Нэрт уяач “Ангасай” хэмээх Банзрагчийн хүү Б.Ёндонцэвэг: Манай ажаа даага түрүүлсэн газар дахин түрүүлнэ ээ гэдэгсэн

А.Тэлмэн
2015 оны 1-р сарын 06 -нд

Сэцэн ханы хурдан хурц хүлгүүд, эрдэмт мэргэн уяачдын талаар хүргэх цогц сурвалжлагын салхийг Галшар сумын нэрт уяач олноо “Ангасай” хэмээн алдаршсан Банзрагчагсаны хүү Ёндонцэвэг хагалж байна. Их уяачийн голомтыг  сахиж, эд зүйлийг нь нандин хадгалагч тэрээр Хэнтий аймгийн төвд амьдардаг бөгөөд нэрт уяачийн тухайд ийнхүү хуучилсан юм.
-Нэрт уяачийн хүүтэй уулзаж байгаадаа баяртай байна. Манай уншигчдад аавынхаа тухай сайхан хууч дэлгээч?
-Би аавыгаа Ажаа хэмээн авгайлдаг байсан. Ажаагийн морь уях эрдмийн талаар бол сайн ярьж чадахгүй болов уу. Яагаад гэвэл би өөрөө морь уях эрдэмд идэвхийлэн суралцаагүй хүн байгаа юм. Харин хувь хүн талаас нь бол ярьж болж байна.
-Хувь талаас нь...?
-Би амьдралынхаа 30 гаруй жилд нь  аавтайгаа хамт амьдарчээ. Манай ажаа 13 настайгаасаа эхлээд 80 гартлаа морь уясан хүн.
-1904 онд төрсөн гэдэг билүү?
-Тиймээ. 15-р жарны модон могой жилийн өвөл эцэг Ганжуурынхыг Баянхутаг сумын нутаг Хүрээгийн ууланд  отроор өвөлжиж ахуйд төрж, Даш туслагчийнд өргөгдсөн гэдэг.1933 оны хүн амын тооллогонд "Балдангийн Даш,эхнэр Болдын Дэжид нар хүү Банзрагч,охин Цэнджав нарын хамт амьдардаг" гэж тэмдэглэгдсэн байдаг. Даш туслагчийн эцэг  нь Балдан тайж гэж бичиг номын хүн байсан  бөгөөд хоёр гараараа зэрэг бичдэг авъяастан байжээ.Эцэг нь бичиг номтой  түшмэл хүн байсан учраас  Даш Туслагч төвд, монгол, манж  бичигтэй   тухайн цаг үедээ ном эрдэмтэйд тооцогддог нэгэн  байсан гэдэг. Тиймээс хожим нь албаа  өгснийхөө дараа  гэрийн багш хийж, хошууныхаа хүүхдүүдэд бичиг ном заадаг байсан юм билээ. Тэгээд 1937 оны хэлмэгдүүлэлтээр жаран хэдтэйдээ баривчлагдаж, дунд нь нэг суллагдаад дахин баригдахдаа сураг нь тасарсан гэдэг юм. Энэ зурган дээрх хүрэн модон байшинд /хуучны хар зураг үзүүлэв/ аймгийн дотоод яам байрладаг байсан юм билээ. Намайг бага байхад  энэ байшинд  тухайн үеийн нам төрийн тэргүүн  Ю. Цэдэнбал, Ж.Самбуу нарын хүмүүс  ирж байрладаг байсан.Энэ хашаанд манайх арав гаруй жил болсон. Манай ажаа ярихдаа “Энэ хашаанд миний эцэг  баригдаж ирээд  үгүй  болсон. Гэтэл би энэ хашаанд  олон жил өнөр өтгөн аз жаргалтай амьдарч байхийм. Юмны учир тавилан  гэж бас  сонин юм шүү” гэдэгсэн.
-Өвөө тань ном эрдэмтэй хүн байж. Харин аав тань?
-Тэр үеийн хуулиар айлын ганц хүү лам бололгүй  төрийн хар хүн байж, гал  голомтоо сахиж, үр удмаа үлдээдэг ёстой  байсан байна. Гэтэл тайжтан  ганц хүүгээ  давуу эрх эдлэн лам болгож хийдэд шавилуулжээ.  Даш Туслагчийн ах Осор Тойн гэж хүн байж. Тэр хүний бичсэн төвд,соёмбо үсэгтэй  ном судар одоо  манайд байдаг.  Ажаагийн эх Болдын Дэжид нь өөрийн бүх алтан  эдлэлүүдээрээ  хөлс болгон  “Дорж зовд “  судрыг алтаар бүтээлгэн  гэрийн шүтээндээ залсан нь эдүгээ байгаа.  Тэгэхээр  манай дээдчүүл   бичиг соёлын   боловсрол сайтай улс байсан байгаа биз.
-Хийдэд олон жил шавилсан гэдэг үү?
-Хийд орон тартал буюу хориод нас хүртлээ  Манба дацанд суралцаж байсан гэдэг.
-Тэгвэл хэзээнээс морь уях болсон юм бэ?
-Манай  ижий “Ажаа чинь хэдэн хүрэн адуу туучихсан  хөдөө хотын хооронд давхиж явдаг  л хүн байсан даа” гэдэг байсан юм.  Гэр орон,  эд хөрөнгө нь хураагдаад , хамаатнууд нь хот хүрээ рүү нүүгээд явчихсан, хэдэн  адуунаас өөр юм үлдээгүй  юм билээ. Дээр нь эсэргүүний хүүхэд гээд хэн ч тоодоггүй, ардын хуралд суухаар хөөгөөд  гаргадаг. Хөөнө дөө гээд очихгүй бол "ардын хурлын араар ямар эсэргүү ажил хийх гэж байсан бэ?" гэж баалдаг.Эсэргүүний хүүхэд гэж цоллон гадуурхан, ад шоо үзэж ямар нэгэн алдаа гаргуулж байгаад  хэрэгт  хийх санаатай байсан бололтой юм билээ. Тэр үе чинь үнэ цэнэтэй  эд хөрөнгө, эхнэр бүсгүйг нь  эзэмдмээр санагдвал  өрхийн тэргүүлэгчийг нь  гүтгэн бариулчихдаг хэцүү цаг байлаа шүү дээ.Ажаад бол хүн шунах эд хөрөнгө, гэр орон байхгүй хэдэн адуунаас өөр юмгүй  болохоор нэг талаараа сайн хэрэг болсон байх. Одоо манайд Даш Туслагчийнхаас үлдсэн юм гэвэл  бурхан шүтээнээс гадна энэ ваар  байна. Энэ ваарыг Даш туслагчийг  албанаас чөлөөнд гарахад нь хошуу ноён  Пүрэвжав бэйстэн  бэлэглэсэн юм гэнэ лээ.
-Банзрагч гуайн тууж явсан хүрэн адуунууд ямар удам угшилтай болдог вэ?
-Тэрийг нарийн мэдэхгүй юм. Ямар ч байсан Дагмид Мээрэн өөрийн адуунаасаа  залуу уяачид бэлэглэж байсан юм билээ. Тэгэхээр  Мээрэн адууны угшил байж л таараа. Мөн Дагмид Мээрэнгийн бэлэглэсэн загастай ууль тамга нь  одоо манайхны адуунд  тамгалагдсаар буй. Адууны тамга гэдэг давтагддаггүй эд учраас би ММСУХ-ныхонд адууны тамганы  улсын бүртгэлийн нэгдсэн  сантай болъё гэсэн санал гаргасан юм. Өөрөөр хэлбэл, адуутай айл бүхэн, уяач болгон тамганыхаа дардсыг нотариатаар баталгаажуулан ММСУХ-ны тэрхүү санд бүртгэлжүүлэн хадгалуулдаг болъё гэж. Ингэснээр адуун  соёлд оруулах уламжлал шинэчлэл хослосон сайхан зүйл гэж болно боддог. Хууль зүйн үүднээс ч гэсэн олон талын ач холбогдолтой байж болох.
-Бодууштай санал байна шүү?
-Тэгэлгүй яахав. За энэ яахав. Ажаагийн тухай яриагаа үргэлжлүүлье.13 настайгаасаа эхэлж морь уясан ч эхэндээ амжилт гаргахгүй л байсан байна. Залуу уяач аймгийнхаа наадам яваад даага нь баян ходоод болж, түрүү дааганы бай авчихаад  байхдаа “ наадамчид намайг морь түрүүлгэсэн хүн байна даа" гэж бодож байгаа хэмээн хөөрч явсан гэдэг. Ер нь их гэнэн хүн л дээ. Ажаа их уран, гөлөм, дэвс   хийнэ. Төмөр байвал зуух хийнэ, мод байвал пин, сав барьчихна. Ер нь л юмханаар юм хийчихнэ дээ. Хийх үйлийнхээ  багажаа бүрэн   өөрөө хийчихдэг байсан.
-Лам байсан юм чинь ойр зуурын  засал энэ тэрийг  уншчихна биз?
-Засал энэ тэр хийхгүй ээ. Харин  Дамбадаржаа, Намхай, Наваанлувсан гуай нарын  өвгөчүүлтэй нийлээд нууцаар ном уншиж,хурал хурдаг байсан. Сан зэргийн зүйл байлгүй дээ. Харин хэнтэй ч нөхөрлөж чаддаг маш их нийтэч хүн байсан. Их сургуулийн доктор, цагдаагийн газрын дарга, шүүхэд ээрэгдэгсэд, хятад, орос гээд  хэнтэй л бол анд нөхөд байж чаддаг байлаа. Манайд  цагаан сараар том том үстэй малгайтай, хөх богино  нэхий дээлтэй  наймаа нар ирдэг байсан.  Тэр үед  суурин хятад иргэдийг  наймаа нар гэдэг байсан юм. Зун морь уяж байх үед нь орос цэргүүд бас ирнэ. Хэл мэдэхгүй байх нь асуудал биш, шөнө аавтай хамт адуу манана. Тэр үед манайх зургаан ханатай гэртэй байсан юм. 1960, 70-аад оны үед Өндөрхаанд зургаан ханатай гэр  ялгарна шүү дээ. Тэр гэрийг аавын найз  мужаан  Сипинь, Жан нарын хятадууд хийж өгсөн юм. Шал, тооно, мод нь их хөнгөхөн, би охин дүү Чимэгшүхэртэйгээ  хоёулханаа барьчихдаг л байсан юм даа. Ажаа алиа марзан юм яриад сүйд болохгүй ч хошин шогийн болон сэтгэл зүйн мэдрэмжтэй хүн байжээ. Жишээ нь, Артын мэргэн Бандид Дамбийням ламыг шоронд байхад нь  нутгийн хүмүүс эргэж очоод явахдаа “баяртай, сайн сууж байгаарай” гэдэг байж л дээ. Гэтэл  ажаа  эргэж очоод явахдаа “за лам аа, би явлаа хурдан гарч очоорой, хүлээж байна шүү” гэж хэлсэн юм гэнэ лээ. Бандид лам шоронгоос гарч ирээд,  дээр хэлсэн үгийг нь тэмдэглэн хэлж , шоронд байгаа хүнийг сайн сууж  байгаарай гэж хэлэх нь  тун зохисгүй сонсогддог юм  хүнийг шоронд удаан сууж  л бай гэсэнтэй адил юм билээ. Чиний хэлсэн үгэнд их баярласан  шүү хэмээгээд   бэлэглэсэн  эмээлийн мод нь байдаг.  Манай эцэг хээгүй юм шиг хэрнээ  амны билгийг эрхэмлэдэг  байсан.
-Та аавынхаа ямар зан чанарыг илүүтэй үнэлдэг байсан бэ?
-Хүн бурхан болохын өмнө үр хүүхдүүддээ захиасаа захидаг. Харин манай эцэг юу ярьсан бэ гэхээр “хүн нэг юмны төлөө хичээж, зүтгэж чадвал заавал  нэг  үр дүнд хүрнэ.  Сайн үйлд зүтгэвэл сайн, муу үйлд зүтгэвэл  муу л үр дүн гарна. Жишээ нь, би насаараа л адуутай хөөцөлдсөн, энэний үр дүн гарч л байгаа биз . Ижий чинь үхэн үхтэлээ үнээ, сүүтэй цай хоёроос салахгүй дээ” гэж хэлж байсан.  Элдэв долоон юмнаас айж цочдоггүй хирнээ үйлийн үрээс  маш их болгоомжилдог байсан  зан чанарыг нь  бид мартаж  болохгүй гэж боддог. Дашрамд дурьдахад "уяачийн гэргий байна гэдэг нилээд  ухаалаг  бөгөөд эрсдэл хүлээх чадвартай эмэгтэй байхаас аргагүй ээ.Манай ажаа морь худалдаж авахад бүх юмаа өгөөд эхнэрээ оёдлын машинтай нь  л  үлдээж байсан хүн шүү дээ. Миний ижийг  Мишигийн Банзрагч гэдэг байсан. Сонирхуулахад  Галшарын  Банзаа  нар маш олон. Ялгарахын тулд бүдүүн, эцэнхий, хэл, хөл, хээшиг, хүү, хүүхэн, нүд, шар, улаан, далбаан, ягаан  гээд  урсаад байна шүү дээ.
-“Ангасай” гэж ямар учиртай юм бэ. Бүр танай ургийн овог болчихсон юм байна шүү дээ.
-Тиймээ. Хийдэд шавилж байхдаа  хурал ном  дээрээ байнга  юм яриад суудаг хүүхэд байж  л дээ. Тэр бүрт багш нь “Чи битгий ангас, ангас гээд бай л даа  чимээгүй  суу гэдэг гэнэ. Үүнээс   үүдээд  зиндааныхан нь   "ангас аа   ангас  аа" гэж  дуудсаар байгаад сүүлдээ  “ангасай”  гэдэг  хоч нь болсон юм   гэдэг.Би ургийн шинэчилсэн овог авахдаа   ажаагийнхаа   хоч нэрээр авсан. Тэрнээс манайх чинь “Хиад боржигон” овгийн  удмынхан л даа . Есөн үе яваад овгоо салгах ёстой шүү дээ. Тэр утгаар нь  эцгийнхээ  халх даяар алдаршсан  хоч  нэрийг нь ургийн овог болгосон  учиртай.
-Хэнтий аймгийн уяачидтай уулзаж явахад адуугаа танай адууны угшилтай гэж ярих хүн цөөнгүй юм билээ?
-Манай   адуу хаа сайгүй их тарсан  байна лээ. Ажаа наймаа панз айхтар хийхгүй ч адуу мал зардаг байсаан. Гэхдээ өөрийн адуунаасаа илүүтэй “тэнд тийм сайн адуу байна лээ” хэмээн зааж өгч авахуулсан нь олон байх. Биднийг багад хүний удам, адууны угшил хоёрыг худал хэлэх нь хамгийн том нүгэл хэмээн ахмад уяачид их цээрлэдэг байсан. Гэтэл одоо адууны угшлыг их нуух болж. Бараг хүн болгон шахуу л “манай унаган адуу”, бараг надаас гарсан гэх нь холгүй зүйл ярих юм.
-Алдарт Бөгөн хулыг хүртэл авч байсан гэдэг юм билээ. Тэр талаар мэдэх үү?
-Бөгөн хулыг хөгширсөн хойно нь  анд дүү Ч.Галсантайгаа хамт   худалдан авсан юм. Харамсалтай нь бараг жилийн дараа алга болчихсон байх шүү. Яасан нь мэдэгдэхгүй алга болчихсон. Зөнөөд тэнээд явчихав уу. Хүн аваад явчихав уу гэцгээгээд л байсан.
-Өвгөний адуу өөрт чинь өвлөгдөж үлдсэн биз дээ?
-Адуу нь цөөн боловч тэр чигээрээ надад үлдсэн. Хүмүүст дамжин  маллагдаж явсаар сулрах нь суларсан ч ерөнхий удам угшил нь хадгалагдаж  байгаа. Нэг  үе хүргэн дүү  Г.Санжмятав  аймгийн наадамд бага насны адуу гайгүй сайн давхиулж байсан. Манай эгч Нямбуу бол Баяр, Магнай зэрэг нэрт хурдан азаргануудыг нь ид хурдалж байх үед  хурдны морь унаж байсан.Миний хувьд багадаа морины ажилд бага саг оролцож байснаас цааш нарийн ширийнийг нь мэдэхгүй ээ.Мэдэхгүй юмаараа мэдэмхийрэн ярих нь мэдэхгүй  байгаагаасаа  ч ичмээр гэж боддог  болохоор  адууны угшил уяа заслын талаар  ярьдаггүй  дээ.
-Хурдны морь  унахгүй ч наадамд цуг явна биз дээ?
-Буянт-Ухаагийн дэнж дээрх жирийсэн олон майхныг харах сайхан л байдаг юм. Уяачид хонины гэдэс, тарваганы мах идэхгүй, даалуу, хөзөр тоглохгүй, архи дарс уухгүй гэх мэт цээрийг сахидаг. Тэр үеийн уяачид энэ цээрийг хатуу  барина. 1971 онд АХ-ын 50 жилийн ойн баяр наадмаар би хотод байж байгаад морь уралдах үеэр Буянт-Ухаад  очлоо. Тэгээд шинэ гэдэснээс уушгийг нь авч дээшээ шидээд, баахан бараан   шувуу цуглуулчихсан чинь хөгшчүүл намайг загнаад "ямар хачин хүүхэд  вэ? Уяан дээр  бараан шувуу цуглуулаад" гэж.  Тэгээд уралдаан болоход хоёр азарга тасраад хойно урдаа орж давхисаар манай  саарал  азарга түрүүлж, мөн нутгийн уяачид  ч гэсэн сайхан наадацгааж билээ. Жигүүртэн баярлуулсан ч юм билүү яаж мэдлээ.Тэр жилийн наадамд анх удаа  аймгаас зохион байгуулалттайгаар  уяачдын  гал  бүрдүүлэн оролцуулсан юм. Ахлагчаар аймгийн  шүүхийн дарга Л.Дугардоо, малын эмчээр нь Н.Дарьсүрэн болон хүний эмчийн бүрэлдэхүүнтэй баг ажилласан юм. Азарга түрүүлэнгүүт  манайхны майхны  өмнө этгээдэд  мотор байрлуулж зурагтаар наадмын бичлэг үзүүлж эхлэх зэргээр Хэнтийн  уяачдад анхаарал хандуулж эхлэв ээ. Тэр үеийн баяр наадмын манлай болж байсан Аварга  Мөнхбат, Баянмөнх  тэргүүтэй алдарт  бөхчүүл  ЗИЛ-130 машин дээр зогсчихсон ирээд түрүүлсэн азаргатай зураг  татуулж  байсан нь санаанаас гардаггүй юм. Мөн  Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга  Ж. Самбуу гуай  ирж баяр хүргэсэн гэдэг. Хүмүүс, өвгөн хөл нүцгэн гарч ирээд Самбуу даргатай гар барьж байсан гэж  хуучилдаг ч  би түүнд нь итгэдэггүй. Төрөө хүндэтгэдэг, төрийн  түшмэл  хүний хүүхэд яавч төрийн тэргүүнтэйгээ хөл нүцгэн гарч ирж гар бариагүй   байлгүй дээ. Төр шашинаа үлэмж хүндэтгэдэг монгол эр  хүн шүү дээ. Маршал Х.Чойбалсантай 1946 оны наадмаар даагаа түрүүлгэчихээд гар барьж будаалганд нь орж  бэлэг хүртэж байснаа  баясгалантайгаар дурсан ярьдагсан. Даага түрүүлгэсэн газар дахин түрүүлнээ гэдэг байнга   хэлэх дуртай   үгээр нь яриагаа өндөрлөх үү.
-Бидний урилгыг хүлээн авч ажаагийнхаа   тухай халуун хууч  дэлгэсэн танд баярлалаа. Ажилд тань амжилт хүсье.
-Баярлалаа. Та бүхний алдар бадартугай.
А.Тэлмэн

 

 

 

 

 


 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна