“Чамин торго” үндэсний хувцас урлангийн захирал Б.Оюунчимэг: Бид үйлчлүүлэгчийнхээ хэрэглээг чухалчилдаг

А.Тэлмэн
2015 оны 1-р сарын 13 -нд

Үндэсний үйлдвэрлэгчдээ хөхүлэн дэмжиж, үйл ажиллагааг нь таниулан сурталчлах зорилготой “Монголд үйлдвэрлэв” булангийн энэ удаагийн зочноор “Чамин торго” үндэсний хувцас урлангийн захирал хатагтай Бямбацогтын Оюунчимэг уригдан оролцож байна. Хүүхэд байхын үйлэнд уран байсан энэ бүсгүй үндэсний хувцасны урлангаа нээгээд жил гаруй болоод байгаа ч хэдийнэ өөрийн гэсэн үйлчлүүлэгчтэй болжээ. “Тод магнай” сэтгүүлийн сэтгүүлчид тэдний нэг бөгөөд сар шинийн дугаартаа урьж оролцуулсан юм.
-Юун түрүүнд үйчлүүлэгчийн хувьд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, талархмаар байна?
-Баярлалаа. Үйлчлүүлэгчдийн сэтгэл хангалуун байдал, баяр талархал бидэнд хийж бүтээхийн их урам хайрлаж байдаг юм. Тиймээс таньд болон манай урлангаар үйлчлүүлж байгаа бүх хүмүүстээ баярлалаа гэж хэлмээр байна.
-Сонголт өргөн болсон энэ цаг үед  үйлчлүүлэгчийн хүсэлтэнд яв цав нийцсэн бүтээгдэхүүнийг урлах амаргүй байдаг байх. Яагаад заавал үндэсний хувцас урлалыг онцолсон юм бэ?
-Миний үндсэн мэргэжил эдийн засагч, нягтлан бодогч. Харин одоо эрхэлж байгаа бизнес маань цэвэр өөрийн хобби дээрээ тулгуурлан хийж байгаа. Би бага байхын л юм оёж, хатгах дуртай хүүхэд байсан. Дунд сургуулийн сурагч байхдаа угалзтай монгол гутал их оёдог байлаа. Сүүлдээ хөлд эвтэйхэн буриад гутал оёдог болсон. Би өөрөө хонины нэхий элдэж, буриад гутал хийгээд, арьсан хээ угалзаар чимэглэнэ. Тэр үедээ миний хийсэн гутал тухайн сууриндаа л чамин, хүмүүсийн сонирхлыг татсан гутал байсан. Тэр нь хүмүүст нь их таалагдаж маш их урмын үгээр шагнуулдаг байлаа. Тэр үеийн гэгээн хүсэл мөрөөдөл минь явсаар байгаад өнөөдөр Үндэсний хувцасны урлан байгуулах их үйлс рүү түлхэн оруулжээ хэмээн боддог юм. Мөн монгол улс маань хил, хэл, малтайгаа байхад болноо гэж хүмүүс их ярьдаг шүүдээ. Өнөөдөр монгол дэлхийд өөрийн соёлоороо ялгарч үлдэхэд монгол үндэсний хувцасны соёл их үүрэг гүйцэтгэнэ. Тэр утгаараа олон монгол хувцасны салон, урлан ажиллаж байгаад баярлаж явдаг.Монгол бүсгүй хүн болгон л үйлэнд уран, үгэнд цэцэн байдаг шүү дээ. Бидний энэ хийсэн бүтээл бүхэн “би монгол хүн шүү” гэдэг бахархлыг тээж явахад нэмэр болдог гэж бодохоор бахдалтай байдаг юм.
-Багын л үйлэнд уран бүсгүй байжээ дээ?
-Нэг зүйл эхэлбэл дуусгаж байж санаа амардаг зан маань намайг аливаад амжилт гаргахад их нөлөөлдөг юм. Тэр үед ч гэсэн ялгаагүй. Одоотой  адилхан цахилгаан эрчим хүч гэж байсангүй. Дэнгийн гэрэлд сууж байгаад гутлаа оёно.Тэгж оёсон  гутлыг маань хөлд эвтэйхэн дулаахан, дээр нь гоёмсог гээд магтахаар ихэд урамшдагсан. Бэлэн мөнгөний хомсдолтой цаг үе байсан болохоор нэг гутлыг нэг төлөг  эсвэл  нэг борлонгоор зардаг байсан.
-Ингэхэд уран бүсгүй аль нутгийн хүн бэ?
-Увс аймгийн Баруунтуруун сумынх. Манай авга эгч хуучин урт цагааны улсын артельд хоёр улсын ударник цолтой, олон жилийн гавшгайч, мастер оёдолчин Г.Бинээ гэж хүн байлаа. Авга эгч маань аливаад нягт нямбай, чин сэтгэлээсээ ханддаг, шударга үнэнч байдлаараа бидэнд маш их үлгэр дуурайлал болдог юм.
-Хэзээнээс үндэсний хувцас урлалын чиглэлээр ажиллаж эхэлсэн юм бэ?
-Нэг хэсэг үндсэн мэргэжлээрээ ажилласан. Миний өөрийн компани “Гурван Сайхан Хайрхан” ХХК гэж бий. Манай компанийн үндсэн үйл ажиллагаа нь амины орон сууц барих, монгол гэр үйлдвэрлэл, гэрийн гадуур дотуур цагаан бүрээсний үйлдвэрлэл юм.Манай компани хувь хүмүүс, албан байгууллагын захиалгын дагуу монгол гэр үйлдвэрлэдэг. Мөн өнгөрсөн жил анх удаа Завхан аймгийн Сонгино сумын морин спорт уяачдын холбооны тэргүүн Г.Пүрэвхүү ахын захиалгаар Канад технологи ашиглан 11 метрийн диаметртэй суурин гэрийг барьсан. Олон хүний талархлыг хүлээж байгаа дуулдана лээ.Мөн бид түүхийн дурсгалт сүм, хийдийн байшин барилгыг зэргийг сэргээн засварлах ажлыг хийдэг. Үүн дээрээ нэмээд өнгөрсөн жилээс өөрийн эгч А.Ариунаатайгаа хамтран олон жил турш хийж байсан үндэсний хувцас урлалаа өргөжүүлж урлан болгоод ажиллаж байна.
-Ижил чиглэлийн байгууллагууд олон бий. Тэднээс ялгарах танай давуу тал...?
-Бид уян хатан үнэ, чанар, загвар, чамин хийц, донж маягаас гадна үйлчлүүлэгчийнхээ хэрэглээг ихэд чухалчилдаг. Өөрөөр хэлбэл хэт гоёмсог, үнэтэй тэгсэн хэр нь биед таатай бус шүүгээнд байх хувцасыг хийхгүй гэсэн зорилт тавьдаг юм. Үйлчлүүлэгчийн сонгосон хувцсыг өмсөхөд биед эвтэйхэн дахин дахин өмсмөөр, монгол хувцсандаа дуртай байхуйцаар бодож дизайнеруудтайгаа ярилцаж загварыг гаргана.Мөн ихэнх загваруудаа эхэлж өөрсдөдөө хийгээд өмсч үзэн туршсаныхаа дараа худалдаанд гаргадаг. Тиймээс манайд үндэсний  хийцтэй  өдөр тутмын загварууд голчилдог. Материалын сонголтон дээрээ ч гэсэн биед таатай даавуу, торго зэргийг түлхүү хэрэглэдгийг та бүхэн анзаарсан байх. Хамгийн гол нь үйлчүүлэгчид маань ч гэсэн материалын сонголт, хувцасны эсгүүр дээр санал нэгтэй сэтгэл хангалуун байдаг нь бидэнд урам нэмдэг шүү. Мөн манайх Солонгос улсаас орж ирдэг сайн чанарын даавууг үйлдвэрлэлдээ ашигладаг нь хэрэглэгчдийн таашаалд их нийцдэг.
-Загварын тухайд?
-СУИС-ийн хувцас урлалын тэнхим, “Сити” дээд сургуулийн багш нараас зөвлөгөө авахын зэрэгцээ түүхийн ухааны эрдэмтэд, архелогичидын судалгаа шинжилгээний бүтээлийг уншиж судлан загваруудадаа тусгадаг.
-Үндэсний хувцсаа эрхэмлэгчид насны хязгааргүй болсон. Залуус ч гэсэн үндэсний загвартай хувцсаараа гоёдог, гоёхыг хүсдэг болж?
-Тийм шүү. Залуус маань өөрийн үзэл бодлыг илтгэсэн өвөрмөц хэв загварын давтагдмал бус хувцас өмсөхийг эрмэлзэх болж. Манай салоны бас нэг давуу тал нь  дизайны чиглэлээр мэргэжлийн их дээд сургууль төгссөн загвар зохион бүтээгчид тухайн захиалагчид тохирсон цор ганц загварыг гаргадагт байгаа юм. Манай урлан шинээр өдөр тутам өмсөх хувцасны загварууд, оффисын юбка болон өмдтэй хослолуудыг  оёж байна. Өдөр тутмын энэхүү хослолыг  ажил хэрэгч эмэгтэйчүүд илүүтэй сонирхож өнгө өнгөөр нь хийлгэн өмсдөг болсон.
-Үслэг эдлэлээр чимэглэсэн загварууд нэлээд эрэлттэй байдаг бололтой юм?
-Хүйтэн сэрүүний улирал учраас захиалагчид маань үслэг эдлэлийг түлхүү сонирхож байна. Манайх дулаан, хөнгөн гоёмсог болохоор нь чандаганы арьсыг түлхүү хэрэглэж байгаа. Сүүлийн үед чандаганы арьсан хүрэм нэлээд эрэлттэй байна. Монголдоо бараг анх удаа туулайн арьсан хүрэм хийж байгаа нь манайх байх. Булгыг бодвол үнэ хямд, материал нь хөнгөн, маш дулаан, чанартай гээд давуу тал олонтой. Түүнчлэн бид захиалагчдынхаа хүсэлтийн дагуу хатгамалан чимэглэлийг хийдэг. Ер нь сүүлийн үед энгийн хэрнээ жижиг гоёмсог чамин чимэглэлүүдтэй загварыг үйлчлүүлэгчид илүүд үзэж байгаа. Мөн  гэр бүлийн гишүүдийн хос загварууд нэлээд эрэлттэй байдаг юм.
-Малгай, шанх зэрэг нэмэлт чимгүүдийг танайх өөрөө урладаг уу?
-Тиймээ. Малгай, бүс, шанх зэргийг тухайн бүтээгдэхүүнтэйгээ хослуулан захиалагчийн хүсэлтийн дагуу хийдэг. 2015 оноос гутал хийхээр төлөвлөж байна.
-Таны ярианд урлан гэж их яригдлаа. Үндэсний хувцасны салон, урлан хоёр юугаараа ялгаатай юм бэ. Мөн танай логоны бэлгэдэл?
-Бид монгол гэр, монгол хувцас, монгол хэл гээд монгол соёлыг түгээн дэлгэрүүлэх гэж оролдож байгаа хүмүүс шүү дээ. Тиймээс аль болохоор гадаад үгийг оролцуулахгүй байхыг хичээсэн.Тийм учраас Үндэсний хувцасны “Чамин Торго” Урлан гэж ярьж, бичиж байна. Манай лого эртний хадны сүг зургаас санаа авч хийсэн аргаль, угалзын эврийн дүрстэй хээний бэлэгдэл юм. Эртний хэл бичиг дүрс бичгээс үүдэлтэй бөгөөд хээ ч мөн ялгаагүй байгалийн, юмс үзэгдэл дүрсийн нөлөөнөөс үүссэн гэж эрдэмтэд үздэг юм билээ.Би хувьдаа монголын олон мянган жилийн өмнөх өвөг дээдэс хятад, манж, орос орнуудын соёлын эхлэлийг тавьсан гэж итгэдэг юм.
-Тун удахгүй энх мэндийн баяр цагаан сар болох гэж байна. Баярыг тохиолдуулан үйлчлүүлэгчдэдээ ямар бэлэг зэхэж байгаа вэ?
-Бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг олшруулж, баяр угтсан үзэсгэлэн яармагуудад оролцохоор төлөвлөж байгаа. Цагаан сар бол энэ дэлхийн өөр хаана ч байхгүй  Монголчуудын эрхэм баяр.Бид эрт дээр үеэсээ цагаан сараар шинэ дээлээ өмсч, гарч буй жилийнхээ өнгийг тольдон өглөөний нарыг угтахдаа хангай дэлхийдээ идээний дээжээ өргөн, сайн сайхан бүхнийг бодон залбирдаг шүү дээ. Энэ бүгд монгол түмний маань амьдрал тэгш дүүрэн байхыг бэлгэдэл том соёл юм шүү гэдгийг дахин дахин хэлмээр санагддаг.Цагаан сарын баярыг тохиолдуулан манай урлан  10 хувийн хямдралаар эрхэм үйлчлүүлэгчид, худалдан авагчдадаа бэлэг барьж байгаа.Та бүхэн энэхүү боломжийг бүү алдаарай. Ингээд “Тод магнай” сэтгүүлээрээ дамжуулан нийт Монголчууд, монголынхоо бүх гэр бүлүүдэдээ эрүүл энх аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж, Монголоороо гоёж, Монголоороо бахархаж, Монголдоо сайхан амьдарьцгаая хэмээн уриалах байна. Та бүхэн минь сайхан баярлаарай.
-Үндэсний өв соёлоо дээдлэн эрхэмлэгч танай хамт олон, гэр бүлийнхэнд аз жаргал, сайн сайхан бүхнийг  ерөөж, ажлын амжилт хүсье. Ярилцсанд баярлалаа.
У.Энхмаа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна