Аймгийн Алдарт уяач Ө.Пүрэвбаатар: Монголын том өв соёл морин уралдаанаа хүн бүр эрхэмлэн дээдэлж явах учиртай
Дэнж хотолзуулж, дэлхий баясгасан дэлгэр Монголын их цэнгэл түвшин сайхан боллоо. Хурын шимээр сэргэсэн байгаль дэлхийг наран тэтгэж тэнхрүүлсэн налгар сайхан өдрүүдэд моринд дуртай монгол түмэн Хүйн долоон худагийн торгон ногоон дэвжээнээ дөрвөн өдрийн турш омогшил дүүрэн наадсан юм. АХ-ын 93 жилийн ой төрийн их баяр цэнгэлд унаган саарал үрээгээ аман хүзүүдүүлж, уяачийн эрдэм шалгасан их морь айрагдуулсан хийморилог эрхмийг зочин хоймортоо урьж хууч дэлгэснээ уншигч танаа хүргэж байна. Таалан болгооно уу?
16 ЖИЛИЙН ТЭРТЭЭ ТӨРИЙН НААДМЫН АНХНЫ ХИШГЭЭ ХҮРТЭЖ БАЙЛАА
-Төрийнхөө их баяр цэнгэлээс хоёр айраг хүртэн одтой сайхан наадсан танд юун түрүүнд баяр хүргэе?
-Баярлалаа. Өвөг дээдсийнхээ үйл хэргийг үргэлжлүүлж, төрийнхөө наадамд хоёр дахь удаагаа морь айрагдууллаа.
-Тэгвэл төрийн наадмын анхны айргаа хэдэн онд хүртэж байсан юм бэ?
-МУ-ын Алдарт уяач “начин” Дэмбэрэл гуай уяж 1998 онд АХ-ын 77 жилийн ойгоор хар шүдлэн аман хүзүүнд хурдлуулж байлаа. Урьд жил нь Дэмбэрэл гуайн Багануур бага Хэнтий бүсийн МСУХ-ны тэргүүн Элбэгсайханд бэлэглэсэн Элбэг хээр нь улсад түрүүлчихсэн байсан үе л дээ. Улсын наадмын түрүү тодорсон сайн адуутай айл юм чинь гэж бодоод би Дэмбэрэл ахад “нэг адуу худалдаж авъя” гэсэн санал тавьсан юм. Тэгсэн надад хар даага зааж өгөөд, би гурван сая 500 мянган төгрөгөөр авч байлаа. 1997 оны 3.5 сая төгрөг гэдэг даагандаа бас ч өндөр ханш л даа. Тэгээд дараа жил нь Дэмбэрэл ах өөрөө уяж улсын наадамд уралдуулан аман хүзүүдүүлж байсан. Тэр жил Элбэг хээр соёолон морь улсад айрагдаж чадалгүй есөөр давхиж байсан юм.
-Хар шүдлэнгийн амжилт баяр наадмын цуваан дээр Алдартын нэр дээр бүртгэгдсэн байдаг санагдах юм?
-Тиймээ. Тэр үед Дэмбэрэл гуай улсын цол авахад нэг айраг дутуу байсан учраас бид ярилцаж байгаад нэр дээр нь цоллуулсан. Уг нь мордохдоо миний нэрээр мордсон л доо.
-Хар үрээ тань түүнээс хойш яаж давхисан юм бэ?
-Хязааландаа Ононмөр хавангийн нэрэмжит “Боржигон-99” төвийн бүсийн уралдаанд арав дотор давхиад түүнээс хойш хөл нь муудаад дахиж уралдаагүй дээ. Төрийн наадмын довтой адуу учраас үр төлийг нь авах зорилгоор азарга тавьж, Архангай аймгийн Өгийнуур суманд байдаг ах дүү нарта өгсөн. Үр төлүүд нь тэр хавиараа сайн л давхиж байгаа дуулддаг юм.
-16 жилийн дараа төрийн наадмын хишиг хүртсэн юм байна. Эзнийхээ магнайг тэнийлгэсэн эрмэг хурдан хүлгүүдийн тань талаар яриагаа үргэлжлүүлье?
-Унаган адуугаа төрийнхөө баяр наадамд айрагдуулах уяачийн хамгийн том бахархал байдаг юм байна. Ний нуугүй хэлэхэд загал үрээ маань хурдан байсан ч улсын наадамд аман хүзүүднэ гэж бодоогүй. Багануурт өөрөө уяж байгаад хоёр хоногийн өмнө авчраад тавьж байгаа нь энэ. Олон жилийн дараа аймгийн Алдарт уяач цолоо аваад баяраа олон түмэнтэйгээ хуваалцах үүднээс Багануурт бэсрэг наадам хийсэн юм. Тэгэхэд энэ загал үрээ хол түрүүлсэн. Гэхдээ хүн чинь өөрийнхөө юмыг голдог л юм байна. Арай ч улсад орчихгүй байх гээд Сүхбаатар аймгаас хурдан адуу авсан. Тэгсэн тэр маань хорь гаргаж давхиад, унаган үрээ маань улсад айрагдчихлаа.
-Чамлаж байсан хэр нь улсын наадмыг зорихыг бодоход сунгаануудад сайн байжээ дээ?
-Хэнтий аймгийн Хэрлэнбаянулаан сумын наадамд тавьсан чинь бараг хоёр км хэртэй тасарч түрүүлсэн юм. Тэгэхээр нь төрийнхөө наадамд очоод тоосонд нь хутгаад авъя гээд ирсэн гарсан цагаасаа өнгөлсөөр байгаад аман хүзүүдлээ.
-Их морь төрийн наадамд айрагдуулах бас л бахтай сайхан тохиолын нэг?
-Тэгэлгүй яахав. Саарал морио би Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Засаг дарга Эрдэнээгээс энэ хавар авсан. Сумаа улсын тэргүүний сум болгосон мундаг залуу л даа. Нутгийнхан нь Амбага гэдэг юм билээ. Амбага маань саарал морийг авъя гэсэн олон хүний саналаас татгалзсан хэр нь “Ахдаа өгчихье дөө. Та нэрээ гарга” гээд энэ хавар надад өгсөн юм. Тэгээд би наймаа хийж аваад Онон Тод манлайн хүү Батбилэгээр уяулсан. Сайн уяач гэдэг аргагүй өөр юмаа. Энэ дашрамд Батбилэг дүүдээ талархсанаа илэрхийлье. Хурдан морины төлөө 20 шахам жил зүтгэсэн хөдөлмөрийн маань үр шим гарч төрийнхөө наадмаас хоёр айраг хүртлээ. Үнэхээр их баяртай байна.
-Дуртай аавын хүүд тохиох хувь биш. Хэдэн өдөр хөл хөдөлгөөн ихтэй байв уу?
-Тэглээ. Гурав хоног л хөлд дарагдлаа. Ер нь ч би олонтойгоо хүн л дээ. Найз нөхөд, уяачид гээд олон хүн ирж баяр хүргэлээ. Баяр хүргэсэн мессэжээ уншиж барахгүй. Шөнө гэртээ ирээд уншиж, хариу талархал илэрхийллээ. Монголчууд мориндоо аргагүй дуртай юмаа. Сайн их морь өм нээдэг гэдэг. Би саарал морио тэгж бэлгэшээж байгаа.
-Багануурын уяачдын өмийг нээлээ гээд хүмүүс баяртай байх шиг байсан?
-Багануур сайхан нутаг шүү дээ. Миний адуу тэнд байдаг юм. Тэр ч утгаараа Алдартын мялаалгаа тэнд хийж, нутгийн олонтой баяраа хуваалцсан. Саарал шүдлэн маань тэнд уягдаж байгаад ирсэн адуу. Тэр утгаар нь хүмүүс бэлгэшээж байгаа байхаа. Би Багануур бага Хэнтийн бүсийн МСУХ-г үүсгэн байгуулсан анхны таван хүний нэг. Үүсгэн байгуулагдсан цагаас эхлээд өнөөдрийг хүртэл холбооныхоо үйл ажиллагааг дэмжиж санхүүгийн дэмжлэг үзүүлж байгаа. Ер нь уяачид ярьдаг даа. Багануур, бага Хэнтийн бүсийн уралдаан зохион байгуулалт сайтай, дэг журамтай сайхан болдог гэж.Манлай уяач Гарамжав агсны хүү МУ-ын Алдарт Ганбат найз маань сүүлийн хэдэн жил тэнд амьдарч, сурсан мэдсэнээсээ харамгүй хуваалцаж байна. Тэр нь ч Багануурын уяачдын амжилтанд нөлөөлдөг байх.
МИНИЙ ӨВӨӨ ОЛОН САЙХАН ХУРДАН АДУУТАЙ ХҮН БАЙСАН
-Ярилцлага эхлэхэд дээдсийнхээ үйл хэргийг үргэлжлүүлэн морь уяад төрийн наадмын хишиг хүртлээ хэмээсэн. Тэр талаараа дэлгэрүүлээч?
-Миний өвөг эцэг Донойн Цэдэн гэж Архангай аймгийн Төвшрүүлэх, Хотонт сумын нутгаар нутагладаг олон сайхан хурдан адуутай хүн байсан. Адуу нь хурдан айраг түрүү алддаггүй болоод ч тэгсэн үү нэг удаа халамцуухан “хурдан хүрэнгээ түрүүлэхгүй бол төлөгнөөс өгчихөөд явна. Сайн нөхдүүд шараад идчихнэ биз”гэж аархаж байсан юм гэнэ лээ.Түүнийг нь одоо болтол нутаг усныхан нь хуучилж байдаг юм. Тэр нь одоогийн Хотонт сумын наймдугаар баг, Төвшрүүлэх сумын долдугаар баг хоёрын хооронд байдаг Хүйсийн овооны тахилга л даа. Тэр хавьдаа Бургатайн гол, Хөх сүмийн гол гэж хоёр сайхан гол бий. Тухайн үедээ Бургатайн голын адуу хурдтай, баячууд олонтой гэгддэг байж л дээ. Тэгээд л өвөө маань “Бургатайн баячууд сонсож бай, үрээгээ түрүүлэхгүй бол сэмжтэй төлөгнөөс өгчихөөд явна, сайн нөхдүүд шараад идчихнэ биз” гэж аархсан гэдэг. Морь уралдахад хүрэн үрээ нь хол тасарч түрүүлээд хөлсийг нь хусч шошгоо тойруулж байхад нь дараагийн морьд нь ирж байсан гэдэг юм. Манай нутагт морины уяаг шошго гэдэг юм. Бас нэг удаа манай өвөг эцэг Хөх сүмийн голд гаансаа унагаачихаж л дээ. Сайн гаансаа хаячихмааргүй санагдаад адуугаа гурав хоног услалгүй ээрч байгаад, Хөх сүмийн голыг дээгүүр нь боож, хажуу талаар нь салаалуулж урсган үлдсэн шалбаагт нь адуугаа усалж намаг дундаас нь гаансаа олж авсан гэдэг юм. Тэгж бодохоор их олон адуутай байсан юм шиг байгаа юм. Дараа нь нийгэмчилж аавын үед зөвшөөрөгдсөн цөөн тооны л малтай байсан. Өвөө минь адуугаа нийгэмчилчихээд Улаанбаатар хотод ирж Толгойтод төв түүхий эдийн бараа баазын манаачаар ажиллаж байгаад бурхан болсон доо.
-Өлзийхутаг гуай морь мал уядаг байсан уу?
-Манай аав эмч хүн. Цаг үе хатуу шаардлагатай өндөртэй байсан болохоор аав морь мал уяж байгаагүй.Тэр үеийн сэхээтнүүд хоёр толгой бод, таван толгой бог л өөр дээрээ байлгах эрхтэй байсан. Тийм юм чинь хоёр адууныхаа алийг нь уяхав дээ. Харин манайхны хамаатан Төвшрүүлэх сумын адуучин Дашбал гэдэг хүнд манай адууны гол цөм үлдсэн дээ. Хожим би морь мал сонирхож эхлээд унаган адууныхаа угшлыг сайжруулан цус сэлбэж байсных өнөөдөр ийнхүү төрийн наадамд унаган адуугаа айрагдууллаа.
-Морь айрагдаж, түрүүлээд төв цэнгэлдэхэд орж цоллуулах тэр агшин хамгийн их огшоодог хэмээн уяачид ярьдаг. Тийм мэдрэмж төрөв үү?
-Миний хувьд тийм айхтар мэдрэмж төрөөгүй ээ. Индэр дээр зогсч байсан төрийн өндөрлөгүүд бүгдээрээ таньдаг хүмүүс байсан учраас тэдэнтэй гар өргөж мэндлээд, Бат-Үүл дарга маань баяр хүргэж шагнал гардуулаад сайхан л байсан. Харин ярианы далиманд хэлэхэд дараагийн удаа хурдан морь цоллоочдынхоо ур чадварт анхаарах хэрэгтэй болж гэж бодогдож байлаа. Морь цоллох гэдэг хүүхдийн урмыг сэргээж, хүлгийн хийморийг дэврээдэг сайхан зүйл. Яг үнэндээ өөрийн чинь асуусанчлан хүмүүс яагаад төв цэнгэлдэхэд цоллуулж байгаа вэ гэхээр түмэн олны өмнө нутаг, ус, эцэг эхээрээ цоллуулан дуудуулж байгаадаа.Хүний сэтгэлийн нандин утсыг хөндсөн тэр сайхан зан үйл, ардын урлагийн нэгэн төрөл зүйлийг илүү төгөлдөр болгохын тулд хаа хаанаа анхаармаар л санагдсан.
СОНГИНОХАЙРХАНЧУУДЫН МААНЬ АМЖИЛТЫН ӨМ НЭЭГДЭЖ БАЙНА ХЭМЭЭН БЭЛГЭШЭЭЖ БАЙГАА
-Таны санал зохих эздэдээ хүрэх бизээ. Саарал морины эзэн ардчилсан хувьсгалын анхнаас дэмжигчдийн нэг гэсэн билүү?
-Тиймээ. Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намын даргаар хоёр жилийн өмнөөс ажиллаж байгаа. Манай дүүрэг бол нийслэлийн нийт хүн амын 25 хувь нь оршин суудаг хүн ам олонтой, том дүүрэг. Морин жилийн улсын баяр наадамд миний хоёр морь айрагдсаныг би хувьдаа Сонгинохайрханчуудын маань амжилтын өм нээгдэж байна хэмээн бэлгэшээж байгаа. Би сая Сонгинохайрхан дүүргийн уяач гэж цоллуулсан. Та бүхэн анзаарсан л байх. Яагаад гэхээр би наймдугаар ангиа төгсч ирээд л энэ дүүрэгт амьдарсан. Би ухамсарт амьдралынхаа 30 хэдэн жилийг энэ дүүрэгтээ ажиллаж амьдарч өнгөрөөлөө. Энэ л дүүрэгт би гал голомтоо бадрааж, анхны хүүхдээ өлгийдөн авсан.Энэ л дүүргээс бизнесийнхээ гарааг эхэлж байлаа. Алтанхуяг даргатайгаа хамтраад Сонгинохайрхан дүүргийнхээ Ардчилсан намыг анх байгуулж байлаа. Хоёр жилийн өмнө манай журмын нөхөд намын дарга болооч гэсэн санал тавьж, түүнийг нь хүлээж авсан. Түүнээс биш би ...Мэдэл чадал, албан тушаалыг Мичин жилийн зуднаас дор үздэг гэдэгчлэн ямар нэг албан тушаал, эрх мэдлийн төлөө улайрч яваагүй хүн. Манай Сонгинохайрхан дүүрэг өргөн газар нутагтай, шилжин суурьшигчид олонтой. Хөдөөнөөс шилжин ирсэн айл өрх олонтой учраас тэр хэрээрээ мал ахуйтайгаа ойр. Өнгөрсөн хавар Нийслэлийн Морин Спорт Уяачдын Холбоо удирдлага зохион байгуулалтын өөрчлөлт хийж, шинээр зохион байгуулагдсан. Бүх дүүргүүдэдээ салбар уяачдын холбоотой болохоор төлөвлөж байгаа юм билээ. Манай дүүрэгт МСУХ гэж байдаггүй. Тиймээс энэ жил би Сонгинохайрхандаа МСУХ байгуулан дүүргийнхээ уяачдын морь уях идэвхийг сэргээх зорилготой байгаа.
-Сүүлийн үед морин уралдааны тойрсон элдэв хэл ам тасрахаа байсан. Та мэдээлэлд ойр байдаг хүн эс андахав.Ер нь морин уралдааныг цаашид хэлбэрээр хөгжүүлэх ёстой юм бол. Та юу гэж боддог вэ?
-Хэдэн үеэрээ адуу малаа шүтэж ирсэн нүүдэлчин соёл иргэншил өөрөө агуу юм. Хоёр том гүрний дундах жижигхэн Монгол түүхийн олон зуун жилийн нугачаанд хэл соёл, үндэс угсаагаа гээлгүй өдий хүрсэн нь бидний ахуйтай салшгүй холбоотой. Нийгэм цаг үеийнхээ шаардлагаар суурин соёл иргэншилд дасч, хотод өсч өндийсөн хүүхдүүдийн түрүүч одоо их хурлын гишүүд болсон байна. Уламжлалт ахуй соёлооосоо ангид өссөн тэдэнд морь уях, уралдуулах гэдэг зугаа цэнгэл төдий харагддаг байж болох юм. Гэтэл үнэндээ монгол хүүхдүүд морь унаж оюун ухаан, бие бялдрын хувьд бэлтгэгдсээр ирсэн шүү дээ. Ингэж хэллээ гээд хүүхдийн эрүүл мэнд, амь насыг тоохгүй байгаа юм биш. Уяачид маань дор бүрнээ хүүхдийнхээ аюулгүй байдалд анхаарал тавих хэрэгтэй. Тавьчиж байгаа. Аль ч газрын уралдаанд очсон хамгаалалтын хувцас хэрэгсэлгүй хүүхэд харагдахаа байж. Дэлхий нийтээрээ даяаршиж байгаа энэ үед хүүхэд унаж уралддаг монгол наадам эмзэг харагддаг байх л даа. Гэхдээ үүгээр улс төр хийж, хувийн хонжоо хайх хэрэггүй л юм байгаа юм. Хэт намчирхалд автаад буй манайх шиг жижиг улсын цөөн хүн амд эвлэлдэн нэгдэж, нэг цул байх боломжийг үндэсний баяр наадам, өв соёл л бүрдүүлж өгдөг гэдгийг санаж байхад илүүдэхгүй л байх.Жишээлбэл Гоё халиуны Энхтайван сайд бид хоёр өөр намын харьяалалтай ч морь малаараа дамжиж гэмгүй сайхан нөхөрлөдөг. Ер нь анзаарч байхад морь гэдэг эзнээ олонтой нөхөрлүүлдэг сайхан амьтан. Нэг жишээ ярья л даа. Архангай аймгийн Өгийнуур, Төвшрүүлэх хавиар миний хээр азарга олон жил түрүүлж, айрагдсан. Тэр хавийн дархан адуунуудын нэг л дээ. Тэгсэн нэг удаа хээр машин эвдрээд, харанхуй шөнө айл бараадаад очтол гэрэл гаргаж харснаа “өө, нөгөө хээр азарганы эзэн байна шүү дээ” гээд л сүйд болсон. Бөх хүн хээр хонодоггүй гэж ярьдаг байсан бол одоо сайн морьтой хүн хээр хонохооргүй л юм билээ.
-Андуураагүй бол Ерөнхий сайд баяр хүргэж зочилсон дуулдсан?
-Наадмын өмнөхөн телевизийн нэвтрүүлэг хийх гээд Ерөнхий сайд манай уяагаар ирсэн. Наадмын өмнө олны цагаан хэл ам хүрнэ гээд уяачид хэвлэл мэдээллээр гарах төдийлөн дуртай байдаггүй шүү дээ. Тэгээд би Ерөнхий сайдыг уяан дээр урьж, морьдоо харуулсан. Энэ жилийн баяр наадмаар манай уяаныхан найман айраг хүртлээ шүү дээ.Тэгээд наадмын дараа Онон Тод манлай “Ерөнхий сайд манай уяан дээр ирж найман айраг авчихлаа”гээд ихэд бэлгэшээж байсан. Шүдлэн аман хүзүүдсэний дараа Ерөнхий сайд манай гэрээр ирсэн юм. Тэгэхэд их морь мордчихсон хараахан орж ирээгүй байсан л даа. Баяр хүргээд, ярьж хөөрч суутал морьд эргэж, бариа руу үзэхээр явчихсан. Тэгтэл миний саарал гурваар давхиж ирээд дахин баяр хүргэж, амжилт хүсээд явсан.
МАЛЫГ ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ ХАЙРЛАХАД ХҮН МАЛЫН ДУНД ҮЛ ҮЗЭГДЭХ ДАЛД ХОЛБОО ҮҮСЧ БИЕ БИЕНЭЭ МЭДЭРДЭГ ЮМ ШИГ САНАГДСАН
-Ингэхэд ямархан тохиолоор Батбилэгээр морио уяулах болсон юм бэ?
-Хоёр жилийн өмнө Батбилэгтэй танилцаж “ах нь олон жил морь уялаа. Өөрөө уяхаар том наадамд айрагдуулж чадахгүй арав дотор давхиулчихаад байна. Уг нь адуу гайгүй” гээд адуугаа харуулсан юм. Батбилэг манай адууг харчихаад тоож, тэгээд л хамтрахаар болсон доо. Онон Тод манлайгаасаа авсан Богд хүрэн азарга маань сая арав гаргаж давхилаа. Уг нь өөрийнх нь унаган адуу юм билээ. Булганд байдаг нэг найздаа бэлэглэснийг би яриад авчихсан байсан. Булган хавиар олон түрүүлсэн сайн азарга гэж дуулаад утсаар ярьж наймаа хийгээд авчирсан Тод манлайн унаган адуу нь байсан. Богд хүрэн азарга маань олон баярлуулах байхаа. Тод манлай энэ жил сайхан хээр морь авсан. Манайхан дараа жил сайн наадах байхаа. Энэ дашрамд сонирхуулаад нэг зүйль ярья л даа. Ерөнхий сайд манай уяан дээр ирээд Тод манлай бид гурав нөгөө хээр морийг магтаадахсан чинь бид нар луу харж эвшээгээд ихэд таатай аягласан.Тэгсэн Онон Тод манлай “адуу өөрийг нь магтахыг анддаггүй юм” гэж байна лээ. Уяач өөрийнхөө адуу малыг чин сэтгэлээсээ хайрлахад хүн малын дунд үл үзэгдэх далд холбоо үүсч бие биенээ мэдэрдэг юм шиг санагдсан шүү.
-Үгүйсгэхийн аргагүй. Ингэхэд та хэдэн насны морь мордуулсан юм бэ?
-Хязаалангаас бусад таван нас мордуулсан.
-Тод манлайн хүү адууг тань хараад тоосон гэсэн. Адуу сайн цуглуулсан уу?
-Тэгсэн. Дорнод, Хэнтий чигийн адуу олныг авсан даа. Хэнтий аймгийн Биндэр сумын харьяат Харууш гэж хүн байсан. Одоо байгаа эсэхийг мэдэхгүй юм. Тэр хүн сайн адуу цуглуулаад нэгийг нь 2-3 адуугаар өгдөг байсан юм. Би тэр хүнээс их олон адуу авсан. Дараа нь Дэмбэрэл Алдарттай танилцаж адуунаас нь авсан.Ганбат найзаас Тогоруу угшлын адуунаас нь авлаа. Мөн Ухна Манлайн хүү Эрдэнэбилэг, Гантөмөр болон Энхтайван сайд. Онон Тод манлай нараас адуу авсан. Тэрбиш Алдартаас ч гэсэн эрлийз үрээ, гүү авсан. Ер нь адуу их авсан шүү.
-Ардчилалыг дэмжигч, адуунд дуртай Пүрэвбаатар Алдартыг анхны бизнесменүүдийн нэг гэж сонссон юм байна.”Хөх чоно” группийн захирал гэдэг байхаа?
-Би “Монголын Нууц Товчоон”-ы эхний өгүүлбэрийг цээжээрээ мэддэг хүн. “Эрт цагт Бөртэ чоно, Гуа маралын хамт тэнгис далайг гатлан ирж Онон мөрний хөвөөнд нутаглаад Батцагаан хэмээгч нэгэн хөвгүүнийг төрүүлвээ” гээд л.... Түүхийн сурвалж бичгээс харсан ч тэр бидний өвөг дээдэс эрт цагаас чоныг дээдлэн хийморь лундааны бэлгэ тэмдэг хэмээн үзсээр ирсэн шүү дээ. Энэ нэгдүгээр шалтгаан. Хоёр дахь нь би анчин хүн. Олон жилийн туршлагаас харахад чоно маш их ухаантай амьтан. Отолтонд сууж байхад хамгийн муу бууддаг хүнийг нь олоод гарчихна.Ухаалаг тэнгэртэй амьтан учраас тэр талаар нь бэлгэшээж компаниа “Хөх чоно” гэж нэрлэчихсэн. Манай компани 1992 онд “Хөх чоно” хувиараа эрхлэх аж ахуй нэртэйгээр байгуулагдаж, 1994 онд “Хөх чоно” бүрэн бус хариуцлагатай компани болсон. Одоо бол “Хөх чоно” групп болон өргөжсөн.
-Миний асуух асуулт энэ хүрээд өндөрлөж байна. Шинэхэн Алдартад сэтгүүлийн хуудсаар дамжуулах илгээх үгс бий байвал хэлж болно?
-Би “Тод магнай” сэтгүүлд хоёр дахь удаагаа ярилцлага өгч байна. Би танай хамт олныг Монголын уламжлалт морин уралдаан, морин спортыг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж яваа гэж боддог. Ингээд эцэст нь Монголын морин уралдаантай холбоотой өөрийн бодлоо цөөн үгээр илэрхийлмээр байна. Морин уралдаан гэдэг Монголын том өв соёл, уламжлал юм. Тиймээс хүн бүр эрхэмлэн дээдэлж байх учиртай. Хоёрдугаарт Монгол Улсад том бизнес хөгжихийн эхлэл тавигдаж буй энэ үед нийгмийн баялгийн хуваарилалтанд морин уралдаан чухал үүрэг гүйцэтгэж байгаа гэж би хувьдаа хардаг. Хамгийн наад зах нь бизнес эрхлээд тодорхой хэмжээний ашиг олж, амьдрал ахуй нь хүрэлцээтэй болсон бизнесменүүд хөдөө рүүгээ, малчид руугаа хандсан хөрөнгө оруулалт хийж байна. Хэрвээ энэ бизнесменүүд морь сонирхдоггүй гадны өөр спортыг сонирхдог байсан бол өнөөдөр мориор дамжин малчдад шууд хүрч байгаа их хэмжээний хөрөнгө оруулалт гадагшаа л гарах байсан. Гэтэл үндэсний биенесменүүд уламжлал ёс заншлаа дээдлэн, нэг ч гэсэн айл өрхийг амжиргааны эх үүсвэртэй болгоё хэмээн зорьж байна. Морин уралдаан дагасан маш олон ажлын байр бий болсныг хаа хаанаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Улсын төсвийн хөрөнгөөс ард түмэндээ төдий хэмжээний мөнгө зарцууллаа гээд ярьдаг. Гэтэл тогтолцооноосоо болдог юм уу яг бодит амьдрал дээр тэр нь айл өрх, иргэнд шууд хүрдэггүй. Тиймээс морин уралдааныг дан хараар будахаасаа илүүтэй сайн талыг нь харж, саар болохгүй байгаа зүйлийг нь засч залруулах талаар хэлэлцэх нь зүйтэй байх гэж бодож байна. Дээрээс нь нэмээд хэлэхэд морин спортын шинэ стандарт батлагдсаныг би өнөөдөр олж үзлээ. Тэрхүү стандартын дагуу цаашдаа морин уралдаан элдэв маргаан мэтгээнгүй сайхан болох байх. Ний нуугүй хэлэхэд би адууг үүлдэр угсаагаар ялгадагт төдийлөн таатай ханддаггүй. Цаашдаа адууныхаа үржил селекцийн талаар нэгдсэн нэг бодлого боловсруулж, төр засгийн хэмжээнд ч гэсэн анхаарах ёстой юм шиг санагддаг. Ингээд эцэст нь “Тод магнай” сэтгүүлээрээ дамжуулаад Монголынхоо ард түмэнд баярын мэндчилгээ дэвшүүлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Монголчууд бол агуу үндэстэн шүү дээ. Христийн мэндэлсэн өдрийг нийтийн он тооллын анхдугаар он болгосноос хойш 2014 жил өнгөрсөн бол Монгол Улс тусгаар тогтнолоо тунхаглан зарласнаас хойш 2222 жил болсон байна. Ийм гайхамшигт түүхтэй монголчууд минь үндэс угсаагаараа бахархаж явах учиртай. Бүгдэд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
-Баярлалаа. Дараа дараагийн уралдаануудад нь амжилт хүсье.
"Тод магнай" сэтгүүл №55
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна