Аймгийн Алдарт уяач С.Энхтөр: 2019 оны даншигт унаган хүлгээ түрүүлгэж, айрагдуулах том зорилт тавиад байгаа

А.Тэлмэн
2015 оны 3-р сарын 13 -нд

Баянхонгор аймгийн Баацагаан сумын уугуул, аймгийн Алдарт уяач С.Энхтөрийн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна. Тэрээр сумынхаа түүхт 90 жилийн ойд одтой сайхан наадаж, хоёр түрүү, гурван айраг хүртсэнээс гадна Засгийн газрын тогтоолт говийн бүсийн уралдаанд хязаалан түрүүлгэсэн хийморилог уяач юм.

-Түүхт ойн баяр наадамд амжилт арвинтай сайхан нааджээ. Баяр  хүргэе?
-Баярлалаа. Баацагаан сумын маань түүхт  90 жилийн ой “Баянхонгор аймгийн төвийн бүсийн хурд” уралдаантай давхцан олон газрын хурд чуулсан өргөн дэлгэр сайхан наадам боллоо. Энэ наадамд би таван адуу уралдуулж хоёр түрүү, гурван айраг хүртэн амжилттай сайхан наадсан.
-Ямар  насны морьд түрүүлгэж, айрагдуулсан бэ?
-Нэг шүдлэн түрүүлж, нөгөө нь гурваар давхиад, хязаалан үрээ нэг нь түрүүлж, нөгөө нь аман хүзүүдэн, азарга таваар давхилаа. Сумынхаа баяр наадмын дараа Ламын Гэгээн Лувсанданзанжанцаны мэлмий гийсний 375 жилийн ой говийн бүсийн уралдаанд Дэгдээхэй хээрийгээ түрүүлгэж, 2014 оны амжилтаараа аймгийнхаа шилдгийн шилдэг уяачаар шалгарсан.
-Морин жил танд хайр хишгээ харамгүй хайрлажээ дээ?
-Тиймээ. Миний Дэгдээхэй хээр Баянхонгор аймагтаа дааган цагаасаа түрүүлж, айрагдаж  байгаа хурдан хүлэг. Энэ хавийнхан андахгүй дээ.
-Хээр үрээ хаанахын адуу вэ?
-Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын харьяат “гэзэг” хэмээх Баяраагийн адуу. Эхийнхээ хээлэнд ирсэн унага. Дааган цагаасаа эхлэн уягдаж, аймаг сумын наадамд тав түрүүлж нэг айрагдаад байгаа.Нэг айраг нь аман хүзүү. Хоёроос хойшоо давхиж үзээгүй адуу даа. 
-Хаанахын наадамд  аман хүзүүдсэн юм бэ?
-Ховд аймгийн Дарви суманд болсон МУ-ын Манлай уяач Мөнхтөрийн мялаалга наадамд даагандаа аман хүзүүдсэн. Энэ жил сум, аймагтаа түрүүлээд Манлай уяач Д.Хишигжаргалын Манлай цолны мялаалга наадамд дан улс, бүсэд айрагдсан адуунуудтай уралдаж түрүүлсэн.
-Дэгдээхэй хээр танд төрийн зарлигт наадмын хишгийг авчирсан уу?
-Тиймээ, улс, бүсийн чанартай наадмын анхны түрүү.
-Сумын 90 жилийн ойд түрүүлсэн шүдлэнгээ танилцуулаач?
-Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын харьяат Дэрэм дарга гэж айлын унаган адуу. Энэ жил улсын наадамд түрүүлсэн Цэрэнбалтавын хул шүдлэнтэй эцэг нэгтэй адуу байгаа юм. Би битүү даага аваад, энэ жил Баян-Овоо сумын наадамд аман хүзүүдүүлж, давхар уяагаар сумынхаа 90 жилийн ойд түрүүлгээд, Ламын Гэгээний даншигт 17, 18-аар давхисан. Уг нь дөрвөөр зарлагдаж байсан ч тамир нь хүрэлгүй суучих нь лээ.
-Айргийн тавд хурдалсан хул азарганы хувьд?
-Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын бүдүүн Баярцогт гэж айлын унаган адуу. Манай хуурай ах Зоригоо авчраад хэсэг уясан ч эзнээ өшиглөдөг, хол явахаар ойчдог зантай гээд голонгуй байсан юм. Тэгээд би соёолон байхад нь аваад МУ-ын Манлай уяач Батчулуунаас зөвлөгөө авч уясан. Тэгээд тэр жилээ  сумдын сургуулиудын дөрвөн ч ойд түрүүлж дөрвөн мотоцикль авч байлаа. Дараа нь аймгийнхаа баруун бүсийн наадамд түрүүлсэн. Энэ жил 10 настай адуу. Надад ирсэн цагаасаа  хурдалж байгаа буян даа. Магадгүй аймгийн Алдарт уяач цол хүртэхэд хамгийн их хувь нэмэр оруулсан нь хул азарга байх шүү. Сумын 90 жилийн ойн баяр наадам азарганы уралдаанаар эхэлсэн. Уяа сойлго нь сайхан байсан ч гэсэн олон газрын хурд ирсэн болохоор битүүхэн залбирч л байлаа.  Тэгтэл хул азарга маань айргийн таваар хурдалж, амжилтын салхийг сайхан хагалсан.
-Хул азарга хэдэн медальтай вэ?
-15 медальтай. Тэрний ихэнх нь аймаг, аймгийн чанартай наадмынх.
-Үр төлүүд нь мөн хурдалж байгаа байлгүй?
-Охин голдуу төлтэй. Өнгөрсөн жил нэг эр унаган гараад тэр нь энэ жил овооны наадамд холхон түрүүлээд сумынхаа ойд болохоор арав гаргаж давхилаа. Цаашдаа эцгийн шийрийг хатаан хурдлах байлгүй дээ.
-Аман хүзүүнд  хурдалсан халтар хязаалангаа мөн танилцуулах нь зүйтэй байх?
-Говьсүмбэр аймгийн харьяат, аймгийн Алдарт уяач Адъяасүрэнгийн унаган адуу. Шүдлэн үрээ ирж байсан юм. Өнөө жил сумынхаа 90 жилийн ойгоор хол түрүүлж яваад үзүүр дээрээ Дэгдээхэй хээрдээ дийлдэж аман хүзүүдсэн. Дараа нь Ламын Гэгээний наадамд наймд хурдалсан. Цолмон халтар маань цаашид олон баярлуулах адуу даа.
-Дандаа л улс бүсийн наадамд түрүүлж, айрагдаж байсан адуунуудын нэрээр нэрлэжээ дээ?
-Улс, бүсийн наадамд амжилттай наадсан, өөрийнхөө шүтдэг хүлгүүдээрээ уралддаг морьдоо нэрлэсэн. Тэдэн шиг хурдан адуу болохыг бэлгэшээж байгаа юм л даа. Гурваар давхисан шүдлэн маань ч гэсэн Толин хул  гэдэг том нэртэй. Сүхбаатар аймгийн Баяндэлгэрийн Түвшингийн адуу. Би Батаа гэж найзтайгаа Сүхбаатар аймгаас адуу авч яваад замдаа  алаг гүүгээ Дэрэм даргын Англи азарганд нь хураалгахаар орхисон юм. Тэгээд гарсан хонгор унагыг нь Толин хул гэж нэрлэсэн. Хурдан их гоё адуу бий. 
-Сумынхаа наадамд гурван насны таван морьтой очоод  дүүрэн айрагтай наадаж.  Говийн бүсийн наадамд хэдэн насны, хичнээн морьтой очсон  бэ?
-Сумын ойд түрүүлж айрагдсан тавыгаа авч очоод  Дэгдээхэйгээ түрүүлгэж, Цолмон халтараа найм, Минж халтараа 10 гаргаж, Толин хулаа хорь гаргаж давхиулсан. Хул азарга маань хэсэг зарлуулсан ч суучихаар нь замаас нь татуулчихсан юм.
-Аймгийн шилдгийн шилдэг уяач хэдий үеэс хурдан морины уяа сойлго тааруулж байгаа вэ?
-Манайх бог олонтой, бод цөөнтэй айл байлаа. Дөрөв, тавхан морио ээлжилж унаад хонь хариулж явахдаа “Энхтөрийн тийм морь, тэгж түрүүллээ” гэж төсөөлөөд ташуураа эргүүлж тоглодог байсан. мөн  Жамбалбавуу, Соронзонболд гээд нутгийн морь нь сайн давхидаг ах нарыг хараад “Эд нар шиг морь давхиулж, овооны наадамд ч гэсэн морь айрагдуулж үзэх юм сан” гэж боддог байлаа. Тэгээд аавыгаа хоргоож байгаад 750 мянган төгрөгөөр нэг сайн хээр үрээ авахуулсан юм. Түүнийгээ уяад сумын наадамд зургаад давхиулж уяачийнхаа гарааг эхэлж байсан. Тэгээд  2009 онд хул азаргаа хязаалан байхад нь аваад тэрнээс хойш айраг түрүү тасраагүй ээ. Хул азаргыг авсан жилээ аймаг бүсийн наадмаас гурав, дөрвөн түрүү аваад 2011 онд таван түрүү, дөрвөн айргаар аймгийн Алдарт уяач болж байлаа. 2012 онд аймгийн наадамд соёолон түрүүлгэж, хаврын бүсийн уралдаанд азарга түрүүлгэн Төвийн бүсийн шилдэг уяачаар шалгарсан. Тэгээд нэг жил өнжөөд 2014 онд шилдгийн шилдэг уяач болж байгаа нь энэ. Хурдан тууртын босоо цагаан хийморь ивээж сайхан л наадаж байна. Моринд дуртай эр хүнд үүнээс сайхан юм хаа байхав.
-Сайн адуунд үнэ хайрладаггүй сурагтай байсан. Хаа хаанаас адуу авч байв?
-Адуу үнэ хүрээгүй агт 120 мянга байхад 750 мянган төгрөгөөр хээр үрээ авсан. Дараа нь зүүн талаас ирсэн унагыг хоёр саяар аваад эхнэр хүүхдэдээ зэмлүүлж л байлаа. Сүүлд бас нэг удам сайтай үрээг 15 адуугаар авсан. Гэхдээ миний авч байсан адуунаас хамгийн өндөр үнэтэй нь Цэмбэ халтар. Уржнан 20 сая төгрөгөөр авч байсан юм. Сумын наадамд аман хүзүүддэг хязаалангаа гэхэд 15 саяар авсан. Улсын томчууд шиг хэдэн зуугаар нь цацахгүй ч хэрдээ л адуунд үнэ хаяж байгаа. Түүнийгээ “адуу авсан хүн хоосордоггүй” гээд  хайцаалдаг юм. /инээв/
-Адуу сэтгэлийг зүтгэлээр үнэлдэг гэдэг. Цаашдаа улс, бүсийн хэмжээнд уралдан хонгор нутгийнхаа нэрийг өргөж яваарай. Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье.
-Төрийн наадмын дэвжээнд уралдахыг зорилгүй яахав. Гэхдээ 2019 онд болох Ламын Гэгээн Лувсанданзанжанцаны мэлмий гийсний 380 жилийн ойн даншигт унаган адуугаа түрүүлгэж, айрагдуулах том зорилт тавиад байна.
-Биеллээ олох болтугай. Сэтгүүлийн хуудсаар дамжуулан сар шинийн мэндчилгээ дэвшүүлэх боломжийг олгож байна.
-Баацагаан сумынхаа нийт ард иргэд, уяачдадаа болон моринд хайртай монгол түмэндээ сар шинийн мэнд дэвшүүлж, хурдан тууртын босоо цагаан ийморь өнө мөнх ивээж, өлзий буян дэлгэртүгэй хэмээн ерөөе.
-Баярлалаа.
"Тод магнай" сэтгүүл №62

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна