Нарангийн Халтар хэмээх их уяач

А.Тэлмэн
2015 оны 2-р сарын 13 -нд

Галшарын нэрийн хуудас болсон эрдэмт мэргэн уяачдын нэг нь олноо “Монхор” Халтар хэмээн алдаршсан Нарангийн Халтар юм. Түүнийг Галшарын хурдан адууг бий болгогчдын нэг Жанцанхорол бэйлийн ач охинтой ханилж бэйлийн голомтны адууг уяж хурдлуулж байсан хэмээдэг билээ. Халтар уяачийн талаар хүргэхийн өмнө Галшар адууг бий болгогчдын нэг Жанцанхорол бэйл, түүний хүү Сүрэнхорол нарын талаар товч мэдээлэх нь зүйтэй биз ээ.
Намдагийн Жанцанхорол бэйл 1850-иад оны үед төрсөн бөгөөд хүү Сүрэнхорол нь 1888 оны хулгана жил төрсөн дэд зэргийн Тайж хэргэмтэн байжээ. Ж.Сүрэнхорол адуу унаж эдлэх, уяж сойхдоо гарамгай, хөрөнгө мал сайтай, тухайн цаг үедээ бичиг номтой билиг авъяастай нэгэн байв. Тиймээс ч Хардэл жанжин бэйс М.Пүрэвжав эрдэм чадлыг нь үнэлэн “манай хоёр хошуунд Хорол бэйлийн хүүгээс өөр их насны моринд гаршсан хүн ховор шүү” хэмээн бахархан ярьдаг байсан гэдэг. Тухайн үеийн баяр наадмын цуваа бүрэн бус байдгаас их уяачийн үзүүлсэн амжилт тодорхой бус ч
1925 он буюу АХ-ын 4 жилийн ойгоор:
Бор азарга- айргийн тав
Соёолон –аман хүзүү
1930 он буюу АХ-ын  9 жилийн ойгоор:
Мичин бор морь-айргийн дөрөв /энэ бор морь 1933 онд Хэнтий аймгийн баяр наадамд түрүүлсэн бөгөөд тухайн үеийн даалуу адуунуудын нэг юм/
Хээр хязаалан-түрүү
Хээр  шүдлэн-аман хүзүүнд тус тус хурдлуулсан нь тэмдэглэгдэн үлджээ.
Сүрэнхорол Тайжийн уясан морийг Н.Халтар хүү унаж хурдлуулахын зэрэгцээ эмнэг догшиныг нь номхруулж, хурдан морь уяж сойх эрдэмд давхар суралцаж байжээ. Ийн сайн уяачийн эрдмээс хуваалцаж асан Халтар хүү нас биед хүрч, тэдний өргөмөл охин Бумтай ханилан дээдсийнх нь адуу малыг нь удамшуулан өсгөж, улмаар хурдлуулсан түүхтэй.
Олноо "Монхор" хэмээн алдаршсан Нарангийн Халтар уяач насан өндөр болтлоо хурдан хүлгийн уяа сойлго тааруулж, нутгийн залууст өвлүүлэн үлдээх үйлст зүтгэсэн бөгөөд Төв, Хэнтий, Дорноговь, Сүхбаатар зэрэг морины соёл дэлгэрсэн нутгуудад нэр алдар нь түгж, хүндлэгдэх болсон юм. Тэрээр улсын баяр наадамд олонтаа ирж, хурдан хүлгүүдийнхээ шандсыг шалгадаг байсан агаад бүрэн бус мэдээгээр:
1934 он буюу АХ-ын 13 жилийн ойгоор:
Хүрэн азарга-түрүү/энэхүү хүрэн азаргыг тэрээр Боржигоны нэртуяач Цэвээндоржоос авсан хэмээдэг/
Хүрэн халзан соёолон-айргийн дөрөв
Цагаан цоохор даага-айргийн гурав
1938 он буюу АХ-ын 17 жилийн ойгоор:
Улаан бор азарга-аман хүзүү
Улаан бор азарга-айргийн гурав
1946 он буюу АХ-ын 25 жилийн ойгоор:
Бор азарга / Одон улаан хэмээх хурдан азарга/- аман хүзүүнд тус тус хурдалж байжээ.
Н.Халтар улсын наадмын дэвжээнээ бүрэн бус мэдээгээр нэг түрүү, таван айргийн амжилттай наадаж байсан ч сум орон нутгинй наадмаас олон түрүү айраг хүртэн хавтай сайхан наадаж байсныг өнөө ч Галшарчууд дурсан ярьдаг. Халтар уяачийн том том зоосон цагаан толботой улаан бор азаргыг нутгийнхан“Одон улаан” хэмээн нэрийддэг байсан бөгөөд бор азарга шүдлэн, хязааландаа сумандаа түрүүлж, нас нийлсэн хойноо Бөгөн хулын очоогүй наадамд хэд хэд түрүүлжээ. Мөн найман настайдаа АХ-ын 25 жилийн ойн баяр наадамд аман хүзүүнд хурдалсан байдаг билээ. Н.Халтарын уяачийн эрдэм ухааныг өгүүлсэн олон сайхан хуучийг Галшарчууд ам дамжин хүүрнэдэг бөгөөд тэдгээрээс уншигч танаас сонирхуулбал: 
1938 онд Ж.Сүрэнхоролын улаан бор азаргуудыг хүргэн Н.Халтар уяад улсын наадамд очиж. Маргааш нь улсын наадам болно гэж байхад Галшар сумын нутаг Түмэндэмбэрэлийн сайн усанд айлд тоглож суухдаа хоёр азаргаа мордохоос өмнө наадамд очих юмсан гэж ярьж байжээ. Тэгээд өглөө нь нар ханын толгойд тусах үед хотод оччихсон Мичин бор гэдэг морьтойгоо азаргаа тосоод давхиж явсан гэдэг. Энэ үед Мичин бор морь нь хөлсөндөө нэвтрээд бор алаг гэмээр зүстэй болчихсон байжээ. Азарганы уралдаанд нэг түрүүлж, нөгөө нь аман хүзүүдсэн боловч наадам будлиантай болсон тул дахин уралдахаар болж. Адууныхаа хурд уяа засалд итгэлтэй байсан Халтар уяач “Халхын дов зүсийг нь солихоос Галшар сум, Сүрэнхорол гэдэг нэр солигдохгүй байх шүү” хэмээн ам гарсан удаатай. Тэгээд хоёр хоногийн дараа азарга дахин уралдуулж дахин дараагаар нь оруулж байжээ.
Нэрт уяач Жаал улаан, Их, Бага, Марлан, Хөх цавьдар, Зэгэл, Одон улаан, Гозгор халтар, Хөх хонгор, Босоо улаан, Могой хээр, Гоё халиун зэрэг очсон газар болгондоо айраг, түрүү алддагүй хурдан хүлгүүдтэй. Босоо улаан морь нь 32 удаа түрүүлсэн ба зургаан насны морьдыг жигдхэн уяж сурсан довон дээрээ азарга, их насныхаа түрүүг алдаж болохгүй хэмээн сургадаг байсан гэдэг. Н.Халтар  өөрөө хурдлуулаад зогсохгүй орон нутгийнхаа уяачдыг удирдан 1956 онд аймгийнхаа баяр наадамд ирж таван түрүүг нь авч байсан удаатай. Н.Халтар уяачийн нэг онцлог нь морь хамт уяж байсан хүмүүсийнхээ байр байдлыг мэдсэний үндсэн дээр үнэхээр моринд сэтгэлээ зориулсан уйгагүй хөдөлмөрч хүнд хөгшин залуу гэж голохгүй уяа заслын эрдмээ харамгүй хэлж сургадаг. Морийг нь айраг, түрүүнд оруулж өгөөд энэ барилаар уяхыг зөвлөдөг сүүн сэтгэлтэй нэгэн байв.
1948 онд Дорноговь аймгийн Дэлгэрхэт сум, одоогийн Алтанширээгийн харьяат Пунцагийн Шагдар гэгч Галшар сумын наадамд завсаргүй таван азарга оруулахаар уяачдаа манлайлан ирснийг дуулсан сумын дарга Д.Даваажанцан Халтар уяачийг дуудуулан  “Та уяан дээгүүр орж үзэв үү. Гаднаас олон хурдан морьд ирж үү. Манай сумын уяачдын морьдын уяа хэр нийлэмжтэй байна даа” гэх зэргээр сонирхоход Н.Халтар уяач:
-Вангийнхнаас олон сайн азарга ирж дээ. Дорноговь аймгийн Иххэт, Дэлгэрэх сум ч хурд ихтэй газар шүү. Азарганы айргийн тавд ч манайхаас горьдох юм алга аа. Энэ жил барахгүйдэг ээ. Наадмынхаа эхийг гадны хошуу суманд алдвал яана даа. Би ямар морь мэдэх биш дээ. Харж л байя” хэмээхэд сумын дарга өндөлзөн: “Халтар гуай азарганы түрүүг алдахгүй байх ямар арга байна, яах вэ” хэмээн  сэтгэл зовнин асуулаа. Өвгөн уяач хэсэг зуур бодолхийлснээ:
“Халзангийн шар Туваанжанцангийн хул азарга энэ жил ямаршуу байгаа бол. Тэр байвал магадгүй юм даа” гэж. Маргааш өглөө нь Даваажанцан дарга Туваанжанцанг сураглуултал Галшарын наадамд явчихсан байж. Д.Даваажанцан Халтар уяачийг дагуулан сумын холбоон дээр очиж Галшарын дарга Наваанбалдантай ярьж, улмаар Туваанжанцанг дуудуулаад:
-Чи Галшард наадахаар очоо юу. Морьд хурдан биз дээ гэж лавласнаа, за хө чи Халтар гуайтай ярь  даа гээд утсаа өгөв. Халтар уяач утсаар мэндлээд:
-Чиний хул азарганы уяа ямар байгаа вэ? Ноднингийнхоос..., тэгвэл уржнангийнхаас гэж асууснаа толгой дохин инээмсэглээд:
-За тэгвэл чи сумынхаа наадамд заавал ирэхгүй бол болохгүй нь ээ хө. Хурдан хул азарганы чинь хэрэг болоод байна. Вангийнхаас олон сайн азарга ирчихээд түрүү алдчих гээд болдоггүй. Бас чамд аминчлан захих юм байна. Чи ирэх замдаа азаргаа ганц ч мур, мур хийлгэж шогшуулж болохгүй шүү. Тувт сажлуулан явсаар Эрээн цавын энгэрт хоноод өглөөгүүр ирсэн байхыг бодоорой гэхэд Даваажанцан дарга:
-Би чамайг иртэл наадмаа хойшлуулаад байж чадна гэж амлажээ.
Ингээд наадмын талбайд гол асраа босголгүй орхиж, өглөө нь уяачдад “Сумынхаа эхний хагас жилийн уралдааныг дүгнэж байж наадмаа нээнэ” гэсэн зар тараажээ. Бага үд нэлээн хэвийсэн хойно Туваанжанцанг ирлээ гэсэн мэдээ авуутаа сумын дарга ч гол асраа босгуулан наадмаа нээжээ. Уяач Туваанжанцанг Халтар гуай тосч уулзаад хул азаргыг нь шинжин харснаа:
-Наадахын чинь уяа мултарчих гээд байна. Бушуухан мордуул гэж шаардахад Туваанжанцан ч тэр дор нь гөхөл, сүүлийг нь босгоод хүүхдээ унуулан гарааны газрыг чиглэн гарцгааж, олон азаргатай нийлүүлэн явуулжээ. Азарга гарсны дараахан Н.Халтар гуайг наадмын талбай дээр хүрч ирэхэд Д.Даваажанцан дарга уулзан:
-За мордуулчихов уу. Хул азарга маань яах бол доо хэмээн сэтгэл түгшин асуухад  Халтар өвгөн ханцуйгаараа хөлсөө шудран арчаад:
-Хоншоор байвал магадгүй дэг шүү. Харж л байгаарай гэсэн гэдэг.
Алс тэртээгээс азарганы түрүүч гарч ирэхэд цээжний хэдэн адуун дунд Туваанжанцангийн азарга өнгөлөн явна гэнэ. Барианы газар ойртох тутам хул азарга газар унхиалан бусдаас сугаран хурдалж, тэр наадмын түрүү магнай болоход түүний араас үнэхээр л Дэлгэрэх сумын таван хурдан азарга дарааллан барианд орж, долоод Халтар гуайн азарга оржээ. Ингэж тэрээр нутгийн дэвжээг хамгаалжээ.
1952 оны өвөл цагаан сарын шинийн гурванд Галшар сумын төвд дээд гурван насны уралдаан зар тарж, Сүхбаатар аймгийн Өлзийт сумын Гүржавын шарга, мэнгээ буурал, Дорноговийн Дэлгэрэхийн хөх Цэрэнгийн хээр, Чүлтэмсүрэнгийн ногоон халзан, Завын хар, жонжуу Навааны халтар зэрэг нэртэй хурдан хүлгүүд уралдах сургаар 70-80 км өвлийн хүйтэнд зорьж очин хээр морийг нь уяулж, өөрөө уяа заслыг нь тохируулахаар болж, 14 хоног морины байдлыг ажиж зөвлөсөн байна. Энэ уралдаанд мөн л өөрийн сумын уяач Аниахүүгийн хээр морь түрүүлж Дорноговь, Сүхбаатрын морьд дараалан орсон байдаг.
Их уяачийн залгамж Х.Чулуу
Нэрт уяачийн залгамж болсон Чулуу 1922 онд Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын нутаг Хашаат хэмээх газар төрж, таван настайдаа Н.Халтарынд үрчлэгджээ. Багаасаа адуу мал сургах, хурдан морь уяж сойх ажилд суралцсан Чулуу 15 настайдаа МХЗЭ-д элсч, 1937 онд МХЗЭ-ийн ТХ-ны дэргэдэх нам, эвлэлийн ажилтаны түр курсэд суралцаж төгссөн байна.Улмаар 1938 оноос Буянт сумын эвлэлийн үүрийн даргаар ажиллаж, 1940-өөд оноос Буянт сумын анхны сургууль танхимын хэлбэрээр байгуулагдахад Сангийн далай багийн нутаг Баянмөнх уулын урд Хоолойн хутагт анхны багшаар ажиллаж байжээ.
Х.Чулуу төр засагт хариуцлагатай ажил хашихын зэрэгцээ эцгээс өвлөгдсөн хурдан морь уяж сойх ажлаа орхигдуулсангүй. Аавынхаа Одон улаан, Жаал улаан удмын адууг уяж хурдлуулан хонгор азарга, саарал азарга, ногоон морь, Гохон улаан, Гозгор улаан зэрэг хурдан хүлгүүдээрээ наадаж олон айраг, түрүү авчээ. Унаган хүлгүүдээ түрүүлгэж, айрагдуулахаас гадна хурдан удмын адуугаа  өсгөн үржүүлэхэд анхаарал хандуулж, өөрийн үр хүүхдүүдэдээ өвлүүлэн үлдээжээ.Х.Чулуу 1956 он буюу АХ-ын 35 жилийн ойн баяр наадамд өөрийн Одон улаан азаргаа айргийн гуравт хурдлуулан төрийн наадамд хоёр үеэрээ уясан хүлгэдээ айрагдуулсан удамт уяачдын бүлд багтсан юм.
Түүнчлэн хурдан ногоон морио сумынхаа баяр наадамд олонтаа түрүүлгэж, айрагдуулан цэнгэж байв. Нэрт уяачдын удмыг залган хүү Ч.Лхагва-Очир нь хурдан хүлгийн уяа тааруулж, саарал морио сум болон аймгийнхаа өмнөд бүсийн наадамд түрүүлгэж, айрагдуулсан амжилтаар Монголын шигшмэл морьдын “Их Хурд” уралдаанд оролцох эрхтийг  гардан авч байжээ.
Мөн Х.Чулуу уяачийн хүү Ч.Мөнхбаатар сумын баяр наадмаас хоёр түрүү, долоон айраг, бага наадмаас нэг түрүү, гурван айраг хүртэн Галшар сумын Алдарт уяач цолны эзэн болсон бол Сангийн далай багийн мянгат малчин Ч.Жамсран нь адуун сүргээ өсгөхийн зэрэгцээ үржил селекцид нь анхаарч байгаа аж.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна