“Морьтон Монгол” төслийн ахлагч Д.Нацагдоо: Монгол морь үнэхээрийн агуу юм билээ
Монгол морины шандас, монгол хүүгийн эр зориг, хатуужлыг гайхуулан эх орноо жилийн дөрвөн улирал дамнан морьтой тойрон аялаад ирсэн бахархам үйл явдлын эзэн, багийн ахлагч Доржийн Нацагдоотой амласан ёсоороо та бүхнийг уулзуулж байна. Хоромхон хугацаанд ч болов морьтон залуустай хамтдаа Монгол орноо тойрсон адал явдлаар нь аялцгаая.
-Нэн тэргүүнд та бүхэнд дахин баяр хүргэе. Энэ өргөн уудам нутгийг ердийн хөсгөөр туулна гэдэг хүлэг морьдын шандас төдийгүй, аавын хүүгийн зориг хатыг шалгасан аялал байлаа шүү дээ.
-Баярлалаа. 10394 км замыг туулаад эсэн мэнд ирлээ. Гэхдээ эрсдэлгүй, саадгүй гэх нь хаашаа ч юм, тодорхой хэмжээнд саад тотгор учирч байсан. Тавдугаар сарын 15-нд Өмнөговь аймгийн Гурвантэс сумаас анх гараагаа эхлээд, Баян-Өндөр сумын нутгаар дайрч Баянхонгор аймгийн Шинэжинст хүртэл 200 км газар говийн бүсийг дөрвөн хоногт туулсан. Энэ зуур хад чулуу, хайрга ихтэй, ус, өвс байхгүй, бас шороогоор шуурч хавсарга тавиад, эхний 200 км газар “чанга” байлаа. Ямар ч ус, өвс байхгүй учраас морь 100 км яваад л мууддаг юм билээ. “Морьтон” дэлгүүрийн өгсөн эм тариа, витаминаар морьдоо торгоож явж байлаа. 200 км газар явахад ганц л айл таарч хоноглосон, бусад үед нь хээрээр хоноглоод явсан. 40-50 км-т худаг байхгүй. Арай гэж олдсон нь өмхийрчихсөн, оготно зурам ороод үхчихсэн, өчнөөн жил лайдаагүй худаг тааралдана. Гурвантэсээс Сугар, Ганбат гэдэг хоёр газарчинтай, бас фермертэй, өвс тэжээл, ачаагаа ачиж явсан. Хоёр газарчин Баянхонгорын Шинэжинст хүртэл хүргэж өгөөд буцсан юм.
-Гурвантэсийнхэн аяллын замд анхлан үдэж гаргаснаас эхлээд ер нь очсон сум орон нутаг бүр угтан авч, тусалж дэмжиж байсан гэсэн байхаа?
-Тийм шүү. Морьдоо муудахаар нь айл амьтантай ярьж хөөрөөд сэлгэж байлаа. Монголын ард түмэн муудсан морь малыг минь сэлгээд өгчихнө, гэрт нь ороход хоол унд хийгээд өгнө, ядарсан цагт хонож өнжөөд яв гээд л үнэхээр сайхан юм билээ. Говь-Алтайд Мэндбаяр ах нэг морь сольж өгсөн. Гурвантэсээс гараад 50 км яваад нэг морь муудаад, хаврын тарчиг цаг байсныг хэлэх үү, айлд үлдээчихээд явсан. Шинэжинстийн ЗДТГ, уяачдын холбоо, Цэдэнсодном гэдэг ах биднийг сайхан хүлээж аваад, морь малыг минь тахалж, гаргаж өгсөн. Баянхонгор аймгийн Баян-Өндөр суманд 53 настай хөгшин бид хэдийг Цонжин болдогоос гарч байна гэдэг сураг сонсоод хамт аялна гээд дөрвөн морь хагсраачихсан, борцоо бэлдчихсэн байсан. Хөгшин хүн даралт нь ихэснэ гээд эхнэр, хүүхэд нь явуулаагүй ч өвгөн өөрийнхөө морийг унуулаад бид хэдийн морийг туугаад 30-40 км газар гаргаж өгсөн. Бас ч үгүй уншлагатай өвгөн байгаад бидэнд Аян замын ерөөл, Хийморийн сан тавьж өгсөн.
-Алтайн хад асга, бартаа саад, говийн элсэнд морьдынхоо ул туурайг яаж хамгаалж байв?
-Анх Гурвантэсээс гарахдаа шаланд дэвсдэг ногоон дрожийг цавуудаж морьдоо тахалсан боловч өдрийн тал яваад л дуусчихсан. Тэгээд оройд нь ул туурайг нь цэвэрлээд, “Морьтон” дэлгүүрээс өгсөн тосоор тосолдог байсан. Говийн ширүүн хайрга чулуу, хүнд нөхцөлд морь сагаг нь тасарч, хөл нь их сайртдаг. Байнга л арчилгаатай явахгүй бол сагаг нь тасраад ирэхээр амархан хүчээ алддаг, сэтгэл санаагаар унаж, шаналдаг юм билээ. Бас тарваганы тос халааж бооно. Ер нь “Морьтон” дэлгүүрийн бүтээгдэхүүн дажгүй юм билээ. Алтайн нурууны бартаа саад, говийн элсийг тэр тосны ачаар л туулсан болов уу гэж боддог юм. Шинэжинстэд орос мотоциклийн хаймараар тахлаад, Ховдын Үенч хүртэл явсан шүү.
-1000 дахь км хаана таарч байсан бэ?
-Говь-Алтай аймгийн Цээлд хүүхдийн баяраар таарч байсан байх шүү. Зуншлага муу болохоор нь Цээлээр дайраад л өнгөрсөн.
-Зулай цагаан Алтай нутгийнхан морьтон залуусыг яаж угтаж авав?
-Говь-Алтай аймгийнхан хүн чанар, сэтгэл сайтай, морь гэхээр байгаагаа гаргадаг улс юм билээ. 13 морьтой явснаас 9 нь Говь-Алтай руу орсон юм. Тэгтэл Төгрөг суманд нэг ах хүү “Ах нь нааш цаашаа туувар их тууж байсан хүн, хол замд морь мал муудахын зовлонг мэднэ. Та хэд муудсан морь байвал чөдөрлөөд орхичих, манай адуун дээр очъё, дуртайгаа ав” гэсэн. Тэгээд бид адуунд нь орж байгаад хоёр морь шилж авсан. Хүүдээ “Холын хүний муу морийг авч үлдээд, сайныгаа өгч явуулдаг юм” гээд морьдоо шилүүлээд л юм үзсэн сайхан хүн байсан. Тэр хүний морьд их сайн явсан, нэг нь бүр Хөвсгөлийн Цагааннуур орсон. Мөн Говь-Алтайн Бугат суманд улсын начин Ду.Батбаяр нэг морь бэлэглэсэн. Хотоос Ду.Батбаяр яриад “Танай аяллыг даах ганц сайн морь өгье” гэсэн. Хавар ботголох ингэ, тугалтай гунж өгөх болзолтойгоор улсын сайн малчин Лхагваа гэдэг айлынхаас нутгийнхнаараа дамжуулан худалдаж авч өгсөн. Үнэхээр сайн морь байсан шүү, бараг 3-4 мянган км яваад Сэлэнгэд үлдсэн л дээ. Тэгээд 14 морьтой Ховд руу явсан.
-Энэ хооронд байгалийн үзэсгэлэнт газар, сонин хачин зүйл юу байв. Шинэжинстээс хаа хаагуур дайрч Говь-Алтайн нутаг руу орсон юм бэ?
-Санахгүй байна. Яг олон газраар явахаар мартчихдаг юм байна. Говь-Алтай руу ороход бараг 600-700 км явчихсан шүү. Тахийн талаар ороод хар сүүлт, хулан, тахьтай тааралдаж, тахийн шинэ унаганд Морьтон гэдэг нэр өгсөн. Түүнээс цааш Цээл рүү орж байж л ногоотой залгасан. Тэнд 3-4 морь сэлгэж аваад цааш явсан. Цогтод Ээж хайрхан гэж сайхан газар байна лээ. Ёстой гоё үзэсгэлэнтэй, миний амьдралдаа очиж үзээгүй газар байсан. Халцгайтын ам, Их шандын худаг гээд гоё гоё хавцлууд ихтэй.
-Алтайн нурууг давахад амаргүй байв уу?
-Алтайн нурууг давахад хүнд байлаа. Өндөр өндөр цавчим хад асга, нугачаа, хайрга чулуу ихтэй, өвс ургамал гэж олигтой юм байхгүй, мал идэх юмгүй, урд хэсгээрээ ус муутай, хуурайшилт ихтэй. Орон нутгийн туслалцаатайгаар л Алтайн нурууг давсан даа. Замчдын хүчээр товчилж явахгүй бол морь муудах үе их байсан.
-Өдөртөө хэдэн км зам туулж байв?
-Хаврын өдрийн уртад 40-50 км яваад л амарна. Дээд тал нь 50-60 км явна. Байнга шогшоод хатираад явахгүй, ихэнхдээ алхана. Хэтэрхий ширүүн явах юм бол явахаа байчихдаг. Мориныхоо ая талыг харж явахгүй бол аялал маань зогсчих гээд, дээрээс нь ачаа ихтэйг ч хэлэх үү.
-Алтайн уулс араатан, ан амьтан элбэгтэй. Зам зуур дайралдаагүй юу?
-Ирвэс дуулдаад л байсан боловч дайралдаагүй. Алтайн нуруунд янгир ямаа л таарсан.
-Олон үндэстэн ястны өлгий Ховд нутаг ямар сэтгэгдэл төрүүлэв?
-Ховд янзын сайхан нутаг юм билээ. Алтай, Үенч, Булган сумаар нь орсон. Тэр дундаа Үенч сум Үенчийн хавцал, Үенчийн хүрхрээ, Харуул овоо, Улаан хайрхан гээд түүхтэй газрууд ихтэй. Алтай сум руу арай зуншлагатай болоод эхэлсэн. Торгууд, захчин үндэстнүүд бүжиг, дуугаа их үзүүлдэг юм билээ. Ховдын Үенчид Ширнэнбандийн Адьшаа гуай хоёр морь бэлэглэсэн нь их сайн явсан. 4000 гаруй км яваад ядрахаар нь Мөнгөнморьтод үлдээсэн чинь амарчихаад 14 хоногийн дараа хүрэн морь буцаад нутаг руугаа гүйчихсэн байсан. Ховдын Булган гол өгсөөд явж байхад нүүдэлчин соёлоо авч үлдсэн, тэмээн дээр гэрээ аччихсан нүүж яваа 80 гаруй насны хөгшинтэй таарсан. Бүл муутай, байнга тэмээгээр нүүдэг гэж байна лээ. Өндөр сүрлэг уулс, хавцал дунд машин тэрэг явахын ч аргагүй. Зусландаа гарахдаа 300-гаад км газар нүүдэг гэсэн. Хоёр, гурван ч тийм айлтай таарсан шүү. Нүүдэлчин өв соёлоо хадгалж авч үлдсэн газар тэнд л байлаа. Урагшаагаа Ховдын Булганы Ярантайн боомт ороод хилийнхэнтэйгээ 123 дугаар тоот багана дээр очсон. Тэгээд Ховд голоо өгсөөд Баян-Өлгий аймгийн Булган сум руу орсон.
-Хөдөөд морь малаа унаж эдлэх нь ховор болсон гэдэг яриа байдаг. Бодит байдлыг биеэр явж, нүдээр үзээд ирсэн хүмүүст юу анзаарагдаж байх юм бэ?
-Өмнөговийн Гурвантэсээс гараад Баян-Өндөр рүү явж байхад морь унаад хонь малаа хариулж яваа улс байхгүй шүү. Говь-Алтайд л монгол банхраа дагуулчихсан нэг хүнтэй таарсан. Ихэнх айл хятад мотоцикль 6-7-гоор нь гаднаа өрчихсөн, аавын хонинд унадаг мотоцикль, ээжийн унадаг мотоцикль, манай хүүхдийн дүү нараа авч явдаг мотоцикль, гангарааны мотоцикль гэх жишээтэй. Морь мал гээд байх ч юм алга. Морь мал байхын ч эцэс алга. Хаврын тарчиг цагт морь мал идэх ч юм алга. Тэмээ, хэдэн хонь байхаас адуу гэх олигтой юм байхгүй. Ховдын Үенчээс гараад явж байхад ганц нэг морь унасан хүн таарч байлаа. Нэг үеэ бодоход малаа өсгөж үржүүлээд, малчдын амьдрал нь сайжирсан байна. Харин адуу малаа унаж эдлэх нь ховор юм.
-Цаашаа аялал хэрхэн өрнөсөн бэ?
-Ховдын Булганаас Баян-Өлгийн Булган руу орсон. Тэгээд Баян-Өлгий аймгийн төв ороод тэндээсээ Цэнгэл сум, Алтай таван богд орсон. Алтай таван богд руу морь явах боломжгүй болоод 30-аад км газар явган явсан. Гэхдээ бүр оргил руу нь гараагүй. Салтаагаар татсан цастай, зарим газраа хүн далд орохоор цастай, мөлхөөд л явж байгаа юм чинь. Бас булаг шанд ихтэйн хажуугаар цас хайлаад нэл шалбааг. Зургадугаар сарын 10 хэднээр Алтай таван богд руу гарсан. Алтай таван богдыг төрийн тахилгатай болгосон гээд Хилийн цэргийн ангийнхан тэнд овоо босгож байна лээ. 31 машинаар чулуу зөөж, 13 овоо босголоо. Овоо босгоход бид бага ч болов өөрсдийн хувь нэмрээ оруулсан.
-Монгол орноо захалж тойрсон болохоор хилийн цэргийнхэнтэй байнга тааралдаж байсан байх даа?
-Хилийн цэргийнхэнтэй бараг хамтарч ажиллаж байсан гэхэд болно. Аль ч хилийн цэргийн ангид очсон биднийг сайхан хүлээж авч байсан. Тэдэнд баярлаж талархахгүй байхын аргагүй. Овоотын отрядынхан гэхэд бидэнд дэмжлэг үзүүлж, анхны гарааг маань гоё, зөв гаргаж өгсөн. Нээрээ тэнд нэг ийм явдал болсон юм. Овоотын отрядын Наранбат хурандаа “Бие хамгаалах зэвсэг бий юу” гэхэд нь бид хэд зах дээрээс бөөндөөд авчихсан жижиг тонгорогнуудаа үзүүллээ. “Хн, шүдний чигчлүүр шиг ямар хачин юм” гээд Наранбат хурандаа гэрээсээ том чинжаал хутгаа авчирч “Би өөр зэвсэг өгч чадахгүй, наадах чинь тулсан үед хэрэг болно” гээд надад өгсөн. Тэр хутгыг нь Монгол орноо тойрчихоод буцаагаад аваачиж өгсөн л дөө. Монгол орныг бүтэн тойрсон, бас эзэнтэйгээ Сьерра Леоны ажиллагаанд яваад ирсэн хутгыг Цэргийнхээ музейд тавина гэж байсан.
-Тэгээд Наранбат хурандаагийн хутга хэрэг болсон уу?
-Мод түлээ цавчих, юм хөрөөдөхөд хэрэг болж байгаа юм чинь. Сүх болчихно, отвертик болчихно, хутга болчихно. Ар талдаа луужинтай. Дорнодын талд будилах, модон дотор зүг чигээ алдах үед хэрэг болж байгаа юм.
-Казак түмний өлгий Баян-Өлгийгөөр сонин сайхан юу болов?
-Ганц нэг хуримаар орлоо. Ороход хоолтой ундтай, сайхан халуун дотноор хүлээж авсан. Морь гэхээр казак хүн гэлтгүй сайхан хүлээж авах юм билээ. Пернебек гэдэг хүн хүрэн алаг морь бэлгэнд өгсөн. Хуриманд оролцож бүжиглээд, манай Даваахүү буриад дуугаа дуулж мэндчилгээ дэвшүүлсэн. Казак түмэн үндэснийхээ тоорцог малгайг бидэнд бэлэглэсэн. Алтайн таван богд явж байхад үзэсгэлэнт газрууд их юм билээ. Баян-Өлгийн хил дагуу Гиваан баатар, Тэгшээ баатар, Даваадорж баатар нар Оспаны бүлэг казакуудын эсрэг гурвуулхнаа тулалдаж байсан түүхтэй газар. Түүх домог ярьдаг хүн олонтой. Би ч морь малаа хоолтой хонуулчих юмсан, хөл гарыг нь авчихгүй явчих юмсан гээд л толгойгоо гашилгах зүйл ихтэй. Манай Даваахүү л асууж шалгаах дуртай.
-Баян-Өлгийгөөс гараад хаашаа аялсан юм бэ?
-Ногоон нуур. Ногоон нуур хулгай зэлгийгээрээ алдартай юм билээ. Ачит нуурын урд талаар гүүрэн дээгүүр гараад хэдэн айлын дундуур гарч явсан. Өдөр нь уулзаж байсан улс шөнө биднийг Ачит нуурын зүүн талд хонож байхад морьд хулгайлчихъя, дээрэмдчихье гэсэн бодолтой мотоцикльтой ирсэн. Гурвуулаа манасан учраас шөнөжингөө тойроод, морь малаа алдаагүй. Их дэрстэй учраас мотоциклио унтрааж нуугдаж байгаад үүрээр хөдлөөд явчихсан.
-Уулын мод урттай богинотой, олон хүн сайнтай, муутай гэж тэр дээ. Ногоон нуураас хөдлөөд Увс руу орсон уу?
-Ногоон нуур, Ачит нуур, тэгээд Увсын Сагил сум руу орсон. Бид Улаан даваагаар даваад уруудаад буутал цоо шинэ дээл, хромон гутал өмсчихсөн, сайхан морь унасан хүн хүүхдээ дагуулчихсан өөдөөс ирж явна. Наадамд явж байгаа юм болов уу гэж бодсон чинь Пүрвээ гэдэг ах хүүтэйгээ биднийг тосож байсан нь тэр юм билээ. “Манайд хонож өнжөөд яв” гээд биднийг гэртээ аваачиж сайхан хоол ундаар дайлсан. Увсын Сагилд очиж шинэ хонины шөл ууж байгаа нь тэр. Хоол идчихээд, хөлс гоожоод, ядарсандаа тэр айлд хэсэг унтаж амарсан. Тэднийхээс гараад явж байтал Хөвсгөлөөс Увсын Ховд сумаас бэр гуйх гэж байгаа хэсэг улс таарсан юм. Тэр нөхөдтэй Хөвсгөлд дахиж таарсан шүү. Увсын Улаан даваагаар давахаар аймаар шумуултай. Түргэн сум ороход бас битүү шумуултай. Түргэн суманд хоночихоод Улаангом руу орсон.
-Баян-Өлгий, Увс газар нутгийн хувьд ямархуу юм бэ?
-Баян-Өлгий бас газар хатуутай. Баян-Өлгийгөөс гараад Сагил руу сайхан зөөлхөн болж ирээд, эргээд Түргэн сум руу хатуу болоод, Увс аймгийн төв ороод Увс нуурынхаа эргээр урдуур явахад элсэрхэг, газар зөөлөн болсон. Тэгээд ер нь газар зөөлөрч, тах хэрэглэхээ больсон. Бид хэд Ховдын Үенчэд төмөр тах хадуулсан. Тэнд төмөр тах үйлдвэрлэдэг юм билээ. Казакууд бас тахыг чанартай сайн хийнэ. Баян-Өлгийд бас бүх морьдоо тахалж аваад наашаа Увс хүртэл тахтайгаа яваад, газар зөөлхөн болоод ирэхээр нь авсан. Хойшоогоо газар нь чийгтэй болоод ирэхээр морины хөл сайртахгүй, сагаг нь тасрахаа больсон. Увс руу зуншлага гайгүй болж ирээд морь мал идэштэй болсон. Ногоо амсаад ирэхээр морь ч ядрах нь багасаад сайхан байлаа. Увсын Түргэн сум их гоё юм билээ. Увс нуурын ус нь бүлээхэн, эмчилгээнд хэрэглэдэг гээд хүмүүс их орж байсан.Бид хэд Увс нуурын хөвөөгөөр гурван өдөр бараг 100-гаад км дагаж явсан. Увсын Баяннуур, Урт булагийн эх гэдэг чинь үнэн гоё газар юм билээ. Элснээс ус урсдаг, говь хангай хосолсон, баянбүрдэрхүү.
-Увсаас маршрут хаашаа вэ. Морь малаа юүлэв үү?
-Увсын Зүүнговиос Завханы Тэс рүү. Тэгээд Тэс голоо уруудаад Баянтэс, Хөвсгөлийн Цэцэрлэг гээд явчихаж байгаа юм. Зүүнговь сумаас хойшоогоо Урт булагийн эхэнд сахал Баатаржав гэдэг хүнтэй тааралдаж, тэр хүн бидэнд Тэсийн голын хээр морь бэлгэнд өгсөн. Их хурдад хар морь нь гэлүү дээ, арваар давхиж байсан гэнэ лээ. Тувагаас адуу оруулж ирдэг, Тува, Сүхбаатар, Дорнод, барга, үзэмчин адуутай, адуугаа цус холдуулаад сайжруулсан гэсэн. Хамгийн жижигхэн морио өгөхөд манай морьд дотор хамгийн том нь байгаа юм чинь. Тэр морь уул нь их сайхан тарга хүчтэй, унаа сайн даахаар байсан. Даанч ул туур муутай, байгаа газар нь элсэрхэг болохоор туурай нь далбайгаад, туур нь хуурайшиж тасарч унаад, ясан туур руугаа ороод, сүүлдээ гишгэж чадахаа болихоор нь Булганы Хутаг-Өндөрт үлдээсэн дээ, зайлуул.
-Нацагдоогийн хувьд багаа ахалж явсан болохоор энэ урт замд хүлээх үүрэг хариуцлага өндөр байсан биз?
-Тэгэлгүй яахав. Дөнгөж ээж аавынхаа гараас гарч байгаа гурван хүүхдийг авч явж байгаа учраас хариуцлагатай байх үүрэг надад байсан. Дээр нь нэвтрүүлгээ яаж гоё сонирхолтой болгох уу, спонсор байгууллагууд яаж татах уу гээд толгойгоо гашилгасан зүйл олон байлаа.
Манай энэ гурав чинь хүүхдээрээ учраас онгироо зан цухалзана. Айл амьтны эмнэг адуу руу хамаагүй шууд орчихно, гол ус руу хамаагүй орно. Хөл гараа хугална, элэг дүүрээ рүүгээ өшиглүүлэх эрсдэл их бий шүү дээ. Гурав маань намайг “морины эмч”, “хүний эмч”, “хойд аав”, “хойд ээж” гээд есөн шидээр хэлнэ/инээв/. Тэр гурав газар зүйн чиглэлээр суралцдаг учраас хад чулуу хараад тийм судал, төддүгээр зууны үеийн тогтоц гэх мэтчилэн яриад явна шүү. Номын дууг нь сонссон юм болохоор арай ондоо. Чулууг хүртэлборжин чулуу юунаас үүсэлтэй ч гэнэ үү ярина. Эмийн ургамлыг ч танина.
-Багийн гишүүн бүрт өөр өөрийн үүрэг хариуцлага байсан байх?
-Тиймээ. Би багийн ахлагчийн хувьд морины талын бүх асуудлыг хариуцаж явсан л даа. Багаасаа морьтой холбоотой өссөн учраас морио илүү мэдэрч арчилж тордон, хэнд нь ямар морь унуулбал зүгээр вэ, төдөн км яваад муудахаар байна даа гэсэн морийг хольж, сольж хуваарилалт хийдэг байсан. Бие томтой, ачаалал даах морийг Ганзоригт, жижигхэн гуривдуухан морийг Батчулуун, Ганболд ах хоёрт унуулах жишээтэй. Бусад маань нэг нь хоолоо хийж, нөгөө нь морь малаа усалж, чөдөрлөж аргамждаг. Бас нэг нь морьдоо тэжээж, морь малныхаа хөлөнд тос түрхэнэ, майхнаа барина гээд өөр өөрийн үүрэгтэй. Өглөө зургаан цаг болж байхад босоод л морь малаа янзалж, өвс тэжээлийг нь өгсөөр байгаад л найм, есөн цагийн үед хөдөлдөг. Морьдынхоо хөлийг өглөө, оройдоо тосолно. Орой харанхуй болохын өмнөхөн хоноглох газраа олж буухгүй бол хавар хавсарга тавьж, шороо их шуурна. Айлын өвөлжөө, хаваржаа, жалга судаг бараадахгүй бол морины өвс хийснэ. Худаг усаа бараадна. Орой нь морьдынхоо хөлийг нь тосолж, тэжээлийг нь өгсөөр шөнийн 1-2 цагийн үед унтана. Баян-Өлгий, Ховдод шөнө нь ээлжилж морьдоо манадаг байсан. Ховдод нэг, нэгээрээ манадаг байсан бол Баян-Өлгий рүү ороод хоёроороо манахгүй бол морьдоо алдчих гээд болохгүй. Тэндхийн казакууд “ширүүн”, хулгайч ихтэй гэсэн. Гэхдээ мэдээж казак түмэн бүгд тийм биш шүү дээ.
-Энэ урт замыг туулах хугацаанд болсон баяр хөөртэй, мартагдахгүй үйл явдал гэвэл?
-Говь-Алтайн Эрдэнэ суманд морь малаа эртхэн хөдөлгөе гээд оюутан гурваа түрүүлээд явуулчихаад араас нь яваад очсон чинь морио алдчихсан гээд байж байна. Яагаад морьдоо алдчихав гэсэн чинь хамхуул хийсч ирээд морь үргээд гэнэ. Би ч яахав хол замд унаагаа алдаж явгарлаа гээд жаал загнасан. Тэгээд айлын мотоциклиор морьдынхоо араас яваад олж ирсэн л дээ. Тэр өдөр Ганзоригийн төрсөн өдөр байсан юм. Зураг, дүрс авах, сумынхантай уулзах ажил байгаад Ганболд бид хоёр түрүүлж яваад сумаас ундаа, амттан аваад, орой майхнаа бариад төрсөн өдрийг нь тэмдэглэсэн чинь нөгөө гурав баярлаад “Морь малаа алдлаа гэж таныг загнах юм болов уу гэж айж байлаа шүү” гээд бараг уйлах нь халаг болсон/инээв/. Бид хэд сар сараар ээлжилж хоолоо хийдэг байсан. Тэгэхээр хоол хийсэн хүн нь л таргалчихдаг юм /инээв/.
-Хол замд морь унахад агсагдаж ядрах юм уу?
-Агсагдах юм ч гараагүй ээ. Хол замд явахаар эхэндээ бөгс холгоод, сүүлдээ эвэршчихдэг юм билээ.
-Монгол мориороо эх орноо тойроод ирэхэд мэдээж эр хүнийхээ хувьд бие хаа чангарсан байх?
-Морин дэл дээр явна гэдэг чинь эр хүний бахархал төдийгүй аавын бийд хүнтэй танилцаж, агтын бийд газар үзэж, нүд тайлж байгаа хэрэг шүү дээ. Манай гурав анх яриа хөөрөө муутай, бүрэг ичимхий байсан бол сүүлдээ өөрийгөө илэрхийлж, уран илтгэгч шиг мундаг ярьдаг болж, бас морь малд ч сайн болоод ирсэн. Таргалаад жин нэмээд, хат сууж эр хүн болсон. Тэгээд ч морин дээр ядардаггүй, харин ч эрүүл агаарт бие хаа, хөл гар чангараад сайхан болдог юм билээ. Эрүүл агаарт явна гэдэг чинь эм бэлдмэл хэрэглэснээс илүү. Хаврын цагт гараад цас, бороо, хавсарга шуурга гээд жилийн дөрвөн улиралд явсан хэр нь бид ханиад шуухинаа ч хүрээгүй. Морь унахад сахарын өвчин гэх мэт янз бүрийн өвчин тусдаггүй, зүрхний өвчин хүртэл арилдаг гэдэг.
-Нутаг нутгийн адууны онцлогийг унаж мэдрэх боломж та бүхэнд олдсон. Юуг олж анзаарав?
-Говийн морьд, Алтайн нурууны морьд уул хаданд яваад сурчихсан, зовлон үзчихсэн, ус, өвсөндөө гачигдаад сурчихсан, мундаг тэвчээртэй, зоригтой адуунууд байдаг юм байна. Дараа нь хангайн адуу, тэгээд Дархадын цагаан адуу тэсвэр тэвчээр, чадлаараа орох юм билээ. Төв аймгаас гарсан буурал морь, Онон Тод манлайн өгсөн хонгор морь хоёр хүнээс илүү ухаантай ч гэх юм уу, хад чулуу тойрч явдаг, арай зөөлнийг нь харж явна. Тиймдээ ч буурал морь Монгол орноо тойроод ирсэн.
Онон манлайн хонгор морь Говь-Алтай аймгийн Бугат суманд үлдсэн.
-Эх нутгаа аргамаг хүлгийн шандсаар тойроод ирсэн хүнээс монгол адууны талаар сайхан үг сонссоноор ярилцлагаа өндөрлөе.
-Өнөө цагт хүмүүс морио унаж эдлэхээ байчихаад байна. Монгол морь гэхээсээ илүү гадаад цусны адуу оруулж ирж байна. Тэр нь хэврэг, эдэлгээ даахгүй, унаа эдэлгээнд олигтой биш байх. Монгол морь гэдэг үнэхээрийн агуу юм билээ. Тэр дундаа хилийн цэргийн адуунууд дандаа монгол адуунууд. Хүнд нөхцөлд намаг шалбааг, гол ус, хайрга, уул хад бүх нөхцөлд явдаг үнэхээр агуу. Бид хэд Монгол шарын даваа, Соёлз уулын модот хамар гэх мэт хүндрэлтэй газруудад хилчдийн морьдыг унаж явсан. Мундаг тэсвэр тэвчээртэй, чадалтай, сэтгэлийн тэнхээтэй. Гадаад адуу бол тэр асга хаданд сэтгэл санаагаар унаад хачин болох байх. Хаа сайгүй эрлийз азарга тавиад шинэ монгол адуутай боллоо л гэх юм. Цаагуураа морины чанар муудаж байгаа. Малчид нь морь малаа унаж эдлэхээ байчихсан энэ үед өв соёлоо авч үлдэж байгаа нь манай уяачид юм болов уу гэж миний хувьд боддог юм. Тийм учраас монгол морио унаж эдлээрэй гэж уриалмаар байна.
-Цаашдынх нь санаж зорьсон үйл хэрэгт нь амжилт бүтээл хүсье.
Б.Долзодмаа
1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
66.181.161.81
Гоё байна. Ёстой сайхан аялал болсон байна. Хөвсгөлийн Ринчинлхүмбэ, Ханхын хооронд хэцүү байсан байх. Ханхаас Чандмань-Өндөр гээд, дүү нартаа баярлалаа. Жинхэнэ эрчүүд байна
Reply