Аймгийн Алдарт уяач Д.Оргодол: Би гурван сайхан халтар адуугаар одтой наадсан хүн

А.Тэлмэн
2015 оны 1-р сарын 22 -нд

Завхан аймгийн Шилүүстэй сумын хийморилог уяачдын нэг аймгийн Алдарт уяач Дорждэрэмийн Оргодолтой уулзаж ярилцлаа. Тэрээр 1958 онд Өндөр Мануухайтын Дэндгэр хэмээх газар төрсөн гэх юм билээ.
-Алдартын морь уяж төрийн хэрэгт шимтэх болсон үеэс л яриагаа эхэлье дээ?
-Нэлээд эртний түүх ярих нь. 1972 онд долдугаар ангийн сурагч байхдаа Шилүүстэй сумын “Саруул зам” нэгдлийн адуун сүргээс нэг зээрд даага сургаж уяад сумынхаа наадамд уралдуултал түрүүлчихсэн. Ингэж л уяачийн гараагаа эхэлж байлаа даа. Хойтон жил нь нөгөөх маань шүдлэндээ дахин сумандаа түрүүлээд нутаг нугынхандаа магтуулж л байлаа.
-Дунд сургуулийн сурагч жил дараалан түрүү аваад байхаар арга байж уу?
-Тийм ч байх. Түүнд нь урамшин цэрэгт явтлаа өөрийнхөө болон нэгдлийн адуунаас нүдэнд туссанаа барьж аваад уядаг байсан. Цэргээс халагдаж ирээд хэдэн жил морь мал уях боломж олдохгүй байж байгаад 1983, 1984 оны үеэс дахин уяж эхэлсэн юм байна. Тэгээд сумын Алдарт уяач цолыг 1992, аймгийн Алдарт уяач цолыг 2011 онд авсан. Аймаг, сум, сумын бүсийн уралдаануудаас нийлээд 50 хэдэн айраг, түрүү авсан байна лээ. Медаль, өргөмжлөл нь одоо ч надад хадгалаастай бий.
-Аймгийнхаа наадамд олон удаа очиж байв уу?
-Өөрийнхөө аймгийн наадамд явж байгаагүй ээ. Газар ойрхноор нь Говь-Алтай аймгийн наадамд очдог. Тэндхийн наадмаас гурван айраг авсан байдаг юм. Бүсийн сумдынхаа баяр наадам болон бүсчилсэн хаврын уралдаануудад нэлээд идэвхтэй оролцдог. Ийм наадмуудаас 2-3 түрүү, 5-6 айраг авсан.
-Оргодол Алдартын нэрийг хамгийн олонтоо дуурсгасан хурдан хүлгийнхээ талаар хуучлаач?
-Оргодолын халтрууд гэхээр манай Шилүүстэйнхэн андахгүй ээ. Би гурван сайхан халтар адуугаар наадаж байсан хүн. Өсгий цагаан халтар даага, бор халтар хязаалан үрээ, шар халтар соёолон үрээ гурав түрүүлж, нэг жил гурван халтарынхаа буянаар сумын наадмын гурван түрүүг хүртэж байлаа шүү дээ. Гурван халтар үрээ маань нэг эцэг эхийн унаганууд. Даагандаа түрүүлдэг өсгий цагаан халтараар нь азарга тавьсан ч намар нь гэнэтхэн эндчихсэн. Гэхдээ төл зээрд халзан үрээ нь эцгийн шийрийг хатаан маш сайн хурдалж байгаа. Нөгөө хоёр халтарыг нь засаад их насны морьд болгосон. Оргодолын шар халтар гэж сумынхаа баяр наадамд айраг, түрүү алддаггүй хурдан хүлэг байна. Халтар морь маань одоогоор дөрөв түрүүлж, 10-аад айрагдаад байгаа.
-Хурдан халтаруудын чинь эцэг нь нутгийн унаган адуу юу?
-Тиймээ. Хойд хоёр хөл нь шийр цагаан том сартай зээрд үрээг би нутгийнхаа нэг хүнээс худалдан авч байсан юм. Халтаруудын эх гүү нь бас угшил сайтай нутгийн унаган гүү. Нутгийн болон өөрийнхөө унаган адуунуудаар сумын наадмын зургаан түрүүний гурвыг авах сайхан л юм билээ. Гурван халтрын маань хоёр нь Дэлгэр сумын наадамд түрүүлж байлаа. Бас нэг нь Гуулин сумын наадамд ч түрүүлж байсан. Ер нь манай тэр гурван халтар уралдсан болгондоо шахуу ордог адуунууд л даа.
-Хаа сайгүй адуугаа чанаржуулах хөдөлгөөн өрнөж байна. Шилүүстэй сумын уяачид энэ тал дээр хэр анхаарал хандуулж байгаа вэ. Тэр дундаа Оргодол Алдартын хувьд?
-Адуун сүргийнхээ чанар чансаа, удам угшлыг сайжруулахын тулд сүүлийн дөрвөн  жил  Хэнтий, Дорнод зэрэг аймгаас нэлээд хэдэн адуу авчирлаа. Тодруулбал, Дорнодын Эрээнцаваас хар үрээ авчирч азарга тавьсан. Уг нь уячихмаар байгаа ч ааш нь дийлдэхгүй булгиулаад байх юм. Хэнтийн Баян-Овоогоос уржнан хоёр даага, нэг шүдлэн үрээ авчирсан. Нэг даагыг Отгон сумын нэг хүн авсан, тэндээ сайн давхиж байгаа дуулдана лээ. Нөгөө бор халзан даага нь өнгөрсөн жил сумын наадамд шөвгөрөөд, энэ жил түрүүлсэн. Бас Цагаанчулуутын сургуулийн ойд таваар давхина лээ. Шүдлэн үрээ нь болохоор ирсэн жилээ сумын наадамд тавлаад, ноднин аман хүзүүдсэн. Шилүүстэйд, тэр бүү хэл Говь-Алтай, Завханд ч над шиг холоос адуу авчирсан хүн байхгүй. Дорнод аймгийн Эрээнцав сум гэдэг чинь Монголын зүүн хил. Хятад, Монгол, Орос гурвын яг зааг дээрх хилийн боомт шүү дээ.
-Холоос адуу авчрах яггүй биз?
-Тэндээс нь манай зээ вагонд ачиж Дорнодын төв оруулаад, Дорнодоос Эрдэнэт хүртэл машинд ачуулаад, тэгээд би тэнд нь тосч аваад нутагтаа машинаар авчирсан юм. Тэгж авчирсан адуунууд маань нутагшиж байгаад баяртай байгаа. Эцгээс таслан өгсөн хэдэн адуугаа өөрийнхөө хэр хэмжээнд ийнхүү сайжруулаад хүүдээ өвлүүлж өгнө дөө. Хүү маань аавтайгаа хамт морь уядаг юм.
-Залуус хурдан морь сонирхох нь ихэсч, хаа газрын уяачид залуужсан байна. Магадгүй Алдарт сумынхаа ахмад уяачийн тоонд ордог байх?
-Тэгэлгүй яахав, би чинь одоо 56 настай хүн. Одоо морь мал уяж байгаа сумынхаа уяачид дундаа бараг хамгийн ахмад нь байх шүү.
-Тэгвэл Шилүүстэйн уяачдын нэгэн үеийн төлөөлөл болсон Алдарт сумынхаа эрдэмт мэргэн уяач, шандаст хурдан хүлгэдийн талаар хуучлаач?
-Манай сумын “Хөгжил” багийн нутагт Шаварт хөөвөр хэмээх түүхт газар бий. Энэ газрын унага хэзээнээсээ хурдан. Ямар сайндаа Шаварт хөөврийн гэсэн угшил хүртэл гарч байхав. Хангайдаа адууны тахилгатай овоотой.Түүнийгээ тахина. Бас Шаварт гэж жижигхэн хөөрхөн нууртай. Түүх яривал тэр нуураас нэг саарал азарга гарч ирж айлын адуунд гүү гишгээд, түүнээс нь гарсан төл нь Цагаанчулуут сумын урд тал, Шилүүстэй, Завхан гол дагуух нутагт хурд гайхуулж байсан гэдэг юм. Түүхт хонхорт төрсөн Лхүндэвийн халтар гэж цуутай хурдан хүлэг байлаа. Нутгийн буурлуудын ярьж байх нь тэр тамтаггүй хурдан адуу байсан гэнэ лээ. Жирийн үед хонь гүйцдэггүй хашин хэр нь уяж сойгоод ирэхээр дөрвөн хөлтэй адгууст гүйцэгддэггүй хурдан амьтан байсан юм гэнэ лээ. 1930-1940-өөд оны үед ид хурдалж байсан тэр халтар морины тухай манай нутгийн уяачид одоо ч домог шиг сайхан зүйлүүд ярьдаг юм. Мөн 1995 онд болсон Сар хайрханы даншигт  манай сумын Мягмарсүрэн харлаг морьтойгоо очоод есөөр давхиулж байсан. Түүний хойтон Говь-Алтай аймгийн Дэлгэр суманд баруун бүсийн даншиг наадам гэж зохион байгуулагдахад тэр харлаг морь аман хүзүүдэж байлаа. 1998 онд Өвөрхангай аймгийн Хархорин суманд болсон “Их хурд” уралдаанд тэр харлаг морь 30 хэдээр давхиж байсан. Тэгэхээр манай нутгийн адуу бас ч үгүй хурдан байгаа биз.
-Дээхнэ үед ийм байх. Тэгвэл энэ цаг үед ид хурдалж байгаа нь хэний ямар хурдан хүлэг байна вэ?
-Аймгийн Алдарт уяач Зоригтын халтар азарга гэж тойргийнхоо сумдын ой, бүсийн наадам гээд уралдсан болгондоо айраг, түрүүнээс хоцордоггүй хурдан хүлэг байна. Мөн аймгийн Алдарт уяач Дашнямын хондон морь байна. Айраг, түрүү алддаггүй сайхан хүлэг. Энэ мэтчилэн яриад байвал олон бий.
-2014 онд Завхан аймгийн Шилүүстэй сумын түүхт 90 жилийн ой тохиож буй. Нутгийнхаа ойд одтой сайхан наадах бэлгэтэй ерөөлөөр яриагаа өндөрлөе.
-За баярлалаа. Ерөөл бат орших болтугай. Энэ сайхан үйл ажиллагаа зохион байгуулж, бидний сэтгэгдлийг хуваалцаж буй “Тод магнай” сэтгүүлийнхээ хамт олонд талархлаа илэрхийлээд, үйл хэрэг нь бүтэж явахыг ерөөе. Төрөлх Шилүүстэй сумынхаа ойд нийт уяачид маань эрвийх дэрвийхээрээ бэлтгэн морь малаа тэжээж байна. Би ч мөн адил.

"Тод магнай" сэтгүүл №54

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна