Төв аймгийн Баяндэлгэр сумын МСУХ-ны тэргүүн В.Батдорж: Энэ нутгийнхан Василийн хонгор азарга гэхээр андахгүй

А.Тэлмэн
2015 оны 1-р сарын 05 -нд

Монгол төрийн наадмын хурдан хүлгүүдийнхээ хиймориор чимж явсан эрдэм төгс уяачдын өлгий Төв аймгийн Баяндэлгэр сумын хийморилог уяачдын төлөөлөлтэй уулзаж ярилцлаа. Өнгөрсөн хавар удирдлага зохион байгуулалтын шинэчлэл хийсэн тус сумын уяачдын холбооны төлөөлөл ММСУХ-ны Ерөнхийлөгч М.Энхболдын урилгаар төрийн ордонд зочлох үеэр цөөн хором ярилцсанаа хүргэж байна. Баяндэлгэр сумын МСУХ-ны тэргүүнээр 2002 оны улсын наадамд хонгор азаргаа айргийн дөрөвт хурдлуулж байсан Г.Василь агсны хүү Батдорж сонгогдсон аж. Тэрээр бидний асуултанд ийн хариуллаа.
-Баяндэлгэр сумын МСУХ удирдлага зохион байгуулалтын шинэчлэлт хийсэн гэсэн. Тэр талаар дэлгэрүүлээч?
-Манай сумын МСУХ 2007 онд үүсгэн байгуулагдаж, анхны тэргүүнээр Банзрагчийн Даваадорж, нарийн бичгийн даргаар Шаравын Ойдовдорж нар ажиллаж байгаад өнгөрсөн тавдугаар сард уяачдын бага хурлаар холбоо удирдлага зохион байгуулалтын шинэчлэл хийн миний бие тэргүүнээр сонгогдож, Мэндсайханы Баярсайхан гэдэг залуу нарийн бичгийн даргын албыг хашихаар болсон.
-Сумын хэмжээнд хүлэг морио уяж сойн, төр түмнээ цэнгүүлдэг хичнээн уяач бий вэ?
-100 гаруй хүн бий. Үүнээс 10 хүрэхгүй хувь нь ММСУХ-ноос олгож буй энгэрийн тэмдэг үнэмлэхтэй буюу албан ёсны гишүүнчлэлтэй болсон байсан. Өнөөдөр бид /2014.11.13/ ММСУХ-ны тэргүүн М.Энхболд даргын урилгаар төрийн ордонд зочилж 15 хүний гишүүнчлэлийн тэмдгийг гардан авлаа. Цаашид уяачдаа 100 хувь бүртгэлжүүлнээ.
-Нийт уяачдын хэдэн хувь нь цолтой вэ?
-Баяндэлгэр сумаас улсын цолтой уяач хараахан төрөөгүй. Харин аймгийн цолтны тухайд Төв аймгаасаа цолоо авсан таван хүн бий. Дээр нь Багануур бага Хэнтий бүсийн Алдарт уяач цолтой арваад хүн бий. Холбооны өмнөх удирдлагууд маань өнөөдрийг хүртэл сумын Алдарт уяач цолыг олгож байгаагүй юм билээ. Тиймээс ойрын үед болзлоо хангасан уяачдаа цолыг нөхөн олгоно.  
-Чүлтэм начингийн алаг хэмээх холчоороо зартай хээр морь 1934 оны баяр наадамд айргийн дөрөвт хурдалсан байдаг. Ер нь Баяндэлгэр сумын нэртэй хичнээн адуу улс, бүсийн наадамд түрүүлж, айрагдсан байдаг юм бэ?
-1935 оны баяр наадамд Даваанэрэн начингийн хар азарга гурваар давхисан байдаг юм. Энэхүү хар азаргыг дааганд нь Буянтогтох аварга зүүн өмнө зүгээс авчирч, Загдын Очирпүрэвийн шинэ гэрийг мялаан бэлэглэсэн гэдэг бөгөөд тэр хавар нь Даваанэрэн начин авлагандаа авч, хожим азарга болсон нь хойно нь ийнхүү улсын наадамд айрагдуулсан юм билээ. Мөн тэр жил Жадамбын хээр морь аман хүзүүнд, Найдангийн бор шүдлэн дөрвөөр давхисан байдаг. Өөрөөр хэлбэл, зөвхөн 1935 оны улсын баяр наадмаас манай сумын уяачид гурван айрагтай буцаж байсан юм билээ. Харин 1937 оны баяр наадамд Жадамбын бор морь таваар, Чүлтэмсүрэнгийн зээрд соёолон аман хүзүүнд тус тус хурдалсан байдаг. 1940 онд Намсрайн бор азарга түрүүлж, Пунцагийн улаан бор даага айргийн гурваар давхисан байдаг бол 1941 онд Дамдингийн хээр азарга айргийн гуравт хурдалж, 1942 онд Яндагийн шарга соёолон, Тонжидын хээр хязаалан тус тус айргийн тавд хурдалсан нь баяр наадмын цуваанаа тэмдэглэгдэн үлдсэн байдаг.
-1934 оны баяр наадмаас хойш бараг айраг, түрүү алдсан удаагүй юм шив дээ?
-Тийм шүү. 1943 оны баяр наадамд айргийн тавд хурдалсан Шанжийн хээр морийг уралдаад ирснийх нь дараа маршал Чойбалсан ихэд сонирхож байсан гэдэг. Учир нь “чулуун толгой” хэмээх Шанж гуай тун чиг элдэвтэй нэгэн байсан бөгөөд хээр морио зоовч нэмнээтэй уралдуулан айрагдуулж байсан гэдэг юм билээ. 1944 оны мичин жилийн баяр наадамд Намсрайн халиун шүдлэн айргийн гуравт хурдалж, 1945 оны баяр наадамд Намсрайн зээрд халзан хязаалан түрүүлсэн байдаг. Түүний дараа жил буюу 1946 онд Батсүхийн хээр халтар, 1947 онд Товуугийн хар дааганууд тус тус гурваар давхиж байсан юм билээ. Энэ мэтчилэн яриад байвал олон бий. Ер нь манай сум эртнээсээ хурдтай. Уяачид нь улсын баяр наадмаас айраг, түрүү алдахгүй нааддаг байсныг цуваанаас бэлхнээ харж болно. Ер нь 1934- 2000 оныг хүртэл улс, бүсийн наадмаас манай сумын уяачид 26 айраг, түрүү хүртсэн байдаг юм.
-Сүүлийн жилүүдэд Баяндэлгэрийн уяачид ямархан амжилттай наадаж байна?
-Хамгийн сүүлийн үеийн амжилт гэвэл энэ зун Дундговь аймагт болсон төвийн бүсийн уралдаанд Намсрайжавын Загдрагчаагийн хүрэн азарга айргийн гуравт хурдаллаа. Сүүлийн жилүүдэд манай сумын уяачид Багануур дүүрэг болон Өлзийт хороололд суурьшин морио уядаг болоод байгаа юм. Эдгээр уяачдынхаа идэвхийг сэргээж, нутаг орноо  гэсэн сэтгэлтэй болохын тулд шинээр зохион байгуулагдсан МСУХ-ны удирдлагууд хичээн ажиллах болно. Бид нутгийн адуугаа чанаржуулах тал дээр “Монгол жокей” клубын тэргүүн Дашзэвэг ахтайгаа хамтран ажиллаж байна. Мөн ММСУХ-ны тэргүүн М.Энхболдын өгсөн нэгдүгээр үеийн эрлийз азаргыг энэ жил аваад уяачид маань гүү хураалгасан. Цааш цаашдаа уяачдынхаа ёс зүйн тал дээр нэлээд анхаарч,морь уях нь монгол соёл гэдэг талаас нь илүүтэй ойлгуулахыг хичээнэ дээ.
-Өөрөө тэрхүү монгол соёлд багаас суралцсан хүн. Ингэхэд хэд дэх үеийн уяач вэ?
-Дөрөв дэх үеийн уяач болох юм байна. Өвөөгийн аав Шагдарсүрэн гэж хүн морь уядаг байсан  юм билээ. Манай өвөө Гунгаа мөн орон нутагтаа уясан морио хурдлуулж сайхан наадчихдаг байсан гэдэг.Аав маань 2002 оны улсын наадамд хонгор азаргаа айрагдуулж байсан аймгийн Алдарт уяач Василь гэж хүн байсан. Би хүлэг морио дээдэлсэн энэ сайхан хүмүүсийнхээ залгамж халаа болон морио уяж уралдуулж байна. Мөн манай аавын дүү Бадам гэж мундаг уяач байлаа.
-Аавынхаа талаар жаахан дэлгэрэнгүй хуучилвал ямар вэ?
-Аав маань сумандаа олон жил жолоочоор ажилласан хүн. Жолооч болохоосоо өмнө залуудаа нэгдлийн адуу малладаг байсан юм гэнэ лээ. Тэгсэн нэг хурандаа ах нь очоод “бүгдээрээ мал маллаж байхаар нэг нь ч гэсэн сургуульд сурч, мэргэжил эзэмш” гээд жолооч болгож байсан гэдэг юм.
-Тэгээд хэдий үеэс морь уяж эхэлсэн юм бэ?
-17, 18-тай байхад нь аав нь өнгөрөөд, тэгээд морь уясан гэдэг юм. Сумынхаа наадамд олон морь түрүүлгэж, айрагдуулсаан. Энэ нутгийнхан Василь, Василийн хонгор азарга гэхээр андахгүй. Аав маань сайн уяачаас гадна шаггүй хатгаач, сайхан ил цагаан шулуун үгтэй тийм л хүн байсан даа.Хамгийн анх сумынхаа наадамд саарал шүдлэн айрагдуулж амжилтын гараагаа эхэлсэн гэж ярьдаг байсан санагдана. Тэрнээс хойш миний мэдэхийн нэг хурдан хээр морь нь сумандаа гурав түрүүлж зургаа, долоо айрагдсан.Би тэр хээр морийг бараг 20 хүрч байхад нь морь унаж сурсан гэхээр нэлээд эртний явдал байгаа биз.Мөн хоёр хурдан буурал азарга байсан.
-Улсын наадамд айрагдсан хонгор азарганыхаа талаар жаахан дэлгэрүүлээч. Удам угшил амжилтын товчоон гээд л...?
-Эцэг талыг нь хөөвөл Хэнтий аймгийн Баянмөнх сумын харьяат Балдангалсан Тайж гэдэг хүний адууны удамтай юм гэнэ лээ. Эцэг азаргыг нь манай сумын Муна гэж хүн Баянмөнхөөс худалдаж авчраад байхад нь манай хүргэн  Саранхуяг 1989 онд худалдаж авсан юм билээ. Харин эх нь манай өөрийн унаган гүү.Хонгор азарга 1995 онд шүдлэнгээсээ эхэлж уягдан сумынхаа наадамд арваар давхиад, дараа жил нь хязаалан гурваар давхиж айрагдсан.Тэндээсээ Баянжаргалан сумын наадамд очиж есөд давхиад дараа жил нь соёолондоо суманд түрүүлж, Өвгөн ноёны наадамд долоолоод, 1998 онд хавчиг азарга сумандаа түрүүлж, Баянцагааны даншигт 50-аар давхиж байсан. Тэгээд 1999 онд долоотой өнжөөд, 2000 онд Багануур, Баяндэлгэрийн наадамд хоёуланд нь түрүүлээд, давхар уяагаар Өвгөн ноёны наадамд 22-т давхисан байдаг юм. Тэрний дараа жил буюу 2001 онд сумандаа болсон “Шувуун саарал” бүсийн наадамд түрүүлээд, улсад очиж 15-аар давхисан. Энэ азарганы ах буурал азарга олон түрүүлж, айрагдсан хурдан хүлэг байсан. Харамсалтай нь долоотой байхдаа хүнд хорлуулчихсан юм.
-Дараа жил нь айрагдсан?
-Тэгсэн. 2002 онд улсын наадамд дөрвөөр давхиж айрагдаад, 2003 онд Багануурын наадам болон Төв аймгийн 80 жилийн ойд түрүүлээд, 2004 онд өнжиж, 2005 онд дахин Багануурын наадамд түрүүлсэн. Тэгээд 2006 онд өнжиж, 2007 онд сумынхаа наадамд түрүүлээд, 2008, 2009 онд айрагдсан.
-Олон жил тогтмол амжилттай уралдаж шүү?
-Тэгсээн. Хонгор азаргаа хамгийн сүүлд 2010 онд нэг уралдуулаад 2011 онд сумынхаа наадамд ёсолж мордуулан зодог тайлуулсан. Одоо өвгөрчихсөн тэжээгдэж байгаа.
-Төлүүд нь яаж давхиж байна вэ?
-Үр төлүүд нь сайхан хурдалж байгаа. Сумынхаа наадамд гурав түрүүлж, Баянхонгор аймгийн 70 жилийн ойд айрагдсан хонгор азарга одоо уралдаж байгаа. Мөн энэ жил нэг битүү соёолон Баяндэлгэр, Багануур, Зүүнхараагийн 90 жилийн ойд түрүүлээд, Төв аймгийн Баян сумын 80 жилийн ойд очиж аман хүзүүдсэн. Бас нэг хурдан хонгор азарга байсан нь 2004 онд эндчихсэн юм. Ер нь эр төлүүд нь их сайн хурдалдаг даа.
-Аавтай хамт наадсан наадам болгон сайхан. Тэр дундаа төрийн наадамд азарга айрагдуулсан 2002 оны наадам илүүтэй сайхан санагддаг болов уу хэмээн таамаглаж байна?
-Тэгэлгүй яахав. Тэр үед би моринд томдоод туслах уяач болчихсон байсан. 2001 онд хонгор азарга уг нь их хурдан байсан ч жаахан хөндүүр суусан уу арав гаргаж давхисан юм. Тэгэхэд нь дараа жил яг айрагдах юм байна гэж өөрөө хэлж байлаа. Аав маань ч мэдсэн юм шиг “Хойтон хонгор азаргаа аваад хүүтэйгээ гурвуулаа ирнээ” гэж байсан. Дараа жил нь бидний тооцолж байсанчлан азарга маань айрагдаж билээ.Манай аав хэр барагтай бол сэтгэл нь хөдөлдөггүй. Дуу цөөнтэй, даруу хүн. Дотроо бол баярлаж л байсан байх. Гэхдээ тэрийгээ ил гаргаагүй ээ. Харин нутаг буцаж явахдаа жаахан догдолсон юм шиг санагдсан. Намар нь аав маань бурхан болчихсон шүү дээ. Ааваасаа хойш би хонгор азаргаа уяж байгаа юм.
-Төв аймгийн ойд түрүүлсэн билүү?
-Тэгсэн. Яагаад ч юм азаргаа  аавынхаа нэрээр бүртгүүлчихсэн.Азарга маань гарсан цагаас өнгөлж узелиэр “Баяндэлгэрийн Василийн хонгор азарга” гээд л зарлагдаад байдаг. Түрүүлээд ирснийх нь дараа  мэдчихээд цоллохдоо миний нэрээр цоллосон. Аав минь байсан бол гээд битүүхэн харамсч байсан юм. Тэгээд л тийм алхам хийсэн байх даа. 80 жилийн ойн түрүү азаргыг цоо шинэ УАЗ-469  машинаар байлж байсан юм. Мотоцикль л унадаг байсан хүн чинь машинаа хөдөлгөж мэддэггүй. Ахаараа жолоодуулаад ирж байсан.
-Эцэг эхээс хэдүүлээ вэ. Танаас өөр аавын үйл хэргийг үргэлжлүүлж байгаа хүн байна уу?
-Манайх долуулаа. Эрэгтэйчүүд нь бүгд л моринд дуртай. Гэхдээ хоёр нь л малаа малладаг юм.
-Таныг танай гэр бүлийнхнийг хурдан тууртын босоо цагаан хийморь өнө мөнх ивээх болтугай. Ярилцсанд баярлалаа.
-Та бүхэнд ч гэсэн баярлалаа. “Тод магнай” сэтгүүлийнхээ хамт олонд ажлын өндөр амжилт хүсье.

Б.Долзодмаа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна