Харьшгүй хүчит Хадбаатарын Мөнхбаатар арслан
Монгол бөхийн түүхэнд улсын цолыг хамгийн залуудаа хүртсэн бөхчүүдийн нэг бол Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат, Монгол улсын хүчит арслан Хадбаатарын Мөнхбаатар юм. Даян аварга Ц.Чимэд-Очир 27 насандаа, улсын арслан “дэрэнбор” С.Самданжигмэд 30 насандаа хүртэж байсан Монгол улсын начин цолыг тэрбээр хорь шүргэх насандаа хүртжээ.
Анх 1997 онд 16 настай байхдаа Жаргалант суманд болсон нэгэн барилдаанд хоёр давсан бөгөөд тухайн үед Жаргалантад улсын дархан аварга Б.Бат-Эрдэнэ очсон байсан бөгөөд аваргын нүдэнд арван зургаан настай бяртай байрын хүү аргагүй өөр харагдаж “Хот руу очиж бэлтгэл хийгээрэй, надтай холбоо бариарай” хэмээсэн нь ирээдүйн төрийн наадмын түрүү бөх болох их замын эхлэл байжээ. Ардын төрийн наадамд 10 түрүүлсэн их аварга хүүг нь бөх болно, хот руу явуулж бэлтгэл хийлгэ гэсэн нь сумын начин Хадбаатар гуайд их сайхан санагдсан тул хүүгээ нийслэл хот руу үдэн мордуулжээ. Хот хүрээ газрыг огт мэдэхгүй, 17 настай хүү аварга багшийгаа төрийн наадамд 10 дахь удаагаа түрүүлсэн 1998 онд Улаанбаатар хот руу ирж, бөхийн арга барил, алхаа гишгээг заалгах болсон байна. Улмаар “Аварга” биеийн тамирын дээд сургуульд элсэж, эдүгээгийн улсын гарди Ш.Жаргалсайхан, улсын начин Ж.Гансүх нартай нэг ангид бөхийн эрдэм заалгажээ.
2000 оны Хөвсгөл аймгийн наадамд 128 бөх барилдахад Шинэ-Идэрийн Хадбаатарын Мөнхбаатар түрүүлж аймгийн арслан болжээ. Түүнийхээ хойтон улсын их баяр наадмын 1024 бөхийн тоонд багтаж улмаар хоёр давжээ. Гурвын даваанд цолтнууд амлаж авсангүй, “онжав” арслан Өвөрхангайн Р.Ганхуягтай тунаж давсан байна. Дөрвийн даваанд аварга арслан заанууд, ахмад начингууд амаа авсаар дөрвөн бөх үлджээ. Энэ үед нэг багшийн шавь, аливаа бүхэнд нь нөмөр нөөлөг болдог Хэнтийн Одхүү начин “Ахын дүү хэнтэй барилдах вэ?” гэж асуухад огт эргэлзэлгүй “Үүдээтэй” гэсэн бөгөөд Одхүү начин Булганы Ц.Цогтжаргалыг амлаж, Хөвсгөлийн Х.Мөнхбаатар, Архангайн Л.Үйтүмэн нар тунасан байна. Энэ тухайгаа арслан “Одхүү ах маань намайг бодоод хэнтэй нь барилдах вэ гэж асуусан. Би ч Цогоо ахаас эмээгээд Үүдээтэйгээ л барилдъя гэсэн дээ. Нэг ёсондоо би л ам авчихсан юм л даа” гэсэн бөгөөд “амлаж авсан” Үйтүмэнгээ давж, анх зодоглосон наадамдаа начны даваанд шалгарах нь тэр. Тавын даваанд нэг нутгийн ах, улсын начин Б.Бадрал амлаж Хадбаатарын Мөнхбаатар 19 нас, 9 сартайдаа Монгол улсын начин цол хүртлээ. Зургаагийн даваанд тухайн үеийн улсын заан Б.Гантогтоход амлуулж шороодсон байна. Төрийн наадамд анх зодоглоод улсын цолд хүрч, бас ч үгүй том цолтнууд амлалгүй тунаанд үлдээж байсан зэрэг нь залуу начны барилдах хорхойг өсгөж, бяр хүчийг нэмэгдүүлж байсан ч бага залуугийн гэнэн томоогүй зангаар хэт замбараагүй барилдаж байсан нь гэмтэл бэртэл авах үндэс нь болж байсан юм. Начин болсныхоо дараахан хөлийн шагайгаа бэртээж, бэртлээ эдгээлгүй барилдаж байгаад БНСУ-д болсон жүдо бөхийн нэгэн барилдаанд Сербийн бөхтэй барилдаж байхдаа өвдгөө хүнд гэмтээж, шөрмөсөө тасалсан байна. Энэ үедээ арслан бэртэл гэмтэл гэдэг бага байсан ч эмнүүлж байхгүй бол болдоггүй юм гэдгийг яс махандаа шингэтэл ойлгож, эрүүл саруул байх ямар сайхан гэдгийг биеэрээ мэдэрч, улсын наадамд сайн барилдах, өндөр цолд хүрэх мөрөөдөл минь үгүй боллоо доо хэмээн шаналж байсан гэдэг. Солонгос улсад шөрмөс залгуулах мэс засалд ороход арван долоон мянган доллар хэрэг болсон бөгөөд тэр үеийн арван долоон мянган доллар асар их мөнгө байсан тул олоход аргагүй хүнд байсан гэдэг. Тийм боловч аварга багш нь мөнгөний хагасыг олж өгч, нутгийн ахан дүүсийн дэмээр мэс засал амжилттай болжээ. Гэсэн хэдий ч гам барьж, хоёр гурван ч жил хүлээх хэрэгтэйг сануулсан байна. Залуу начин тэр тухайд сайн ойлгож авсан ч улсын наадамдаа гарч хийморио сэргээхээр шийдэж хөлөө маш чанга боогоод, сэтгэлээ их чанга барьж барилдсан гэдэг. Бас ч үгүй хоёр даваад гурвын даваанд онжав И.Ёндонсамбуу начинд амлуулж шорооджээ. Гурвын даваанд унасан ч наадамдаа барилдаж хийморио сэргээчихлээ, гамаа сайн барьж хөлөө гүйцэд эдгээгээд барилдана даа хэмээн өөртөө хэлж байсан байна. Тэр жил онжав начингуудаас нэг нутгийн Г.Ганхуяг, өөрийг нь давсан И.Ёндонсамбуу, нэг сургуулийн М.Баяржавхлан нар 4 давж ахин начны даваанд барилдсан тул эд нар шигээ сайхан барилдахсан хэмээн хорхой нь асч байсан гэдэг. 2003, 2004 оны наадамд барилдах боломжгүй байсан хэдий ч залуу насны зоригоор хөлөө хөндөлгүй барилдана хэмээн бодож барилдаад мөн хоёр давж Архангайн а.а Р.Түвшинбаатар, тухайн үеийн у.н Д.Рагчаа нарт гурвын даваанд шороодсон байна.
2004 оны өвөл, 2005 оны хавраас бөхийн өргөөнд болсон барилдаанууд залуу начин Х.Мөнхбаатар зодоглож, аварга А.Сүхбат, гарди Д.Сумьяабазар нарыг давж үзэгчдийг шуугиулсан байна. Зарим үзэгч “улсын начин Мөнхбаатар хэмээн зарлуулж их залуухан хүн барилдаад байх юм, ойрын гурван жилд начин болоогүй баймаар хэзээний начин бэ” хэмээн хоорондоо ярилцаж байсан гэдэг. Энэ “нууц” начин тэр жилийнхээ төрийн наадамд бэлтгэл сургуулилт тун чамбай зодоглож, гурвын даваанд Увс аймгийн арслан Ц.Цэдэндамбааг амлаж давснаар начин болсноосоо хойш анх удаа гурав давж тун их баярласан гэдэг. Дөрвийн оноолтод онжав, мөн нэг багшийн шавь ч гэж болох Ц.Магалжавтай таарч давжээ. Тавын даваанд урд онд одтой сайхан барилдаж харцага болсон, Л.Пүрэвжав харцага амласан бөгөөд татаж хавсраад давснаар начин цолоо баталсан байна. Зургаагийн даваанд залуу начин Х.Мөнхбаатар, шинэ начин Д.Батболд нарыг хэн ч амлалгүй тунажээ. Начин мөн л өөрийн дархан хавирах мэхээрээ давснаар харцага цолны болзол хангаж, ямар ч гэсэн цолоо ахиуллаа хэмээн баярлаж, нутгийнхаа уул усыг сэтгэлдээ бодож, аав ээждээ залбирч байсан байна. Долоогийн даваанд аварга багш нь амлаж, багшийгаа давснаар “Монгол улсын заан” цолд хүрчээ. Ингэж 24 насандаа төрийн наадмын их шөвөгт шалгарч, бэртэл гэмтэлтэй жилүүдэд шаналж явсан шаналал нь бага ч гэлээ нимгэрсэн байна.
Их Монгол улсыг байгуулсны 800 жилийн ойн наадамд Дорноговийн А.Цацабшир, Говь-Алтайн Ж.Амартүвшин нараар тав даваад зургаагийн даваанд “онжав” И.Ёндонсамбуугаа амлаж ахин зааны даваанд барилдсан байна. Энэ даваанд мөн “онжав” М.Баяржавхлан харцагыг амласан ч өвдөг шороодож үнэн зоригт чимэг нэмжээ.
Ардын хувьсгалын 86 жилийн ойн наадамд залуу заан Х.Мөнхбаатар цолоо батлаж ахиулахын их хүсэлтэй зодоглосон байна. Гурвын даваанд “онжав” Ц.Цэрэнхүү начныг даваад дөрвийн даваанд урд хоёр жил начны даваанд гарч барилдсан, цэргийн арслан А.Бямбажавтай таарч бярдаж мушгиад давжээ. Тавын даваанд ид бяр хүч нь жагсаж буй, улсын начин Д.Лхагвадоржийг амлаж хөмрөөд давсан бол зургаагийн даваанд урд жил оноолт таарч давж байсан, шинэхэн начин А.Цацабширыг амлаж баруун талдаа давхар ачих дархан мэхээрээ давж мөн л зааны даваанд барилдах болжээ. Зааны даваанд шинээр харцага цолны болзол хангаад байсан Говь-Алтайн Н.Ганбаатартай тунасан байна. Заан зоримог барилдаж баруун талдаа татаж хавираад давснаар улсын заан цолоо батлаж ямар ч гэсэн багшийнхаа итгэлийг алдсангүйдээ хэмээн ихэд баярлажээ. Наймын даваанд олон шилдэг бөхчүүдийг шороодуулж шуугиулсан, “онжав” Б.Сайнбаяр начинтай тунаж, мэхээ дутуу хийхэд нь дагуулж мушгиад давснаар төрийн наадмын үзүүрт шалгарчээ. Үзүүр түрүүнд өөрийг нь начин болсон жил заан цолд хүрч байсан, уран дайчин барилдаанд Доржсамбуу заантай барилдав. Ах заан сэнжигний барьц авахаар дайрах хоромд барьцгүй хавсартал дөрвөн хөллөсөн тэр мөчийг залуу заан алдалгүй тумбарайдаж дараад тун ч хөдлөлгүй бярдсаар ес давж, 26 насандаа төрийн наадмын түрүү бөхөөр тодорч “Монгол улсын арслан” цол хүртлээ. Арслан цол хүртсэнийнхээ дараа жил аймгийн арслан А.Алтанхуягаар тав давсан ч зургаагийн даваанд шинэ начин Б.Соронзонболдыг амлаад барьц сонгуулж шороодов. Түүнийхээ дараагийн хоёр жил у.х Л.Пүрэвжав, А.Бямбажав нараар 7 давж их шөвөгт шалгарсан бол 2011 оны наадамд нэг нутгийн у.н М.Эрдэнэбатаар зургаа давсан ч долоогийн даваанд Говь-Алтайн Ж.Бат-Эрдэнэд багагүй маргаантай унаж байлаа. Магадгүй энд арсланг давуулсан бол цаашид хэрхэхийг хэн ч таашгүй. Мөн түүнийхээ дараа жил у.з Т.Санчираар долоо давж их шөвөгт шалгарсан боловч шинжилгээгээр сэргээшийн төрлийн бодис илэрсэн тул чимгээ хураалгасан юм. Магадгүй бэртэл гэмтлээ эдгээх гэж хэрэглэсэн эм тарианаас илэрсэн байж болох бөгөөд энэ талын мэдлэг тааруугаас алдсан байж болохыг үгүйсгэхгүй юм. 2013 онд у.ө.и.н Ш.Жаргалсайхан, у.х А.Цацабшир нараар зургаа даваад у.г Б.Гончигдамбад, өнөө жил а.а М.Бадарч, у.н Н.Адъяабат нараар 6 даваад у.г Ш.Жаргалсайханд тус тус шороодсон билээ. Ийнхүү арслан цол хүртсэнээсээ хойш улсын наадамд их шөвөгт гурван удаа, дунд шөвөгт гурван удаа, бага шөвөгт нэг удаа шалгарч дараалан шөвгөрч байна. Түүн шиг жигд амжилттай барилдаж буй бөх өнөө үед бараг үгүй гэхэд болно. Тэр ч хэрээр бөх сонирхогчид арсланг төрийн наадамд ахин манлайлж аварга цолд хүрэх бөх хэмээн үнэлж байдаг. Мөн бага наадамд жил дараалан үзүүрлэж, 6016 бөхийн барилдаанд 10 даван их шөвгийн зургаад шалгарсан, тэргүүн дэвжээ шалгаруулах барилдаанд дараалан олон даваа авсан зэрэг олон барилдаанд дээгүүр барилджээ..
Арслангийн дархан мэх нь баруун талдаа татаж хавирах, хутгах. Энэ хоёр мэхээрээ мөн олон бөхийг хаясан даа. Улсын наадамд гэхэд у.г Н.Ганбаатар, у.х Л.Пүрэвжав, у.х Д.Батболд, у.н С.Багахүү, а.х.а А.Алтанхуяг нарыг давж байв. Мөн давхар ачих, мушгих, гуядах мэхүүдийг ч даалгаж хийнэ. Учраагийнхаа хийг тааруулаад этнэ, өхийлдөнө. Мордох мэхийг ч даацтай хийдэг. Арслангийн асар зузаан том цээжний доор даруулсан хэр баргийн бөх гардаггүй. Тумбарайдаж бариад өргөх, дарах мэхийг арслан тун сайн хийдэг. Нэг хэсэг өмсөх мэхийг хийдэг байлаа. Бөхийн холбооны ойд зориулсан барилдааны тавын даваанд у.н Г.Олзгэрэлийг амлаад босоо өмссөн ч мэх жаахан дутуудаж өөрөө унасан бөгөөд заал танхимын барилдаанд аманд гарсан залуусыг хэд хэдэн ч удаа өмсөж давж байсан билээ. Суурьтай, буурьтай, мэхээ даацтай хийж барилддаг. Улсын наадмын дэвжээнд у.х А.Цацабширыг гурван удаа, у.х Л.Пүрэвжав, А.Бямбажав, улсын начин С.Багахүү нарыг тус бүр хоёр удаа, у.а Н.Батсуурь, у.г И.Доржсамбуу, Н.Ганбаатар, Ш.Жаргалсайхан, у.з Б.Сайнбаяр, у.х Ц.Магалжав, Д.Батболд, у.н Ц.Сумьяабээс, И.Ёндонсамбуу, Ц.Цэрэнхүү, Р.Ганхуяг, Д.Лхагвадорж, М.Эрдэнэбат, Н.Адъяабат нарыг тус бүр нэжгээд удаа давж байсан байна.
Зан аашийн хувьд төлөв даруу, алиа хошин зантай бөх. Үеийн нөхөд, бөхчүүдийг байнга явуулж, егөөдөж суух түүнийг хэн ч харсан нүдэнд дулаахан сайхан эр юм даа хэмээн бодох болов уу. Хэнтэй ч гэлээ эвлэг сайхан харьцдаг. Барилдааны үед асар тайван байх бөгөөд улсын наадмын давааны хооронд унтаж амарч байгаа харагддаг. Мөн бөхийн өргөөнд чихэвч зүүгээд ямар нэгэн дуу ч юм уу сонсож суухыг үзэгчид олон удаа харсан буй заа. Тэр ийм л энгийн хүн. Арслан аль ч барилдаанд ам авахдаа их бодно. Зарим үед заалны барилдаанд доогуур унах үе байх. Сэлэнгийн а.н Н.Энхжаргал, Сүхбаатарын а.х М.Гансүх, Дорнодын а.з Х.Алтансүх нарт унаж байв. Гэсэн хэдий ч түүний ам их өвөрмөц, хэний ч таамаглаагүй тийм ам байдаг. Улсын наадмын тавын даваанд Говь-Алтайн С.Багахүүг жил дараалан амлаж, шударга сайхан барилдаад давж байсан бол заан Ч.Санжаадамбыг олон барилдаанд дараалан түрүүлж байхад нь их шөвөгт амлаж давуулж гуядаад давж байв.
Эдүгээ идэр залуухан 33 настай түүнээс үзэгч түмэн их олон зүйл хүлээж буй. Төрийн наадамд хорь шөвгөрөх боломж түүнд бий, хоёр байтугай түрүүлэх авьяас ч түүнд бий. Мөн тэрээр самбо, жүдо бөхийн ОУХМ цолтой. Самбо бөхийн залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, жүдо бөхийн дэлхийн цом, азийн тоглолтын хүрэл, кураш бөхийн дэлхийн аваргын хошой хүрэл медальтай.
Олон наадам, их амжилт залуу арсланг хүлээж байна ...
Т.Түмэндэмбэрэл
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна