“МАКС АГРО” Эрчимжсэн мал аж ахуйн цогцолбор ферм нээлтээ хийлээ

А.Тэлмэн
2015 оны 2-р сарын 11 -нд

2015 оны хоёрдугаа сарын 7-ны нар ээсэн налгар сайхан өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумнаа “МАКС АГРО” эрчимжсэн мал аж ахуйн цогцолбор ферм нээлтээ хийж, түүхэн хуудсыг нээлээ. Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын дарга З.Энхболд, ХХАА-н сайд Р.Бурмаа, “Макс” групп, “Сүү” ХК-ийн удирдлагууд оролцсон юм. Нээлтийн үеэр “Макс” группийн Ерөнхийлөгч Д.Ганбаатар “Монголчууд 60 орчим сая малтай байж, саяхныг хүртэл сүүгээ гаднаас авч байлаа. Харин бид  энэхүү байдлыг өөрчилж жилийн дөрвөн улирлын турш дотоодын сүү, сүүн бүтээгдэхүүний зах зээлийг сүүгээр хангаж байна.Энэхүү эрчимжсэн цогцолбор ферм  нээлтээ хийснээр цаашид сүү, сүүн бүтээгдэхүүнээ экспортлох боломж бүрдэж байгаа юм. Мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх нь Максчуудын Монголоо гэсэн сайхан сэтгэлийн нэгээхэн хэсэг юм” хэмээн үйлдвэрийн цаашдын зорилгыг тодорхойлсон билээ. Монголд мах, үржлийн чиглэлийн эрчимжсэн мал аж ахуйн цогцолбор фермүүд  байдаг ч “Сүү”ХК-ийн байгуулж буй энэхүү цогцолбор ферм нь ойрын 20 жилд байгуулагдаагүй томоохон байгууламж гэдгээрээ ялгарч буй юм. “Сүү” ХК өмнө нь сая гаруй хүн амтай Улаанбаатар хотын нийт хэрэглэгчдийн шингэн сүүний 80 хувийг хангадаг байсан бол дээрх эрчимжсэн цогцолбор ферм ашиглалтад орсноор нийслэлчүүдийг өвөл зунгүй өндөр чанартай шингэн сүүгээр тасралтгүй хангах боломжтой болж буй юм. Мөн үйлдвэрээс гарч буй эцсийн бүтээгдэхүүний чанар ч улам сайжирна гэлээ.
Дашрамд сонирхуулахад, “Сүү” ХК-ийн оруулж ирсэн Гольштейн үүлдрийн гунжнууд нь саалийн 305 хоногтоо 7500-14000 литр сүү өгдөг бөгөөд, таван сард сүүний гарц оргилдоо  хүрч нэг үнээнээс хоногтоо 25-30 литр сүү авах боломжтой болдог аж. Ийнхүү монголд цэвэр үүлдрийн гунж, бяруунуудтай болсноор фермерийн аж ахуй эрхэлж байгаа малчид малынхаа ашиг шимийг нэмэгдүүлэх боломжтой болж буй юм. Түүнчлэн фермийн дэргэд 700 гаруй га талбай бүхий тариалангийн талбайтай бөгөөд эндээсээ малынхаа хэрэгцээт дарш, ногоон тэжээлээ бэлтгэн үйлдвэрлэх боломжтой. Мөн хөрсний үржил шимийг тогтвортой байлгах, био бордоо үйлдвэрлэх, улмаар байгаль орчинд ээлтэй технологийн нэвтрүүлэхэд анхааран ажиллаж байна. Одоогоор фермд 40 орчим хүнийг тогтвортой ажлын байраар ханган ажилуулж байгаа бөгөөд улирлын онцлогоосоо шалтгаалан ажиллах хүний тоо цаашид нэмэгдэх бүрэн боломжтой аж.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна