Дуучин Л. Нарантуяа: Багадаа “Тэсийн голын унага нь хө, Тэнхээ чадлаар гайхуулна аа хө гэж дуулдаг байсан нь өнөөдөр биелэлээ олсон

А.Тэлмэн
2012 оны 2-р сарын 05 -нд

Монгол Улсын гавьяат жүжигчин Ж.Нансалмаагийн отгон шавь дуучин Л.Нарантуяа манай энэ удаагийн дугаарын зочин байлаа. Наадмын өмнөхөн анхны бие даасан “Сүлдэнд мөнхөрсөн морьд” цомгоо сонсогч олныхоо гар дээр хүргээд авчээ. Цомгийнхоо хэд хэдэн дуунд ч клип хийлгэж, “Сүлдэнд мөнхөрсөн морьд” кино концертоо үзэгчдийн хүртээл болгосон гээд уран бүтээлч бүсгүй олон зүйлийг амжуулснаа сонирхуулсан юм.
 Тэрээр Завхан аймгийн Идэр сумын уугуул. Эцэг эхээс тавуулаа бөгөөд урлагийн салбарт хүч үзэж байгаа нь Нарантуяа гэх. Айлын дунд охин болохоор хэзээний л биеэ даасан, хэрсүү нэгэн  болж төлөвшжээ. Түүний аав Л.Лхамжав гэж найранд гурван дуутай, наадамд гурван даваатай явсан сайхан буурал бий. Сумын заан цолтой тэрээр бас улсын тэргүүний уран сайханч юм билээ.
Өнгөрсөн зун Монголд олон аймаг сум түүхт ойгоо тэмдэглэн өнгөрүүлсний нэг нь Завхан аймгийн Идэр сумын дунд сургуулийн 80 жилийн ой болжээ. Нутгийн  охин төрөлх сургуулийнхаа ойд очиж ая дуугаа өргөж бас  хоёр ч клипний зургийг нутагтаа аваад ирсэн гэнэ. Энэ ойн үеэр Идэрчүүдийн намтар түүх бүхий ойд зориулсан ном хэвлэгдэн гарсан ажээ. Нарантуяа эндээс гурван боть номтой ирсэн гэнэ. Тэрхүү номонд Лхамжав гуайн удмынхан багтсныг олж уншаад бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрсөн гэх юм билээ. Хоёр, гурван үе дамжсан дуучид, бөхчүүд, уяачид эднийд л байжээ. Бас удмын бариач улс эднийхэнд л байж таарчээ. Ээж Ш.Оюундэлгэр Завханы уугуул нэгэн. Их сайхан дуулдаг, уран гартай ээж. Ингээд болоогүй аавынх нь ээж Нямжав гэж 85 настай  хөгшин байх агаад одоо ч их сайхан дуулдаг. Ач охиноо дагаад л авч өгнө гэнэ дээ.
Лхамжавынх таван хүүхэдтэй. Том охин нь Хөдөө аж ахуй их сургууль, “Этүгэн” дээд сургуулийн эдийн засгийн ангийг төгссөн, нягтлан. Удаах охин Завханд ажиллаж амьдарч байгаа аж. Гурав дахь охин дуучин бол хүү нь жолооч, отгон охин нь II эмнэлэгт ажилладаг ажээ. 
“Идэр суманд маань манайхан шиг үе дамжсан удамтай айл ховор юм байна лээ” гэж омогших сэтгэл өөрийн эрхгүй төрснөө дуучин бүсгүй ярина. Түүний өвөө аав Д.Лхагва  нутаг орондоо хурдан морь уядаг буу?ай байжээ. Буурал уяачийн Цэцэгт хээр гэж нэгэн цагт аймаг сумандаа хурдаараа гайхагдсан адуу байсан ажээ.
 Энэ сайхан хурдан хүлгэд зориулан Лхамжав гуайн төрлийн яруу найраг? Б.Давааням шүлэг бичиж, Тосонгийн хөгжмийн зохиолч Очирбат ая хийснээр “Цэцэгт хээр” дуу төржээ.  Бас Идэр сумын уугуул Доржийн хүү Пүрэвхүү уяачийн Бүндэн хээр адуу ч дуутай болсон байна. Ийнхүү сумынхаа ойд оролцохоор хүлгийн жолоо залсан дуучин “Бүндэн хээр”, “Цэцэгт хээр” хоёр дуундаа клип хийлгэсэн юм.
 Манай нийтлэлийн баатар хүүхэд байхын л хавь ойрныхондоо концерт тоглосон дуучин явсан аж. Гурав дөрвөн настай жаахан охин тухайн үеийн пионер цэнхэр малгай, палаажтай хослуулж өмсчихөөд тоглолт хийнэ шүү дээ. Тэднийх сумын төвд амьдардаг байжээ. Байшингийнхаа урд тавьсан төмөр ванныг хажуу тийш нь харуулж тавьчихаад дотор нь ороод цуурайтуулан дуулаад л хэвтчихдэг байсан гэж байгаа. Өнөө Хоролсүрэн гавьяатын “Хэрвээ хүмүүс цэцэгхэн гэвэл, Хээр талын хэнзхэн сарнай би...” гээд авч өгнө гэх. Бас “Тэсийн голын унага нь хө, Тэнхээ чадлаар гайхуулна аа хө...” гэж аялаад бүжиглэнэ. Харин түүнээс их олон жилийн дараа дуучин Бямбахүүтэй хамтран “Морьд мину зэ” гэж 60,70-аад оны морины дуунуудаар эвлүүлэг хийж л дээ. Энэ эвлүүлгийн хамгийн эхний дуу өнөө гурав, дөрвөн настай жаахан охины аялаад бүжиглэдэг байсан “Тэсийн голын унага” байж таарчээ. Эндээс ямарваа нэгэн юм уялдаа холбоотой байдаг бололтой. Хувьд тавилан гэдэг сонин шүү гэж тэрээр ярина.
 Нарантуяа өвөл зуныхаа амралтыг өвөө эмээ дээрээ өнгөрөөнө. Мэдээж  малчны хотонд  ажил мундахгүй. Тэр бүрийг охин амжуулна. Хүүхэд байхын л эршүүд нэгэн байсан гэнэ. Гэрийн ажилд тэр бүр оролцоод байхгүй атлаа гэрийн гаднах ажилд үлдэж байсан удаагүй. Аавыгаа дагаад түлээнд явна. Өвлийн тэсгим хүйтэнд идэш бэлтгэхэд нь аавдаа тусална. Хонь хариулна гээд  л. Тэр бас морь их сайн унана. Наймдугаар анги  төгссөн зунаа алаг морио унаж хонь эргүүлэх гэж давхиж яваад үлий рүү бүдрээд нүүрээрээ унаснаас хойш морь унахдаа бүүрэгнээс нь өөрийн мэдэлгүй таг зуурчихсан явдаг болжээ. Харин одоо засраад байгаа гэнэ. Тэрээр сүүлийн үед морины дуугаа морь унаж байгаад дуулах болсон нь сонсогч, үзэгчдээс тун өндөр үнэлгээ аваад байгаа билээ. Хүүхэд байхын морины дуу аялдаг. Бас моринд их хайртай байсан охин авга ахынхаа хурдан морийг уралдаад ирэх бүрт нулимс дуслуулдаг байсан гэх. Түүний авга Хүрэлбаатар гэж Идэр суманд байхдаа зун болгон морь уяж хурдлуулдаг нэгэн байжээ. Дууч аав ээжийн охин дунд сургуульд байхын л ятга тоглож дуулна. Аав нь сумын төвийн соёлын төвд ажилладаг болохоор соёлын төвийн хөгжмийг бүгдийг нь л сонсголоороо дарж сурчээ. Дунд сургуулиа төгсөөд нэг хэсэг дуулахаа больж үзэж. Гэтэл өнөө багын зан тийм амархан ард үлдэнэ гэж юу байхав. Ойр дотныхон ч дуулах хэрэгтэйг сануулна. Ингээд 2006 онд хөгжмийн зохиолч, УГЗ Цэвээнравдангийн “Даянд ганцхан аав” дууг  бичүүлжээ. Түүнээс гурван жилийн дараа буюу 2009 онд цагаан сарын өмнөхөн Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хорооны ахмадын баярт оролцож  дуулахдаа Нансалмаа багштайгаа танилцсан гэдэг. Ангийн найз Гантулга нь тэднийг танилцуулсан аж. Ингээд гурван сарын дараа 2009 оны 5 сарын 24-нд багш шавь болон ураг барилдсан байна. “Намайг хадаг сүү бариад шавь ороход багш өөртөө байгаа уран бүтээлийнхээ бүх архиваа өгсөн. DWD, CD, видео хальс, ном, фонограмм  гээд л. Тэгээд миний хүү боломжтой болтлоо миний бичлэг дээр дуулж байгаарай гэж хэлсэн. Би багшдаа маш их хайртай” гэж шавь ярина. Түүнээс хойш хэдийнэ гурван жил өнгөрсөн байх аж. Саяхан Нансалмаа багш нь Англид амьдардаг охинтойгоо Тайланд яваад ирсэн гэнэ. Удаан уулзаагүй багш шавь хоёр бидний уулзалтын өмнөх өдөр уулзацгаажээ. Отгон шавьдаа гээд л бэлэг цуглуулаад байхыг нь харсан гавьяатын охин “та дандаа Нарантуяа гэж байдаг” хэмээн гомдоллосон гэнэ. Шавийнх нь хэлснээр тэд ээж охин, заримдаа найз нөхөд болчихсон л явна. “Отгон шавь нь болохоор тэр үү багш маань надаас юугаа ч харамладаггүй юм.
Үнэхээр бахархахаас бас хайрлахаас өөр аргагүй хүн шүү” гээд л бахдангуй яриагаа үргэлжүүлсэн юм гавьяатын шавь. Хүүхэд байхдаа УАДБЧ-ын дуучин МУСТА Гэрэлмаагийн дуунууд Үндэсний телевизийн “Хүсэлтийн хариу” нэвтрүүлгээр явахыг хараад мөрөөддөг байлаа гэх. Тайзан дээр миний нэрийг зарлахад дэндүү урт юм болов уу. Тайзнаас ямар харагдах бол гээд л. Харин одоо тэр мөрөөдлийн нэгээхэн хэсэг биелж байгаад баяртай явдагаа ярьсан юм. Түүгээр зогсохгүй олондоо хайрлагдсан гавьяат нараар хүрээлүүлэн уран бүтээлээ хийж байгаадаа ихэд олзуурхана. Тэрээр Завханы уран бүтээлчдийн “Очирваань уул” холбоонд данстай. Монгол Улсын гавьяат жүжигчин Батсүх, Үнэнхүү, Далантай нарын дуучид энд ажилладаг.
Манай Завхан  аймаг есөн хутагттай. Түүнээс Ялгуусан гэгээн, Хамбын гэгээн хоёр нь манай сумаас төрсөн. Хамбын гэгээн  Мануустайд, Ялгуусан гэгээн нь Дархан-Уул бригадад төрж өссөн юм билээ. Энэ бол завханчууд бидний бахархал. Өнгөрсөн зун 9 хутагтын маань 108 суварга Жавхлант толгойн  урд өвөрт баригдсан.
 Энэ ёслолд би оролцоод ирсэн.  Энэ зун манай Завханы 999 хуурч жинхэнэ утгаараа Монголоороо гоёлоо шүү дээ” гээд манай сэтгүүлээрээ дамжуулан Завханы нийт уран бүтээлчдэдээ урлагийн өндөр амжилтыг хүссэн юм. 2011 оны 6-р сарын 9-нд Богд Очирваань Отгонтэнгэр хайрхны тахилга болсон билээ. Энэ тахилгад Нарантуяа оролцсон аж. Тэрээр ер нь их шүтлэгтэй. Өглөө бүр Отгонтэнгэр ууландаа залбираад л гарна.  Тахилгын үеэр түүний анхны цомог “Сүлдэнд мөнхөрсөн морьд”  Өвөрмонголд хэвлэгдээд дээж 300 ширхэг  нь Отгонтэнгэрийн бэлд иржээ. Үүнд дуучин бүсгүй тун ч их бэлгэшээж байгаа ажээ.Тэрээр өглөө 6 цагт босно. Гэрийнхнээ  амарч байхад морины хатгамал оёдог сонин хоббитой юм билээ. Одоо хэд хэдэн морины хатгамалтай болоод амжсан гэнэ. Мэдээж уран бүтээлч бүр дуулсан дуундаа хайртай. Гэхдээ түүний хувьд “Хангал зээрд”-ээ хэзээний л аялчихсан явна. Сонсогчид ч энэ дуунд их дуртай. Ямар сайндаа л FM-ийн хөтлөгч нар “хүмүүс гийнгоо дуу захиалъя гээд байдаг юм”  гэж бөөн инээдэм болж байхав. За тэгээд гэр бүлийнхэн бол тэр чигээрээ л түүний фенүүд. Нарантуяа ч өнөөдөр амжилттай уран бүтээлээ хийж байгаад хань Баасанжавын маань нөмөр нөөлөг их шүү гэнэ. Тэд нэг охинтой. 
Баасанжав эхнэрээ морины дуу дуулахаас өмнө “Хонгор минь амраг минь” дуугаа надаа зориулж дуулсан юм гэж найз нартаа гайхуулдаг байсан бол одоо “Цэцэгт хээр” улаан фен. Нараагийн ээжийн утсан дээр “Сайхан монгол морьд”, харин аавын  нь утсан дээр “Хангал зээрд” эгшиглэнэ гэж байгаа.
Гавьяатын шавь “Хос морьтой заяа” дууныхаа клипэнд аавыгаа тоглуулжээ. Өөрийн чадах зүйлээрээ ээж аавынхаа ачийг хариулах гэсэн хүүгийн сэтгэл гэж өөрөө ярина. Лхамжав гуай орсон гарсан олонд охиныхоо клипийг үзүүлнэ. Бас өөрийнхөө тоглосон клипээ үзүүлнэ гээд бусдад бол сонирхуулах юм ихтэй буурай байх ажээ. Сая “Монгол бөх гинессийн номонд” 6002 бөхийн барилдаанд зодоглосон гэнэ. Сумын заануудын барилдаанд техникийн их сургуулийн бөхтэй таарчээ. “Сайхан бие хаатай, залуу байна лээ. Аав нь духан дээр нь үнсээд буугаад өгчихлөө” гэсээр гэртээ иржээ.
Дуучин Нарантуяагийн ”Сүлдэнд мөнхөрсөн морьд” цомогт Нансалмаа гавьяатын дуулдаг таван дуу оржээ. Зөвхөн морины Нансалмаагаар овоглогдсон “Зандан шоо”, “Сайхан Монгол морьд”, “Хангал зээрд”  дуунуудыг анх дуулахдаа их эмээж байжээ. Одоо ч тэр айдас үргээгүй л гэх. Тийм шүү Нансалмаа гуайн хэлснээр хүн болгон морины дууг дуулж чадахгүй. Алдарт “Зандан шоо” гэхэд найман бадаг дуутай тэнцэнэ гэж ярьдаг юм байна лээ.
 Завханы Тэлмэн суманд болсон “Очирвааны хурд”-д “Сайхан Монгол морьд”, “Хангал зээрд”, “Жонон хонгор” гурван дуутай очиж л дээ. Гурвууланг нь дуулаад дуустал алга ташилт үргэлжилсээр л, сандраад авчээ. Ийн морины гурван дуутай эхэлсэн бол одоо гучаад дуутай болжээ, тэр. 2009 оны 10 сарын 15-нд дуучин Бямбахүүтэй хамтран “Амин заяа, адуун заяа” тоглолт хийж байсан дуучин маань 11 сарын 3-нд анхны бие даасан тоглолтоо товлосноо дуулгана билээ. Ийн сонгосон нь учиртай гэнэ. Энэ бол түүний төрсөн өдөр. Хайртай багш нь ямагт урам дэм өгч байдаг болохоор шавь бардам дуулна.
                                                                                                   Дуучин бүсгүйд амжилт хүсье.


 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна