Дуучин А.Хосбаяр: ”ГҮЙГҮҮЛ МОРИН ДУУГАА ДУУЛАХААР ӨӨРИЙН ЭРХГҮЙ СЭТГЭЛ ОГШДОГ”

А.Тэлмэн
2012 оны 2-р сарын 05 -нд

Дуучин  А.Хосбаяр
Шүлэг  Л.Төмөрбат
Ая   Б.Бат-Эрдэнэ
Гүйгүүл морин
 ...Шингэх нарны туяагаар
Шивээн толгой сүвлээд
Ижлээ захлан идээшилж
Нутгаа зорин тэмүүлсэн
Дахилт:
Газар үнэрлэн ергөж яваа
Ганц морийг битгий үргээ
Эхийнхээ хээлэнд зарагдсан адуу
Ижлээ орхин нутгаадаа гүйж явна...
ГҮЙМЭЛ АДУУ ОЛОН БАЙДАГГҮЙ ЮМ, САЙН АДУУНЫ ШИНЖ ДЭЭ
Ийм нэгэн дуу эгшиглэсээр багагүй хугацаа өнгөрч байна. Хүний нутагт эх орон, ижил сүргээ санан газрын холыг туулан ирдэг гүйгүүл морьдын тухай түүхийг өвгөд ярьцгаадаг ч өнөө цагийн залуусын хувьд бол төдий л мэдэхгүй зүйл. Магадгүй “Гүйгүүл морин” дуу удаан хугацаанд хитэд дээгүүрт яваагийн нууц энэ бизээ.  Яагаад ч юм бэ өөрийн эрхгүй сэтгэл огшоох дууны эздийн эрэлд гарч төдөлгүй дуучин Хосбаяртай холбогдон урлагийн хоймортоо урьж хөөрөлдсөн юм. Зарим нэгэн нөхөд нь гэдсэндээ зарагдсан адуу яаж мэдээд нутагтаа эргэн ирдэг байна аа гэж ирээд л нүдээ томоо гэгч нь болгочихоод асуултаар ээрнэ. Харин энэ үед нь под хийсэн хариулттай байх гээд дуучин залуу ном судар онгичин, нутгийн хөгшидтэй уулзаж чамлахааргүй юм цуглуулжээ. 1964 он. Вьетнам руу их олон адуу ачигдсаны дотроос нэг хээр азарга хоёр жилийн дараа төрсөн нутагтаа гүйн ирсэн тухай өвөө, аавынхаа ярьж байхыг сонсож байлаа хэмээн хэзээний л өвөө нар шиг сонирхолтой түүхийг олныг  тэр сөхнө.
ӨГҮҮЛЛЭГТ ӨГҮҮЛСЭН НЬ:
...Гарамжавт тэртээ багын явдал санаанд бууна. Тэдний өвөөг нутаг нугынхан нь Бараан Лувсан гэнэ. "Барааных тэнд зусаж байгаа, Барааны адуу хурд сайтай” гэж нутгийн түмэн ам дамжин ярьдагсан. Шингэн шар царайтай Лувсанг яагаад Бараан гэх болов гэхээр тэднийх бараан голдуу адуутай. Бараан, бараандаа хар голтой улаан хээр зүсмийн адуу зонхилно. Тэгээд өнгө дагаад хар, халтар, хүрэн, зээрд гээд үргэлжилнэ. Цагаан, бор зүсмийн адуу бүр байхгүй. Харин хул, шарга зүсмийн адуу ганц нэгээс хэтрэхгүй. Тиймээс Бараан Лувсан хэмээн нэрийднэ.
Тэр жил Гарамжав, Их Тожилын өвөр хөндийд зусаж байсан өвөөгийндөө өнжих болов. Энэ хөндий урд нь их намгархаг чийглэг хөндий байснаа сүүлийн жилүүдэд эрс хуурайшин энд тэндгүй цахилдаг арзайж, хужир цайрсан хөндий болсон байв. Зуны өдрийн халууны эрч нугарч, их үдийн нар баруунаа хэлбийж Гарамжав хүү гэрийн сүүдэр бараадан гүү, саамны хооронд нойрмоглон нозоорч суутал өвөө нь үндсэн ажил болох нүд дурангаа нийлүүлэн сууснаа гэнэтхэн харсан зүйлээсээ цочих аятай
- Хүүе! Энэ чинь, юун ганц адуу гараад ирдэг билээ? гэж амандаа шивнэн асууж, улам лавшруулан дурандав. Гарамжав өвөөгийнхөө дурандаж буй зүг харвал тэндний зүүнтээх Үзүүр толгойн ёроолоор ганц бор морь торолзтол ергүүлсээр гарч ирээд ийш тийш хэсэг хараачлан зогссоноо, хэзээ язааны мэддэг юм шиг бөөн цахилдаг дундуур худаг чиглэн шогшив. Тэгтэл өвөө нь
-Эвий, эвий хатаж үхэх гэж яваагаас зайлахгүй. Гарамжаав, хүү минь яваарай. Очиж сархинагий нь дэвтээгээрэй гэх дуунаар уйдаж суусан Гарамжав ашгүй хийх юмтай болсондоо баясан ухасхийн уяа руу гүйхэд
-Зөөлөн очоорой чи. Айж эмээж яваа амьтныг үргээчихэв зэ гэж захих зандрахын хооронд хэлэв.
Ганц морь услахын төлөө ингэж их чухалчлахыг Гарамжав гайхсан хэдий ч ойлгосонгүй. Түүнийг худаг дээр ирэхэд бор морь үргэх аястай жаахан цаашлавч тэгтлээ хол шогшоод явчихсангүй. Усны үнэр авснаа мэдэгдэх гэсэн мэт эргэн эргэн сортолзоно. Эхний ховоогоо татан юүлэхэд өдрийн наранд хатаж аргасан модон онгоцны ёроолоор хүйтэн ус, хар зураа татуулсаар ууртай ч юм шиг урсав. Тэрүүхэн агшинд норж буй онгоцноос чийгний ууршмал үнэр ханхлана. Төдөлгүй онгоц дүүрэн ус цэвхэлзэж, онгоцны ангархай цоорхойгоор савиран шоржигнох нь сонсогдоно. Бор морь хэдий ам нь цангасан хэдий ч Гарамжаваас үргээд ойртож чадахгүй байгааг анзаарч унаж ирсэн хүрэн морио амгайвчлан услав. Тэгтэл бор морь хамраа дуугарган хулмалзан, хулмалзсаар хүрэн морины цаагуур тойрон онгоцтой уснаас шимлээ. Бор морины суга цавь, хоолой хэнхдэгний нугалаа, чихний уг гээд нимгэн арьстай хэсэг нэвт хөлөрсөн харагдана. Ташаан толгой нь товойн, сүвээний нь хэдэн хавирга эрийж, гэдэс нэлээн татсан бор морь хөх махаа бөнжигнөтөл чичигнүүлэн, бүрээлэн сарталзах хамрынхаа нүхээр ус гартал уув. Түүний хэнхдэг цээж, гуя хаа гээд энд тэндгүй шавар шавхай наалдан хатсныг харахад хол газар тууштай явсан нь илт. Гарамжав энэ бүгдийг харан "Энэ яачихсан морь юм болдоо. Манай ороо хар шиг бас уурга барьсан хүн үзэж чаддаггүй уур барсан морь юм болов уу” гэж бодож суутал ард нь гэнэт өвөөгийнх нь дуу гарч
- Эвий эвий гэхэд хүү морь хоёр бондгосхийтэл цочив. Өвөө нь анзаарсан шинжгүй
-Хаанаас гүйж яваа юм болдоо. Харахад залуу л адуу харагдах юм. Шандастай л аргамаг юм даа. Миний хүү шавайг нь ханатал услаарай. Огцом үргээж айлгаж болохгүй шүү. Тэгвэл хүн бараадаж унд залгахаа байчихна. Хөөрхий минь хаа хүртэл ч явах гэж байгаа юм билээ гэж ихэд хайрласан өнгөөр хэлэхэд
- Өвөө, энэ яасан морь юм бэ? Манай хар морь шиг ороо юм болов уу?
- Үгүй дээ хүү минь. Энэ гүйж яваа адуу байна.
- Гүйнэ гэж яадаг юм?
- Гүйнэ гэж үү? Хаа нэг харийн нутагт очоод, тэндээ идээшиж дасахгүй төрж өссөн нутгаадаа явахыг хэлдэг юм. Ийм гүймэл адуу тийм ч олон байдаггүй юм. Сайн адууны л шинж дээ хүү минь... Ийм нэгэн өгүүллэгийн  хэсгээс санаанд их тод бууж байх чинь.
БИ Ч ХӨДӨӨ АМЬТАЙ ХҮН ДЭЭ
Нэгэн удаа А.Хосбаяр ажлаар хөгжмийн студи орж яваад ширээн дээр байсан шүлгийн номыг санаандгүй олоод хараадахаж. Гүйлгэн хартал номын хавтсан дээр “Гүйж яваа адуу” гэсэн шүлэг содон туслаа. Угаасаа ч сургуулиа төгсөөд нэг жил орчим өөрийгөө олох гэж “тэнэсэн”. Дээрээс нь хүүхэд байхын л хурдны мориноос холдож үзээгүй хөдөөгийн хүүгийн хорхойг эрхгүй л гозолзуулах нь тэр. Сайн хэрэг болж нутгийн ах Төмөрбатын шүлэг болж таарчээ. Даруйхан л уулзаж дуу болгомоор байгаагаа хэлтэл яруу найрагч зөвшөөрчээ. Өөрийн эрхгүй л сэтгэл догдлуулсан шүлгээ хөгжмийн зохиолч Аранзай буюу Бат-Эрдэнэ дээр аваад очтол “Ах нь морины дуу зохиож үзээгүй. Гэхдээ наад шүлэг чинь их гоё юм, үзье” гэжээ. Түүнээс гурав дөрвөн хоногийн дараа фонограммыг нь биччихлээ, ирээд сонсох уу гэв. Яаран яарсаар очтол яг л санаанд таарсан сайхан дуу хүлээж байв. Хөгжмийн ертөнцөд юм үзэж нүд тайлсан Аранзай Хосбаярт хандан “Энэ дуу чамд амжилт авчирна” гэсэн нь яг л ёсоор болсон аж.  Сэтгүүлийн маань зочин ийн ярилцаж суухдаа Л.Төмөрбат, Б.Бат-Эрдэнэ ах нартаа талархаж буйгаа дамжуулахыг хүссэн юм.
2011 он. Дуучин А. Хосбаяр уран бүтээлийн олз омог дүүрэн жил байлаа хэмээн онцолно. Түүний “Гүйгүүл морин” хос цомог шинэ оны босгон дээр хэвлэлтээс гарчээ. Энэхүү цомогт “Тэргүүн хамбын нутаг”, “Хайрын тавилан”, “Чамайгаа санахаар”, “Хол чиг ойрхон амраг”,  “Энхрийхэн минь”, “Жигүүр ажнай”, “Сэтгэлдээ дуулъя”, “Гүйгүүл морин” зэрэг 11 дуу багтсан бол DVD- нд найман дууных нь клип орсон ажээ. Дуучин хүний хувьд анхны цомгоо өлгийдөн авах хүний амьдралын баярт мөчүүдийн нэг яах ар?агүй л мөн дөө. Түүний цомгийн эхний дуу “Тэргүүн хамбын нутаг” гэнэ. Гандантэгчинлэнгийн тэргүүн Чойжамц хамба Төв аймгийн Бүрэн сумын харьяат юм билээ. Энэ сумаас АЖ Гомбосүрэн гу?й, АЖ Очирбат, Зууны манлай дуурийн дуучин Уртнасан,  МУГЖ Дамдинбазар гэхчилэн олон сайхан хүмүүс төржээ. Төв аймгийн яруу найрагч Энхбаатарын бичсэн энэ дууны клипэнд Хамба ээжийн хамтаар нутагтаа амрангаа оролцсон ажээ. Юм мэдэх хөгшдөөс сонин сайхан сонсох дуртай дуучин залуу зураг авалтын өдрүүдэд  сайхан түүх хууч яриа сонсож авсандаа ихэд олзуурхаж буй нь илт.
А.Хосбаяр хүү морины захад өссөн нэгэн. Түүний өвөө олон сайхан хурдтай буурай байжээ. Нэг жил таван түрүүг түүртэлгүй авч байсан гэх. Хосоо хүү зав л гарвал өвөөгийндөө очиж, морь малны дэргэд өнжих дуртай. Зуны гурван сарыг өвөөгийндөө морь тарлан, сунгаж өнжинө. За тэгээд 9 сарын 1-тэй уралдаад хөдөөнөөс ирнэ дээ. Хэдийгээр морь малын захад өссөн ч харин Хосоо зургаа долоон нас хүрч, сая морь унаж сурчээ. Гэвч том биетэй тэрээр удалгүй л гологдох нь тэр. Нэг сунгаанаар тэдний нутагт зүүн талаас нэгэн уяач ирж морийг нь унах хүүхэд олдохгүй байна гэсээр азаргаа унуулжээ. Нээх том азарга унаад гарахдаа л түрүүлчихсэн явтал бөгсөнд ирж ихэд ичингүйрч байсан нь өдгөө хүүхэд насных нь дурсамж болон үлдсэн байх ажээ. Үүнээс олон жилийн дараа буюу наймдугаар анги төгссөн жилээ ааваасаа зөвшөөрөл авч бие даан даага уяж, улмаар сумынхаа наадамд наймд давхисан нь бяцхан хүүгийн зүрхэнд ихээ том эр болсон мэт сэтгэгдэл төрүүлэн бахдуулж байсан гэх.
Дуучин Хосбаярын аав Алтангэрэл хуучнаар худалдаа бэлтгэлийн газрын даргын албыг хашиж явжээ. Үүнээс хойхно сумын орлогч даргаар их олон жил ажилласан гэдэг. Социализмын  хатуу чанд цагт ажлынхаа хажуугаар Алтангэрэл морь уяна. Одоотой адил үгүй болохоор Хосбаярын дээд хоёр ахад арын ажлаа даатгана даа. Цайны цагаар ирж зааварлачихаад л  яаран ажилдаа гарна. Харин зундаа суман дээрээ адуугаа авчирчихдаг байжээ. Тэрээр сумаасаа арав гаруй айраг түрүүтэй бөгөөд түүнээс Хосоо хүүгийнх нь сэтгэлд аавынх нь уясан морь гуравт давхин, авга ахынх нь морь түрүүлж байсан тодоос тод санагдана. Алтангэрэл гуай залуудаа бас бөх барилддаг байсан ч эрүүл мэндийн шалтгаанаар больсон юм билээ. Сумандаа тав түрүүлсэн Алтангэрэлийг хүү нь “манай аав ч сумандаа дархан аварга хүн дээ” гэж өхөөрдөнгүй цаашлуулна. Хосбаярын ээжийн аав Дондог гэж олон хул адуутай, нутагтаа нэртэй уяач явсан  ажээ. Тийм болохоор ээж нь ч багын л хурдан морины унаач хүүхэд байсан гэх. Гэр бүл дотроо морь унаад хамгийн их айраг түрүү авсан нь  ээж байдаг гэж хүү ярина. Балчирхан хүүхэд насны сэтгэлд ээжийнх нь ажилладаг сумын төвийн зочид буудал их л том байшин мэт  санагдана.  Хосбаярын ээж буудалд хэсэг ажиллаж байгаад сүүлд цэцэрлэгийн багш болсон юм билээ.
Ер нь Хосбаярын ээжийн талынхан их сайхан дуулдаг, найр наадам эхлүүлдэг хүмүүс байдаг гэнэ. Хүүгийн хошигнолоор Алтангэрэл гуайн дуулах нь хошин шог үзэж байгаагийн дайтай гэх. “Гүйгүүл морь”-ны эзнийг урлагийн замд дөтөлсөн нэгэн бол түүний нагац ах Баттулга. Сумын клубын хөгжимчин ах нь хүүд урлагийн “юм” байгааг эрт олж харжээ. Дөрөв таван настайдаа “Хотгойдын унага” дууг эвлэгхэн дуулчихдаг байсан тэрээр нэгэн удаагийн урлагийн үзлэгт “Хөөрхөн борлог морь” дууны аян дээр “Сайхан  хангайн буга”-ын үгийг оруулж дуулчихаад уйлахаас наахнуур өнгөрчээ. Жаахан хүүгийн санаандгүй эндүүрэл үзэгчдийн хайр өхөөрдлийг төрүүлэн дахиулах гэж алга ташсан ч ичсэндээ гараагүй ээ гэж хүүхэд насныхаа хөгжилтэй түүхээс зочин маань хуваалцана.
Түүнийг наймдугаар ангиа төгсдөг жил ээжийнх бие муудан хүү сургуулиасаа гарахаар болжээ. Гэхдээ ээж аав  нь нэгэн болзол тавьсан нь аль нэг хичээл дээрээ онц гарвал сургуульдаа явж болно гэнэ. Монгол хэлнийхээ шалгалтыг  ангиасаа ганцаараа онц өгсөн ч ээждээ туслах хүн хэрэгтэй байсан тул нэг жил гэртээ өнжлөө. Тэгсэн дараа зун нь тэднийхээр зочилсон нөхдөд дуу дуулж өгсөнд “ийм сайхан дуулдаг хүүхдийг яагаад хөдөө байлгаад байгаа юм, хүссэн юманд нь явуул” гэж ирээд л зочид дуу нэгтэйгээр ээж аавд нь зөвлөх, зэмлэхийн завсар үг унагах нь тэр. Ингээд есдүгээр ангиа алгасан аравтаа орж 2003 онд СУИС-д 360 хэдэн хүүхдээс оноогоороо дөрөвт жагсан, МУГЖ Дашпэлжээ багштай дуурийн дуулаачийн ангийн оюутан болсон түүх ийм бөлгөө.
Оюутан байхдаа ангийн анд Одончимэгтэй хамтран дуулсан “Сэтгэлдээ дуулъя”  дууг нь одоо ч хүмүүс аялах дуртай.  Гэхдээ  манай энэ удаагийн “гол дүр”-ийг дуулсныг тэр бүр мэддэггүй юм билээ. Нэгэн удаа “Сэтгэлдээ дуулъя” микрод явж байна гэнэ. Тэгсэн кондуктор нь энийг дуулсан хоёр нэг ангийнх, энэ залуу нь Завханы уугуул гэсэн гэж ирээд л мэдэмхийрчээ. Сонсож суусан найз нь инээдээ арай ядан барьж, дараа нь Хосбаяр найздаа сонин болгон дуулгасан ажээ.
Хүүхэд байхдаа аймгийнхаа Монгол  туургатан театрын тайзнаа гарчихаад зах нь харагдахгүй том заал мэт санагдаж байсан ажээ. “Манай театр хэмжээгээрээ жоохон ч босго өндөртэй. Эндээс ажил амьдралын гараагаа эхлэн амжилтанд хүрсэн олон алдартан байдаг юм” гэж тэр бахдангуй ярина. Харин СУИС-ийн нэгдүгээр курсийн оюутан болоод Монгол бөхийн өргөөнд “Хуртай зуны аялгуу” дууг дуулахад хүмүүс алга нижигнүүлэн дахиулаад л. Өөрөө  хаана байгаагаа ч мэдэхгүй сандарч байсан гэнэ.
Түүний эхнэр Даваасүрэн хятад хэлний орчуулагч, багш мэргэжилтэй. Нэг нутгийн хоёр өрх тусгаарлаад багагүй хугацаа өнгөрч байгаа бөгөөд хоёр охинтой ажээ. Гэргий нь мөн л хүүхэд байхын хурдны морь унадаг охин явжээ. Хөдөөгийн уудам талд цээж дүүрэн амьсгалан гэрийн эзэн унагаа татаж, эхнэр нь гүүгээ сааж зогсох хамгийн сайхан даа гэж ярина.  Хосбаярын хадмууд ч бас морь уяна. “Гүйгүүл морин” дуугаа дуулснаас хойш олон сайхан уяач ах, найз нартай болсон тэрээр ирэх жилээс өөрөө морь уях санаатай гэнэ. Арав гаруй бэлэгний адуутай болсон  тэрээр ноднин тод манлай Бандгай Ганхуягийн адуунаас хар халтар даага зүслэн авсандаа их баяртай байгаа аж. Хүүгийнхээ хуриманд урьж дуулуулсан манлай “Чи хөдөө өссөн хүү  байна даа өөрөө зүслээд ав” гэж онцгой эрхийг олгосон   ажээ. Энэ хар дааганы эцэг улсад хоёр гурван ч удаа айрагдсан гэж байгаа. Тиймдээ ч Хосбаяр юм дуулгах сайхан хүлэг хэмээн ихэд бэлгэшээнэ. Бас болоогүй манлайгаас “нүдтэй байна шүү” хэмээн урмын үг сонссон нь бүр ч үнэтэй санагдана.
ХҮСЭЛТИЙН ХАРИУГ БӨӨНДСӨН НЬ 
Өнгөрсөн намар Хосбаяр нэгэн уяач ахынхаа хамтаар унага тамгалах найранд очжээ.  Тус найраар унага уралдуултал түүний барьсан унага түрүүлэх нь тэр.  Найр наадам ид өрнөж юун төлөө дуучин ирсэн билээ уртын дууны шуранхай гэрийн жавар үргээн хурсан зочдын сэтгэлийг баясгана. Тэгтэл нутгийн залуус “Гүйгүүл морин” дуугаа дуулахыг хүссэн гэнэ. Түүний дуулахыг гэрийн гаднаас сонссон зочид нэг хоёроор нэмэгдэн дахиад л  сонсохыг хүссээр 11, 12  удаа дуулж амжилт тогтоожээ. 
Дуучин Намсрайноров Хосбаяр нар нэг ангийн хоёр, бас болоогүй нэг нутгийн, дээр нь адуу мал гэхээр нүд нь сэргэж ирээд л ам булаалдан ярьцгаана.  Намсрайгийн аавынх морь уядаг хурдтай айл байдаг гэнэ лээ. Оюутан цагийн хөгтэй явдал хожмын өдөр залуу насны сайхан дурсамж болон үлддэг болохоор нэхэн санах бүрт таатай мэдрэмж төрүүлдэг шүү дээ. СУИС-д тайзны хөдөлгөөний хичээл нэгдүгээр курсээс л ордог гэнэ. Хүн цохилоо гэхэд яаж үнэмшилтэй унах уу,  буудлаа гэвэл яаж үнэнээсээ үхэж байгаа юм шиг харагдах уу гээд л. Намсрайноров, Хосбаяр, Гансүх нар нэгэн удаа  автобусны буудал дээр хоёр тийш салж ядан үлдсэн нэгийгээ хань татан өнөө тайзын хөдөлгөөний хичээлээ тоглоом шоглоомоор “давтаж” л дээ. Гэтэл төдөлгүй цагдаа ирж гав энэ тэр болох нь тэр. Арайхийж цагдаад ойлгуулан, мултарч байсан гэнэ лээ. Оюутан л болсон хойно хааяа хоолны мөнгөгүй болчихно. Тэгэнгүүт Намсрай, Хосоо хоёр Булган, Өвөрхангай, Дундговийнхонтой пирош¬кигээр дэмбээдэж дийлээд юутай ч өдөртөө пирошкигоо цуглуулаад амжчихдаг байсан гэнэ. Ай даа оюутан цаг сайхан шүү.
Ийм нэгэн уран бүтээлчийн тухай сийрүүлсэн нь энэ билээ. Нутгийн уул ус, ээж аавыгаа сэтгэлдээ сүслэн даатгачихаад хийморь өөдөө яваа залуу уран бүтээлч ““Тод магнай” гэх  байнгын хийморилог  зочидтой, гэгээн мөртэй бүтээлч хамт олонтой нэг өдрийг халуун яриа өрнүүлэн зочноор уригдсандаа баяртай байна. Хийморилог сэтгүүлийн хийморилог уншигчдад сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” хэмээснийг уламжлан  бичиглэлээ өндөрлөж байна.  
Амжилт хүсье.

 


 

2 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.