Сумын Алдарт уяач Б.Одбаяр: Таван насны морь мордуулж, нэг түрүү, хоёр айраг хүртлээ

А.Тэлмэн
2015 оны 1-р сарын 06 -нд

Булган аймгийн Хутаг-Өндөр сумынхаа 90 жилийн ойд хийморьтой наадсан сумын Алдарт уяач Б.Одбаяр ийнхүү бидэнтэй баярын сэтгэгдлээ хуваалцсан юм.

-Одтой сайхан наадан сумынхаа 90 жилийн ойн баяр наадмаас нэг түрүү, хоёр айраг хүртсэн танд баяр хүргэе.
-Баярлалаа. Нутгийнхаа түүхт 90 жилийн ойн баяр наадамд амжилттай сайхан наадлаа. Сэтгэл өндөр байна. Их наснаас бусад таван насны морь  мордуулж, азарга дундуур, хоёр даага ес, арваар давхилаа. Таван шүдлэн мордуулсан нэг нь түрүүлж, бусад нь 11, 20 гээд дундуур давхисаан.
-Хязаалан, соёолонгийн тухайд?
-Хоёр хязаалан мордуулсан. Нэг нь таваар, нөгөө нь 17-гоор давхиж, ганц соёолон маань дөрвөөр давхиж айрагдлаа. 
-Түрүүлж, айрагдсан хүлгүүдийнхээ удам угшил, амжилтын товчооныг танилцуулаач?
-Түрүүлсэн хээр шүдлэн манай өөрийн унаган адуу. Эцэг хүрэн азаргыг нь соёолон үрээ Сүхбаатар аймгийн Халзан сумын харьяат, МУ-ын Манлай уяач Ухна агсны том хүү Гантөмөрөөс авч байсан юм. Харин эх нь манай өөрийн гүү. Хээр үрээг дааганд нь уралдуулж чадаагүй. Энэ жил битүү үрээ анх уягдаж, түрүүлээд байгаа нь энэ.
-Хязаалан хаанахын адуу вэ?
-Банди угшилтай адуу. Ноднин Төв аймгийн Баянцагаан суманд болсон Даваахүү Тод манлайн Хөдөлмөрийн баатарын мялаалга наадамд хязааланд уралдаад долоогоор давхихад нь Дорноговь аймгийн харьяат Ижил-Од гэдэг хүнээс авсан юм. Өнгөрсөн жил мөн Замын-Үд сумын 20 жилийн ойд зургаалсан. Энэ жил ойн өмнө нэг уралдуулчихъя гэсэн аргамжаанд хойд хөлөө ороогоод,  бага зэрэг доголчихсон. Сумын наадмын дараа харин Хөвсгөлд болсон “Хотгойдын хурд” хангайн бүсийн уралдаанд очиж дундуур давхисаан. Тэрнээс хойш уралдуулаагүй.
-Соёолонгийн тухайд?
-Миний хүрэн үрээг Жийп хүрэн гэдэг юм.
-Өвөрмөц нэр юм. Ямар учиртай байхав?
-Дөнгөж төрснийх нь дараа эхийг нь портерт ачаад, өөрийг нь жийпний ард хийгээд Тэшиг сум руу авч явсан юм. Тэгээд л жийп шиг хурдан адуу болох байх хэмээн бэлгэшээж ийнхүү нэрлэсэн нь оносон байна лээ. Хүрэн үрээ дааганаасаа эхлэн уягдаж, Тэшиг сумын 80 жилийн ойд гуравлаж, овооны наадамд аман хүзүүдээд,улсын наадамд явсан юм. Харамсалтай нь тэр жил /АХ-ын 90 жилийн ой/ адууны айхтар ханиад гараад уралдаж чадаагүй. Уг нь сунгаанд түрүүлсэн юм. Тэгээд дараа жил нь шүдлэндээ уягдалгүй  өнжөөд, хязаалан үрээ Тэшиг сумын наадамд аман хүзүүдэж, Даваахүү гуайн Хөдөлмөрийн баатарын наадамд очиж есөөр давхисан. Энэ жилийн хувьд Тэшигийн наадамд аман хүзүүдээд, Хонгор бригадын наадамд айрагдаад, сумынхаа 90 жилийн ойд дөрөвлөсөн.
-“Хотгойдын хурд”-д уралдсан уу?
-Явсаан. 23-24-өөр давхисан. Одоо хаврынхаа  уралдаанд бэлтгэгдээд тэжээгдэж байна.
-Сумын Алдарт уяач цолоо хэдэн онд ямар амжилтаар авч байсан бэ?
-Хүрэн азарга маань сумандаа гурав түрүүлсэн. Түүн дээр бусад морьдын амжилт нэмэгдээд 2012 онд сумын Алдарт уяач болсон.
-Хэдий үеэс хурдан хүлгийн уяа тааруулах болсон бэ?
-Төв аймгийн Зуунмод сумын харьяат аймгийн Алдарт уяач Бадарч гээд манай авга ах бий. 2000 онд аймгийнхаа наадамд саарал азаргаа түрүүлгэж байсан. Хөвсгөл, Булган зэрэг аймгийн бүсийн наадамд олон морь түрүүлгэсэн сайн уяач л даа. Тэр ах маань 2000 онд намайг морь унуулахаар авч явсан юм.
-Саарал азарга нь түрүүлдэг жил үү?
-Тийм, дээр ярьсан миний хүрэн азарга тэгэхэд шүдлэн үрээ аман хүзүүдэж, ахын өөрийнх нь шүдлэн гуравлаж байсан. Би Бадарч ахыгаа дагаж морь уяж сурсан даа. Хамгийн анх шарга морио Булган аймгийн Сэлэнгэ суманд болсон хүүхдийн баярын уралдаанд түрүүлгэж байлаа. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл сум, аймгийнхаа  наадамд тогтмол амжилттай наадаж байна.
-Залуу уяачийн дараа дараагийн уралдаануудад нь амжилт хүсье. Ярилцсанд баярлалаа.
Б.Долзодмаа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна