Хурдан морины гадаад шинжээс...

Баярмагнай
2014 оны 11-р сарын 24 -нд

Морины шинжийн сударт “Сайн унага төрөх гүүний шинж гэвээс нарийн урт биетэй, сав ихтэй, дээгүүр доогуур тэгш, нимгэн хэдэртэй, урт хошуутай, дэл сүүл шингэн, хүнхрээ нь тавиун, нууц орон нь жимгэр урт болой” гэх буюу “...эрмэг гүүний бэлэг нь /шинж тэмдэг/ гэдэс их, ясан сүүл урт, самбай өтгөн, туг сүүл шингэн ба тахиа тасын жигүүр мэт. Үхэр бөгстэй, бугын борвитой, чив нь их болоод өвчүүндээ гэдэстэй буй” гэжээ.
Нэрт уяач Дулаан-Дамдинзав “Доор толгойтой, гуриг биетэй, сав сайтай, шингэн дэл, сүүлтэй гүү хурдан  унага гаргана” гэж уяач Д.Дашид хэлж байжээ.
Сайн унага төрүүлэх азарганы шинж “...Дэл сүүл өтгөн, бие нь дөрвөлжин хэвтэй, бат бэх янзтай...” гэсэн байна. Цастын умар зүгийн тэнгэрийн эрхтний оронд суух их арш Шаль-Ходраагийн хураамжилсан “Морины нас шинжийн шасдир” гэдэг сударт “Унаганы биед хий махбод их бүрэлдвэл хотлон төгссөн хүчит хурдан хөлөг болно” гэжээ. Хий махбод гэсэн нь юу гэсэн үг вэ гэвэл морины шинжийн өөр нэгэн сударт ийнхүү өгүүлснийг үзвэл сая ойлгогдоно. Түүнд морийг тэнгэрийн морь, газрын морь, шувуун язгуурт морь, гөрөөсөн язгуурт морь, араатан язгуурт морь, хий махбодот морь, усан махбодот гэж найм хуваагаад тус тусад нь тайлбарласан байна. Цагийг хэмнэн, бусдыг орхиж зөвхөн хий махбодын тайлбарыг бичвэл “...Шударгуу болоод дөрвөн хөл тэгш бол галын хий. Ганагар болоод дөрвөн хөл тэгш бол галын хий. Ганагар болоод дөрвөн хөл тэгш бол усны хий” гэжээ. Үүнээс үзвэл дөрвөн хөл тэгш /урт богино биш/ шинжийг хий махбод гэдэг нь тодорхой.
Хэнтий аймгийн хожуу үеийн уяач Донойн Цэгмид “...Бүх яас нь илэрхий товгор, мах хөрс бага бөгөөд хатингар, арьс сул, үс нь бугын үс мэт тачир, бөөрний хий багахан ааль хөнгөн сайхан, амьсгал уужим, хөлс элбэг, уяанд зогсож байхдаа элдвийг эргэцүүлэн харж эргэж тойрч байдаг, мордох давхихад бөхийн давхих, адуу ижилдээ явахаас баримагц дээрдэх, барьснаас эмээл засмагц дээрдэх, эмээл зассанаас унамагц дээрдэх, унаж энгийн явахаас давхимагц дээрдэх энэ мэт байдалтай морь байвал эрхбиш сайн морь байж болох юм. Мөн дуу сайтын гөхөл бага, сормуус сайтын сагагийн үс бага, шүд сайтын уруул ам их байна гэж бичсэн байна. Мөн Төв аймгийн Баянцагаан сумын уяач Батбаяр, Гомбодорж нар “...Сайн цээж муу бөгсөө чирнэ, сайн бөгс муу цээжээ түрнэ. Гэхдээ хавирганы хоорондын зай бага байх тусмаа сайн. Өөрөөр хэлбэл, залгаас сайн байх хэрэгтэй. Улсын наадамд хоёр түрүүлж, нэг аман хүзүүдсэн Нялгын Буурал /Төв аймгийн Нялга сумын /одоогийн Баянжаргалан/ ард Дамдинзавын буурал азаргыг ийнхүү нэрлэдэг/ их том биетэй боловч бөгс нь цээжнээсээ дутуу байсан. Харин хавирганы нь хоорондын зай бага буюу залгаас нь сайн байсан учраас сайн цээж нь муу бөгсөө чирдэг байсан... урт хүзүүтэй намхан мундаатай, бөгс өндөртэй, цомбогор биетэй даага өсөх насандаа сунаж хувирбал муу. Цомбогор хэвээрээ өсвөл сайн. Даага дааганаас өндөр мундаатай даага л өсөхдөө хурдална... Майдарын хээр гэдэг хурдан сайн морины хойд хоёр хөл нь бараг шулуухан шахуу, хоёр тойг нь гадагшаа байсан. Энэ бол сайн шинж. Ер нь хоёр борви нь хавирсан хурдан морь үзэгддэггүй. Төв аймгийн Дулаан-Дамдинзавын хонгор морь /энэ морь том жижиг наадмуудад нийт хорь гаруй удаа айраг, түрүү авсан юм/ их бүдүүн хөлтэй, мөн сумын Дугарсүрэнгийн хар морь /улсын наадамд хоёр түрүүлж, нэг аман хүзүүдсэн/ маш өндөр бараг л тэмээний бөх шиг мундаатай морь байсан.
Хэнтий аймгийн Халтарын Босоо улаан, Сүхбаатар аймгийн Дагвын саарал хоёр шиг тэгш сайхан морь үзээгүй...” гэх зэргээр ярив. Мөн Барон Унгернийг барьсан Сундуй гүнг морь сайн таньдаг, уяач хүн байсан гэж ярилцдаг. Эмээл тохдогийн хойно бөгтрөгийн урд ганцхан үе доошоо л байвал тийм морийг уясны ч хэрэггүй гэж тэрээр ярьдаг байжээ. Одоо Булган, Архангай нутгийн уяачид үнэн хурдан морь хөнгөн ястай байна гэж үздэг байна. Тэд хэлэхдээ, хөнгөн ясны морь хөгшрөх тусмаа давхина, хүнд ясны морь давхар уяа даахгүй, өл даахгүй, бага насандаа бяраар хурдалж байгаад өсөхдөө мууддаг гэж байна. Булган аймгийн Сайхан сумын уяач Гомбосүрэн хурдан моринд гурван зузаан, гурван махир гэж байдаг гэв. Гурван зузаан нь хоёр мөр, сүврэгдэс, хоёр түнх. Гурван махир нь хоншоор, аман хүзүү, бөгтрөг юм. Энэ хүнд Архангай аймгийн Өлзийт сумын Ярууханы Гонгорсүрэн гэдэг нэрт уяач “...Шингэн дэл сүүлтэй, хөнгөн ястай азарганы эр үр хурдан нь ховор, харин охин үр нь сайн. Арьс шөрмөс сайтай азарганы эр үр хурдан байна” гэж ярьжээ.

Доктор А.Баярмагнай

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна