Г.Батсайхан: Бие нь сульдаж, энерги нь унасан хүмүүсийг адууны дэргэд хэсэг байлгахад эрс өөр болдог

А.Тэлмэн
2015 оны 4-р сарын 13 -нд

“Хийморилог зочин” булангийн энэ удаагийн дугаарт Завхан аймгийн Яруу сумын уугуул, Орхон-Уул аймгийн Баян-Өндөр сумын харьяат, “Хүй мандал” галын гишүүн, нийслэлийн Алдарт уяач Гэндэнжавын Батсайхан уригдан оролцож байна. Сүүлийн жилүүдэд амжилттай наадан бүсийн наадмаас нэг түрүү, хоёр  айраг хүртээд буй түүнтэй нийслэлд ирээд байхад нь уулзаж, сонирхолтой ярилцлагыг өрнүүллээ. 
-Сүүлийн жилүүдэд одтой сайхан наадаж буй. Өнгөрсөн жил гэхэд л төвийн бүсийн уралдаанд хээр даага айрагдуулсан байхаа?

-Тиймээ.Дундговь аймагт болсон төвийн бүсийн уралдааны эрлийз бага насны ангилалд хээр даага айргийн таваар давхисан. Хээр даага улсад халтар азарга айрагдуулдаг Махвалын Англи халтар азарганы төл байгаа юм. Одоо  удахгүй болох 500 долларын бооцоот шүдлэнгийн уралдаанд бэлтгэгдэж байна.
-Шинэ цагийн адуу олонтой юу?
-Цаг үеийн байдал шинэ цагийн адуутай болохыг шаардаж байна шүү дээ. Би нэг Англи хар азаргатай. Энэ хавраас гүү хураана. Мөн Содномцог Тод манлайгаас нэг даага авснаа 1000 долларын бооцоот “Ирээдүйн түмэн эх” уралдаанд уралдуулахаар бэлтгэж байна. Энэ жил уламжлалт дааганы уралдааныг манай гал зохион байгуулж байгаа. Машиныг нь  хүртэл авчихсан.
-Нээрэн түрүү дааганы бай гэсэн жийпийг харсан юм байна шүү. Ингэхэд та чинь “Хүй мандал” галын гишүүн билүү?
-Тиймээ. Эхэн үедээ өөрөө  уядаг байсан ч сүүлийн үед ажил ихтэй болохоор амжихаа байсан. Дөрвөн жилийн өмнө “Хүй мандал” галын гишүүн болсон. Миний морьдыг Ихбаярын морийг унадаг байсан Баянзул гээд  залуу уядаг. Мориныхон Шөмбөөн гэхээр андахгүй дээ. Ихбаяр зөвлөж, Баянзул гардан уядаг.
-Сүүлийн жилүүдэд амжилт арвин сайхан наадаж байгаа. “Хүй мандал”-ыг яагаад сонгосон юм бэ?
-Баянзулын аав нь надаар эмчлүүлсэн юм. Тэгсэн хүү нь манай адууг харчихаад “ийм их сайхан адуутай байж та яагаад морь уядаггүй юм бэ” гэж асуусан. Тэгэхээр нь “уях хүн байвал уралдмаар л байх юм “ гэж хариулсан юм. Тэгсэн чинь Баянзул “багш аа, би уяя” гэсэн. Ингэж л энэ галын гишүүн болсон доо. “Хүйн мандал” галд орсон цагаас эхлээд миний морьд амжилттай давхиж байгаа. 2012 онд Дундговь аймагт болсон говийн бүсийн уралдаанд бор соёолон маань түрүүлж, 2013 онд Завханд болсон баруун бүсийн уралдаанд хүрэн соёолон дөрвөөр давхисан. Би чинь уг нь Завхан аймгийн Яруу сумын хүн шүү дээ. Өөрийн болон өвөг дээдсийнхээ нутагт хүндэтгэл үзүүлэх зүйтэй хэмээн санаж 90 жилийн ойдоо хэд хэдэн насны морьтой очсон. Соёолон айрагдаад, алаг хязаалан тархинд уралдаж байгаад арван хэдээр орсон.
-Засгийн газрын тогтоолт бүсийн наадмуудад түрүүлж, айрагдсан хурдан хүлгүүдийнхээ удам угшлыг танилцуулаач?
-Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын уугуул Мижээ гэдэг хүний адуунууд. Ач хүүгээ эмчлүүлээд талархсанаа илэрхийлж дөрвөн адуу бэлэглэсэн юм. Улсын наадамд наймаар давхиад, Завханы бүсэд дөрвөлсөн гархин хүрэн үрээ нь тэдний адуу,  Дундговьд түрүүлсэн бор морь нь Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Аюуш гэж хүний адуу. Өвчин зовлонгоосоо ангижирсан олон хүн баярласан сэтгэлээ илэрхийлж, адуу бэлэглэж байсан. Би ихэнхийг нь эзэд дээр нь орхидог. Харин яагаад Мижээ гэж хүний бэлэглэсэн адууг авсан бэ гэхээр тэр хүнийг баярлуулъя л гэж бодсон юм. Тэр хүн ганц сайхан хүүтэй байгаад алдчихсан юм билээ. Тэр хүүгийнх нь ганц хүү нь хоолой нь давчдаж орилоод уначихдаг хүүхэд байсан юм. Тэгээд надаар эмчлүүлээд эдгэрсэн. Үхсэнээс үлдсэн ганц ачийг минь эрүүл саруул болголоо хэмээн баярласнаа илэрхийлж, дөрвөн адуу надад бэлэглэсэн юм. Олон сайхан хурдан адуутай ч өөрөө уяж чадахаа байсан. Мэдээж хүү нь байсан бол уяад нэрийг нь гаргах байсан шүү дээ. Тэгээд тэр сайхан буурлын сэтгэлийн бэлгийг хүлээн авч, хүүгийнх нь оронд нэрийг нь гаргачих юмсан гэсэн бодлын үүднээс бэлгийг нь авсан. Түүндээ ч хүрсэн гэж боддог. Мижээ гуайн адуу арга байхгүй хурдан. Захаас нь аваад уяхад л ингэж хурдалж байгаа юм.
-Би эрт үеийн уяач гэж байсан. Ер нь хэзээнээс хурдан морь сонирхон уях болсон юм бэ?
-1989 оны сүүл үеэс гэх үү дээ. ММСУХ-г үүсгэн байгуулагч Пунцагбалжир агсныг дагаж морь сонирхсон хэдэн залуусын нэг нь би л дээ. Одоо энэ Тод манлай Батхүү бид нэг үеийн уяачид. 1990-ээд оны үеэс морь мал сонирхон цуглуулж, энд тэнд бага шиг наадмуудад уралдуулж байлаа. Нэг үе ажлын байдлаас болоод завсарласан тал бий. Миний адууны суурь манай буурал аавын адуу болдог юм. Буурал аавын адуу гэдэг нь Тэсийн угшлын адуу. Завханы Тэсийн улаан гэж хүрэн улаан зүсмийн адуу байсан. Түүний дээд удмыг хөөвөл Сүхбаатар гаралтай болдог. Манай буурал аавын дүү Сүхбаатар аймагт цэргийн алба хааж байгаад буцахдаа тэндээс хоёр үрээ аваачсан нь сая ярьсан хүрэн улаан зүсмийн хурдан адууны суурь болсон юм гэнэ лээ. Намайг хүүхэд байхад тэр адууны угшил гээд Их дэлт улаан гэж хурдан бор азарга байсан. Өвөө маань бурхны оронд одохдоо хамгийн том хүүдээ надад өгөх адуугаа үлдээсэн байсныг би хожим очиж авчирсан. 20-иод тооны сайхан адуу ирж байлаа. Түүн дээр нь талийгч Пунцагбалжир агсныг дагаж ийшээ тийшээ явахдаа олон газраас хурд авч нийлүүлсэн дээ.
-Хаа хаанаас адуу авч байхав?
-Багануур, Төв аймгийн Мөнгөнморьт, Хэнтийн Галшар, Сүхбаатарын Мөнххаан гээд олон газраас авсан. Гэхдээ би улаан азаргаа онцолж яримаар байна. Ховорхон заяах хурдан буян байсан юм.
-Цуут хүлгийн аатай түүх сонсохоос татгалзахгүй шүү?
-Хүмүүс морь хол түрүүлсэн гэж ярьдаг. Гэхдээ би өнөөдрийг болтол улаан азарга шигээ хол түрүүлсэн адууг мэдэхгүй. Би  1999 онд эцэг тал нь Хэнтийн Батширээтийн Цэвээндорж гэж буриад өвгөний адууны угшилтай, эх тал нь Сүхбаатарын чигийн угшилтай улаан үрээ авч, 2002 онд хавчиг азарга Багануурт анх уралдуулсан юм. Морь барианы газар нь уурхайн хар шорооноосоо гурав орчим км зайтай. Тэгэхэд миний улаан азарга дараагийн адуу нь хар шорооны үзүүрт гарч ирээгүй байхад барианд орчихсон байсан. Тухайн үед би талийгч Одсүрэн начинтай хамт зогсч байсан юм. Азаргаа тэгээд давхиад ирэхээр нь “буцаад зугтаад ирж” гэж бодоод их ичсэн. Тэгсэн Одсүрэн ах “яалаа гэж дээ хүү минь, азарга чинь түрүүлээд ирлээ” гэж тайтгаруулж байсан юм. Тэгээд очоод азарганыхаа хөлсийг хусчихаад зогсож байхад аман хүзүүний азарга орж ирсэн. Сонирхолтой нь аман хүзүүддэг халтар азарга миний улаан азарганы эзний адуу. Өөрөөр хэлбэл, нэг айлын хоёр азарга дараагаараа орсон. Тэр үед Цэвээндорж гуай “ах нь барьж хөөгөөд ч дийлсэнгүй, тавьж хөөгөөд ч дийлсэнгүй. Чамд арай мууг нь өгөх гээд аль сайныг нь өгчихсөн юм шиг байна” гэж хэлээд бид инээлдэж байсан юм. Тэрнээс хойш бор азарга маань хэд хэдэн удаа тэгж тасархай хол түрүүлсэн. Харамсалтай нь улс, бүсийн наадамд айхтар уралдуулж чадаагүй ээ. 2004 онд улсад наймалдаг нь миний алдаанаас болсон юм. Яасан гэхээр уралдахынх нь урьд орой  би очоод “ажил нь дутуу байна” гэж өөрөө хөлслөх гэж авч яваад болохоо байлгачихсан. Уг нь тэр жил Батчулуун Манлай уяад их сайхан болгочихсон байсан юм. Наадмын өмнөх бүх сунгаан дээр их хол түрүүлсэн. Би тэгж буруутгаагүй бол гарцаагүй түрүүлэхээр байсан гэж олон хүн хэлдэг юм. Манлай Батчулуун ч нэг ярилцлаган дээрээ “Би хоёр, гуравхан хурдан адуутай таарсан. Тэрний нэг нь Батсайханы улаан азарга байсан” гэж байна лээ. Бас нэг удаа надад “Чиний улаан азарган дээр мордсон хүн буухдаа залбирч бууна шүү” гэж байсан. Бор азарга онцгой хурдан үнэхээр ховорхон тохиох адуу байсан л даа. Хэдэн ч азарга уралдсан байсан 200, 300 метр болоод л зайлчихлаг. Тэгээд тэр чигээрээ холдсоор яваад ороод ирдэг.
-Уяач хүн наадмаас наадмын хооронд суралцдаг гэдэг шүү дээ. 2004 он танд их сургамж болоо байлгүй?
-Тэгэлгүй яахав. 2004 онд барианы доохно талд үзэгчдийн үзүүр дээр улаан азарга дөрөв дээр, шарга азарга зургаад явж байдаг. Тэгж байснаа суугаад хойшилсоор 14-рүү орчихоор нь би наанаас нь дуугарсан юм. Тэгсэн миний дууг сонсоод тэрүүхэн зайд хөдлөхөд барианд наймаар орж ирсэн. Ахиад нэг км зай байсан бол түрүүлчих байсан байх. Би ер нь олон түрүүг нь өөрийн муугаасаа болоод хасчихсан хүн дээ.
-Дахин улсад ирж уралдаагүй юм уу?
-Арван настайдаа азарганд бариулаад шархаа даалгүй эндчихсэн юм. Одоо үр төлүүд нь залгаад сайхан давхиж байна. Их олон уралддаг байсан учраас дөрөв, тавхан гүү хураалгадаг, тэднээс нь голдуу охин төл гарсан. Одоо охин төлийнх нь төлүүд түрүүчээсээ хурдалж байна.
-Олон газраас хурд цуглуулсан гэсэн. Улаан азарганаас гадна ямар, ямар хурдан буянгууд байв?
-Монгол хээрийн эзэн Пүрэвдорж уяач надаар эмчлүүлээд нэг адуу бэлэглэсэн юм. Мөн Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Равжир гэж хүнээс хар азарга авч байлаа. Энэ мэтчилэн яривал олон л доо. Хурд сонирхож цуглуулаад бас ч  нэлээдгүй хугацаа өнгөрч. Адуу маань өсөөд 700 гаруй болсон. Одоо бол энд тэндээс адуу мал авалгүй өөрийнхөө хэдээс уяж сойё гэсэн бодолтой байна. Анхнаасаа  адуу сонирхохдоо хэдэн жилийн дараа өөрийн гэсэн бэсрэг угшил бий болгож, унаган адуугаараа наадна даа хэмээн зорьж байлаа. Хөвгүүд маань бас моринд дуртай. Түүнийг нь дэмжээд нэг, нэг азарга адуу өгсөн. Орхон хавиар нутаглуулаад, өнгөрсөн жил Булган хавиар наадаж хэд хэдэн айраг,түрүү авсан байна лээ.
-Хурдан морь сонирхдог залуус олон болж. Уяачдын нас ч залуужиж байх шиг санагддаг шүү?
-Монгол хүнийг эрийн гурван наадам, морьгүйгээр төсөөлөх үндэс байхгүй. Нарийн яривал эрийн гурван наадам гурвуулаа морьтой холбогддог. Жишээлбэл, монголчууд л мориныхоо давхиан дунд сумаа харвадаг. Чухам тиймдээ ч дэлхийн талыг эзэлж  байж. Бөх гэхэд даага, шүдлэн чихдэж үзээгүй эр барилдахын тухайд ярихын ч хэрэггүй. Адуутай ноцолдож байж эр бие нь чангардаг байж. Ингээд бодохоор ер нь явж явж түүх, өв соёлоо авч үлдэж буй хүмүүс бол морьтонгууд юм. Би өөрөө эрүүл мэндийн чиглэлээр ажилладаг  хүн. Яг үнэндээ мориноос унаад бэртсэн хүүхэд цөөн. Харин явган явж  байгаад халтирч унаад бэртэж байгаа нь олон байна. Энэ бидний амьсгалж буй агаар, ууж буй ус, идэж буй хүнстэй холбоотой. Монголчууд эрт дээр үеэс “дааганаас унаж үхэхгүй, дарвагараас болж үхдэг” хэмээн сургасаар ирсэн нь угтаа монгол хүн мориноос унаад тэр бүр бэртэхгүй гэсэн санаа юм. Манай аав жолооч хүн. Би айлын ганц хүү. Тийм болохоор аав намайг морь мал унуулах дургүй. Буурал аавыг намайг хөдөө авч явлаа гэж дургүйлхдэг байсан. Тэгэхэд буурал аавын хэлсэн “Миний адуу хүүхэд дайрч унагаана гэж байхгүй, харин чи тэр машин тэргэн дээрээсээ хүүхэд унагаагаад алчих вий” гэсэн үг одоо хүртэл миний чихэнд хадаастай байдаг. Ном судар эргүүлж байхад ч тэр “Адуутай хүн хийморийн сан уншуулаад хэрэггүй” гэсэн үг байдаг. Тэгээд ч ихэнх бурхдын хөлөг нь морь байдаг шүү дээ. Бурхан хүртэл хөлөглөдөг морьтой ойр яваа хүнд муу муухай зүйл тохиолдохгүй хэмээн ойлгож болохоор. Тэгээд ч Ялгуусан гэгээнтэн нэгэнтээ “Салхинд үл гүйцэгдэгч түмэн язгуурт адгуус, санаа нь үл гүйцэгдэх түүний эзэн хүн” хэмээсэн байдаг шүү дээ.
-Нэгэн цагт хамт морь уяж эхэлсэн найз тань Тод манлай уяач болж. Улс, бүсийн наадамд ирж уралдаж байсан биз дээ?
-Ер нь долоон жил улсын наадамд яваагүй. Би анхнаасаа морийг түрүүлгэж, айрагдуулахын тухайд шимтэж уяагүй хүн байгаа юм. Морио уралдуулж, ард түмнээ цэнгүүлэх нь гол зорилго. Тиймдээ ч би азарганыхаа эзэнд нэлээд олон түрүү, айргийг нь өгсөн. Надад морин толгойтой малгай өмсөх эрхэм байдаггүй. Миний хувьд морь мал маань өсч, адууны маань чанар сайжирч,том бага гэлгүй наадамд хүүхэд, морь мэнд сайхан наадаад ирэх нь чухал. Би түрүүн хэлсэн, эрүүл мэндийн чиглэлээр ажилладаг гэж. Миний ажил зав чөлөө муутай. Хавдар, хавдар төст өвчинтэй тэмцэж, сүүлийн долоо, найман жил өдөр шөнөгүй л ажиллалаа. Яавал энэ хүнийг өвчнөөс нь салгачихав, яавал хэдэн хоног илүү наслуулахав гэдэг миний гол зорилго болоод байна. Би зарим шөнө хоёр цаг, зарим шөнө 20-хон минут унтдаг. Тэгээд хүний амьтай тэмцсэн их ачаалал, ядаргаагаа тайлж адуун дээрээ очиж хэсэг боловч бүхнээ умартдаг юм.
-Адуу амьд энергитэй хэмээн уяачид ярьдаг. Зарим нэг улс орнууд адууны энергийг эмчилгээний арга болгон ашиглах нь ч байдаг юм билээ?
-Би яг одоо наадахыг чинь туршиж байна. Бие нь их сульдсан, биеийн энерги нь унасан хүмүүсийг адуун дээрээ аваачиж хэсэг байлгаж байгаад эргүүлээд авчрахад шал өөр болсон байдаг. Адууны  энерги буюу долгионы үелзлээс гадна далд ухамсрын солилцоо тэнд явагддаг гэж би боддог. Өөрөөр хэлбэл, адууны уураг тархины бичээс хүнд нөлөөлж, эерэг энергийг цацруулж байдаг. Би нэг зүйлийг байнга хэлдэг юм. Адуу бол асар ухаантай амьтан гэж. Танд би хэд хэдэн энгийн жишээ хэлье л дээ.
Эхийнхээ гэдсэнд зарагдсан унага эргээд нутаг руугаа гүйдэг. Хэзээ ч хараагүй нутаг руугаа хэдэн зуун км зам туулан гүйгээд ирсэн байдаг. Энэ нь адуу эхийн хэвлийд бүрэлдэх үеэс далд ухамсар  сууж, тэр нь түүнийг насан туршид удирдаж байдаг. Одоо л шинжлэх ухаан тэрхүү далд ухамсрыг хүлээн зөвшөөрч судалж байна шүү дээ. Уураг тархи, ухамсар тийм эрт бүрэлддэг учраас би адууг их ухаантай амьтан гээд байгаа юм. Жишээлбэл, би адуунуудтайгаа ярьдаг. Улаан азаргатайгаа байнга ярьдаг байсан. Анх тэр хол түрүүлэхэд нь “Чи үнэхээр хурдан адуу. Чамайг гүйцэх бараг машин ч олдохгүй” гэж хэлээд мордуулсан. Улаан азарга түүнийгээ баталсан. Түүнээс хойш улаан азарга уралдах болгондоо түрүүлж, түрүүлж ирчихээд намайг толгойгоороо  нударч, хошуугаараа өлгөж шидчих нь холгүй байдаг байсан. Нэг би удаа ажлыг нь буруутгаад гурваар давхиулчихсан чинь доошоо тонгойчихоод миний нүүр лүү хардаггүй. “Чиний буруу байхгүй ээ” гэж хэлсэн ч тэр өдөртөө тайвшраагүй. Зарим нь намайг солиотой л гэдэг байх. Гэхдээ тэр нь надад чухал биш. Миний тэр улаан азарганы төл нэг бор азарга надад одоо бий. Унаган цагаас нь авахуулаад нэг адуучин дээр л байлгасан. Соёолон азарга сургах гэсэн чинь дийлдэггүй. Хазаарлаж ногтлох хүн ч олддоггүй. Тэгэхээр нь би очоод уургалаадахсан чинь зүгээр хазаарлуулсан. Түүнийг нь би юу гэж ойлгосон бэ гэхээр далд ухамсрын холбоосоороо “миний эзэн” гэдгийг мэдэрч байна л гэж ойлгосон. Адуу ухаантай гэдгийг харуулсан дахиад нэг түүх яръя л даа. Би нэг удаа адууны оторт явж байгаад шөнө ажиглаж суусан халтар азарга маань гэнэт л гүүнүүдээ хөөгөөд унагануудаа ч хөөгөөд л бөөн юм боллоо. Мориноосоо буучихаад галзуурчихаагүй байгаа даа гээд хараад байсан. Тэгсэн хөөсөөр  байгаад унагануудаа бөөгнүүлж, гүүнүүдээрээ тойруулаад, тэгэнгүүтээ морьдоо хөөж ирээд гадуур нь тойруулчихдаг юм. Тэгээд л өөрөө гадуур нь тойрч пижигнээд сүйд. Сайн харсан чинь дөрвөн чоно ойрхон ирчихсэн байсан. Түүнийг нь мэдчихээд тийм айхтар зохион байгуулалт хийж байна шүү дээ. Тэрийг нь ойлгочихоод “яадаг юм байна, харъя” гэж бодоод чимээгүй ажиглаад байлаа. Тэгсэн чоно дайрахаар азарга чинь дэлээ өгч байгаад, дэлээ дагуулж эргүүлж байгаад өшиглөдөг юм билээ. Тэгээд ноцолдож байсан миний нэг хурдан хонгор морь азаргандаа туслах санаатай юм шиг байгаа юм. Адуун дундаас ухасхийсэн чинь нөгөө азарга чинь хонгор морио хазаж хөөгөөд эгнээ рүү нь аваачаад хийчихлээ. Ингээд тэмцэл ширүүсэх хандлагатай болохоор нь би арга хэмжээ авч зогсоосон л доо. Сүүлд морьд нь туслах гэхээр яагаад эргээд оруулчихав гээд бодоод байсан тэр морины сиймхийгээр нэг зай гарна, түүгээр нь чоно төлд ч юм уу, эхэд нь хүрч болзошгүй байх нь. Адуу бол ийм л ухаантай амьтан. 
-Төлөг тавьдаг гэсэн. Наадмын дүр зураг урьдчилан харагдах уу?
-Мэдье гэвэл мэдэж болно. Тэгэхдээ би шашин холбогдуулмааргүй санагддаг. Яагаад гэвэл тэр чинь түмэн олны хөдөлмөр. Хүн болгон л өөрийнхөө аз хийморийг, адууныхаа чанар чансааг үзэх гэж газрын хол, усны уртаас зорин ирж байна шүү дээ. Тэгэхээр шударга хандах хэрэгтэй. Цэрмаа эгч бид олон жилийн өмнөөс нөхөрлөж байгаа. Бат-Эрдэнийн хүрэн морийг мордохын өмнө Цэрмаа эгч над дээр ирдэг юм. Тэгэхээр нь би “за давгүй дээ” гэдэг. Болчихно доо л гэсэн үг л дээ. Харин Гиннесийн 4249  морины уралдааны өмнө би нэг үг хэлсэн юм. “За Цэрмаа эгчээ, та жаахан хүлээж бай, манай гал өнөөдөр ямар ч байсан нэг түрүү авах байлгүй дээ” гэж. Тэгээд Ихбаярт “гурван чулуу өргөчих. Энхтайваны хонгор халзан морь үнэхээрийн сайхан байгаа юм байна. Эр хүний аз хийморь түшиг дээ” гэж хэлсэн. Тэгсэн Цэрмаа эгч би яах юм бэ гэхээр нь “та дараагийнхад нь болно биз дээ” гэсэн. Их хурдад би өөрөө очоогүй. Тэгсэн нэг хүн над руу залгаад “хүрэн морь 50-иадаар явж байна” гэсэн. Тэгэхээр нь би “за яахав, яахав ирдэгтээ л ирнэ” гэсэн юм. Тэгээд тэр ёсоор болсоон. Зарим үед хэлж болох ч хэлэхгүй байх нь дээр байдаг юм.
-Хүрэн морь дахин түрүүлэх болов уу?
-Би түрүүлээсэй гэж боддог. Ер нь түрүүлэх ч байх.
-Та ингэхэд хэдий үеэс эрүүл мэндийн чиглэлээр  ажиллаж байгаа юм бэ. Энэ чиглэлийн мэргэжлийн хүн үү? 
-Миний үндсэн мэргэжил эдийн засагч. Гэхдээ зовсон зүдэрсэн нэгэнд чадах ядахаараа тусалдаг болсоор хориод жил болчихож. Би багадаа өнчирч, эцэг эхдээ ачлал үзүүлж чадаагүй хүн. Түүнийгээ бусдад  үзүүлэх юмсан гэсэн бодлоор өнөөдрийг хүртэл зүтгэж ирлээ. Миний төрсөн нутаг Завхан аймгаас Монгол улсын тамгатай 16 хутагт хувилгаадын 13 нь тодорсон байдаг. Намайг дөрвөн настай байхад нэг хүний хойд дүр хэмээн тодруулж байсан юм гэнэ лээ. Цаг үе нь хаалттай байсан болохоор олонд дэлгэлгүй нууцалж үлдээсэн гэдэг. Хамгийн гол нь тэр олон сайхан хүмүүсийн эрдэм ухаан увдисаас жаахан ч гэсэн аваад үлдсэн бол түүнийгээ түмэн олны тусын тулд зориулъя гэж боддог.
-Өнгөрсөн 20 жилийн хугацаанд олон хүнд тусалсан уу?
-800 гаруй мянган хүн үзүүлж, 300 гаруй мянган хүн эмчлүүлсэн байна лээ. Тэдний эдгэрэлт 86 хувьтай байна гэсэн судалгааг манайхан гаргасан байна лээ. Эрдэнэт болон Улаанбаатар хотод эмнэлэгтэй.
-Бидний урилгыг хүлээн авч “Хийморилог  зочин” буланд маань саатсан танд баярлалаа.
-Та бүхэнд ч гэсэн баярлалаа. Би хувьдаа “Тод магнай” сэтгүүлийг улам бүр дэвжин дээшилж, Монголын морины их хөлгөн судар болоосой хэмээн хүсч явдаг. Монголынхоо өв соёлыг түгээх их үйлсэд тань амжилт хүсье.
-Баярлалаа. Ерөөл бат оршиг. 
А.Тэлмэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна