“Азийн их хүлэг” группийн захирал П.Төмөр-Очир: Хоёр нарны хооронд монгол хүн адуутайгаа байх ёстой

Тэлмэн
2015 оны 2-р сарын 25 -нд


2014 оны отгон дугаарын зочин хойморт  монгол “үнэртсэн” нэгэн эрхэм тухаллаа.Түүнийг Пэрэнлэйн Төмөр-Очир гэдэг. Сайн ноён хан аймгийн Илдэн бэйлийн хошууны унаган хүү  монголын гэсэн бүхнийг эрхэмлэн дээдэлж, нандигнаж явдаг нэгэн. Чухам тиймийн учир бид түүнийг онцолж, зочин хоймортоо урьсан нь энэ билээ. Ингээд эрхэм уншигч та бүхнийг түүнтэй хамт үлдээе.
АН ХИЙХ ГЭЖ ЯВААД АДУУТАЙ БОЛЧИХСОН
-Үүдээр орж ирэхэд л монгол ахуй, үндсэрхэг үзэл үнэртэж байна. Унасан нутаг, угаасан ус, хүүхэд ахуйн дурсамжаас тань яриагаа эхэлвэл ямар вэ. Илдэн бэйлийн хошууны хүн гэдэг билүү?
-Тиймээ, хуучны Сайн ноён хан аймгийн Илдэн бэйлийн хошуу буюу одоогийн Өвөрхангай аймгийн Өлзийт сумын хүн.1973 онд Сангийн далай сайхан нуурын хөвөөнд төрсөн. Намайг найман настай байхад манайх аймгийн төв рүү шилжсэн юм. Тэгээд зуныхаа амралтыг Онгийн голдоо шумбаж, өвөөгийндөө очиж морь унасан шигээ өнгөрөөдөг. Ер нь л багаасаа адуу малд дуртай хүүхэд байсан даа.
-Хурдан морь унаж байв уу?
-Уналгүй яахав. Хамгийн сүүлд 13 настай аймгийн наадамд хурдан морь унаж байлаа. Миний өвөө нутагтаа “Баавгай” Ёндон гэж алдаршсан сайн адуучин байсан. Адуунд эрэмгий, сайхан ч адуутай. Бас хурдан морь сонирхдог. Аймгийнхаа баяр наадамд жил бүр оролцдог, тийм л нэгэн сайхан монгол эр байлаа. Харин аав маань нэг их адуу мал гэдэггүй хүн байсан. Цэргийн байгууллагад ажиллаж байгаад, сүүлд тээврийн тэрэг маш олон жил барьсан. Энэ жил нас сүүдэр 80 хүрч байна даа.
-Хүүхэд насны мөрөөдлөө гүйцэлдүүлж, хурдан хүлгийн эзэн болсон тэрхүү дурсамжаа манай уншигчидтай хуваалцаач. 2000-гаад оны үед гэдэг байхаа?
-1998 онд Японоос ирчихээд бизнес эрхлэх гэж Анчдын нийгэмлэгийн нэг өрөөг түрээсэлдэг байсан юм. Тэгж байхдаа Буяндэлгэр ахтай танилцаж, адуу мал, ан гөрөө гээд олон зүйл дээр сонирхол нэгдэн хуучилдаг байсан юм. Ер нь Буяндэлгэр ах их нөлөөтэй хүн л дээ. 2000 онд шиг санагдана. Цагаан сарын дараахан Буяндэлгэр гуай “Төмөр өө, чоно нохойд явъя, далимд нь сайхан газар үзье. Шилийн богдоор оръё, Дорнодын талаар давхия” гэж байна. Би ч тэгье л гэлээ. Буяндэлгэр гуай, Тод манлай уяач Содномцог ах, дээрээс нь манай хоёр, гурван найз, Монгол Улсын алдарт анчин Цэрэнчимэд гуай гээд хоёр машинтай хэсэг улс давхисаар байгаад Сүхбаатар аймагт очлоо. Яруу найрагч Амартайван, Ай.Төмөр-Очир гуай хоёр Буяндэлгэр гуайг тосож уулзаад Шилийн богд хүртэл газарчлахаар болдог юм. Тэгсэн замаараа Амартайван ах “манай аавынхаар ороод гарцгаая” гээд Сумъяа гуайнд орлоо. Яриа хөөрөөтэй, насаараа нэгдлийн адуу малласан гээд жигтэйхэн сайхан хөгшин байна. Адуу мал ярьцгаагаад хэсэг сууцгаасан Буяндэлгэр гуай, “Төмөр өө, миний хүү адуутай бол, эндээс адуу ав” гэж байна. Би ч “Ах аа, би адуу малаас хөндийрөөд олон жил болсон, сайн мэдэхгүй ш дээ” гээд үнэнээ хэллээ дээ. Тэгсэн “ах нь чамд шинжиж өгнө, юун төлөө Ононмөрөн хавангийн зээ хүү билээ” гэж байна. Удалгүй Амартайван ах дүүтэйгээ нийлээд адуугаа худаг дээр хураагаад ирлээ. Буяндэлгэр гуай адуун дотор нь холхиж байснаа жижигхэн хонгор үрээг “Төмөр өө, үүнийг ав” гээд зааж байна. Яг авах болсон чинь Амартайван ах ч таг, бүдүүн Сумъяа гуай ч таг, аль аль нь дуугардаггүй. Тэгж тэгж нэлээд сууснаа Сумъяа гуай “ах нь наадахыг чинь ач хүүдээ бэлэглэчихсэн юм. Энэ олон адуунаас миний дүү өөр юм ав л даа. Жороо морь, эсвэл жороо гүү авах уу, бас нэг хурдан халтар үрээ бий, тэрийг авах уу” гээд хөөрхий санаа нь зовж байгаа бололтой юмаа. Тэгсэн Буяа ах хажуугаас ёвроод “үгүй ээ, тэр хонгор үрээг нь л ав, би наадахыг чинь таньсан шүү” гэж байна. Хэсэг сууж байгаад Сумъяа гуай энэ хонгор үрээ их түүхтэй адуу байгаа юм гээд ингэж ярилаа. Хоёр жилийн өмнөх их цасан шуурганаар хэдэн адуу хил давж орж ирээд Сумъяа гуайн адуунд нийлчихэж л дээ. Хонгор үрээ тэгэхэд унага, хөгшин ээжийгээ дагаад хамт ирсэн юм байна. Зун наадмын өмнөхөн хөгшин эх нь үхээд, хүмүүс ч өнчин хонгор унагыг халуун наранд харангадаад үхэх байлгүй гээд тоосонгүй. Наадамд явж 14-15 хоночихоод ирсэн нөгөө хонгор унага амьд байж гэнэ. Энэ яагаад амьд байж байдаг билээ, сонин юмаа гээд хараад байсан Сумъяа гуайн хөгшин хар гүү хоёр хонгор унага хоёр цавиндаа ихэрлүүлчихсэн хөхүүлж байсан гэдэг. Тэгээд л Сумъяа гуай их бэлгэшээж, “хурдан адуу болох байх” гээд ач хүүдээ бэлэглэчихсэн юм билээ.
-Мал болох хувьтай л байж?
-Харин тийм. Тэгээд сүүлдээ ярилцаж сууснаа “за эзэн нь ирсэн юм байгаа биз. Хонгор үрээгээ өг дөө. Бид Өнчин хонгор л гэдэг юм” гэсэн. Ингээд би гэдэг хүн ан хийх гэж яваад адуутай болчихлоо. Тэгтэл Буяндэлгэр ах “үрээтэй бол адуутай болно. Эндээсээ хоёр байдас нэмээд авчих” гээд үзэмчин гаралтай хар алаг байдас, Сумъяа гуайн унаган шарга байдас хоёрыг авч анх адуутай болж байлаа даа.
-Алдартын шинжсэн үрээ аль зэрэг давхисан бэ?
-Тэр явдлаас хойш 14-15 хоногийн дараа Буяндэлгэр гуай хонгор үрээг, хоёр байдастай нь ачаад аваад ирлээ. “Хаана байлгах уу” гэж ярилцаж байгаад алаг азарганы эзэн Дарамренчин ахын хашаанд тэжээж өвөлжүүлээд, хавар ногооноор Хэнтийн Галшар луу гаргачихлаа. Зун нь Буяндэлгэр, Содномцог ах хоёртой 61-ийн гарам орчим буугаад хонгор үрээгээ уялаа даа. Олон жил хол хөндий явчихсан хүн чинь морь уях сойх талаар ямар ч дөргүй болчихсон. Хөнгөрүүлчихвэл давхичих юм шиг бодогдоод. Эхний сунгаанд гайгүй байснаа, хоёр дахиас нь эхлээд аргагүй тамирдаж байна даа. Өвөл нь ч олигтой тэжээгээгүй болохоор туранхай ч байсан байх. Тэгээд аргагүйд хүрч тавиад, Дарам ахад хоёр байдастай нь хамт өгөөд явуулсан даа. Хонгор үрээний тухайд үйлийн үргүй хурдан адуу байсан шүү.
-Алдартын нүд алдаагүйг хэрхэн баталсан бэ?
-Дараа жил нь их хурдан байсан ч Хэнтий аймгийн Дадал сумын наадамд уралдаж байгаад гахай нь цөмрөөд уралдаж чадаагүй. Гурав дахь жил нь төрөлх сумандаа очиж уралдаад соёолон азарга зургаалсан. Хонгор үрээг Дадалд байх хооронд би хэд хэдэн үрээ авсан байсан юм. Тэдний маань нэг хүрэн халзан шүдлэн  айрагдаж, амжилтын гараагаа эхэлж байлаа. Нутаг усныхан маань ч гэсэн “Пэрэнлэйн хүү ирээд сайхан наадлаа” гээд урам нэмсэн л дээ. Тэр үед монгол хүн гэдгээ илүү ойроос мэдрэхийн тулд хурдан морьтой хувь заяагаа холбох хэрэгтэй юм байна гэдгээ ойлгож, олон сайн адуу авч, олон ч сайн уяачтай хамтран ажиллаж байлаа.
АРАВГАР ХЭЭР МААНЬ ХАНГАЙН БҮСИЙН НААДМААС ХОЙШ НАМАЙГ ОЛОН БАЯРЛУУЛСАН ДАА
-Хэн, хэнээр морьдоо уяулж байсан бэ?
-Хамгийн анх уяаны талаар заавар зөвлөгөө авч байсан хүн бол мэдээж Буяндэлгэр ах. Дараа нь Дарамренчин ах нэг хэсэг уясан. Тэгээд Хэнтий аймгийн Мөрөн сумын харьяат, МУ-ын Алдарт уяач Энхсүх болон Лхамсүрэн, Галт, Эрдэнэбаяр, Тод манлай Жанчив гэсэн мундаг уяачидтай хамтран ажиллаж их зүйл сурсан. Одоо бол миний морьдын уяа сойлгыг олноо “Дааган” Цэндээ хэмээн алдаршсан МУ-ын Манлай уяач Цэрэндэжидийн Цэнд-Аюуш тааруулж байгаа. Нутгийн ахтайгаа 2010 оноос хойш адуу, амьдрал хоёроо холболоо доо /инээв/. Цэндээ ахын хувьд гайхалтай хүн шүү дээ. Архи дарс амсахгүй. Зун ч бай, өвөл ч бай адууныхаа дэргэдээс холдохгүй. Ер нь бол адуу хаана байна, Цэндээ ах тэнд л байж байдаг. Энэ зан нь надад маш их таалагддаг. Би ер нь нэлээн чамбай, нэг зорьсон зүйлдээ хүрэхийн төлөө цөхрөлтгүй зүтгэдэг зантай хүн байгаа юм. Тийм болоод ч тэр үү, Цэндээ ах бид хоёр их нийцээд байгаа.
-Олон газраас хурд цуглуулсан уу?
-Сүхбаатар, Хэнтий зэрэг аймгийн бараг бүх сумаас адуу авсан даа. Мөнххаанаас Босоо хээр гээд сайхан үрээ авч байлаа. Мөн Манлай уяач Онгуу гуайн адуунаас авсан. Хэнтийгээс гэхэд МУ-ын Алдарт уяач Содном болон зүүн бүсэд ??? айрагдуулж байсан Пүүлээ гуайнхаас адуу авсан. Нэг үе адуу нэлээд цуглуулсан шүү. Саалиа бэлтгэхээр саваа бэлд гэгчээр гүү ч нэлээд авсан байх. Яагаад гэхээр Буяндэлгэр ахаар дамжуулж Даваахүү Тод манлайтай анх танилцахад, “миний хүү үрээнээс урьдаар гүүгээ эхэлж бэлддэг юм шүү. Сайн гүү олон хурд төрүүлнэ” гэж байсан юм. Тод манлайн зөвлөгөөг дагаж адууныхаа чанарыг сайжруулсан гэж бодож байгаа шүү.
-Шинэ цагийн монгол адуутай юу?
-Би эрлийз адууг таашаадаггүй. Батхүү Тод манлайн адууны орос хул азарганы төл хонгор халзан үрээнээс өөр эрлийз адуу манайд байхгүй ээ.
-Монгол морины шандсыг гайхуулагч юм биз дээ. Томоохон наадмаас анхны хишиг хүртсэн талаараа хуучлаач?
-Их олон жилийн дараа том наадмаас айраг хүртсэн шүү дээ. Өнгөрсөн жил миний Аравгар хээр даагандаа улсын наадамд долоод давхиад, давхар уяагаар Архангай аймагт болсон хангайн бүсийн наадамд аман хүзүүдсэн. Тэр бол миний том наадмаас авсан анхны айраг.
-Аравгар хээр гэсэн үү?
-Тиймээ. Нэг талаараа төрж өссөн Өвөрхангай нутгаа бодож, нөгөө талаараа үрээгээ хараад тийнхүү нэрийдсэн. Хээр үрээ маань арвайсан жижигхэн хөөрхөн даага байсан юм. Тэгээд Цэндээ ах бид хоёр ярьж байгаад “Аравгар хээр” гэдэг нэрийг өгсөн.
-Хаанахын адуу вэ? 
-Дорнодын адуу. Уг гарал нь манай Өвөрхангайн Баян-Өндөрийн Баяндалай гэдэг залуугийн унаган адуу байгаа юм. Адуу нь Дорнодод байдаг юм билээ. Аравгар хээр маань хангайн бүсийн наадмаас хойш намайг олон баярлуулсан даа. 2014 онд шүдлэндээ нийслэлийн тэргүүн хүлэг шалгаруулах “Хангарьд” болон хурдны өлгий Сүхбаатар аймагт болсон “Жавхлант шаргын хурд” уралдаануудад айрагдсан. Энэ жил  улсын наадамд арав гаргаж давхиад, “Хотгойдын хурд” уралдаанд наймлалаа. Цаашдаа ч олон удаа баярлуулах байх.
-Бага насанд монгол адуугаар наадах бэрх болоод байна гэлцээд байгаа?
-Үнэн, үнэн. Аравгар хээр энэ жил улсын наадамд арав гаргаж давхихад өмнө нь дандаа эрлийз үрээнүүд л орсон байна лээ. Монгол адуундаа бол түрүүлсэн л дээ. Улсын наадамтай холбогдуулж нэг зүйлийг хэлэхэд, төрийн наадамд хамгийн анх миний нэрийг гаргасан  адуу бол бор азарга маань байгаа юм. Миний бор азарга Хэнтий аймгийн МСУХ-ны тэргүүн байсан Санжаадорж гуайн унаган адуу. Надтай хамт их сургууль цуг төгссөн Золзаяа найзад маань Санжаа гуай хуримын бэлэг болгож бор даага өгсөн юм билээ. Золоогийн аав нь Даваа гэж Мөрөн сумын Засаг даргаар олон жил ажилласан хүн. 2010 онд Золоо над руу залгаад “Төмөр өө, найз нь чамд нэг адуу аваачиж өгье. Тэгэхгүй бол хүмүүс миний муу азарганд маань их олон гүү хураалгаад, хажуугаар нь унаад амраахгүй нь” гэсэн юм. Бор азарга номхон гэж тамтаггүй. Тийм болохоор нь хэн дуртай нь бариад уначихдаг. Хавчиг азарганд арван хэдэн гүү хураалгачихсан байсан юм билээ л дээ. Тэгсэн хавар адуу малаа арай гаргаагүй байсан чинь Золоо “бор азаргаа ачаад ирсэн, Өлзийт хорооллын далангийн урд талд байна” гээд утасдаж байна. Тэгээд давхиж очоод харсан чинь аятайхан адуу юмаа. Тархи толгой нь занхайсан, дөрвөн мөч аргагүй монгол адуунд байх аварга адуу юм. Гэхдээ биеэр нэг их томгүй. “За яахав, тэртэй тэргүй найз авчраад өгч байгаа юм чинь ямар ч байсан хүнд унуулахгүй байж байг” гэсэн чинь “үгүй ээ, би чамд өгч байгаа юм. Чам дээр л ирж миний бор азарга жаргах байх” гэж байна. Тэгээд хэд хоног тэжээсэн ч юун гүү хураах, туранхай эцэнхий ч гэж жигтэйхэн юм. Гүү хураах манатай, морьдтой цуг л яваад байдаг. Тэр жилээ сунгасан дундуурхан сайхан цогиод байдаг. Тэгэхээр нь их аятайхан адуу юм гэж бодоод өвөл нь яагаа ч үгүй эрт оруулаад тэжээлээ. Тэжээл ч сайхан авч байна. Хавраас нь эхлээд л бор азарга хурдан  гэдэг нь мэдэгдсэн дээ. 100 адуу байсан ч, зургаан адуу байсан ч хамгийн сүүлд гараад хоёр, гурван км явахад л цээжинд гараад ирдэг. Улсын наадмаар Цэндээ ах бид хоёр бор азаргаа горьдоод байгаа, Хүйн долоон худагийн гурван сунгаанд өнгөлчихсөн юм чинь арга байж уу дээ. Бор азарга маань үйлийн үргүй хурдан адуу юм. Хурдан ч байна гээд л горьдоод байгаа. Тэгээд 15-16-тай нэг хүүгээр гаргуулахаар болоод нэг жаахан хүүхдээр унуулаад мордууллаа даа. Тэгсэн гарааны зурхай дээр ногоон торонд хүүхэд нь тээглэж унаад, тавьж өгсөн банди нь араас нь хөөгөөд гүйцдэггүй гэнэ. Тэгсэн харин нэг хул азарга сул явж байхаар нь нөгөөх дээр чинь дамжиж мордоод бор азаргаа хөөгөөд давхичихаж. Хөөсөөр байж очингуутаа үсэрч мордоод хойноос нэхсээр байгаад 47-гоор орсон. 15-16-тай том залуу унаад шүү дээ.
-Дараа жил нь даагаа нэхнэ биз дээ?
-Тэгэлгүй яахав. Ирэх жилийн наадам ойрхон гэж үнэн шүү. Юу юугүй л дараа жилийн зун болчихсон азаргаа сунгалаа. Бас л хурдан байна. Сунгаан дээр урьд жилийнх шигээ гараад л ирдэг хэвээрээ. Улсын наадамд мордууллаа. Гарсан цагаасаа эхлээд хорь дотор явж байснаа зүтгэсээр байгаад бүр ес рүү ороод ирлээ шүү. Тэгсэн телевизээр Өвөрхангай аймгийн Өлзийт сумын харьяат, “Азийн их хүлэг” компанийн захирал Төмөр-Очирын бор азарга орж ирлээ” гээд дуудаж байна. Огшино гэдэг чинь жинхэнэ болж байна аа. Бор азарга үзүүрийн суулт байдаггүй адуу л даа. Монгол хээртэй хоёулаа яваад л байна. Нөгөөх нь холдсон, Соёмбо ирээд наалдлаа. Халхын даалуу есөн азарга л хоорондоо үзэж байгаа нь тэр шүү дээ. Тэгсээр байгаад Цагаан хөтөл рүү ороод ирлээ. Хүний өм гэж сонин шүү. Яг Цагаан хөтөл дээр гарч ирээд ханарч, орой дээр нь гарсан хойно нь хүүхэд нь арай гэж эргүүлээд тэгээд хорин хэдэн азарганы ард орж, ахисаар байж 14-т давхисан.
-Хошуугаа сайн тослох ёстой байж дээ?
-Хоншоор дутсан даа.
-Түүнээс хойш яаж давхисан бэ?
-Давхар уяагаар Архангайн 90 жилийн ойд очиж уралдахдаа хөлөндөө жаахан сэв суулгачихсан юм. Одоо дөнгөж арав гарч яваа залуу азарга шүү дээ. Цаашид олон жил баярлуулах хурдан хүлгээ гамнасхийгээд өнжөөсөн. Одоо Өлзийтөд тэжээж байгаа.
-Олон адуу тэжээж байна уу?
-20-иод адуу тэжээж байна.
-Засгийн газрын тогтоолт наадмаас нэг айрагтай. Орон нутгийн чанартай наадмаас олон биз?
-20-30-аад айраг түрүү бий байх аа.
-Илдэн бэйлийн хошууны хөвгүүд төрийн зарлигт наадмуудаас ганзага хоосонгүй л буцаж байгаа юм байна?
-Манай сумын харьяат, талийгч Ижилбаяр ах маань  улсын наадамд соёолон түрүүлгэсэн. Цэндээ ах маань сумаасаа төрсөн анхны улсын цолтон. Хул азарга улс, бүс, “Их хурд” уралдаануудад түрүүлгэж, айрагдуулсан Сугар гуай манай сумын хүн. Бид ээжийнхээ талаар хамаатан болдог юм. Энэ мэтчилэн яривал Илдэн бэйлийн хошууны хөвгүүдийн хийморь өөдөө л яваа. 
-Манлайн мялаалга наадам өтгөн болсон дуулдана лээ?
-Цэндээ ах маань 2013 онд МУ-ын Манлай уяач цолоо авсан шүү дээ. Хангайн бүсийн наадамд хээр үрээгээ айрагдуулан цолоо мялаахад нь сумандаа Манлай цолны мялаалга наадмаа хийе гэж ярьж байсан юм. Гэтэл Цэндээ ахын хадам аав нь бурхан болоод хойшлуулчихсан. Энэ жил сумандаа очиж мялаалга наадмаа хийлээ. Нутаг орныхон маань их сайхан хүлээн авч, сайхан ч наадам болсон.
ЦУГЛУУЛГАНД МААНЬ МАРЗАН ШАРАВ ГУАЙН АВДАР, ЖА БОГДЫН СААХУУ ХҮРТЭЛ БИЙ
-Уяачид дунд хөөрөг, гаанс цуглуулдаг хүн цөөнгүй бий. Харин авдар цуглуулдаг хүнтэй анх удаа  таарсан нь та байлаа. Өвөрмөц хобби хэдий үеэс эхтэй вэ?
-Нүүдэлчин монголчуудын соёл, угсаатны зүй гэдэг эдэлж хэрэглэж явсан зүйлстэй нь шууд холбогддог. Монгол үндэстэн, эсгий туургатан бий болсон цагаасаа эхлээд авдар гээч зүйлийг хэрэглэж, хоймортоо дээдлэн хамгийн нарийн нандин зүйлсээ хадгалсаар ирсэн. Өөрөөр хэлбэл, тэр айлын, тэр гэр бүл, тэр овог аймгийн буян хишиг нь авдрандаа байдаг. Тэр утгаар нь бэлгэшээн авдар цуглуулах болсон. Надад Хэнтий, Дорнод, Сүхбаатар гэсэн зүүн гурван аймгийн авдар л байхгүй. Яагаад гэхээр дээрх нутгуудад шилжилт хөдөлгөөн ихтэй байсан учраас бусад уугуул иргэдийн авдрыг олоход жаахан хүндрэлтэй байгаа юм. Бусад аймгийн авдартай давхцаад байдаг юм л даа. Жишээлбэл, социализмын үед Дорнод аймаг цөллөгийн газар байлаа шүү дээ. Эрчүүдийг Дорнод руу цөлдөг. Нөгөө хэд нь очихдоо гэр бараагаа аваад очдог. Ингэсээр байгаад аймаг болгоны авдар оччихсон юм шиг байгаа юм.
-Таны цуглуулганы хамгийн эртний авдар нь хэдий үеийнх болох вэ?
-Хамгийн эртний авдар нь 1800-гаад оны сүүл, 1900-гаад оны үеийн авдрууд л болно доо.
-Марзан Шарав гуайн хэрэглэж байсан авдар хүртэл бий гэсэн. Түүн шиг түүхтэй авдрууд олон бий юу?
-Архангайн алдартай маарамбын эмийн ургамлаа хадгалдаг байсан хоёр бор авдар бий. Лениний хөргийг зурсан Марзан Шарав гуайн авдар цаана чинь бий. Яг энэ авдрынхаа өмнө зургаа авахуулсан байдаг шүү дээ. Ер нь миний авдар болгон түүхтэй дээ.
-Олон авдартай юу?
-Үндсэндээ 40-50 орчим авдар бий.
-Хуучны авдар үнэтэй юу?
-Үнэтэй байлгүй яахав. Эртний түүхт авдрууд хэдэн саяар яригдана. Сүүлийн үеийн буюу социализмын үед хэрэглэгдэж байсан авдрууд гэхэд л доод тал нь 250-300 мянга шүү дээ. Сүүлийн үед Монголд авдар цуглуулдаг, надтай ижилхэн хоббитой хүмүүс олон болоод байгаа. Жишээлбэл, “Сонгдо” эмнэлгийн Болдсайхан эмч, “Макс”-ын группийн захирал Цэрэнжигмэд байна. Анзаарсан бол Болдсайхан эмч эмнэлгийнхээ давхар болгонд авдар тавьчихсан байдаг шүү дээ. 
-Айлд ороод авдрыг нь л харах уу?
-Шууд ороод л авдрыг нь хараад байхаар бас эвгүй л дээ. Гэхдээ бас харна аа. Авдар гэдэг чинь углуурга, угсралт зэргээс эхлээд л их сонин урлал шүү дээ. Ганц ч хадаас ороогүй. Тэгсэн хэр нь зуун дамнасан бөх бат эдэлгээтэй.
-Өрөөг тань харахад ганц авдар цуглуулдаг биш бололтой?
-Монгол ахуйтай холбогдолтой зүйлсийг ер нь цуглуулна шүү. Цахиур Төмөр “Тунгалаг тамир” кинонд тоглохдоо зүүж байсан хэт хутгыг Архангай аймгаас олж авсан. Мөн Дарьгангын урчуудын хийсэн хэт хутга ч бий. Хамгийн сүүлд хийсэн наймаа бол Архангай аймгийн Жаргалант суманд амьдарч байсан Дүгэр бандихай гэж алдартай хувилгаан хүний хэрэглэж байсан хөөргийг авлаа. Мөн Өвөрхангай аймгийн Уянга сумын хувилгаан ламтны хөөрөг бий.
-“Тавантолгой транс” компанийн захирал Дагвадорж “бизнесменүүд аархаж баярхсандаа бус Монголын үүх, түүх, өв уламжлалын салшгүй нэг хэсэг болсон соёлын эд зүйлсээ гадныханд алдахгүйн тулд л авдаг юм” гэж ярьж байсан. Танд мөн адил тийм бодол бий юу?
-Яг үнэн. Миний Монголынх гэсэн сэтгэлээр л хандаж байгаа юм шүү дээ. Жишээлбэл, авдрын үнэ цэнийг мэдэхгүй хүн амбаар, пүнзэндээ байлгаж байгаад адаг сүүлд нь түлээ болгоод л дуусгадаг. Харин би эрт орой хэзээ нэгэн цагт Монголын 21 аймгийн авдраар жуулчны бааз дээрээ үзэсгэлэн гаргана гэж боддог.
-Саахуу хэр олон бий вэ?
-Арваад саахуу бий шүү. 2000 онд компанийнхаа барилгыг барьж байх үедээ Ховд аймгаас ирсэн Баатар гэдэг хүнийг гэр бүлтэй нь манаачийн ажилд авсан юм. Эхнэрийг нь  Хорлоо гэдэг. Хоёр хөгшин барилгын харуулаар буучихаад ажилчдын хоол хийдэг байхгүй юу. Тэгэхдээ хуучны саахуугаар цай зөөгөөд байдаг. Тэгэхээр нь би нэг өдөр хоёр хөгшнийд орж цай уунгаа асуулаа. Тэгсэн Хорлоо гуайн ээж нь Жа богдын /Жа лам Дамбийжанцан /тогооч, зөөгч нь байж л дээ. Тэгээд тэр саахуугаар Жа богдод манз барьдаг байсан юм билээ. Барилгын ажил дууссаны дараа би Баатар гуай, Хорлоо эгч хоёртой наймаа хийж, энэ саахууг нь авсан юм. Одоо жил бүрийн наадмаар айраг сөгнөдөг.
АЗИЙН БАРИЛГЫН УРЛАГИЙГ МЭДРҮҮЛЭХИЙГ ХҮСДЭГ
-Үүдээр орж ирэхэд Монголын эзэнт гүрнүүдийн газрын зураг эрхгүй анхаарал татаж байна лээ. Мөн энэ таазан дээрх нар... Энэ бүхэн таны санаа юу?
-Тиймээ. Бид чинь аргалын утаа боргилсон малчны гэрт төрсөн хүмүүс.Түүгээрээ их бахархаж омогшдог. Японд сурч байхдаа лекцэндээ монгол дээлтэй суудаг. Багш нар гайхаад асуухаар “би монгол хүн. Үүнийг монгол дээл гэдэг юм” гээд их бардам хариулдаг байж билээ. Зарим нэг оюутнууд Монгол гэдгээ хэлэхгүй нууна. Тэгэхэд би хаана ч явсан Монгол гэдгээрээ бахархаж явдаг байсан. Тэр ч утгаараа эх орондоо ирээд бизнес эрхэлж, компанийнхаа барилгыг барихдаа монгол хүн толгой дээрээ тоонотой, нартай байх ёстой хэмээн бэлгэдэж энэхүү нарыг хийсэн юм. Энэ нар тал байгаа биз.
-Тийм байна.
-Тал нь нөгөө талд байгаа. Хоёр нарны хооронд монгол хүн адуутайгаа байх ёстой хэмээн үзэж дунд нь адууныхаа тамгыг байршуулсан. Компанийнхаа нэр хаягаа монгол бичгээр бичүүлсэн анхны цөөн аж ахуйн нэгжүүдийн нэг нь манайх байх. Тэр үед ховор байсан. Сүүлийн үед нэлээд газар авч байна шүү.
-Та арай эрт мэдэрчээ дээ?
-Миний аав, ээж хоёр гайхалтай хүмүүс л дээ. Биднийг монгол ахуйтай ойр өсгөсөн. Дээр нь их Чой.Лувсанжав, угсаатны зүйн Нямбуу, нутгийн аялгууны Гантогтох, найруулга зүйн Буянтогтох гээд МУИС-ийн эрдэмт мэргэн багш нарын маань тархинд юм суулгаж өгсөн юм даа. Би багаасаа яруу найраг сонирхож, тэмцээн уралдаануудад орж, Нямсүрэн, Урианхай, Лхагвасүрэн нарын мундгуудын шүлгийг уншиж, монгол ахуйгаар өвчилж ирсэн хүн. Дэлхий нийтээрээ даяаршиж буй энэ үед бид хоёр зүйлийг л гарцаагүй сурах хэрэгтэй болж байна. Тэр нь нэгдүгээрт, уйгаржин монгол бичиг. Хоёрдугаарт, дэлхий нийтийн хэл болсон англи хэл. Тэр ч утгаараа би хүүхдүүдээ америк сургуульд сургаж, зуных нь амралтаар гурван сар хөдөө мал дээр байлгадаг. Хурдан морины хүүхдүүдтэй тоглохдоо тоглоод, зодолдохдоо  зодолдоод л байж байдаг юм.
-“Азийн их хүлэг” групп ямар, ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг вэ?
-Миний бизнесийн гараа их сонин зүйлээс эхэлсэн юм шүү дээ. 1997 онд Японоос ирчихээд, 1998 онд Монголын анхны тансаг гоо сайхны салоныг байгуулж байлаа.
-Төсөөлж байгаагүй юм байна?
-Солонгосчуудтай хамтран Шилмэл загварын ордонд “Tорс” гээд үсчин, гоо сайхны салоныг байгуулж тэр үеийн  урлагийн бүх одод үйлчлүүлдэг байлаа. “Торс” гэдэг нь Микель Анжелогийн баримлуудыг хэлдэг шүү дээ. Яагаад салон байгуулах болсон бэ гэхээр Япон, Солонгосын онгоцны үйлчлэгч нарын косметик болон уруулын будаг нь гайхалтай, ямар ч өөгүй. Харин Монголын онгоцны үйлчлэгч охидуудын нүүр будалт шавар түрхчихсэн юм шиг л харагдаж байсан. Тэгээд монголчуудынхаа, тэр дундаа бүсгүйчүүдийнхээ гоо сайхны төлөө санаа тавих ёстой юм байна гэсэн шийдэлд хүрсэн юм. Гэхдээ энэ миний хийх ажил биш байсан болохоор жил гаруйн дараа л больсон. Тэгээд нэг хэсэг автомашины бизнес эрхэлж байлаа. Тухайн үеийн хамгийн тансаг унаа Ланд-80 машиныг Японоос оруулж ирэхийн зэрэгцээ Солонгосоос 30 гаруй эксель авчирч “Ариг” гээд такси үйлчилгээний компанийг ажиллуулж байлаа. Удалгүй “Сити” компани мянган такси оруулж ирээд “такси үйлчилгээ миний хийх ажил биш болжээ” гээд барилгын салбарт хөл тавьсан. Манай компанийн барьсан хамгийн анхны барилга бол дөрөвдүгээр хорооллын Дашчойнхорлон хийд шүү дээ. Манай дүү Хамба лам нь байгаа юм. Тэр сүмийн барилгыг барьж, ажлын гараагаа эхэлсэндээ бэлгэшээж явдаг. Жилээс жилд туршлага хуримтлуулсаар хэр баргийн барилгын инженерээс илүү болчихсон шүү. Одоо миний хүсч байгаа зүйл бол Азийн барилгын урлаг гэдгийг мэдрүүлэх. Манайхан өндөр шилэн барилгуудыг л гоё гэж бодоод байна л даа. Уг нь тэр биш юм. Харин хот төлөвлөлт, барилга архитектур, үүх түүх гэдэг талаас нь бодож үндэсний соёлоо хадгалж үлдэх хэрэгтэй байгаа юм.
-Би бол танайхыг “Ариг” цэвэр ус гэдгээр нь илүүтэй мэдэх юм байна?
-Анх цэвэр усны үйлдвэр байгуулах гээд тоног төхөөрөмжөө авчрахад хүмүүс “Төмөрөө спиртэнд орлоо. Архи үйлдвэрлэх нь” гэж байсан л даа. Миний ганц баримталдаг зарчим бол хүнийг хордуулах үйлийг хэзээ ч эрхлэхгүй байх. Багабанди Ерөнхийлөгч “ус түгээгч хамгийн буянтай” хэмээн хэлж байсан даа. Би тэгж л бодож үйлдвэрээ нээсэн. Намайг цэвэр усны үйлдвэр байгуулах гээд зөвшөөрөл авахад манайх 22 дахь үйлдвэр нь болж байсан. 2-3 жилийн турш ганцхан 0.5-ын савлагаатай ус үйлдвэрлэхэд хүмүүс “ийм юм хийгээд мөнгө олно гэж бодож байгаа юм байх даа” л гэж байсан. Харин би “цэвэр ус тун удахгүй монголчуудын хэрэглээ болно” гэдгийг мэдэж байсан.
-Ариг гэж их содон нэр шүү?
-Хөвсгөл аймагт байдаг гол шүү дээ. Монголын нууц товчоонд Алун гоо хатны төрсөн нутаг хэмээн бичсэн байдаг. Ер нь бол Ариг гэдэг маань ямар ч хольцгүй, цэвэр ус буюу чандмань эрдэнийг тийнхүү нэрийддэг байсан юм билээ.
-10 мянган бурхан багш барих гэж байгаа дуулдсан?
-Тиймээ. Цонжин болдог Чингисийн хөшөөний замын эсрэг талд байдаг ??? манай жуулчны бааз байгаа. Аваад жил гаруй болж байна. Тэндээ арван мянган бурхан багш бүтээхээр төлөвлөж, жил гаруйн дотор босоо, суугаа хэлбэртэй гурав орчим метр өндөртэй бурхан багшийн хэвийг Шанхайд хийлгүүлсэн. Ирэх жилээс цутгах юм. Жуулчны бааз гэдэг хоног төөрүүлэх газар бус, монголчуудын сүсэг бишрэл, дотоод ариуслын сүм байгаасай хэмээн бодож байгаа юм. Манай бааз цаатан, баруун Монгол, халх гэсэн гурван отогтой. Цаатны амьдрал ахуйтай танилцахын тулд заавал Хөвсгөл явах шаардлагагүй болж байгаа биз. Ер нь ирсэн зочид маань сэтгэл хангалуун байгаасай хэмээн хүсч байгаа юм.
-Нэлээд сүсэг бишрэлтэй юу?
-Харьцангуй зөв талаас нь. Эмээ маань гайхалтай жүдийн лүүжин тавьдаг хүн байсан. Ээж маань ч сүсэг бишрэлтэй хүн. Дээр нь дүү маань хамба лам. Уг нь агуу сүсэг бишрэлтэй баймаар байгаа биз. Гэхдээ хоосон буюу мунхгаар сүсэглэхийг хүсдэггүй. Ном их уншиж, судалдаг. Сүүлийн үед Зэн буддизмыг их сонирхон уншиж, судалж байгаа. Хамгийн энгийн нэг жишээ хэлье л дээ. Хийморийн санг орчуулахад гайхалтай уран яруу, тансаг магтаал байдаг. Хүний биеийн эд эс нэмэх, хасах хоёр цэнэгээс бүрддэг. Нэмэх цэнэг чинь буураад, хасах цэнэг нэмэгдэхээр бие организм доройтож, ажил үйлс бүтэхээ больдог. Тэр үед нь бид лам дээр очоод хийморийн сан тавиулахаар бие хаа сэргээд, ажил үйлс ч бүтэж эхэлдэг шүү дээ. Энэ бүхнийг энгийнээр тайлбарлавал тэр сайхан уран яруу магтаал, ариун тансаг арц хүжний үнэрт нэмэх цэнэгүүд сэргэж байгаа хэлбэр юм.
-Бидний яриа ч гэсэн тэрхүү нэмэх цэнэгүүдийг бага ч атугай сэргээсэн байх хэмээн найдаж байна. Урилгыг маань хүлээн авч ярилцсан танд баярлалаа. Ажилд нь амжилт хүсье.
-Та бүхний ажил ч гэсэн дэвжин дэлгэрч байх болтугай. “Тод магнай” сэтгүүлээрээ дамжуулаад Монголынхоо нийт ард түмэнд шинэ оны баярын мэнд дэвшүүлж, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. 
А.Тэлмэн

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна