ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН “ХУУЛЬ ЗҮЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВ”-ИЙН ЗАХИРАЛ А.ТУЛГА: АДУУ ДААНЧ ХИЙМОРЬТОЙ АМЬТАН

А.Тэлмэн
2012 оны 2-р сарын 05 -нд

Шүлэг:  А.Тулга
Ая:   МУУГЗ Б.Бямбабаяр

Түмний их шүтээн

Аав шиг минь ханхайх Ав хайрхандаа
Ариун дагшин Морин шүтээндээ
Амгалан энхийн заяаг даатган
Арц рашаанаа өргөн залбиръяа
 Монгол түмнийхээ хийморийг бадраасан
 Мөргөл эргэлийн Морин шүтээн минь  
Морьтон Монголын заяаг түшсэн
 Миний л ардын Их шүтээндээ 
Холоос хараатай алдарт Баянтолгой
Хурдан буядын Дамдин-Янсан бурхандаа
Хамаг амьтны амгаланг даатган
Хадаг яндраа өргөн залбиръяа
 Дахилт
Алсаас зэрэглээтэх Арвайн талдаа
Ажнай хурдан Арвагар хээртээ 
Ард олныхоо хийморийг даатган
Арвай будаагаа өргөн залбиръяа
 Дахилт
Моринд хайртай монгол бүсгүй аавынхаа хойдод зориулан Монгол түмнийхээ амар амгалангийн төлөө нэгэн сэтгэлээр Өвөрхангайн Морины их шүтээнээ “Их бодь” суваргыг бүтээлцэхэд оролцжээ. Таатай энерги төрүүлэх газарт хүн бүр очих дуртай байдаг шүү дээ. Тиймдээ ч бүсгүй зав гарвал энд ирж сэтгэлээ ариусгана. Харин нэг удаа ирэхдээ:
Монгол түмнийхээ хийморийг бадраасан
Мөргөл эргэлийн морин шүтээн
Морьтон ардын заяаг түшсэн
Миний л ардын  их шүтээн гэсэн шүлгийн мөртүүдтэй буцсан нь “Морины их шүтээн” дууны шүлэг байжээ. Энэ шүлгэнд МУУГЗ хөгжмийн зохиолч Б.Бямбабаяр ая хийж, дуучин А.Мөнхбат дуулан олны хүртээл болгожээ.” Морины их шүтээн” дуу Өвөрхангайн шилдэг 17 дууны нэг гэж нутгийнхан бахдан сонирхуулах юм билээ.
Ийм нэгэн уран бүтээлчийг урлагийн зочноор урьсан билээ. Өврийн хангайн найрагч бүсгүй ёстой л “бяр” нь жигдэрчихсэн шинэ шинэ шүлгийн санаа өврийн дэвтэртээ багтааж ядан тэрлэх ажээ. Морь ярихаар нүд нь сэргэж, яриа нь олдоод   ирдэг   морины   хорхойтой  эрчүүдээс дутахгүй  нэгэнтэй ийнхүү таарсан маань олзуурхууштай санагдаж байсныг яана. “Түмний их шүтээн”, “Эрийн тэнгэр адуу”, “Адуу нутаг амьтай”, “Босоохээр”, “Аргагүй хурдан Арвагар хээр”, “Ганганчимэг”, “Адуунд явсан аав”, “Халзан хээр”, “Монгол адуу”,  “Арвайн талын адуу”, “Сүргийн манлай азарга”, ”Амгалан төрийн ажнай хүлгүүд”,“Тэлмэн жороо” гээд А.Тулга автортой 20-иод дууны шүлэг одоогоор бий. Эрхүүгийн хуулийн сургуулийг төгссөн тэрээр Нарийн тээлийн унаган охин. Түүний аав, авга ах А.Надмид нар ёстой л хурдан моринд сэтгэлээ зориулсан эрчүүд асан ажээ. Аав нь залуудаа олон сайхан жороо болон аймаг, сумынхаа айраг түрүү, аман хүзүүг алддаггүй хурдан морьдтой байсан гэдэг. Тиймдээ ч Тулгыг ухаан орох цагаас л гэрт нь уул шиг ханагар хөдөөгийн хүдэр уяачид хурдан морины халуун яриа өрдөж, морьдын янцгаан хэдийнэ чихэнд дасал сонстон таатай мэдрэмж төрүүлнэ. “Наадам дөхөөд ирэхээр манайхан ёстой л хөл толгойгоо  олохгүй бужигнана даа. Айраг цагаа хулаар нэг бялхаж, гал дээр хоол унд тасрахгүй бэлдээд л. Харин наадмын дараа хашаа маань адууны хомоолоор дүүрчихнэ. За тэгээд зуныхаа амралтаар авга, нагацындаа айлчлан  гэдэс цайна гэдгийг үзүүлнэ, тэдэндээ туслаад л. Магадгүй энэ монгол ахуй өнөөдөр шүлэг бичихэд маань илүү дөхөм байдаг юм” гэж Тулга найрагч өгүүлэх. Цааш нь “Амьдрал мэдэхгүй бол шүлэг бичих амаргүй шүү дээ. Сүүлийн жилүүдэд монгол адуу, түүний онцлог, хурдан морины шинж байдлын талаар бичсэн номууд ширээнээс  салахаа байгаад байгаа” гэнэ.
Өдгөө ч энэ тухай дурсах бүрт хүүхэд насын хамгийн жаргалтай мөчүүдийн нэг болон сэтгэлд гэгээ татуулан зурсхийн орж ирэх нь олонтаа. Тулгын аав дөч орчим жил хөдөө аж ахуйн салбарт ажиллахдаа сум нэгдлийн даргаас эхлээд Уянга, Нарийнтээл, Арвайхээр сумын даргын албыг олон жил хашжээ. Өнөө хуучин цагийн “коммунист” энэ эрхэм их хэлэмгий, бэлэн цэцэн үгтэй хүн байсан гэдэг. Түүний хүүхдэдээ үлдээсэн гурван үеийн түүхэнд “…Аав маань 1942 онд албаны журмаар аянд гараад ирэхдээ Төв аймгийн Дэлгэрхаан сумаас азарга тавихаар шүдлэн насны бор үрээ тэмээгээр хөтлөн ирж билээ. Тэр азарганы үр төл дотор хурдан, жороо болон баг, сумандаа алдартай уургач азарга хүртэл төрсөн юм. Манайх бор, буурал голдуу зүсмийн адуутай. Би хурдан мориноос гадна жороо морь их сонирхоно. Тиймдээ ч ямар ч үед унаган махтайгаа зүс нийлсэн хэдэн сайхан морьдтой байлаа. Нэг нутгийн уяач Мэтэв,  Лодойчомбо, Арцад, Цэрэндорж нарын заавар зөвлөгөөгөөр зургаан насны морьд уяж, аймаг, сумын наадамд уралдуулж,  уясан бүгд цулбуурдан, пайз авч байсан юм. Үүний дотор миний жороо буурал морь аймагт хоёр удаа хоёрт, хурдан хүрэн маань соёолондоо түрүүлж, их насандаа зургаа долоод хурдлаж байлаа...” хэмээн аз од гийсэн өдрүүдийнхээ тухай дурсан бичсэн нь байх ажээ. Бас “Хүүхэд, залуучуудыг мал маллагааны уламжлалт арга барилыг эзэмшихэд нь нэмэр болгон зориулав” хэмээсэн гарын авлага нь ч байх юм билээ. Ийм л нэгэн моринд сэтгэл зүрхээ өгсөн сайхан буурайн охин Тулгатай ярилцаж суухад өөрийн эрхгүй л аавынх нь тухай дурсамжид хальж орхино гээч. Тулга “Аав минь амьдралынхаа хамгийн сүүлчийн өдөр хүртэл морио л ярьсаар явсан даа. Бид Арвайхээр хот үүсэн байгуулагдсаны 280 жилийн ойгоор их насны морьдын уралдааныг хамтдаа үзээд харих замдаа морин уралдааны зүлэг ногоон дэнж дээр үүрд нойрссон юм. Миний авга ах ч сайн уяач явсан. Түүний халзан морь сумандаа 2 удаа, нэгдэлжих хөдөлгөөний ялсны 20 жилийн ойгоор түрүүлж, аймгийн наадамд 2 удаа аман хүзүүдэж байсан” гэж дурсамжаар хөглөгдсөн мартагдашгүй өдрүүдээ нэхэн санагалзана.
Шүлэг:  А.Тулга
Ая:  МУСТА Г.Эрдэнэчулуун

ЭРИЙН ЧИМЭГ АДУУ
Адуу янцгаан сэтгэл сэргээсэн
Айргийн үнэр хамар цоргиосон 
Арвин их буян нь дэлгэрсэн 
Адуу минь даанч ундаргатай амьтан
Сайхан бүсгүй эрийн чимэг 
Сайн хүлэг эрийн түшиг
Сайхан морь нь эрийн гоёл 
Сүргийн манлай эрийн тэнгэр
Хошуу алгасан холдоо зорьлоо ч
Хуучин нутагтаа эргээд гүйдэг 
Хийморь цадиг цогцлоон хатирсан
Хүлэг минь даанч ухаантай амьтан
Дахилт
Алдарт уяачдын эрдмийг сорьсон
Ардын наадмын чимэг болсон
Аавын хүүгийн зориг бадраасан 
Адуу минь даанч хийморьтой амьтан
Дахилт

Найрагчийн ийм нэгэн дуу бий. “Монгол хүнийг морьгүйгээр төсөөлөхийн аргагүй шүү дээ. Зарим  ном зохиолд Монгол хүн морийг өөрөөсөө ч илүү мэддэг гэж хүртэл бичсэн байдаг” гэж харин бүсгүй оршлоо хүүрнэсэн.
Хөдөөгийн эрх дураараа охин аравдугаар ангиа төгсөөд Эрхүүд хуулийн сургуульд явлаа. Их найрагчийн хэлсэнчлэн “Хээрийн галуу нисэн үл  хүрэх газраас, Хүний хүү эрдэм өвөрлөхөөр” аавын гэрээс гарсан нь тэр байлаа. Мэдээж одоо цагт дэлхий даяаршаад хүний хүүд хүрэхгүй газар үгүй болж дээ  Оюутан охин нутгийн зүг үе үехэн ширтэхдээ өнөө л айрагийн амт нь чимчигнэсэн намар цагийг санагалзаж  хамар ханхийх өвс ногооны үнэр, хурдан морьдын төвөргөөн, сайхан мориор ижилдэн гоёсон хосуудыг нүдэндээ зураглаж зэрвэс зэрвэс бодолхийлнэ.  Харин тэр цагаас хойш 26 жил өнгөрчээ. Өнөө элдвийг санааширч зогссон оюутан хуульчийн шинэхэн дипломоо өвөртлөн нутагтаа ирсээр өдгөө хүрчээ.  Өнөөдөр нэр бүтэн, үйлс өөдрөг яваагаа өнөө л адуу хэмээх хийморилогтой амьтантай холбож сэтгэлдээ сүслэнэ, тэрээр.  Өнгөрсөн жил Хайрхандулаан сумынхаа 80 жилийн ойд түрүүлсэн их насны морьдын байг Тулга зэхжээ.
ТЇЇХ ХЇЇРНЭХ ИНУ:
Адуу үнэхээр ухаантай, нутаг амьтай, зөн билэгтэй амьтан.Зөвлөлтийн улаан армид, Вьетнамд бэлэглэсэн монгол морьдоос нэлээд морьд нутагтаа гүйж ирсэн тухай олон түүх бий. Вьетнамд манай Засгийн газрын шийдвэрийн дагуу хүргэгдсэн циркийн монгол морьд хүргэсэн эзнээ нутаг буцахад хагацаж ядахдаа нулимс дуслуулан хоцорч байсан тухай монголчууд ярьцгаадаг шүү дээ. Харийн нутагт ижлээсээ холдсон монгол морьтой таарсан монгол хүн “хаая, хүүе” гээд дуудахад таньж ирээд толгойгоо энгэрт нь наан нулимстай хоцордог. Дайны талбарт эндсэн эзнээ нутагт нь хүргэж ирээд амьсгал хураасан тухай түүхэн баримтуудыг олныг дурдаж болохоор ажээ. Тулгын аав гавьяаныхаа амралтанд гарсны дараа буюу 1988-1990 онуудад аймгийн адуу бэлтгэлийн экспедицийн даргаар ажилладаг байжээ. Тухайн үедээ 18 сумдаас 23.7 мянган адуу бэлтгэн, тууврын замд гаргаж, Мааньтын адуу тушаах баазад хүргэн, Орос Монголын хамтарсан үзлэг шинжилгээнд хамруулан экспортод тэнцсэнийг вагонд ачуулна.  Тэгэхэд вагонд ачигдаж байгаа адуу нутгийнхаа зүг харж зогсоод, хамраа тачигнуулж, хангинатал чанга чангаар янцгаах нь өөрийн эрхгүй өр өвтгөдөг байсан ажээ. Эндээс найрагч бүсгүй “Адуу нутаг амьтай” шүлгээ сэдэвлэн  бичсэн түүхтэй ажээ. Ийнхүү түүний дуу бүхэн түүхтэй. Тэрээр бас адууны талаар танин мэдэхүйн утга агуулга бүхий бүтээлийн эзэн байхсан гэж хичээнэ. Тийм шүү, энэ түүний имиж.
Мэргэжлийн байгууллагынхаа сүлд дуу болсон “Шүүгчийн алдар”, “Бид нотриатчид”-ын шүлгийг манай нийтлэлийн баатар тэрлэсэн. 40 гаруй уран бүтээлчдийн шүлгээс Тулга зохиогчтой “Шүүгчийн алдар” тэргүүлсэн нь ёстой л авьяасын галд цучил нэмсэн хэрэг болжээ. Зарим нэг нь түүнээс ийм их ажлынхаа хажуугаар яаж энэ бүхнийг амжуулж байна даа гэж чухалчлан асуух.  Харин энд түүний хариулт тун энгийн гээч. “Дургүйд хүчгүй гэдэг биз дээ. Хүн ч хэчнээн их ажилтай байсан ч дуртай зүйлдээ бол ямар ч үед зав гаргадаг юм” гэнэ. Сэтгэлд санаа байхад шүлгийн мөр хаана ч “төрөх” нь бий. “Шүүгчийн алдар” гэхэд оройхон унтах гээд хэвттэл шүлгийн мөрүүд цээжнээ ороод ирж гэнэ. Үзэг цаас шүүрч аваад л бичих гэтэл дөнгөж амрахаар хажуулдсан эжийгээ сэрэхээс эмээхдээ харанхуйд бичиж үзжээ. Өглөө сэрээд хартал харин үзэг нь гараагүй ч цаасан дээр мөр нь тодоос тод үлдсэн байх нь тэр. Ингэж л амралтыг умартуулсан нэгэн шүлэг бэлэн болсон түүхтэй юм билээ.
...Өндөр төрийн торгон жолоо
Үеийн үед ариун үйлстэй
Өргөн түмний агуу итгэл
Үеийн үед ариун үйлстэй шүүгчид ... гэж тус дуунд өгүүлдэг. Энэ дууг залуу дуучин П.Идэржавхлан дуулжээ. А.Тулга сургуулиа төгсөж ирээд Өвөрхангай аймгийн АДХГЗ-ны Хуулийн хэлтсийн даргаас ажлын гараагаа эхлэн өдгөө нотариатчдын танхимын тус аймаг дахь салбарын дарга, Хууль зүйн үйлчилгээний төвийн захирлаар ажиллаж байгаа юм билээ. Онцлуулштай нь Өвөрхангайнхан Монголд анхны “Хууль зүйн үйлчилгээний төв”-тэй аймаг болжээ. Энэ бүхнийг хуульч Тулга санаачлан эхлүүлсэн ажээ. "Хууль зүйн үйлчилгээний тө?"  барьж байгуулах түүний санал санаачлагыг аймгийн ИТХурал, Засаг дарга, ХЗДХЯам дэмжсэнээр энэ ажил эхлээд зургаан сарын нүүрийг үзэж байгаа юм байна. Энэ тухай тэрээр ярихдаа “?өрийн үйлчилгээг олон түмэнд хөнгөн шуурхай, хүртээмжтэй үзүүлэх зорилгоор захиргааны, гаалийн, татварын, бүртгэлийн, нийгмийн хамгааллын гэх зэргээр төрөлжүүлэн, нэг цэгийн үйлчилгээ үзүүлж байна. За бас нийгмийн хамгааллын бодлогын хүрээнд “Төлбөрийн чадваргүй иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй туслалцаа үзүүлэх тухай” хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйлсэд бодит дэмжлэг үзүүлэх зорилгоор нийгмийн халамжийн тэтгэвэр авагч, тэжээн тэтгэх хүнгүй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхчүүд, бүтэн өнчин хүүхдүүд, нэн ядуу, төлбөрийн чадваргүй иргэдэд  эрх зүйн зарим үйлчилгээг үнэ төлбөргүй хүргэдэг” гэж танилцуулсан юм. ХЗҮТөв нь хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл, хууль тогтоомжийн лавлагаа,эрх зүйн сургалт, сурталчилгаа, өмгөөлөл, төлөөлөл, нотариат зэрэг хууль зүйн үйлчилгээнээс гадна хууль зүйн тусламжийн хүлээн авах, хууль зүйн лавлах утас, гэрээслэл, өв залгамжлалын танхим, хууль зүйн клиник ажиллуулах зэргээр 20 шахам төрлийн үйлчилгээг олон түмэнд хүргэдэг ажээ. Шинэ оны босгон дээр тэдний хамт олон “Оны шилдэг нотариатын салбар”   болсон бол өөрөө “Оны шилдэг эмэгтэй” болсон  сонинтой биднийг угтсан нь энэ байлаа. Ийм л нэгэн ажил хэрэгч бүсгүйн өврийн дэвтэр дэх шүлгийн мөртүүдээс эхэлсэн яриа маань яах аргагүй л албаны маягтай болж орхив. 
Энэ оны эхний хагаст морины дуунаас бүрдсэн цомгоо гаргахаар ажилдаа орсон ажил хэрэгч найрагч  манай сэтгүүлээр дамжуулан “Шинэ ондоо айл өрх бүрт эрүүл энх, амжилтын оргил, аз жаргалын дээдийг хүсэн ерөөхийн ялдамд Монгол адууны босоо цагаан хийморь монгол түмнийг минь өнөд ивээж явах болтугай” гэсэн ерөөлийн хадгийг дээш дээш өргөн барьсныг дамжуулах таатай байна.

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.