Монголын анхны мэргэжлийн жокей Л.Лхагвасүрэн: Дэлхийд Монголынхоо нэрийг гаргахыг мөрөөддөг

А.Тэлмэн
2014 оны 10-р сарын 27 -нд

Хурдан хүлгийн нуруун дээр гийнгоо аялж өссөн Монгол хүү дэлхийн хэмжээний унаач болохоор шамдаж буй талаар бид өмнө нь дуулгасан. Монгол Улсаас анх удаа мэргэжлийн унаач бэлтгэх сургуульд суралцаж буй тэр хүүг Лодойсүрэнгийн Лхагвасүрэн гэдэг. 1994 оны 12 дугаар сарын 9-нд Төв аймгийн Сэргэлэн суманд төрж, долоон настайгаасаа эхлэн хурдан морь унаж, 11 жилийн дотор улс, бүсийн наадмаас 20 гаруй түрүү, 30-аад айраг хүртсэн түүнийг морь сонирхогчид Өөдөс нэрээр нь андахгүй биз ээ.“Макс” гал уяаны адтай унаач Өөдөс өнгөрсөн тавдугаар сард Ирланд улсыг зорьж, морин уралдааны мэргэжилтнүүдийг бэлтгэдэг RACE Академиийн мэргэжлийн жокейн курст суралцах болсон сургуулиа амжилттай дүүргэн эх орондоо ирээд байхад нь бид уулзаж ярилцлаа.
-Монголын анхны мэргэжлийн жокейтэй уулзаж байгаадаа баяртай байна. Хэзээ эх орондоо ирэв?
-Наадмын өмнө. Долдугаар сарын нэгэнд ирсэн.
-Тийм хурдан уу. Уг нь арван сар суралцах ёстой биз дээ?
-Тиймээ, уг нь арван сар суралцах ёстой. Харин миний хувьд хоёр сарын хугацаанд үзэх ёстой хичээлээ үзэж дуусгаад мэргэжлийн жокейн үнэмлэхээ авсан. Морь унаж сурахаас эхлээд уралдааны замд биеэ хэрхэн авч явах гэх мэт бүхий л зүйлийг заадаг. Гэхдээ гол төлөв техник талаас нь. Тэндхийн дөрөө нь их богинохон. Түүн дээрээ биеийн тэнцвэрээ хэрхэн зохицуулж явах вэ гэдэг талаар нь мөн заана. Анхлан суралцагчдын морь унаж байгааг бичиж аваад өөрт нь үзүүлдэг. Өөрөөр хэлбэл, хүн хэлэхээс илүүтэй өөрөө өөрийгөө хараад хаанаа яаж алдаж байна гэдэгтээ дүгнэлт хийдэг гэсэн үг. Мөн зааланд цахилгаанаар ажилладаг морин дээр бэлтгэл хийнэ. Миний хувьд очоод л бараг шууд дадлагаар гарчихсан даа. Тэнд байх хугацаандаа  Ирландын гурван том уяачийн нэг Жон Окс гэдэг хүний жүчээн дээр дадлагад гарсан. Тэнд уралдах морьдод нь өдөр болгон ажил хийнэ. Тав дахь, хагас, бүтэн сайн өдөр болгон уралдаан болно. Эхлээд энгийн тойрог дээр нь ажил хийдэг байсан. Дараа нь мэргэжлийн үнэмлэхтэй нэр хүнд бүхий жокей нартай хамт цаг бичүүлэн уралдааны зам дээр бэлтгэл хийдэг болсон. Тийнхүү миний цаг бичүүлсэн морь томоохон уралдаанд дөрөвт орсон шүү. Гэхдээ би жокейн муугаас болж дөрөвт орсон гэж боддог.
-Яагаад?
-Өнгөлж явсан хэдий ч хэтэрхий татаж байгаад үзүүр дээр нь дайруулчихсан. Харин би бол гараад жаахан цогиулж байгаад тасраад явчихдаг байсан. Тэр үед энэ тактикаар унах хэрэгтэй байсан юм шиг санагдсан.
-Хурдан морины уяаны ажил нь манайхаас хэр ялгаатай вэ?
-Мэдээж  өөр л дөө. Тэнд морьдоо сунгана гэж байхгүй. Жишээлбэл, миний ажиллаж байсан Жон Окс гэдэг уяачид 20 гаруй туслах бий. Тэд 500 гаруй морины бэлтгэл ажлыг хийдэг. Өглөө босоод л өөр өөрийнхөө ажлыг хийгээд тус тусдаа салаад явчихдаг. Тэндхийн морьдын гол бэлтгэл тойрог зам дээр хурдны чиглэлээр хийгддэг.
-Ингэхэд яаж яваад тэндхийн нөлөө бүхий уяачийнд дадлага хийхээр болсон юм бэ?
-Race академи сайн суралцагчдаа нэр хүндтэй уяачдад санал болгодог юм билээ. Тэгээд тэр хүмүүс нь ирж хэрхэн морь унахыг нь харж байгаад шалгаруулж авдаг. Намайг тэр жишгээр Жон Окс уяач сонгож авсан. Харин морь унахдаа тааруу хүүхдүүд бол сайжиртлаа сургууль дээрээ бэлтгэл хийнэ.
-Манай уралдаанч хүүхдүүдэд гадаадад сурахад тулгардаг гол бэрхшээл бол хэлний мэдлэг байдаг. Энэ асуудлаа хэрхэн шийдсэн бэ?
-Би дунд сургуульд сурч байхдаа ч англи хэл үзээгүй. Тэр утгаараа  бэрхшээлтэй байлгүй яахав. Гэхдээ явахаасаа өмнө англи хэлний курст суралцаж, ойр зуурын мэдлэгтэй болсон. Тэгээд очсон хойноо долоо хоног бүрийн даваа, лхагва, баасан гарагийн  17.00 цагт хэлний хичээлд сууж, Мягмар, Пүрэв, Бямба гарагт фитнессээр хичээллэдэг байсан. Ирландад морины амыг татан чиглүүлж байх ёстой жокей гартаа чадалтай байх ёстой гэж үздэг юм билээ. Тийм ч учраас Race академийн оюутнууд бүгд фитнессээр хичээллэдэг. Хэлний тухайд орчинд байвал илүү хурдан сурах юм билээ.
-Олон орны хүүхдүүдтэй хамт суралцаж байв уу?
-Намайг суралцаж байх хугацаанд дөрвөн Япон, бусад нь Ирланд хүүхдүүд байсан.Японоос ирсэн хүүхдүүд морь унахдаа нэлээд тааруу юм билээ. Харин Ирланд хүүхдүүд нь хоёр, гурван жил суралцчихсан болохоор тэднийгээ бодвол гайгүй дадлагажчихсан байсан. Ний нуугүй хэлэхэд Япон ч тэр, Ирланд ч тэр бүх хүүхэд л манайхны ур чадварыг гайхаж биширдэг байсан шүү. Академийн сургалтын нэг хэсэг нь морь унах, арчлахаас гадна харайлтын бэлтгэл байдаг. Би Ирланд хүүхдүүдтэй хамт харайлтын бэлтгэл хийдэг байсан юм. Тэгэхэд тэдэн дундаа хамгийн сайн нь байсан. Заримдаа бэлтгэл хийж дуусчихаад морин дээр босоогоороо явах ч юм уу, зайдан унах зэргээр Монголд өдөр тутам хийдэг зүйлээ хийхээр хамт суралцагчид маань гайхаад утсан дээрээ бичиж аваад сүйд болно./инээв/ Мөн дөрөөгөө мултлаад цогихоор бүгдээрээ ирээд “танай монголчууд яаж ингэдэг юм бэ. Эмээлгүй яаж явдаг юм” гээд гайхна. Зарим нэг нь намайг дагаж зайдан унах гэж байгаад сугарч ойчоод бөөн инээдэм болдог байсан.
-Мэргэжлийн жокей,  монгол унаач хоёр юугаараа ялгаатай санагдсан бэ?
-Мэдээж хувь мэдрэмж хамгийн чухал. Энэ бол Монголд ч тэр, Ирландад ч нэгдүгээрт тавигдах шаардлага. Харин мэргэжлийн жокейн хувьд техникүүдээ сайн эзэмшсэн байх ёстой. Жишээлбэл, богино дөрөөн дээрээ босч явах ёстой. Бөгс цээжнээс өндөр байх ёстой. Хоёр өвдөг эмээлнээс дээгүүр нийлж байх ёстой. Цээж их доор, толгой цэх нуруутай тэгш хэмжээтэй байх ёстой. Жолоогоо хоёр тийшээ салгаж бариад, ташуураа жолоотойгоо хавсрах ёстой гэх мэтчилэн.
-Морь унах тал дээр бараг багшилж, харин морь арчлах тал дээр суралцах зүйл нэлээд байсан байлгүй хэмээн таамаглаж байна?
-Мэдээж. Өглөө босоод морио унахаасаа өмнө цэвэрлэнэ. Ногт, хазаарыг нь солино. Морио унаж ирчихээд угаана. Морь алхуулдаг машинд оруулж алхуулна. Дууссаных нь дараа жүчээнд оруулж өвс тавьж өгнө. Оройдоо нийлж эмээллээд, өвс тавина. Энэ бүхнийг академи дээр байхдаа тогтмол хийдэг байсан.Харин уяачийнд очиж дадлагад гарснаас хойш тийм ажил хийгээгүй. Гэхдээ унах морио сайн цэвэрлэж, өөрөө эмээллэдэг байсан.
-Ингэхэд ер нь ямар хугацааны дараа дадлагад гарсан юм бэ?
-Удаагүй ээ. Уг нь долоо хоноод л дадлагад гарчих байсан юм. Тэгсэн би фитнесст явж байгаад хуруугаа гэмтээчихсэн. Түүнээсээ болоод долоо хоног морь унаагүй. Тэгээд би өөрөө морь унаж болно гэж зүтгэсээр байгаад гипстэй шалгалт өгч дадлагад гарсан юм.
-Бэртэл нь хөнгөн байсан юм уу?
-Эрхий хурууны шөрмөс нь суначихсан байсан юмаа. Дадлагад гарна гэдэг нь сургуулиасаа бүр явчихна гэсэн үг биш л дээ. Өглөө бүр академийн гадна автобус ирж, дадлагажигч хүүхдүүдийг суулгаад өөр өөрсдийнх нь уяач дээр  хүргэж өгдөг. Үдийн цайнаас өмнө мөн ирж аваад сургууль дээр очиж цайгаа уусны дараа мөн дадлагын талбайд хүргэж өгнө.
-Дотуур байрандаа ямар хүүхдүүдтэй байсан бэ?
-Голдуу Ирланд хүүхдүүдтэй. Нэг өрөөнд нэг хүн л амьдардаг юм. Суралцаж байх хугацаандаа Япончуудтай илүү сайн найзууд болсон. Яагаад гэхээр би тэдэнд ташуур яаж эргүүлэх, жолоогоо хэрхэн барьж явах зэргээр байнга зааж зөвлөдөг байсан юм. Би тэнд суралцаж байхдаа монгол хүүхдүүд хаана ч очсон ур чадвараараа гайхагдах юм байна гэдгийг мэдэрсэн. Миний дадлага хийж байсан Жон Окс уяач намайг тэндээ үлдэж, морь унах хүсэлт тавьсан ч манай захирлууд зөвшөөрөөгүй юм шиг байна лээ.
-Монголчууд зөвхөн морь унахдаа ч бус, шинжихдээ ч бусдаас эрхгүй илүүрхдэг гэж ярьдаг шүү дээ. Уралдаан үзэхдээ бооцоо тавьж үзэв үү?
-Өглөөнөөс орой 19.00 цаг хүртэл уралдаан болдог. Би уралдаан үзэх болгондоо бооцоо тавьдаг байсан. Бооцоо тавьчихаад л догдлоод хүлээнэ шүү дээ. Зарим үед түрүүлнэ гэсэн морь хоёрт орчихоор улам шар хөдлөөд байдаг юм.
-Бооцоогоо авч байсан биз дээ?
-Авалгүй яахав. Дээд тал нь 60 хэдэн евро хожсон. Би их мөнгөөр бооцоо тавьдаггүй юмаа. Таван евро л голдуу тавина. Мордохынх нь өмнө тойргоор гишгүүлдэг байхгүй юу. Тэгэхэд харж байгаад бооцоо тавьдаг юм. 
-Мөнх ногоон Ирланд орон ямар санагдав. Их юм үзэж нүд тайлав уу?
-Томоохон уралдаануудаас гадна амьтны хүрээлэн, дэлхийд алдартай хавцлыг нь  үзэж, байгалийн сайхантай нь танилцсан. Гоё л юм билээ. Мөн тэндхийн нэр хүндтэй нөлөө бүхий уяачдынхаар зочилж, түрүүлж айрагдсан морьдыг нь үздэг байсан.
-Мэргэжлийн жокейн дараагийн төлөвлөгөө юу вэ?
-Намайг ОУ-ын академид сургаж, мэргэжлийн жокей болгох бүхий л зардал мөнгийг “Макс” группийн захирлууд болох Ганбаа, Шинжээ ах хоёр маань хариуцсан. Захирлууд намайг Америк явуулж, тэнд байгаа морьдоо унуулах бодолтой байгаа. Ирланд явахаас өмнө Америкийн визэнд хоёр ч удаа ороод тэнцээгүй. Удахгүй дахиад визэнд орох байх. Америкт оччихоод Ганбат ахынхаа уясан морьдыг унаж “уяач нь монгол, унаач нь монгол, эзэн нь монгол” гээд дэлхийд Монголынхоо нэрийг гаргавал сайхан л байна. Энэ бол миний мөрөөдөл.
-Тийм баярт мөч удахгүй тохионо гэдэгт эргэлзэхгүй байна.
-Баярлалаа.
-Ингэхэд хэдий үеэс хурдан морь унасан юм бэ?
-Зургаан настайгаасаа эхлээд Ганбаа ахын морьдыг унадаг болсон. Түүнээс өмнө манай ах унадаг байсан юм. Анх морь унасан жилээ Холбоо Ганбаа ахын хонгор морийг улсын наадамд унаж наймд давхиулж байлаа. Тэгэхэд Сандуйжав ах уядаг байсан юм. Тэгээд дараа жилээс нь эхлээд бараг бүгдийнх нь морийг унадаг болсон доо. Гэхдээ бас аль гайгүй гэснийг нь шүү./инээв/ Морь унаж байхдаа олон айраг, түрүү авсаан. Та тэрнийг мэдэх байх. Одоо хааяа морь айрагдахгүй болохоор “би унаж байсан бол” гэж бодогддог юм.
-Одоо морь унаж байгаа галынхаа дүү нарт зөвлөгөө өгнө биз?
-Намайг морь унаж байхад хоёр хүүхэд ирж байсан юм. Алтанхундага, Отгонхундага гээд. Мөн Энхжин, Мөнхжин гэдэг хүүхдүүд байдаг байсан. Би тэднийг сургаж, Алтанхундага нь ноднин хасагдсан. Отгонхундага нь энэ жил хасагдаж байгаа. Энэ жилээс Цэрэндаваа гэж хүүхэд нэмэгдсэн. Энэ жил манай айрагдаж, түрүүлсэн морьдыг Отгонхундага, Цэрэндаваа хоёр л уналаа. Дараа жилээс манай эгчийн хүүхэд Эрдэнэбилэг бас унах байх.
-Хэдэн удаа шилдэг унаачаар шалгарч байлаа.
-Гурван удаа шилдэг унаач болж байсан. Мөн Хүүхдийн ордны хүрэл медальтай. Алтан хараацай, Мөнгөн хараацай, спортын дэд мастер гээд уралдаанч хүүхдийнхээ хувьд авч болох бүхий л шагналыг авсан даа.
-Шилдэг уралдаанч, мэргэжлийн жокейн цаашдын ажил үйлст өндөр амжилт хүсье. Монголынхоо нэрийг дэлхийд дуургасан мундаг тамирчин болоорой.
-Баярлалаа. Та бүхний ажил үйлсэд амжилт хүсье.
У.Энхмаа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна