Хурдан морины хөлний өвчнийг мэс заслын аргаар эмчилсэн нь

А.Тэлмэн
2015 оны 3-р сарын 27 -нд

Манай эрдэмтэд, судлаачид хурдан морины эмгэгүүд, тэдгээрийг оношлох, эмчлэх, сэргийлэх талаар шинжлэх ухааны үндэслэлтэй судалгааны ажлууд багагүй хийсэн байна. Бид хурдан морийг сойх, уралдуулах болон уралдааны дараах үеүдэд гарч байгаа хөлний бэртэл гэмтлийн талаар энэ сэтгүүлээр дамжуулан урьд нь мэдээлэл өгсөн.  Одоо хурдан морины гэмтлүүдээс илүү их тохиолдож буй нэгэн эмгэгийг мэс заслаар эмчилснээ малын эмч та бүхний сонорт хүргэж мэдлэгт чинь бага ч болов нэмэр болоосой гэж бодож бичлээ.
Бид  найман настай хүрэн халзан моринд энэхүү ажилбарыг хийсэн юм. Энэ морь бол суманд хоёр айрагдсан. Анх хязаалан үрээ байхдаа зөв талын урд хөлөнд бэртэл авч бороолсон байсан. 2013 онд буруу талын урд хөл гэмтэж үрэвслийн шүүдэс хуримтлагдсан байсан. Энэ өвөл уягдаж байгаад зөв талын урд хөлний шөрмөсний дугтуй гэмтэж тэнд шөрмөсөн бороо үүссэн байсан.
Урьд нь хэрэглэж байсан эмчилгээ
Артизон, артидаин тариаг хэрэглэж байсан. Мөн сиймхийн тус газар хануур хатгуур хийж , кампортай тос, DMSO түрхлэгийг артидиан тариатай мөн хавсарган хэрэглэж байсан. Энэхүү моринд гуравдугаар сарын 14-нд МЭБС дээр мэс ажилбар хийсэн.
Адууны хөлөнд мэс ажилбар хийх техник
Ажилбарын талбайд механик цэвэрлэгээ хийж дараа нь 70 хувийн спиртээр арчиж, иодын 5 хувийн уусмалыг түрхэж ариутгаад мэс заслын тусгаарлагч даавуугаар хөлний сиймхийн тус газрыг тусгаарлав. Дараа нь зүсэлт хийхдээ эхлээд арьс болон арьсан доорх эслэг зүсэв. Энэ үед зарим хялгасан судас тасарч цус шүүрсэн тул тухай бүрд нь цус тогтоох арга хэмжээ авч байлаа. Мөн шөрмөс ,шөрмөсний дугтуйтай наалдсан хэсгийг мохоо аргаар салган тэнд үүссэн мөхлөгт эдийг салгаж  авсан.
Ажилбар хийсний дараа хальсан давхарга,  арьсан доорх эслэгт уусдаг /Catgut plain№2 /утсаар зангилаат оёдол тавьж, уусдаггүй утсаар /Этилон №1/ арьсыг оёв. Оёдол тавьсны дараа аламицин Ла аэрозол цацсан. Дараа нь оёдол тавьсан хэсгийг сайтар шалган хамгаалах боолт буюу дулаалах боолт тавьж гадна талаар нь уян боолт хийж байсан.
Хурдан моринд тохиолдож байгаа хөлний өвчнийг уяачид зөв зохистой таньж, иж бүрэн эмчлэж эдгээж чадахгүйгээс гадна малын эмч нарт хожимдож үзүүлснээс өвчин архагшиж морь хөлгүй болох ч тохиолдол байна.
Урд хөлний шөрмөсний суналт, хагас тасралт нь дээр, доор хаана ч байж болох боловч ихэвчлэн сагагны үений дээхнүүр элбэг тохиолдож байна. Тухайн хэсэгт хурц үрэвсэл явагдсанаас фибринээр баялаг цусархаг шар усан шүүдэс хуралдаж, хавагнан томордог. Үүнд зохих эмчилгээг цаг алдалгүй хийхгүй бол шүүдэсний доторх фибрины уургаас холбогч эд үүсгэж сорвижин бэрсүүтэх  ба энэ хэсэгт шөрмөсний агших сунах чадвар алдагддаг.
Бид голхио самарснаас шөрмөсөнд холбогч эд үүсэж сорвижин хатуурсан дээрх адууны хөлөнд мэс засал хийж бэрсүүтсэн холбогч эдийг авсан юм.
Доктор  С.Бямбацогт
Магистрант Б.Дорж

 

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна