Монгол Улсын Алдарт уяач Данзангийн Санжаадорж

А.Тэлмэн
2014 оны 10-р сарын 07 -нд

Завхан аймгаас төрсөн анхны улсын цолтнуудын нэг Данзангийн Санжаадорж агсан юм. 1995 онд улсын Алдарт уяач цолыг хүртэн төрийн хишигт  уяачдын нэг болсон тэрээр  1942 оны өвөл Алдархаан сумын нутаг Богдын гол багийн Байшинт хэмээх газар Данзангийн хоёр дахь хүү болон мэндэлжээ. Тэр үеийн багачуулын адилаар хүүхэд насаа хурга ишиг хариулж өнгөрөөн 1963-1967 онд Дархан-Уул аймгийн 030 ангид цэргийн алба хааж, 1967 оноос нэгдлийн адуу хариулах болсон  байна. Харин уяачийн гараагаа 1970 оноос эхэлж 1973 онд халиун халтар шүдлэн аман хүзүүнд хурдлуулан анхны айргаа хүртэж байжээ. Алдартын нэртэй хурдан хүлгүүд дундаас хамгийн өндөр амжилт үзүүлсэн буян бол хонгор азарга нь.1981 он буюу АХ-ын 60 жилийн ойгоор анх аймгийн наадамд аман хүзүүдсэн хонгор азарга дараа жил нь амжилтаа ахиулан түрүүлж, түүнээс хойш дахин хоёр аман хүзүүдэж, хоёр айрагдсан байдаг. Хонгор  азарга өөрөө хурднаас гадна үр төл сайтай. Тэдгээр нь эцгийн шийрийг хатааж хурдалдаг буянгууд байлаа. Хурдан хонгорын төл халиун, саарал азарганууд, хар, халиун халтар морьд, хар, хонгор алаг, ягаан зэрэг үрээнүүд Алдартын урмыг тэтгэн хурдалж байсан гэдэг. Д.Санжаадорж агсан арван хүүхэдтэй өнөр бүлийн тэргүүн. Долоон хүү нь бүгдээрээ аавынхаа уясан морийг унаж хурдлуулан баярлуулах.1988 онд болсон “Богдын гол” бригадын  өдөрлөг наадмын таван насны түрүүг Д.Санжаадорж хөвгүүдийнхээ хамтаар хүртэж олноо гайхагдаж явсан бахдам түүх ч бий.  Олон хүүтэй, адуунд дуртай Д.Санжаадорж агсан наймаа нэлээд хийнэ. Алдарт уяач болоход амжилтаа харамгүй нэмэрлэсэн хурдан хонгор азаргаа хуурай ах Нямсүрэнгээс авч байсан бол Увс аймгийн Тэс сумаас хүрэн азарга авч цус сэлбэж байжээ. Уяа морьдынхоо ажлын ихэнхийг эдэлгээ уналгаагаар  нугалах ч өвөлдөө уяж хонуулан цантаах, хавар ногооны үеэр хөлөргөх зэргийг заавал хийнэ.  Алдарт уяач хурдан хүлгийн уяа тааруулсан он жилүүдэдээ /аймгийн баяр наадмаас/:
1973 онд АХ-ын 52 жилийн ойгоор халиун халтар шүдлэн аман хүзүү
1974 онд АХ-ын 53 жилийн ойгоор халиун халтар хязаалан айргийн гурав
1978 онд АХ-ын 57 жилийн ягаан бор даага түрүү
1980 онд АХ-ын 59 жилийн халиун халтар их нас айргийн гурав
1981 онд АХ-ын 60 жилийн ойгоор халиун халтар их нас айргийн тав
1981 онд АХ-ын 60 жилийн ойгоор хонгор азарга аман хүзүү
1982 онд АХ-ын 61 жилийн ойгоор хонгор азарга түрүү
1982 онд АХ-ын 61 жилийн ойгоор хондон даага гурав
1983 онд АХ-ын 62 жилийн ойгоор хонгор азарга айргийн  гурав
1983 онд АХ-ын 62 жилийн ойгоор хул шүдлэн айргийн гурав
1983 онд АХ-ын 62 жилийн ойгоор хар даага айргийн гурав
1984 онд АХ-ын 63 жилийн ойгоор хонгор азарга айргийн дөрөв
1984 онд АХ-ын 63 жилийн ойгоор хул хязаалан түрүү
1985 онд АХ-ын 64 жилийн ойгоор хонгор азарга аман хүзүү
1985 онд АХ-ын 64 жилийн ойгоор хээр даага айргийн гурав
1985 онд АХ-ын 64 жилийн ойгоор хул соёолон аман хүзүү
1986 онд АХ-ын 65 жилийн ойгоор хонгор азарга аман хүзүү
1986 онд АХ-ын 65 жилийн ойгоор хул алаг шүдлэн айргийн тав
1987 онд АХ-ын 66 жилийн ойгоор хээр шүдлэн айргийн гурав
1988 онд АХ-ын 67 жилийн ойгоор хар соёолон айргийн тав
1989 онд АХ-ын 68 жилийн ойгоор хар хязаалан айргийн тав
1989 онд АХ-ын 68 жилийн ойгоор ягаан бор соёолон айргийн дөрөв
1990 онд АХ-ын 69 жилийн ойгоор хондон даага түрүү
1991 онд АХ-ын 70 жилийн ойгоор улаан хязаалан айргийн дөрөв
1992 онд АХ-ын 71 жилийн ойгоор халиун азарга дөрөв
1993 онд АХ-ын 72 жилийн ойгоор халиун азарга тав
1994 онд АХ-ын 73 жилийн ойгоор халиун азарга дөрөв
1995 онд АХ-ын 74 жилийн ойгоор халиун азарга гурав
1996 онд АХ-ын 75 жилийн ойгоор хүрэн даага аман хүзүү
1997 онд АХ-ын 76 жилийн ойгоор хүрэн шүдлэн аман хүзүү
1998 онд АХ-ын 77 жилийн ойгоор хүрэн хязаалан айргийн гурав
1998 онд АХ-ын 77 жилийн ойгоор халиун азарга түрүү
1998 онд АХ-ын 77 жилийн ойгоор хүрэн соёолон айргийн дөрөв
1999 онд АХ-ын 78 жилийн ойгоор халиун азарга аман хүзүү
1999 онд АХ-ын 78 жилийн ойгоор хөх саарал азарга айргийн дөрөв
2004 онд АХ-ын 83 жилийн ойгоор хонгор шүдлэн түрүү магнайд тус тус хурдалжээ. Түүнчлэн Алдарт уяач сум, багийн болон бусад жижиг наадмаас 60 гаруй айраг, түрүү хүртэж байсан бөгөөд 2010 онд бурхны орноо одож,хөвгүүд нь удам залган уяа эвлүүлж байна. 

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.