын үүднээс тайлбарлах хандлага газар авч байна. Тодруулбал, “булай” зүйлс нь тухайн үндэстний “брэнд” сурталчилгаа болж болох юм гэсэн санаа.
Дараагийн зүйл бол уламжлал нь гээд хүнлэг ёсыг умартаж зугаа цэнгэл хөөж хүүхдийн эрүүл мэндийг золиослож байна гэсэн санаа. Үнэхээр өнөөдөр монголын уяачид, уралдаанч хүүхдийн асуудлаар хүний эрхийн байгууллагатай хамтран ажиллаад шийдэл олж чадахгүй л байгаа асуудал.Уламжлал ба шинэчлэл гэдэг чинь энд л болохгүй байгаа зүйл. Зөв гарц байвал сонгох л хэрэгтэй. Монголын хурдан морины уралдаан бол хурдны гэхээсээ илүү монгол адууны тэсвэр тэвчээрийн уралдаан. Ер нь спортод жингийн харьцаа юм уу, бэрхшээлийг даван туулах чадвар гэдгийг тооцдог гэж би боддог. Жижигхэн монгол морийг жижигхэн монгол хүү унахаас өөр шийдэл байхгүй одоохондоо. Иймдээ л хурдан морины уралдаан “дундад зууны”-хаараа гэгдэж байгаа байх.  
Сэтгүүлчийн бичсэнээр 2013 онд арваад хүүхэд эндэж багаар бодоход 100-гаад хүүхэд гэмтэж... Энэ хаанаас ямар баримтаас авсан тоо вэ? Миний санаж байгаагаар тэр жил тийм бараан мэдээлэл санах нь байтугай “монголчууд бид эзэн Чингис хааныхаа сүр сүлдийг сэргээж 11.000 морьтон жагсаж,4200 гаруй хурдан морио уралдуулж “Дэлхийн дээд амжилт”-ыг хоёр төрлөөр тогтоолоо” хэмээн дэлхийн чихийг дэлдийлгэж байсныг  санаж байна. Нэгхэн жилийн дотор алдрай бяцхан үрсээ арваадаар нь эндүүлж, хэдэн зуугаар нь эрэмдэглээд байх юм бол “хийморийн бэлгэдэл” гэгддэг хурдан морины уралдааныг зохиох шаардлага байна уу. МУ-ын Засгийн  газар болоод холбогдох газар хүргүүлж хориглох хэрэгтэй байх болно биз дээ.
Дээрх нийтлэлүүдийн талаарх өөрийн санаа нийлэх болон нийлэхгүй зүйлийнхээ талаар эргэцүүлэхэд ийм байна. Ер нь Монголын хурдан морины уралдаан түүний үүсэл хөгжил, шинэчлэлийн талаар судлах, бичих, бүтээх үйлсэд нэгэн насны амьдрал, мэргэжил мэдлэгээ зориулсан эрдэмтэн мэргэд цөөнгүй бий. Тэдний бүтээлүүдээс Монголын хурдан морины уралдааны мөн чанарын талаар үзэж, судалбал илүү ойлгомжтой байх биз ээ. 
Энэхүү бичвэрийнхээ эцэст дүгнэлт болгон өгүүлэхэд өнөөдрийн болон ирээдүйн сэтгүүлчид маань Монголын хурдан морины уралдааны талаарх ийм л дүр төрхийг нийгмийн сэтгэл зүйд бий болгож байна. Өсвөр насныхан ч тийм үзлээр хүмүүжиж байна. Үндэсний өв соёл гэдэг үүднээс түүнийг уламжлан тээгчид тодруулбал, мориныхон зугаа цэнгэлд автагдаж, уламжлалаар халхавчилсан зэрлэгүүд болон хувирчээ. Дэлхийд байхгүй зэрлэгшил, зугаа цэнгэл. Хүний наймаа боолчлол гэдгээс өөрцгүй юм болж байна.
Уяачид гэдэг хүүхдийн эрүүл мэндээр тоглогч “гаж нөхдүүд” гэж ойлгогдохоор юм болж байна даа. Энэхүү “зэрлэгшил”-ийн цаана нь олон, олон эерэг өөрчлөлт, хөгжил дэвшил байгааг олж харахыг яагаад хүсэхгүй байна.
Энэ талаар дуугарах эрхтэй, тэргүүн шугаманд байх байгууллага бол ММСУХ мөн. Гэтэл ММСУХ маань нийгэм дэх сөрөг хандлагуудыг анзаарч түүнд хариу үйлдэл зөв мэдээлэл хийхийн оронд дотроо шийдэж чадахгүй “эрлийз, монголын “ гэсэн тулга тойрсон маргаантай  байна. Хэвлэл мэдээллийн салбарт “Сүлд” ТВ шинээр ажиллаж эхэлсэн нь сайшаалтай, харин сэтгүүлийн хувьд “Дэлхийн Морьтон" сэтгүүл эрхлэн гаргаж байгаа нь хүртээмж муутай, зөвхөн холбооны гишүүдэд л хүрдэг бололтой юм.
Миний мэдэхээр үндэсний спорт эрийн гурван наадмыг-ын талаар нийтэлдэг, бичдэг хуруу дарам тоотой сэтгүүлүүд болох  “Тод магнай”, “Ухаантай морь”,“Уяачийн алдар”, www.todmagnai.mn, www.hiimori.mn ,www.aduuch.mn зэрэг сайтууд, хурдан морины өв соёл, түүхийн талаар судалдаг бичдэг цөөхөн судлаачид маань цаашид хүрээгээ тэлж нийгмийн сэтгэл зүйд нөлөөлөх оролдлого хийх үү гэдэг асуудал тулгарч байх шиг байна даа.
Т.Наранхүү

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна