Аймгийн Алдарт уяач Д.Сугар: Уламжлалаа дээдэлж, орчин үетэй нь хослуулж байж хөгжилд хүрнэ
Хотондоо ээлтэй хонин жил айсуй. Айлчлан ирж буй шинэ оны дугаарын хүндэт зочноор Өвөрхангай аймгийн Өлзийт сумын уугуул, Үндсэн Хуулийн Цэцийн гишүүн, аймгийн Алдарт уяач Дуламын Сугар уригдан оролцлоо. Нутаг амьтай хийморилог хүүгийн хул азарга сүүлийн гурван жил дараалан Монголын чансаа өндөр есөн хүлгийн нэгээр шалгарч байгаа билээ. Энэ цагийн эрэмгий хурдан хүлгийн нэг шандаст хулын эзэнтэй бид ийн хууч дэлгэн хөөрөлдлөө.
ТҮҮНЭЭС ИЛҮҮ БАЯРЛАХ БОЛОМГҮЙ МЭТ САНАГДАЖ БАЙСАН
-Энэ цагийн эрэмгий хурдан буянгуудын нэг хул азарганы эзэнтэй шинэ оны эхэнд уулзаж буйдаа баяртай байна. Азарга тань гурав дахь удаагаа чансаа өндөр хүлгийн нэгээр шалгарлаа. Баяр хүргэе?
-Баярлалаа. Хул азарга маань гурван жил дараалан Монгол Улсын чансаа өндөр хүлгийн шагналыг надад авчирлаа. Хувь заяагаар учирсан хурдан хүлгийнхээ буянаар ийнхүү азтай, хийморьтой байгаадаа их баяртай байгаа.
-Хурдан хүлэгтэйгээ учирсан хувь тохиолоо хуучлаач?
-Сайн хүлэг эзнээ хайж явдаг гэдэг шүү дээ. Хул азаргыг шүдлэн байхад нь Онон манлай надад бэлэглэсэн юм.“Тунгалаг тамир” кинон дээр Хонгор Төмөрөөс бэлэг аваад “ийм сайхан эрийн гараас ийм бэлэг авах би азтай хүн юм” гэдэг шүү дээ.Түүн шиг би тухайн үед “эрдэм чадалтай энэ мундаг уяачаас ийм сайхан адуу бэлгэнд авлаа” гээд хэмээн ихэд баярлаж байлаа. Хулыгдааганд нь уяагүй байсан, тэр жил нь өөрийнхөө төрсөн сумын наадамд уралдуулан хол түрүүлгэж сайн адуу болохыг нь мэдсэн дээ.Түүний дараа Хэнтийн зүүн бүсэд айрагдахад нь Онон анхааралдаа авч уяа сойлгонд нь оролцох болсон юм.Түүнээс өмнө хөвгүүд болон туслахууд нь уядаг байсан байх.
-Хул азарга уралдсан болгондоо айргаар мялаалгаж байсан гэдэг?
-Тэгэлгүй яахав.Энэ жил улсын наадамд зургаалсаныг эс тооцвол үндсэндээ айраг, түрүү алдаагүй адуу. Үүнийг нь би хэд хэдэн зүйлтэй холбож бэлгэшээдэг юм.Нэгдүгээрт миний хул азарга удам сайт хурдан хүлэг. Хоёрдугаарт Онон надад өгье гэж өгсөн бэлэг.Буурлуудын хэлдэгчлэн “хүлэг эзнээ олж, хувь заяагаараа холбогдон, заяандаа нийлж байж давхидаг” гэдэг чухам энэ.Түүнээс биш аль сайн хамгийн үнэтэй гэснийг нь худалдаж аваад хурдлуулж байгаа хүн хэр олон байна. Мөнгөтэй л хүний адуу давхидаг юм бол хамгийн үнэтэй хурдан азарганд хамгийн үнэтэй сайн гүү авч хураалгаад хурд гарган санаагаараа хурдлуулаад байж болно шүү дээ.Гэтэл тэгэхгүй байгаа биз.Тэгэхээр л хүлэг, эзэн, хүүхэд гурвын аз хийморь цогцолж байж сая түрүү айрагт багтдаг гэдэгт би зуун хувь итгэдэг.
-Төрийн наадамд анх удаа айрагдсан тэр наадам одоо ч нандин биз?
-Түүнээс илүү баярлах боломжгүй мэт санагдаж байсан.Үнэхээр сайхан юм билээ.Уул нь ч нэг сайн хүлэгтэй болчихлоо гэдгээ ч мэдэрч л байсан, гэхдээ юу юугүй төрийн наадамд айрагдчихна гэж үнэндээ итгээгүй.Өдийд манай нутгийнхан телевиз үзэж байгаадаа л гэж бодогдсон.
-Хоолой цахиртаж, мэлмий чийгтээд л ирсэн үү?
-За ёстой нэг Гүрбазарынхаар самсаа шархирсаан. Арай ч нулимс унагаагүй.Дараа нь төвийн бүсийн уралдаанд түрүүлсэн шүү дээ.Тэгэхэд Онон над урьдчилаад сануулсан байсан болохоор илүү итгэлтэй байсан л даа.
-Маргааш хул азарга тань түрүүлнэ гээд хэлсэн гэж үү?
-Ер нь л тэгсэн шүү. Урд орой нь уяан дээрээс гаргаж өгөхдөө “маргааш чи нэг аятайхан хадагтай ирсэн нь дээр байх шүү” гэж байна. Улсын бүх л аваргууд оролцож байгаа тэр том наадмын түрүүг хэлнэ гэдэг ёстой л эрдэм дээ.
-Шигшмэл морьдын “Их хурд” уралдаанд айрагдах бас л бахдалтай сайхан байсан байх?
-Миний төрсөн нутаг Өвөрхангай аймагт болсон шүү дээ.Ойрхон хэдхэн километрийн цаана Хужирт суманд аравдугаар анги төгссөн болохоор таньдаг найз нөхөд олон л доо.Тэр утгаараа юмуу ер нь тэр дэнж дээр нэрээ дуудуулчих юмсан гэсэн хүсэл байсан.Өөрт айрагдчих юм шиг санагдаад явахаасаа өмнө Ононгоос “хэр явах бол” гэж хүртэл асуусан.Бүр тэгдэггүй хүн чинь гэр бараа бариад, айраг цагаа сөгнөөд хэрэндээ бэлтгэсэн л дээ. Улс халзан үнэхээр ид байсан болохоор их ойрхон ирээд алдсан даа. Илүү юм гэдэг илүү л байдаг юм билээ.Өөрийнхөө нутгийн дэвжээн дээр улсын томчуудтай наадаж азаргаа айрагдуулна гэдэг эр хүний амьдралд цөөхөн тохиолдох баяр бахдалын нэг байх.Тэр утгаараа “Их хурд-6” миний хувьд хамгийн сайхан наадам байсан.
-Их хурдын дараа Төв аймгийн 90 жилийн ой төвийн бүсэд уралдаж, дахин айрагдсан. Тэрхүү шийдвэр Тод манлайнх уу?
-Надад уралдуулах бодол байгаагүй ч Онон “дахиад уралдчихаар байна” гэсэн л дээ. Бүтэн жилийн турш бэлтгэлийг базаадаг тэр мундаг хүн хэлж байхад би юу гэхэв, “өөрөө мэдээ” л гэсэн. Тэгсэн ахиад айрагдсан. Тийм хэмжээний ачааллыг даахаар уяа, сойлго бэлтгэлийг базааснаа өөрөө мэдэж байгаашдээ.
БИ УЯАЧ БИШ, ХАРИН ХУРДАН АДУУТАЙ, АЗТАЙ, ХИЙМОРЬТОЙ ЭР ХҮН
-Алтны дэргэдэх гууль шарлана гэгчээр азаргаа хараад багцаалдаг болсон биз?
-Багцаа байнаа. Гэхдээ эд нарын сүрд дарагдаад юм дуугарч чадахгүй шүү дээ.Би өөрийгөө уяач гэж боддоггүй. Харин сайн хурдан адуутай, азтай, хийморьтой эр хүн.
-Зөвхөн хул азарга тань улс, бүс, Их хурд уралдаануудад хоёр түрүүлж, дөрөв айрагдсан. Гэхдээ нэг ч удаа цолны тодорхойлолт өгч байгаагүй тань ийм учиртай байх нь ээ?
-Ээ бурхан минь, тийм мундаг цол хэргэмийн талаар зүүдэлж ч явсангүй. Ямар болзол, шалгуур байдгийг нь ч мэдэхгүй. Ерөөсөө морь гэдг чинь миний алдар цолонд хүрэх арга хэрэгсэл биш. Харин бодохгүй гэхээр өөрөө бодогдоод байдаг, миний амьдралын зорилго бишээ гэхээр би өөрөө холдож чаддаггүй сэтгэлийн гүр соронзон юм. Бидний нүдний өмнө байгаа бодитой юмнаас гадна сэтгэл ухамсрын зүйлсээс энэ ертөнц бүтэж байгаа нь шинжлэх ухаанд тодорхой боллоо. Сайн хүлэг эр хүний золбоо хийморийг дээш нь татаж явдагт эргэлздэггүй. Тэгэхээр шүтэхээс яахав. Харин тэр цол нь уяж байгаа морин спортыг дэмжиж байгаад нь ялгаатай байх ёстой гэсэн санал байдаг юм байна лээ. Энэ бол сайн бодож байгаад шийдэж болох санал шүү.
-За тэгвэл хир сайн шавь вэ гэдэг асуудал тавигдана шүү дээ?
-Би чинь хөдөөний хүүхэд шүү дээ.Малын захад морь унаж өссөн хүн мэдрэлгүй яахав. Гэхдээ мундаг уяачийн хажууд ичмээр дамшиг гэдэгтэй адил.
-Буд, Улаан нарын гишүүд их ажлаа завчилж уралдахын өмнөх шөнө мориныхоо хоолыг тааруулан манаж хонодог гэх юм билээ. Таны хувьд?
-Тэд нар чинь надаас илүү олон жил морь уясан. Цол хэргэмийн хувьд ч илүү, мэргэшчихсэн мундаг улс. Тийм учраас цаг зав гаргадаг байх. Би бол уяан дээр очоод уяачийнхаа аяыг нь л дагана уу гэхээс хошуу нэмэрлээд байж чаддаггүй.Гэхдээ наадам дөхөхөөр сэтгэл хөдлөөд, орой үдэш, завтай чөлөөтэй үедээ юмуу бүтэн хагас сайн өдрөөр очиж хийморио сэргээн миний азарганы талаар мундаг улсын ярьж байгааг сонсох юм байлгүй яахав. Ер нь энэ улс чинь мундаг юм билээ. Жишээлбэл, ноднингийн наадмаар байхаа, яг азарганы уралдааны үеэр Буд, Онон бид хэд хамт байсан юм.Нөгөө хэд хоорондоо юм ярих гээд, би араар нь телевиз үзэх гээд зүтгээд байгаа.Тэгсэн чинь намайг зандраад, чи наашаа хараад юм ярь гэж байна. Тэгэхээр нь “за та хоёр л юмаа ярь. Би уралдаан үзмээр байна. Цэлхээгийн Бямбасүрэнгийн хүрэн азарга тасраад гараад ирлээ, түрүүлэх нь дээ” гэтэл Буд “нарийдчихсан байна, энэ азарга түрүүлэхгүй” гэж байна. Буд бид хоёр үе юм болохоороо “чи одоо сайн сайн гэхээр сахлаа будав гэгчээр түрүүлээд ирж байгааг нь харсаар байж дэмий юм ярих юм” гэсэн Буд “үнэхээр энэ азарга түрүүлчихвэл би дахиж чамтай морь ярихаа больё” гэсэн. Тэгсэн нээрэн л хүрэн азарга ганцаараа тасарч яваад барианд ойрхон ирээд сууж айрагдсан шүү дээ. Тэгэхээр би тэдэнтэй зиндаархахааргүй тааруу уяач байгаа биз./инээв/
НУТГИЙН ОЛНЫХОО ДУНД УЙЛЖ ДУУЛЖ, ЖАРГАЖ ЗОВЖ ЭРИЙН ЦЭЭНД ХҮРСЭН
-Хүүхэд байхдаа хурдан морь унадаг байсан тухайгаа ярьж байсныг тань санаж байна.....
-Манайх цөөн хэдэн малтай, хүмүүсийн хэлдгээр “амин тэжээл”тэйгээ л айл байсан.Би бусдын нэгэн адил сургуульд орохоосоо өмнө хэдэн адуугаа эргүүлж, хурдан морь унадаг болсон юм.Галын Очирбат гуайн хээр, Жанцандорж гуайн хар зэрэг сумынхаа хурдан хүлгүүдийг унаж түрүүлгэж, айрагдуулан одоогийн хэлээр “од” болж явлаа. Ер нь адуу маланд дуртай байх суурь тэр үеэс л тавигдсан байх.Мэдээж гадаад дотоод явж сургуульд сурах, төгсч ирээд улсын ажил алба эрхэлж байх үедээ нэг хэсэг морь малнаас хөндийрсөн л дөө. Гэхдээ дараа нь Ононтойгоо танилцаад хүүхэд насны дурсамж сэдрэн хурдан морь сонирхох болсон доо. Тэгээд нутагтаа ганц хоёр морьтой болж аймаг сумын наадамд 10 шахам айраг түрүү авсан. Өлзийтийн Гүрсэд, Баянголын Баяраа гээд залуучууд уяж сойдог юм. Өөрөө ч анзаараагүй байтал Өвөрхангайн морины шүтээний наадмын үеэр надад аймгийн Алдарт уяач цол өгсөн. Сайхан л юм билээ.
-Нутаг амьтай хүн байх нь ээ?
-Тийм шүү. Ер нь л нутаг орныхонтойгоо ойр байдаг.Тэднийхээ дунд л уйлж, дуулж жаргаж зовж эрийн цээнд хүрсэн юм.
-Нутгийн адуугаа хэр сүлж байна?
-Манай Өвөрхангай бол эртнээсээ нааш хурдтай нутаг. Мянган хүлгийн магнайд дүүлсэн Аравгар хээрийн домгийг мэдэхгүй хүн цөөн байх. Нэг үе манай нутгийн адууны чанар жаахан муудсан тал бий. Тэр нь нэгдлийн үед улсаас айхтар төлөвлөгөө өгч айраг цагаа бэлтгүүлдэг байсантай холбоотой. Дээр нь манай нутгийнхан айргандаа их дуртай. Гүүгээ эрт барьж орой тавьдаг улс.Биедээ шаардлагатай витаминаа гүйцэд авч чадаагүйгээс болж унаганы бие давжааран тэр нь явсаар нийт адууны чанарт нөлөөлж эхэлсэн.Хурдан адуу ч цөөн төрөх болсон байх. Хэдэн оныг нь санахгүй байна. Өндөр Гэгээний ойн баяр наадам Өвөрхангайд болж, их насны морьдын эхний зургаа нь Архангай аймгийн Цэнхэр сумын адуунууд байсан. Нутгийн хүүгийн хувьд тэр тусмаа моринд дуртай эр хүний хувьд тэр үед сэтгэл өвдөж “нутгийн адуугаа сайжруулах цаг нь болжээ” хэмээн бодож байсан юм. Ганц би гэлтгүй манайхан цөм тийнхүү санаж сэрсэн юм шиг байгаа юм. Удалгүй манай нутгийн залуучууд, уяачид, адуучид бодлоготойгоор Дорнод, Сүхбаатар, Хэнтий зэрэг зүүн аймгуудаас аль сайн удам угшилтай дөмөг гэсэн адуу болгоныг авчирч, нутгийн адуугаа сайжруулсан. Түүний үр дүн одоо гарч байна шүү дээ. Хэр баргын сайн адуутай хүн очоод манай аймгийн наадмаас айраг, түрүү авч чадахаа байсан.Тэр бүү хэл төрийн наадмын дэвжээнд ч гэсэн Өвөрхангайчууд тогтмол айраг түрүүтэй наадаж байгаа шүү дээ. Би ч гэсэн адуугаа сайжруулахын тулд зүүн зүгийн сайн угшилтай адуу аваачсан. Сүүлд олны жишгийг дагаад хязаалан, соёолон эрлийз хоёр азарга сумынхандаа бэлэглэлээ.Гарсан төл нь хурдлаад сүйд болдоггүй юмаа гэхэд бие бялдарын хувьд томорч, чанаржих байлгүй дээ.Эхний төлүүд дотор хоёр, гурван эр унага байна гэж дуулдсан. Дараа жилээс сураг дуулдах байлгүй дээ.
-Хаа сайгүй л адуугаа эрлийзжүүлэх бодлого барих болж дээ?
-Гол нь шинжлэх ухааны үндэслэлтэй хандах хэрэгтэй. Нэг талаараа шинжлэх ухааны үндэслэлтэй үржил селекцийн ажил хийж чанарыг нь сайжруулж байгаа асуудал бол олон жилийн турш хийгдэж байна. Тэр утгаар нь би буруу гэж боддоггүй. Гэхдээ гаршаад олон зуун жил адгуулчихсан мал байтугай зэрлэг хээр бэлчиж байгаа амьтныг төрөл зүйлээр нь хадгалж үлдэх талаар өнөөдөр дэлхий дахин санаа зовниж байна шүү дээ.Тэр утгаар нь авч үзвэл монгол адууг цэврээр нь хадгалж үлдэх бодлого заавал байх ёстой. Эрлийзжүүлэх, сайжруулах ажил нь шинжлэх ухааны үндэс, бодлого муутай явж байгаа нь нэг талаар бүр цусыг муутгаад, буруудуулчих вий гэсэн эмзэглэл байдгаа нуугаад яахав. Жишээлбэл бидний хамгийн сайн мэдэх монгол хайнагийн эрлийз Ортоом байна. Чанарын хувьд дээшээ биш, доошоо явчихсан. Энэ мэт алдаан дээрээ суралцан адуугаа эрлийзжүүлэн сайжруулах ажлаа шинжлэх ухааны үндэслэлтэй хийхийн зэрэгцээ нутгийнхаа цөм сүргийг зэрэгцүүлж хадгалж явах хэрэгтэй юм шиг байгаа юм. Би хувьдаа ийм бодлого баримталж байгаа. Нутагт байгаа зүүн зүгээс авчирсан адуунууд монгол цөм сүрэг.
-Төв аймагт нэг хэсэг адуу тань байна уу?
-Төв аймгийн Алтанбулаг суманд цөөн адуу маань бий. Манай дүү хариулдаг юм. Тэр адуундаа аятайхан азарга тавьчих бодолтой л байна. Яг одоохондоо би өөр ажил алба эрхэлж, өөр зорилготой байгаа учраас тэр бүр анхаарал хандуулж чадахгүй л байна. Харин тэтгэвэртээ гараад, зав чөлөөтэй болсон хойноо энэ тал дээр анхаарал хандуулахыг үгүйсгэхгүй.
-Ингэхэд хул азарганы тань төлүүдээс урам сэргээх үрээ байна уу?
-Хул азарга энэ жил 10-тай. Хавчигаас нь эхлээд хоёр, гурван гүү хураалгасан. Төлүүдэд нь манай багш л шинжилгээ хийж байгаа байх даа. Одоохондоо энийг уяя гэж хэлээгүй л байна.
-Өвөрхангай аймгийн 80 жилийн ойгоор таваар давхидаг халиун шүдлэн хаанахын адуу вэ?
-Нутагт байдаг Сүхбаатараас авсан адуунуудын нэг.Онгон сумын үрээ байгаа юм.
Манай Зэгстэйн гол, Жороогийн хөндий, Сарын бүрднийхийг гүйцэх айраг байхгүй юм билээ
-Ингэхэд нутагтаа очиход тань УИХ-ын гишүүн, ТӨХ-ны дарга, ҮХЦ-ийн гишүүн гэдгээр нь тань хүлээж авах уу? Эсвэл хурдан хулын эзэн, нутгийн хүү гэдгээр нь илүүтэй хүлээж авах уу?
-...Давхиад очиход цоожгүй айл малчин танайх
Даянд ганцхан цуургагүй сэтгэл малчин таных.... гээд яруу найрагч Чимэддоржийн мундаг шүлэг байдаг даа. Миний хувьд энэ дэлхий дээрх агуу элгэмсэг ард түмэн бол Монголчууд. Тэр тусмаа малчид. Манай нутгийн малчид намайг очиход дарга гэдэг нүдээр ер хардаггүй. Манай нутагт хурдан морь унаад явсан, зовж зүдэрч явсан тэдний хүү байна л гэж харна. Зарим нэг нь бол “сайн байна уу” гэхээсээ өмнө “хул азарга хурдан байна уу” гэнэ. Тэр нь надад таатай байдаг юм.
-Нутаг ус, бага насны дурсамжаасаа хуваалцаач?
-Над нутагтаа амь тавих хоёр шалтгаан бий. Нэгдүгээрт шууд утгаараа би энэ нутгийнхны дэмжлэгээр хүн болсон. Миний тэр нандин сайхан бүхэн нутагт маань үлдсэн.Хоёрдугаарт хүн төрөлхтөн өнөөдөр байгалиасаа холдчихоод, байгальдаа ойртохын мөрөөсөл болж байна. Миний хувьд ижил дасал болсон нутагтаа очихоос өөр аятайхан замыг мэдэхгүй. Тийм болохоор жил бүрийн зун нутаг руугаа явж амардаг.Намайг очих үеэр айраг ид сайхан болчихсон байна. Манай нутгийн айргийг ямар амттай гэж санана. Би өөр хаана ч тийм сайхан айраг амсч үзээгүй.
-Айраг нэлээд уух уу?
-Хэмжээний хувьд шалихгүй ээ. Гэхдээ бас ч хоосонгүй. Хүмүүс Булган, Дундговийн айраг л гэдэг. Аль алийг нь хэрэг болгож амсаж үзсэн манай Зэгстэйн гол, Жороогийн хөндий, Сарын бүрдний айргийг гүйцэхгүй юм билээ./инээв/
-Танай нутгийн айраг тийм сайхан байдаг нь юутай холбоотой байхав?
-Минийхээр хоёр шалтгаантай.Нэгдүгээрт багаасаа өөрөө уугаад сурчихсан болохоор тэгж санагддаг байх. Хоёрдугаарт сайхан айраг гаргах хамгийн тохиромжтой нөхцөл нь бүрдсэн газар бол дээр дурьдсан миний нутаг. Яагаад гэвэл хужиртай, нууртай, устай, нарийн өвстэй. Тэгээд дээр нь ялаа шумуул багатай, сэрүүхэн. Дундговийн хойд тал Өвөрхангай, Булганы урд тал, Архангайн ганц хоёр сум, Төв аймгийн баруун талын ганц нэг сумдаас өөр газар бараг айраг исдэггүй юм даа. Яаж ч оролдоод дөмөг айраг гарахгүй. Тэр нь цаг агаар, байгалийн зохилдолгооноос нь болж байгаа юм. Айраг гардаг нутгийн хамгийн төв цэг нь сая миний нэрлэсэн нутаг.Тийм учраас манай нутгийн айраг хамгийн сайн нь гэж бардм хэлж байгаа юм. Айраг мэддэг улс шүүвэл манайх л түрүүлэх ёстой.
-Ууж үзмээр санагдаж байх чинь ээ?
-Заавал үзээрэй. Манай нутгийнхан “арав” гээд өвөрмөц наадгайтай. Арван хуруугаараа хурууддаг гэх үү дээ. Ийм наадгай өөр хаана ч байдаггүй юм билээ. Манайхан тэгж аравдахдаа архи уухгүй, элдэв долоон зан гаргаж, агсам согтуу тавихгүй. Тэгсэн хүнийг айргаараа хатуу шийтгэдэг. Өөрөөр хэлбэл айргаа тойрсон их сайхан соёл л доо. Нэг зун очоод би хуруудлаа.Тэгсэн манай тал хожигдчихдог юм. Тоглоомын дүрмийн дагуу нэг хүн олон хул ууна л даа. Тэгсэн нөгөө талын тэргүүн манай сумын том биетэй, их ч уудаг сайхан залуу намайг өрөвдсөн бололтой “за танай талынхан айргаа уу, Сугар ах юу гэхэв” гэж байна. Хамгийн настай нь би байсан байх.Тэгэхээр нь нэгэнт л шийтгүүлж байгаа юм бол шийтгэлээ хүлээе гээд тэр айргийг нь уучихлаа. Тэгсэн чинь тэр их шог үгтэй залуу байж “өө их ордог юм байна” хавар сүү ховорт айлд цайны сүү өгөх гэхээр ундааны сав дүүрч өгдөггүй шиг гэж билээ. /инээв/
-Миний мэдэх Өлзийтийн хөвгүүд хэл үг хурцтай, хэлэмгий доломгой улс байдаг. Уран үгс хэлхэж шүлэг тэрлэдэг юм биш биз?
-Үгүй ээ, шүлгийг онцгой авьяастай улс нь бичих ёстой. Дэмий шүлэг ажлын садаа. Бавуугийн Лхагвасүрэн гэдэг аугаа хүнийг үхэхийг нь хүлээгээд аугаа гэж хэлэхгүй юм. Ний нуугүй хэлэхэд давтагдмал дэмий шахуу шүлэг хараад би кайф авахаасаа илүү уур хүрээд байдаг юм. Харин манай нутгаас Дэндэвийн Пүрэвдорж, Ичинхорлоо, Нацагийн Жанцанноров гээд мундагчууд олон төрсөн.Жанцанноров гуай бид хоёр бүр нэг голынх. Би анх удаа хурдан морь унаж байхад, Жанцанноров гуай хамгийн сүүлийн удаа хурдан морь унаж байсан юм. Тэр уралдаанд би түрүүлж, Жанцанноров гуай томдоод хоцорч байлаа. Манайхан ер нь их шооч улс. Хамаагүй үг хэлбэл түрүүнийх шиг онигоонд орно. Ямар сайндаа нэгдлийн үед айрагны их өндөр норм өгөөд айлуудын хөхүүр дүүрдэггүй байж. Арга ядаад зарим нь айргаа арвижуулах гэж ус буцалгаж хийдэг байж л дээ. Түүнийг нь мэдэх зарим нэг шооч улс агсам тавихдаа “танай айраг гэж юу байсан юм, саарал гүүгээ хоёр сааж Сангийн далайгаа гурав сааж, зээрд гүүгээ хоёр сааж Зэгстийн голоо гурав саагаа биз” гэж байсан гэдэг юм. Манай сумын төвд Сангийн далай гээд хөөрхөн нуур байдаг. Хойгуур нь Зэгстийн гол урсана. Түүнийг оролцуулаад тийнхүү биенээ егөөддөг улс даа. /инээв/
-Айлын ууган хүү гэсэн.Хэдэн дүү командалж байв?
-Би дороо есөн дүүтэй. Айлын том хүүхэд ачааны хүндийг үүрдэг ёсоор зургадугаар ангид байхдаа гэрээ буулгаад, ханаа шинэчилж үдэн, униа будаж, бүрээсээ угаачихаад буцаагаад барьчихдаг л хүүхэд байсан.Миний ээж их ухаантай эмэгтэй. Намайг аравдугаар ангиа онц төгсөхөд гадагшаа зургаан жил сургуульд явуулж, эрдэм номын захтай хүн болгосон. Магадгүй тийм бэрх амьдрал дунд хэр баргын хүн хүүхдээ тэр олон жилээр сургуульд явуулъя гэж бодохгүй байсан байх.
НҮҮДЭЛЧНИЙ СОЁЛ, АДУУНЫ СОЁЛ БОЛ МОНГОЛЧУУДЫН ОРШИН ТОГТНОХ АРГА Ч БАЙЖ БОЛНО
-Амар бус шийдвэр байсан байх. Ярилцлага эхлэхээс өмнөх уламжлалыг хөгжүүлэх ёстой гэсэн үг тань санаанаас гарахгүй юм. Ямар утгаар хэлсэн юм бэ?
-Уламжлалаа дээдэлж, орчин үетэй нь хослуулж байж хөгжилд хүрнэ гэсэн санаа юм л даа. Хамгийн энгийн жишээн дээр тайлбарлая. Бидний үеийнхэн дөрөв, тавтайгаасаа эхлээд морь унаж, зургаан долоон настайгаасаа эхлээд хурдан морь унадаг байсан.Өөрөөр хэлбэл долоон настай Сугар бол аль хэдийнэ бэлтгэгдчихсэн боловсон хүчин. Амьдрал хүрээлэн байгаа орчин нь түүнийг бэлтгэдэг байсан. Харин өнөөдөр тийнхүү бэлтгэгдсэн унаач хүүхэд цөөхөн байна. Малынхаа дэргэд байгаа хүүхдүүд бол өөр л дөө. Харин хотод төрж өссөн айлын хүүхдийг гуйгаад морь унуулж сурган уралдаанд оролцуулна гэдэг их эрсдэлтэй. Мориноос унаж бэртэж, гэмтэж байгаа хүүхдүүдийн ихэнх нь хотын хүүхдүүд байх шүү лээ. Тэгэхээр цаг үеэ дагаад “боловсон хүчнээ” бодлоготойгоор бэлтгэдэг болмоор байгаа юм.
-Уралдаанч хүүхэд бэлтгэх сургалт байх хэрэгтэй гэсэн үг үү?
-Тийм. Ийм арга хэмжээ авч хүүхдийнхээ амь нас аюулгүй байдлыг хангахгүй бол морин уралдааны нэр хүнд унаж, хүүхдээр морь унуулах эсэх тухай асуудал сөхөгдөж байна шүү дээ.Морин уралдаантай холбоотой өөр нэг эмзэглэж явдаг асуудал бол өвлийн уралдаан байна. Өвлийн хүйтэнд цантай морь, нус нулимс нь хөлдчихсөн жаахан хүүхэд харах тийм таатай биш шүү дээ. Яахав мориндоо амьсгааг нь задлах, бөглөөг гаргах талаасаа ашигтай л байх. Гэхдээ үүнийг заавал уралдаан зохион байгуулах хэлбэрээр бус шийдэж болно шүү дээ. Морин уралдаан монгол соёлын нэг хэсэг хэмээн бодож явдаг учраас би хэдэн жилийн өмнө нэг санаачлага гаргаж, ММСУХ-нд хүргүүлж байсан юм. Хөрөнгө мөнгөний асуудал байсан уу? Нэг хэсэг яригдаж байгаад одоо таг болсон.
-Юу байсан юм бэ?
-Уралдааныг гараанаас бариа хүртэл үзэх боломжтой хагас тойрог зам байсан юм. Үзэгчдийн тав тухыг хангасан хөрөнгө мөнгө хэмнэсэн уг нь их аятайхан санаа л даа. Анхны хөрөнгө оруулалтыг нь л гаргачихвал дараа дараагийн хөрөнгийг хувьцаа гаргаад босгочихож болохоор байсан юм. Жил бүр улсын наадам гээд нэлээд хэмжээний хөрөнгө зарлагддаг. Нэг удаа хөрөнгө гаргаад үүнийг хийчихвэл цаашдаа хөрөнгө зарахгүйн дээр байнгын орлоготой байж болох байсан юм.
-Анхны хөрөнгө нь хэд орчимд төсөвлөгдсөн юм бэ?
-Тэрбум орчим төгрөг болох байсан байх. Энэхүү хөрөнгө оруулалтаараа төр 30 хувийг эзэмших эрхтэй. Товчхондоо би монголын морин спорт, уламжлалт наадгайг хэвээр хадгалж үлдэхийн тулд нэгдүгээрт соёлын талаас нь үнэлж, нэр хүндийг сайжруулах, ухуулах хэрэгтэй.Хоёрдугаарт, уралдаан зохион байгуулах хэлбэрээ эрс өөрчлөх хэрэгтэй гэж бодож явдаг хүн.Соёл,уламжлалаа хадгалан орчин үетэй нь хослуулан хөгжүүлж чадсан ард түмэн бол Япончууд.Ер нь уламжлалаа хамгаалж байгаа нь гээд дундад зууны соёлыг тэр чигт нь хадгалаад байж болохгүй биз дээ. Хамгийн энгийн жишээ хэлье л дээ. Монгол уламжлалаа хадгалж байгаа нь энэ гээд хаа явсан газраа дээл өмсөөд явахад хэр тохиромжтой байхав. Мэдээж монгол дээл биед эвтэйхэн сайхан хувцас. Гэхдээ энэ цаг үед эрдэм шинжилгээний хурал юмуу олон нийтийг хамарсан хуралд өмсөхөд тохиромжтой бус.Хурган дээлтэй ирээд үүдний өлгүүрт өгчихөөр майктайгаа үлдэнэ. Хурган дээлтэйгээ орохоор халууцна. Тийм болохоор уламжлалт хэв шинжээ хадгалсан орчин үеийн загварын болгох хэрэгтэй.
-Та яриандаа соёлын талаар хөндлөө энэ хүрээнд авч үзвэл хурдан морь хаана байх бол?
- Би л лав Хятад хүнээс царайгаараа бага ялгагдана. Бидний ялгагдах юм бол хэл соёл л болж байна. Хамгийн сонирхолтой соёлын талаар шинжилж ухааныг 250 гаруй тодохойлолт байна гэсэн. Эдгээрийн дотроос соёл гэдэг бол аливаа юмыг хийх арга гэсэн ойлголт зонхилдог гэсэн. Нүүдэлчний соёл адууны соёл бол монголчуудын оршин тогтнох арга ч байж болно. Хүн төрөлхтний түүхээс үзэхэд мэдээллийн хурдыг эзэмшиж байгаа улс л манлайлж байж, одоо ч тийм байна.Монголчууд ч тухайн үед өртөө, цэргийн зохион байгуулалтандаа морийг илүү үр дүнтэй ашиглаж чадснаараа дэлхийг эзэгнэж байсан байна. Ингэхлээр ийм их түүх соёлоо мартаж болохгүй ээ. Харин орчин үежүүлэх шаардлага бий шүү.
-Яаж?
-Майский гээд Оросын эрдэмтэн 1911 онд Монгол орноор явж амьдрал ахуйг нь судлаад “монголчуудын амьдрах арга, үйлдвэрлэлийн арга соёл нь XIII зууны үеийнхээсээ огт өөрчлөгдөөгүй байна” хэмээн дүгнэсэн байдаг. Тэгэхээр бид орчин үедээ тохируулж өөрчлөгдөх ёстой. Малынхаа хойноос бүхэл өдөржин уул хэц дамжин явдаг байх үед өөхтэй мах идэж, өтгөн цай уухгүй бол биеийн калори хүрэлцэхгүй осгох аюултай байсан. Харин одоо бол монголчуудын талаас илүү хувь нь суурин амьдралтай болсон. Улаанбаатарчууд Хонгконг, АНУ-ын иргэнтэй яг адилхан амьдарч байгаа учраас тэдний ууж иддэгийг идэж, фитнесээр хичээллэх ёстой. Тэгэхгүй бол идсэн хоолныхоо калорийг шатааж чадахгүй, хөдөлгөөний дутаглаасаа болоод элдэв өвчин эмгэг тусна. Тэгэхээр хотын монголчууд хоолныхоо соёлыг эрс өөрчлөх цаг болсон. Та бүхэн анзаарч байгаа бол 1990-ээд онд бүх мөнгөтэй залуучууд махлаг, том том жийп унадаг байсан бол одоо ууланд авирч, фитнессээр хичээллэж байна. Соёл өөрчлөгдөж байгаа. Соёлоо хадгалаад орчин үежүүлэхээс өөр арга зам бидэнд байхгүй.
-Соёлын нэгээхэн хэсэг эд өлгийн зүйлд хэр ач холбогдол өгдөг вэ. Жишээлбэл хөөрөгний тухайд?
-Би чинь Илдэн бэйлийн хошууны хүн.Манай нутгийнханд сайхан зан ч олон бий, илүү зан ч олон бий. Илүү зангийх нь нэг эр хүн сайхан морьтой, нүд булаасан аятайхан юм эд хэрэгсэлтэй байх ёстой гэсэн үзэл байна. Тэр утгаараа хааяа гоё сайхан зүйл хэрэглэхийг хичээнээ. Ганц хоёр гайгүй хөөрөг бий, бий.
-Морины соёлыг түгээгчийн хувьд аймгийн Алдарт уяач юм байна. Харин төрийн албан хаагчийн тухайд хөдөлмөрөө хэрхэн үнэлүүлсэн бэ. Саяхан нэг дор 147 Алтангадас одонтнууд төрсөн шүү дээ?
-Одон бий, бий. Гэхдээ одоогийнх шиг цэргийн нормын талх тарааж байгаа юм шиг өгдөг цагт аваагүй, шалгуур өндөртэй шүүсэлж байж өгдөг үед нь авсан.
-Эргэлзэхгүй байна. Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Морины соёлыг түгээгч эрхмийн цаашдын ажил үйлст амжилт хүсье.
-Сайхан өнтэй өвөл боллоо. Ирэх хонин жилд Монголчууд хэрүүл цуугиан багатай, амьдралын зөв зам дээр гарсан, амар амгалангийн цаг ирээсэй гэж ерөөе!
А.Тэлмэн
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна