Эмээл, ташуурын цээрийн ёсон

Даваадорж
2014 оны 9-р сарын 19 -нд

Шинэ эмээл засахад хийх дом
Шинэ эмээл засаад моринд тохоход эцэг нь эхэлж мордоод
Хонхор дүүрэн морьтой
Хот дүүрэн малтай
Үрээ дүүрээд
Үрээгээ хөтлөөд явах болтугай гэж ерөөн домнодог.
Эмээлийн тухай цээрийн ёсон
Эмээлийг дээш харуулж тавихыг цээрлэнэ. Тэнгэр хилэгнүүлж, аянга цахилгаан урина гэдэг.
Эмээлээ газарт тавихыг цээрлэнэ. “Адуу барагдаад, алтан эмээл газардана” гэх тул заавал нэг юмны орой дээр тавьдаг.
Эмээл гэрт оруулж тавихдаа хоймроос бусад зүгт хандуулахыг цээрлэнэ.
Эмээллэсэн морь унаж явахдаа чөдрөө хүзүүндээ тохох, буруу талд зүүж явахыг цээрлэнэ. Ер нь морь хазаарлах, чөдөрлөх, дэллэх, моринд мордох, мориноос буух, ганзагалахыг зөв талаас нь үйлддэг ёстой. Зөрчвөөс “Морь мэдэхгүй монгол, мал мэдэхгүй мангуу” хэмээн муу хэлэгдэнэ.
Ташуурын тухай цээрийн ёсон
Ташуур барьж айлд орохыг цээрлэнэ. Тийнхүү барьж орвоос танхай балмад гэгдэх буюу гэрийн эзнийг доромжилсонд тооцно.
Ташуураа хаа хамаагүй тавихыг цээрлэнэ. Айлд хонох хүн ташуураа эмээлтэй нь хамт гэрт оруулж, эс бөгөөс гадаа тэрэг, бараан дээр хөндлөнгөөр нь тавина. Явах хүн босоогоор тавьдаг ёсон буй.
Ташуураараа хүний зүг зангах, дохихыг цээрлэнэ. Зөрчвөөс эрхэмсэг дээрэлхүү ааштай гэнэ.
Ташуур тулж тоглох, наадахыг цээрлэнэ. Үл хэрэгсвээс унаа мориноосоо сална, явгарна гэх буюу морь унаанаас унаж бэртэхийн муу ёр гэнэ. “Ядравч ташуураа бүү тул” гэдэг.

МУ-ын Манлай уяач, морин спортын ууган мастер Т.Даваадорж

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • 116.117.121.174

    20-р зууны эхэн үеийн хамгийн сайхан харагддаг эмээлээс өнөөдөр хамгийн муухай эмээл хүртэл юу болсон бэ?Маш муу.Учир нь өнөөгийн эмээлийн хэв маяг нь Эргономикийн хувьд огт харш юм

    Reply