“Уртын” хэмээх Дамдинжав уяачийн тухайд...

Тэлмэн
2015 оны 4-р сарын 13 -нд

Хүлэг, эзэн хоёрын “хүйн холбоо”, хийморь цогцолсон бахдалт наадмуудын  талаар бичиж байхдаа “Уртын” Дамдинжав гэх нэрийг цөөнгүй дуулж байлаа. Ардын дуу болтлоо аялагдсан “Толин хул” буюу хул азарга нь гэхэд л энэ хүний  унаган адуу. Ерөөс Уртын Дамдинжав гэдэг нэр  улсын цол хэргэмтэй зарим нэг уяачдаас илүү танил дотно. Гэхдээ хувь хүнийх нь талаарх мэдээлэл бодож байснаас ч ховор юм.
Ямартаа ч 1932 онд Сүхбаатар аймгийн Асгат сумнаа малчин ард Лувсангийн  зургаа дахь хүү болон мэндэлж, 1936 онд эцэг эхийн хамт Хэнтий аймгийн Баянхутаг сумнаа шилжин ирж суурьшсан тухай дуулж байлаа. Аж амьдрал, ажил төрлийнх нь талаар сураглаваас 1950 онд цэргээс халагдаж ирээд Дорноговь аймгийн Алтанширээ суманд “Барилгачдын төлөө” бригадын дарга, нэгдлийн малчнаар ажиллаж байгаад, 1965 онд Хэнтий аймгийн Баянхутаг сумнаа эргэн ирж, өндөр насны тэтгэвэрт гартлаа ”Тэмцэл” нэгдэлд мал малласан байна. Түүнчлэн 1981 онд мал сүргээ өсгөн үржүүлэх, төл хүлээн авах ажилд амжилт гарган аймгийн хүндэт жуухаар шагнуулж байсан удаатай аж.
Дорноговь аймагт ажиллаж амьдарч байхдаа гэргий Содномпилжээтэйгээ ханилан найман хүүхдийн ижий аав бололцсон бөгөөд эдүгээ ач, зээ нийлсэн 45 хүн “Уртын” хэмээх ургын овогтой гэнэ лээ.
Л.Дамдинжав уяач 1950 оноос хурдан морь уяж эхэлсэн гэдэг агаад хагас зуун жилийн турш уясан хүлгүүд нь түрүү, айрагт багтан түмэн эхээ дуудуулсан нь олонтаа.
Донир адуугаар наадагч буурал уяачийн уясан хүлэг, гаргасан амжилтын талаар ярихын өмнө эхлээд овог нь болсон “Урт” хэмээх нэрийн тухайд, урмыг тэтгэсэн “Донир” угшлын хүлгүүдтэйгээ хэрхэн учирсан талаар товч өгүүлэх нь зүйтэй бизээ.
Донир гэдэг нь бурхны шашины лам хуварга, зүтгэлтнүүдэд хүртээдэг нэгэн зүйл хэргэм агаад өнгөрсөн зууны эхэн үед Хэнтий аймгийн Баянхутаг сумнаа Донир хэргэмт Жамьян хэмээх лам амьдардаг байж. Ном эрдмийн мөр хөөн сахил санваар хүртэн энэ биеийг элээсэн тэрээр насан эцэслэхийн өмнө өөрийн дүү Дэмбэрэл, Норов нартаа эд хөрөнгө, мал хуйгаа өвлүүлэн үлдээсэн байна.
Ах ламын адуу малыг өвлөн авсан Дэмбэрэл нутгийн бүсгүйтэй ханилан, таван охин төрүүлж, гурав дахь охин Норжмоогоо нэг нутгийн Мангал туслагч буюу Магалжавынд  өргүүлжээ. Мангал туслагчийн  улаан азарга нь 1906, 1908, 1909, 1910, 1911 оны Сэцэн ханы наадамд түрүүлж, 1907, 1912 онуудад аман хүзүүдсэн хурдан хүлэг.
Нэг жил Мангал туслагч Донирынхонтой ойролцоо өвөлжиж байхуйд эцэнхий шөвгөр  хүрэн гүүнээс нь эр бор халзан унага гарч, айл саахалтын  улс нь “халзан унагаа хайрла” хэмэн хүсчээ. Туслах дургүй байсан ч “нүүрэндээ үсгүй хүнээ  өгөөд байхад, нүүрэндээ үстэй адгуус харамлахгүй байлгүй дээ” гэх үгийг дуулаад аргагүйд зөвшөөрсөн гэдэг. Тэрхүү бор халзан унага бол  Мангал туслагчийн Аварга улаан азарганы үр байсан юмсанж. Хожмоо бор халзан азарга 1920, 1921, 1922 оны Хан Хэнтий уулын аймгийн наадамд түрүүлж, 1924 онд аман хүзүүдэн солгой Норовын  ”Бор халзан”  хэмээх цуут хурдан хүлэг болсон бол үр Дэмбэрэлийн хүрэн азарга нь 1925,1926, 1928 онуудын Хэнтий аймгийн баяр наадамд түрүүлж, Донирынхны адуу хурдтай гэгдэх болжээ. Чухам энэ цагаас Донир адуу хэмээх нэр томъёо гарчээ.
Донир удмын хурдан хүрэн азаргатай Дэмбэрэлийг хүү “бүлтгэр” хэмээх Лувсандорж нь залган морь уяж, хурд ирлэх болж. Удам дамжсан хурдан хүлгүүдээ аймгийнхаа баяр наадамд айрагдуулж сайн адуутай, шаггүй уяач гэгдэж байсан Лувсандорж өөрийн гэсэн үр хүүхэдгүй нэгэн байж. Тиймдээ  ч Сүхбаатар аймгийн Баруун-Уртаас Баянхутаг суманд  нүүдэллэн ирж суурьшсан Лувсангийнхаас бага хүү Агвандоржийг нь өргөн авчээ. Лувсанг шинэ нутгийнхан нь Баруун-Урт сумаас ирсэн гэдгийг нь тодотгож “Урт” хэмээн дуудсаар сүүлдээ энэ нь хүүхдүүдийнх нь овог шахуу болж  “Уртын” Гонгор, “Уртын” Дамдинжав, “Уртын” Мажиг, “Уртын” Гомбожав  хэмээх болсон байна.
Хэдэн жилийн дараа “бүлтгэр” Лувсандорж, гэргий хоёр нь хэдхэн хоногийн зайтай бурхны оронд одоцгоож, Агвандорж авга эгч /Лувсандоржийн бага  эгч/Цэрэндолгорындоо иржээ.Цэрэндолгор дүүгийнхээ өргөмөл хүүг арав нэлээд гартал нь дэргэдээ байлгаж байгаад хээр халзан азаргатай долоон гүү, арав гаруй адуу гэх зэрэг нэлээдгүй хөрөнгө тасдан том ах Мажигт нь  хүргэж өгчээ. Удалгүй Агвандорж  сургууль соёлын мөр хөөн хот газар бараадан хэдэн адуугаа ах нартаа үлдээжээ. Ийнхүү  Лувсангийн хөвгүүд “Уртын” овогтой Донир удмын адуутай болсон нь энэ билээ.
Сайн хүлэг эзэнтэйгээ ерөөлийн үзүүрт уулздаг гэдэг.Тэр л зөн билгээр Лувсангийн хөвгүүд зуун дамнасан хурдан удмын адуутай болж, Дамдинжав нь Донир угшлын адууны нэрийг өндөрт өргөн монгол даяар таниулсан бизээ.
Л.Дамдинжав уяач анх 1957 онд Алтанширээ сумын баяр наадамд хоёр саарал морио айрагдуулан амжилтаа гараагаа эхэлсэн агаад Дорноговьд амьдарч байх хугацаандаа Иххэт, Алтанширээ сумдын наадмаас хоёр түрүү, 15 айраг хүртсэн байдаг.
 Хэнтий аймагтаа ирсэнээс хойш хоёр жил айраг авч чадалгүй өнжөөд 1967 онд Баянхутаг сумын баяр наадмаас нэг дор дөрвөн айраг хүртэн магнай тэнийж байжээ.Түүнчлэн 1982 онд Галшар сумын Цагаан алтны баярт саарал морио түрүүлгэж, хул соёолонгоо гуравт хурдлуулсан нь  түүний бахархалт наадмуудын нэг. Хойтон жил нь буюу 1983 онд Хэнтий аймаг байгуулагдсаны 59 жилийн ойн баяр наадамд цагаан морио түрүүлгэж, хээр халзан азаргаа айргийн гуравт хурдлуулсан бол 1987 онд Толин хул азаргаа дааганд нь аймгийн наадамд айргийн тавд давхиулж байжээ. Донир угшлыг нэрийг өргөгч та бидний бахархалт хүлэг унаган эзэн дээрээ уягдаж ийн амжилтын гараагаа эхэлсэн бөгөөд 1993 онд аймгийнхаа 70 жилийн ойгоор айргийн дөрөвт хурдалж байсан юм.
Л.Дамдинжав уяач 1995 онд улсын төрийн наадмыг зорин очиж шарга даагаа есөд давхиулж байсан  бөгөөд 1997 онд Хардэл жанжин бэйс Пүрэвжавын нэрэмжит зүүн бүсийн наадамд хүрэн морио айргийн тавд хурдлуулан анхны “Их хурд”-ын урилга өвөртөлж байжээ.
Адуу сэтгэлээ зориулсан нэгний магнайг тэнийлгэдэг ачтан.Л.Дамдинжав уяач 2001 онд улсын наадмыг зорин очиж  АХ-ын 80 жилийн ойд унаган хонгор шүдлэнгээ айргийн гуравт хурдлуулан, төрийн хишиг хүртэн хөөрч байсан удаатай. Буурал уяачийн ирлэсэн хул хязаалан 2003 онд Сүбаатар аймгийн 60 жилийн ойн баяр наадамд 812 хурдан хүлгээс 12-т хурдлан ирж Донир адууны чансааг дахин баталсан билээ.
Буурал уяачийн хагас зуун жилийн хөдөлмөрийг үнэлэн 2000 онд аймгийн Алдарт уяач  цолыг хүртээсэн бөгөөд 2002 онд Монголын морин спорт уяачдын холбооны  хүндэт өргөмжлөлийг гардуулжээ.
Өдгөө Уртын Дамдинжавын үргэлжлэл болон үр хүүхэд, ач зээ нар нь уяа эвлүүлж буй бөгөөд хүргэн Ч.Батгүн, Д.Очиржав нар нь аймгийн Алдарт уяач цол хүртжээ.

 А.Тэлмэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна