Баацагаан сумын Засаг дарга Ж.Ганбат: Төвийн бүсийн уралдаантай давхацсан учраас өргөн дэлгэр боллоо

А.Тэлмэн
2015 оны 3-р сарын 13 -нд

Баянхонгор аймгийн Баацагаан сумын Засаг дарга Ж.Ганбатын ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Түүхт 90  жилийн ойн баяр наадам өргөн дэлгэр сайхан болов уу?
-Баянхонгор аймгийн Баацагаан сумын түүхт 90 жилийн ойн баяр наадам 2014 оны долдугаар сарын 17-ноос 19-ний өдрүүдэд болж өргөн дэлгэр сайхан болж өндөрлөсөн. Ойтойгоо хамтатган аймгийн төвийн бүсийн хурдан морины уралдааныг зохион байгуулсан учраас нэлээд хөл ихтэй л байлаа. -Ойн бэлтгэл ажил хэзээнээс эхэлсэн бэ?
-2014 он дөнгөж гараад сумын ИТХ-ын 27 тэргүүлэгчээс бүрдсэн баяр наадам зохион байгуулах ажлын хэсэг томилогдон нэн тэргүүнд Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл, Дархан, Эрдэнэт, Зүүнхараа зэрэг томоохон суурингуудад байгаа нутаг орныхонтойгоо уулзахаас эхэлсэн дээ. Түүний дараа сумынхаа нийт ард иргэд, айл өрхүүдэд 90 жилийн ойн баяр наадмын урилга тарааж, дурсгалын аяга бэлэглэн хийгдэх ажлуудаа сурталчлан таниулахын зэрэгцээ тодорхой хэмжээний хандив цуглуулсан.
-Зарим сумын удирдлагууд бүтээн байгуулалтын тал дээр илүүтэй анхаарсан бол зарим нь түүх дурсгал, өв соёл талдаа  илүүтэй ач холбогдол өгсөн байна лээ. Танай сумын хувьд...?
-Бид аль ч талыг нь орхигдуулаагүй ээ. Манай сум БНМАУ-ын Ардын хурлын тэргүүлэгчдийн 1973 оны хоёрдугаар сарын 27-ны өдрийн 54 дүгээр зарлигаар Алтан гадас одон хүртсэн. Өөрөөр хэлбэл аймгийн хэмжээнд байдаг хоёрхон Алтангадас одонт сумын нэг. Тэр утгаараа Алтангадас одонгоо залах хүндэтгэлийн баганыг нэн тэргүүнд босголоо. Дээр нь хойч үе, хүүхэд багачуудынхаа хоёрдогч гэр болсон дотуур байрыг тохижуулахад орон нутгийн хөгжлийн сангийн  хөрөнгөнөөс 107 сая төгрөг зарцуулсан. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдсэн өөр нэг ажил бол нийтийн эзэмшлийн тоглоомын талбай,  баяр наадмын талбайн  засвар юм. Энэхүү ажилд 10 сая төгрөг зарцуулсан. Харин ахуйн үйлчилгээний төвийн барилгыг барьж ашиглалтанд оруулахад 128 сая, “Жаргалант” цэцэрлэгийг засварлахад  75.8 сая, хоёр халуун усны барилгын засварт 24.8 сая төгрөгийг зарцуулсан. Соёлын төв өргөөний барилга хөрөнгө мөнгөний асуудлаас болоод хараахан ашиглалтанд орж амжаагүй. Энэ онд орчих байх. Түүнчлэн байгалийн үзэсгэлэнт Бөөн цагаан нуураа түшиглэн нутгийн бизнесмен Хоролдуламын Баянмөнхтэй хамтран аялал жуулчлалын томоохон бааз байгууллаа. Манай Баацагаан суманд түүх соёлын үнэт дурсгалт нэлээдгүй бий. Тэднийгээ алдаршуулах, хамгаалах талаар бас нэлээдгүй ажлууд хийгдсэн.
-Нэлээд томоохон талбайд мод тарьсан байна лээ?
-Тиймээ. Сумынхаа төвийг бүрэн гэрэлтүүлж, ойр орчмын хоёр га газрыг ногоон байгууламж болгон тохижуулсан. Мөн сумынхаа хойд хэсгийн 1.2 га талбайд элсний нүүдлээс сэргийлэн чацаргана, улиас  зэргийг тариаллаа.Тохижилтын ажлын хүрээнд аймгийн хөдөлмөрийн хэлтэстэй хамтран 30 иргэнийг түр ажлын байраар ханган цэвэрлэгээ хийлгэсэн бол жишиг гудамж, хороолол хөтөлбөрийн хүрээнд найман залууг түр ажлын байраар ханган сумын төвийн бүх хашаа хороог засч янзлах хаалганууд дээр хээ тавих ажлыг хийж гүйцэтгэлээ. Түүнчлэн сумын албан хаагчид ажлын байр,хүрээлэн байгаа орчиноо цэвэрлэх ажилд идэвхтэй оролцсон.
-Дор бүрнээ л идэвх зүтгэл гаргажээ дээ?
-Тэгэлгүй яахав. Уул уурхайн бизнес эрхлэгч Содномын Баянмөнх гэхэд л 3.0 сая төгрөгөөр есөн хөлт цагаан туг хийлгэж өглөө. Энэ мэтчилэн  нутгаа гэсэн сэтгэлтэй олон хүний дэмжлэгтэйгээр баяр наадам өргөн дэлгэр сайхан боллоо. “Тод магнай” сэтгүүлээрээ дамжуулаад ойн арга хэмжээнд хандив өргөсөн нийт хандивлагчдадаа дахин талархал илэрхийлж, гарч буй хонин жилдээ элгээрээ энх амгалан төрлөөрөө түвшин амгалан байхын өлзий бэлгэтэй ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлье.
-Таны мэндчилгээ хаягласан эздэдээ хүрнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Ер нь нэлээд хэмжээний зардал гараа биз?
-Нийт 110 сая орчим төгрөгийн зардал гарсан. Үүнээс таван сая төгрөгийг орон нутгийн хөгжлийн сангаас гаргаж, үлдснийг нь нутгаа гэсэн сэтгэлтэй иргэдийн дэмжлэг туслалтайгаар босгосон. Нэг кг ноолуураас эхлээд хамгийн дээд тал нь гурван сая төгрөгийн хандив өргөсөн.
- Монгол хүний тэр тусмаа эр хүн бүрийн зүрхэнд адуу  байдаг гэдэг. Ойн баяр наадамдаа өөрийн нэртэй хүлгээ мордуулав уу?
-Монгол эр хүн байна. Морь мал сонирхолгүй яахав ээ. Гэхдээ ажил төрөл ихтэй болохоор тэр бүр гардан уяж чадахгүй байна. Өөрийн нэртэй цөөн тооны адуутай. Тэднийхээ цусыг сэлбэж,  хурдлах чадварыг сайжруулах зорилгоор Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумаас хоёр гүү авсан.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Сар шинэдээ сайхан шинэлээрэй.
-Баярлалаа. Хийморилог Монголын ард түмэндээ, тэр дундаа тэнгэрлиг заяат хонгор нутгийн түмэн, мөн Баацагаанчууддаа ирж буй хонин жилийн сар шинийн мэндийг дэвшүүлж, элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин амгалан байж, уясан хүлэг нь хурдан, унасан хүүхэд нь цовоо, улсын, аймгийн наадмаас айраг, түрүү олныг хүртэхийг ерөөе.
-Ерөөл бат оршиг.

"Тод магнай" сэтгүүл №62

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна