Хурдан адууны нууц шинж

Баярмагнай
2014 оны 12-р сарын 17 -нд

Морины шинжийн судрын “Чихэр амт” хэмээх бүлэгт нууц шинжийн тухай тодорхой өгүүлсэн байна. Нууц шинж нь зөвхөн шүдэнд илэрнэ. Ер нь аливаа адууны яс чанар, хүч чадал шүдэндээ илэрдгийг манай ард түмэн аль хэдийнээс анхааран мэдэж нас гүйцсэн адууны насыг /хөгшин, залууг/ шүдээр нь тогтоосоор ирсэн билээ. Биеийн гадаад болон дотоод аль ч эрхтнийг ажиглаад хэлж болохгүй энэ шинжийг нууц гэж нэрлэсэн нь туйлын зөв юм. Адууны нууц шинж маш олон бөгөөд тэр бүгд шүдний янз бүрийн тэмдгээр илэрнэ. Аливаа адууны шүд, цөгцөнд олон янзын хаг, гурви, толбо байдаг. Энд тэр олон шинж тэмдгийг цөмийг нь тоочихоос алгуурлан зөвхөн хурдан хурцад хамаарагдах шинжээс 21-ийг түүвэрлэн оруулав.
1. Торгон зул. Дээд голын шүдэнд нь буйлнаас эхлэн шүдний доод ирмэг хүртэл шахуу утас татсан мэт гурви байвал түүнийг ийнхүү нэрлэнэ. Энэ нь хурдан, сайхан, явдалтай /жороо, сайвар/ морины шинж юм.
2. Төмөр таяа. Доод зургаан шүд нь төгсхийтэй /хоорондоо зайтай/, гадагшаа сарвагархан байвал ийнхүү нэрлэнэ.
3. Хүүхэд тохой. Хөлний хэвтэш агуу бол ийнхүү нэрлэнэ. Энэ хоёрын аль аль нь цуцалтгүй давхих морины шинж юм.
4. Сүмбэ шагай. Доод захын шүдний өнгөнд нарийн дэрс мэт ясан тэмдэг байна. Нэг хар цагааны газар бага хурдан боловч татаж явбал газар холдох тусам хурд нэмэн мөн өдөртөө цуцахгүй.
5. Сумт хэрэг. Дээд голын шүдэнд нь буйлнаас доош цав суусан мэт байна. Хоёр хар цагааны газарт их хурдан бөгөөд туулай зээрийг ч гүйцнэ.
6. Шүдний улаан зуваг. Доод шүдний ирмэгнээс дотуур цөгцнөөс гадуур завсраар энгэсэг түрхсэн мэт улаан тэмдгийг хэлнэ. Нэг шүдэнд байвал тав, зургаан зуун адууны тэргүүний тавд давхиж ирэх агаад хоёр шүдэнд байвал мянган агтанд тэргүүлнэ.
7. Шүдний шар зуваг. Доод шүдний ирмэгнээс дотуур цөгцнөөс гадуур цайвар шар тэмдэг бий. Хоёр хар цагааны газар хурдан.
8. Нарийн могойн нүд. Доод голын шүдний цөгцний дотор шар хараатай нүдэн бэлэг бий. Таван хар цагааны газар хурдан.
9. Ногоон хаяа. Дээд захын хоёр шүдний нэгэнд буйланд бараг тулсан ногоон хаг бий. Тав, зургаан хар цагааны газар цуцахгүй хурдан.
10. Цэхэрт болд. Шүдний өнгөн дээр цагаан, цагаан цэхэр тэмдэг бий. “Сумт хэрэг” мэт хурдан. Долоон хар цагаанд үл цуцна. Хүйтэн, халуунд сайн.
11. Цагаан сувд. Зөвхөн дээд шүдний өнгөнд сувд мэт ясан тэмдэг байвал цагаан сувд гэж нэрлэнэ. Амыг нь сул тавибал амархан цуцна. Татаж уралдвал хол найман хар, цагааны газар сайн.
12. Зүг залаа. Дээд шүдэнд нарийн бяцхан гурав, дөрвөн гурви бий. Хоёр хар цагаанд дунд зэрэг. Бага насандаа сайн.
13. Нарийн могой. Дээд захын шүдний захад нарийхан урт, урт ясан гурви бий. Энэ нь “Сумт хэрэг” мэт түргэн агаад татаж явбал сайн.
14. Тэв харц. Доод голын шүдний цөгцний дотор хар хараатай нүдэн бэлэг бий. Бага насны моринд манлай сайн.
15. Шоргоолжин тасархай. Доод шүдний цөгцний дундуур тасархай тэмдэг бий. Бага насны моринд их сайн.
16. Хайлс багана. Доод шүдэнд гурав, дөрвөн ясан гурви бий. Хүйтэн өдөр сайн, дөрвөн хар цагаанд хурдална. Нартай халуун өдөр хоёр хар цагаанаас хэтрэхгүй.
17. Мөнгөн сэжиг. Доод шүдний дотор талд хоёр ясан гурви бий. Долоон хар цагааны газар хурдлах боловч турж байж давхина.
18. Хулсан таяа. Дээд шүдний голд ирмэг шахтал нимгэн шар хаг бий. Энэ бол их хурдны шинж мөн. Нэг шүдэнд байвал нэг хар цагаанд, хоёр бол хоёр хар цагаанд, гуравт бол гурван хар цагаанд гэх мэтчилэн хэдий олон шүдэнд байвал төдий холд сайн байна.
19. Цацал цацах. Доод шүдний буйланд ярлаг шахтал хоёр гурван хөх судал бий. Бага насанд эрхэм сайн шинж мөн. Их моринд зүгээр нэмэр.
20. Халтан халх. Дээд шүдний өнгөнд нь хөх тарлан, дундуур нь гялгар цагаан өнгөт тэмдэг бий. Гурван хар цагааны газар хурдан. Зуулгаж уралдвал холдоо улам сайн.
21. Тарлан зуваг. Энэ нь улаан тарлан, шар тарлан хоёр янз. Дээр өгүүлсэн улаан ба шар зувагнууд тарлан байвал ингэж нэрлэнэ. Шарлан тарлан зуваг нэг хар цагаанд, улаан тарлан зуваг дөрвөн хар цагаанд тус тус хурдан байна.
Дээр дурдсан гадаад, дотоод нууц шинжүүд нэг моринд цогцолбоос эрхэм сайн хүлэг морин эрдэнэ гэгч тэр болой. Ихэнх шинж бүрдсэн морь байвал ажнай буюу сайн морь тэр мөн. Чухамхүү хүлэг морин эрдэнэ гэгч тун ховор. Тийм ч учраас жишээг дурдахдаа нийт 25 морин дээр авч ярив.
Доктор А.Баярмагнай

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.