Аймгийн Алдарт уяач Ж.Лувсангомбо: Би хүнийхийг сайн гэж авдаггүй, өөрийнхийгөө муу гэж зардаггүй хүн
Галшар нутгийн хийморилог уяачдын төлөөлөл аймгийн Алдарт уяач Жамсрангийн Лувсангомботой уулзсанаа уншигч танаа хүргэж байна.
-Галшар сум хэдийнээсээ хурдтай, уяачид нь эрдэмтэй.Танайхны удамд ямар, ямар мундаг уяачид байв?
-Манай аав морь уяж байгаагүй. Өвгөн ноён Пүрэвжавын сүрэг жасын адууны эмнэг догшныг нь сургадаг, моринд нэлээд эрэмгий хүн байсан гэдэг. Хангал булгиулж байгаад бэртэл аваад доголон болсон юм билээ. Манайх долоон хүү, долоон хүүхэнтэй. Долоон хүүгийн хамгийн бага нь би. Энэ жил манайх ургийн баяр хийхэд 500 гаруй улс цуглаж байна лээ.
-Жамсран гуайн үр ач нар өнөр олуулаа болжээ. Өвгөн ноён морь малыг нь маллалцсан хүмүүстээ үрээ, байдас өгдөг байсан гэлцдэг?
-Өгдөг байсан юм байлгүй, би сайн мэддэггүй юм. Намайг жаахан байхад Өвгөн ноёны Жас адууны том халтар азарга байдаг байсан. Одоо бодоход их гоё азарга байсан санагддаг юм. Манайд хавар бага адуу ирснийг азарга тавьсан юм билээ. Намайг ухаан орох алдад нэгдэл бий болж, нийгэмчлээд, тэгээд яасан юм бүү мэд. Миний өөрийн эмхлүүлж өсгөсөн адуу бол Өвгөн ноёны Норов хүрэн гэдэг азарганы удмын адуунууд байдаг.
-Танай ах нар тэр халтар азаргыг уяж байсан болов уу?
-Уяж байсан. Өвлийн уралдаанд уяж, намайг тав, зургаан настайд унуулж уралдуулсан. Жаахан байсан болохоор хэдээр орсноо ч мэддэггүй юм. Одоо бодоход айрагдсан шиг л байгаа юм, лаа, шүдэнз өвөртлөөд харьж байсан санагддаг. Тэр их гоё халтар азарга байсан. Манай аймгийн Алдарт уяач Нас-Очир гэдэг хүн халтар азарганы зургийг их сайхан зурж байсан юм. Даанч одоо надад байдаггүй.
-Өвгөн ноёны Норов хүрэн азарганы төлийг та хэн гэдэг хүнээс хэзээ, яаж авч байв?
-Ангасай Банзрагчийн Баяр, Магнай гээд ах дүү хоёр азарганы төл Зулбан зээрд гээд гоё зээрд азарга, намайг засаг адуу хариулж байхад нийгэмчилсэн юм. Түүний төл хүрэн азаргатай хүн байгаа юм, би. Түүнээс гадна Донойн Цэгмидийн Бөгөн хулын угшилтай ганц нэг гүү авч цус сэлбэсэн.Одоо манай бага хүү морь мал уяж, би харж зөвлөдөг л болоод байна.
-Та ер нь хэдий үеэс морь мал уях болсон бэ?
-Би 1965 онд цэрэгт мордоод, долоо, найман жил шахуу армиар явчихаад 1973 онд халагдаж ирэн, 1974 оноос эхэлж ах нарын өгсөн ганц нэг морь уяж эхэлсэн. Мятав гээд ах маань надад Данзан Гомбын адууны угшилтай сайхан хонгор гүү өгч байсан. Данзан Гомбо гэдэг нь нэлээн хурдтай хүн байсан юм гэнэ лээ. Тэр хонгор гүү эр, эм олон сайхан төл өгсөн. 1974 онд Мятав ахынхаа өгсөн сайхан хээр морийг уяж багийн наадмаар гуравт оруулснаар миний уяа эхэлж байлаа.Түүндээ урамшаад хүн амьтнаас ганц нэг адуу худалдаж аваад уяхад зарим нэг нь явж л байсан, зарим нэг нь явахгүй хоцорч л байсан даа. 1974-1978 он хүртэл миний уясан морьд айрагдаж гавиагүй, арван хэд хавиар орно. Уялаа гэхэд түрүүлгэчихдэг байгаагүй.
-Тэр үед адуу авахад ямархуу үнэ ханштай байх вэ?
-Ер нь гайгүй дээ. Хусран даагыг 500 цаасан дээр хазаарын морь өгөөд авч байлаа. Одоо бол тийм юмгүй болсон. Тэр үед чинь айхтар зараад сүйд болдоггүй байсан үе шүү дээ. Би тэгж айхтар наймаа арилжаа хийдэггүй, өсгөсөн адуунуудаа л уядаг байсан даа. Нэг үе хурдан хурц гэхээсээ гоё зүсний морьдтой болохыг л эрхэмлэж байлаа. Анх цэргээс ирсний дараа ах хонгор адуу өгөхөөр нь дандаа хонгор адуутай болно гээд 16 хонгор адуутай болсон. Цаашаа өсөхгүй болохоор нь дандаа их гоё шар амтай бор хээр адуутай болно гээд 12-13 хүргээд зарахыг нь зарчихсан. Тэгээд одоо ямар адуутай болох вэ гэж бодож байгаад Дагмидын Үдэрбат гэж адуучин дээр очоод “За надад азарга тавих хол угшлын аятайхан үрээ хайрла” гэсэн чинь Норов хүрний угшилтай хүрэн үрээ өгч, зээрд адуутай болж байлаа. Сүүлдээ хүн амьтан “за Гомбод хүрэн турсага аваачаад өгсөн ч авна, цаадахад чинь аваачиж өгнө” гээд нэг гүү ч байсан хөтлөөд ирнэ. Би ч аятайхан санагдвал авчихна. Гэхдээ дандаа ч бас адуу аваад байхгүй. Тэгээд л надад тэр Норов хүрний угшилтай адуу чинь бий болсон юм даа. Миний тэр хүрэн азарга 1983 онд аймагт хязаалан үрээ ирж уралдуулаад өнгөнд явсаар байгаад зургаалж байсан. Их булгидаг, танхай ч азарга байсан. Би ч залуу байсан болохоор соёолон азарга уяж чадалгүй өнжөөгөөд, хавчиг азарга сумандаа хол түрүүлгээд, өвлийн наадамд хоёр түрүүлгэсэн. Тэрний үр сад гэж олон сайхан адуунууд бий.
-Та аймгийн наадамд хэр олон удаа ирж байв?
-Би аймгийн наадамд олон ирсэн. 1993 онд аймгийн 70 жилийн ойгоор тэр хүрэн азарганы үр буурал духтай сайхан зээрд соёолон гуравт оруулаад, Өвгөн ноёны наадамд очиж түрүүлгэчихээд, хойтон жил нь хавчиг морь уралдуулалгүй өнжөөд, 1995 онд долоотой морь Бор-Өндөрийн намрын наадамд уралдуулж хол түрүүлгэсэн. 1996 оны өвөл Дэлгэрхаанд Пунцагбалжир агсны зохион байгуулсан сая төгрөгний байтай уралдаанд манай нутгаас нэлээн олон морь явахад, би зээрдийгээ аваад явсан юм. Нутагтаа нэлээд хэд айрагдчихсан болохоор жоохон аархсан уу, нутгийн хэдтэйгээ сунгалгүй Хэрлэнгийн ард 60 хэдэн морь сунгана гэхээр нь тийшээ хөтлөөд очлоо. Тэгсэн хамгийн сүүлд эргэдэг юм байна шүү. Донойн Цэгмидийн хүү Минжүүр, манай комданийн захирал бид хэд машинтай дагаад байгаа. Нөгөө хэд чинь “явуулж бай л” гэж байна шүү. Тэгээд явуулсан холхон шиг түрүүллээ. За болоод явчихлаа гэж бодоод унтсан, маргааш өглөө нь босоод харсан хамрынх нь үс босчихоод хачин юм байж байна. Хэтрүүлчихгүй юу. Одоогийнх шиг тэжээл байх биш, урьд намар нь өнжчихсөн, хоол тэжээлгүй өвлийн адуу уралдахаар арга байж уу. 1995 оны намар уралдчихаад 1996 оны өвөл цагаан сарын өмнөхөн уралдаж байгаа нь тэр байхгүй юу. Манай ах надтай цуг явсан юм. Тэгсэн “чи дэмий л тэр олон адуутай сунгалаа даа. Миний хээртэй сунгасан байсан бол дараагийн наадам байх байлаа” гэж байсан. Уяач хүн наадмаас наадмын хооронд суралцдаг гэж үнэн шүү.
-Тэгээд Дэлгэрхаанд уралдаагүй юм уу?
-Уралдсаан, аравт орсон. Тэрнээс хойш Иххэтийн 30 жилийн ойд наймаар давхиад улсын Алдарт уяач Буяндэлгэрт очсон. Тэр хүнд очоод Хархоринд болсон анхны “Их хурд”-д 14-өөр нэг давхиад тэрнээс хойш уралдаж чадаагүй байх. Хөлийг нь болиочихлоо гэж дуулдсан. Тэгэхээр нь хүрэн мориныхоо дүү, суманд нэг айрагдсан зээрд үрээг өгсөн. Налайхад нэг айрагдууллаа гэж дуулдаад дахиад сураг гараагүй.
-Хоёр зээрдээс өөр таны нэрийг гаргасан ямар хурдан хүлгүүд байна вэ?
-Норов хүрэний угшилтай Мөлүү зээрд азарга миний нэрийг нэлээд гаргасан.Тэрний төл бол энд тэндгүй сайхан давхиж байна. Нэг үе эр юм л байвал сайн гэж азарга тавьсаар байгаад цус ойртуулчих гээд байдаг байлаа, манайхан. Одоо л нэг жоохон дээрдүүлж байна.
-Аймгийн баяр наадмаас хичнээн айрагтай вэ?
-Би сум, аймаг нийлсэн 14, 15 түрүүтэй, 40-өөд айрагтай. 2001 оны Галшар сумын наадамд Дорноговь аймгийн Иххэт сумын Лутмөнхийн Нарангэрэл бид хоёр очиж уралдаад би гурван түрүү, дөрвөн айрагтай буцаж, Нарангэрэл гурван аман хүзүүг нь авч байлаа. Хойтон жил нь дахиж цуг очоод Нарангэрэл таван түрүүг нь аваад, би нэг түрүүг нь, дөрвөн айрагтай нь авч байсан. Суманд бол хэд хэдэн удаа түрүүг хоёр, гурваар нь авч л байлаа. 1978 онд Баянхутаг суманд алаг шүдлэн түрүүлгэсэн. Буянт сумтай нийлдэг жил манай Галшарынхан Баянхутагийн наадмын шүдлэнгийн айргийн тавыг тэр чигээр нь авч байлаа. Миний алаг шүдлэн түрүүлээд, Ням-Очирын ахынх нь хүрэн шүдлэн аман хүзүүдэж, Доржийн зээрд халзан, Лувсанчүлтэмийн халзан шүдлэн зэрэг үрээнүүд айрагдаж, “Тарсан сумын таван шүдлэн тараачлаа” хэмээн Баянхутагийнхан ярьцгааж байлаа шүү дээ.
-Буяндэлгэр гуайд өгсөн хоёр адуунаас өөр гадагшаа гаргасан адуу бий юу?
-Би нэг их наймаа хийдэггүй хүн дээ. Хүнийхийг сайн гэж авдаггүй, өөрийнхөөгөө муу гэж зардаггүй тийм л хүн. Хумиж байгаад цус нэлээд ойртуулсан тал бий байх. Одоо хүү маань шинэчилж байна.
-Хүү морь уях уу?
-Би гурван хүүтэй. Хамгийн том нь нас барчихсан, дундах нь морь уядаггүй. Манай бага л овоо уяад байна, сумын алдарт уяач Энхтайван гэж залуу бий. Аймагт цагдаагийн баяраар морь түрүүлгэж, айрагдуулж ч байсан. Ноднин Дархан сумын 90 жилийн ойгоор шүдлэн морь түрүүлгэсэн. Хүү маань дажгүй уяад байгаа юм. Би ч ерөнхийдөө үе өнгөрч байна шүү дээ.
-Уяа эвлүүлж асан цагийнхаа хамгийн сайхан бахтай наадмын дурсамжаар яриагаа өндөрлөе дөө.
-Галшарынхаа наадмын гурван түрүүг хүртсэн тэр жилийн наадам их сайхан санагддаг. Миний халиун азарга түрүүлэхэд Нарангэрэлийн Мотор хүрэн аман хүзүүдэж, миний Сарт түрүүлэхэд Нарангэрэлийн Согоо нь аман хүзүүдаж, миний зээрд даага түрүүлэхэд Нарангэрэлийн даага аман хүзүүдэж, гурван түрүүг нь би, гурван аман хүзүүг нь Нарангэрэл авч байсан юм. Хойтон жил нь мөн тэгж гурван түрүүг нь манайх, гурван түрүүг нь Нарангэрэл авах ёстой байсан ч болж өгөөгүй юм. Лхагвасүрэнгийн соёолон буурал морь түрүүлж ирээд хадуурч Нарангэрэлийн халзан соёолон түрүүлсэн. Миний халиун хязаалан түрүүлж байснаа хадуураад, Нарангэрэлийн буурал хязаалан түрүүлчихэж байгаа юм. Тэгээд Нарангэрэл таван түрүүг нь авч, би ганцхан шүдлэнгийн түрүүг нь авч байлаа. .
-Галшар сумын нүүрийг тахалж байсан ямар ямар мундаг уяачидтай нэг үе хамт морины уяа эвлүүлж наадамд цуг явж байв?
-Дагмидын Үдэрбат гэж хүнийг дагаж таван жил морь уясан. Тэр хугацаандаа бишгүй зүйл сурсан байх гэж санадаг. Дээхнэ үеийн нэрт уяач Жониг Дагва гэдэг бол Хүдэрбатын хамаатны ах нь юм гэнэ лээ. Мөн манай нутагт Балдансанжаа гэж адуу мал мэддэг, морь мал их хурдлуулдаг сайхан өвгөн байлаа. Эргээнд санахад нутгийн тулхтай буурлуудын унагасан үг бүхэн нь эрдэм байж дээ. Гэхдээ тэр үеийн уяаны арга барил, одоогийнхтой тэс өөр болж. Одоо бол тэжээл, тариа хоёроор уяж байгаа бол тэр үед цагаан өвсөөр нь л уядаг байлаа.
-Дээхнэ үедээ авьяасаар уядаг байсан бол одоо цагт овъёосоор уядаг болжээ гэлцдэг?
-Яг зөв./инээв/ Уяачийн авъяас гэдэг бол адуу малаа маллачихдаг, адуугаа мэддэг байх явдал. Цатгаландаа миний адуу тийм хэмжээтэй явдаг, уяа муутайдаа тийм явдаг гээд мэдэрч байж уядаг. Одоо бол тэгээд л овъёос, тариа хоёр байвал болж байх шиг байна.
-Энэ хол зорьж ирэн бидэнтэй хөөрөлдсөн танд гялайлаа.Хурдан тууртын босоо цагаан хийморь өнө мөнх ивээгдэх болтугай.
А.Тэлмэн
2 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
202.9.46.213
Сайхан ярилцлага болжээ
Reply66.181.161.42
Axdaa ervvl enxiig xvcie
Reply