Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн: ЭР ХҮНИЙГ ААР СААР ЮМАНД ЗАРАХ ХЭРЭГГҮЙ, ЦАГАА БОЛОХООР ЭХ ОРОН НЬ ҮХҮҮЛЖ ЗАРДАГ ЮМ
Эмээл дээр ургасан цэцэг атлаа
Элгэнд чинь багтсан толгод
Эр хүнийг хайрлаж яваарай хэмээх гуравхан мөр шүлгээр амин хайртай охиддоо өмч тасалж, хадамд мордуулсан найрагч эрхэмтэй хөөрөлдлөө. Эр хүн байхын, эр хүнийг хайрлахын ухаан үйсэн бидний яриаг таалан соёрхоно уу.
- Өнөөдөр эрчүүдээ гоочилмооргүй байна. Гэхдээ баяр болгоныг ууж идэхийн нэр гэж ойлгоод байх шиг санагддаг?
- Нэгэнтээ баяр гэж байгаа юм бол юу хүссэнээ хийг л дээ. Чи баярла гэж хэлчихээд чи буруу баярлаад байна гэж хэлэх хаашаа ч юм бэ дээ. Ууж иддэгийн тухайд эр нь гэхээсээ илүү цөхөрсөн эмэгтэйчүүд эрээс дутахгүй ууж байна. Энэ тухайд эргэлзэх юм байхгүй. Өрхийн ноён нуруу болсон эр хүн жаахан хүч чадал багатай, өөрийнхөө мөн чанарыг хадгалж чадахаа болиод, алдаж оноод ирэхээр ачаа нь эмэгтэй хүн дээр буудаг л даа. Тэр үед эмэгтэй хүн өөрийгөө өрх толгойлоод эхэллээ гэж бодоод эрчүүдийг үгүйсгэж эхэлдэг. Сүүлийн үед эмэгтэйчүүд орон гэрээ авч явж байна, өрх толгойлж байна гээд яриад байх юм. Гэхдээ би энэ үгийг олон хүнд хүргэх юмсан гэж боддог юм. Эр хүний орон зай гэдэг юм агуу. Ямар ч алдаа оноотой байлаа ч тэр орон зай нь байж л байдаг. Гэрийн талыг эр хүн эзэлж, ямар ч муу байсан хоймор дүүрч байдаг. Энэ бол эцгийн эрхт ёс юмуу, эхийн эрхт ёс шиг эрхээ булаацалдсан зүйл биш. Би эр хүнийг үгүйсгэхэд их дургүй. Би олон хүүтэй. Нөгөө эр хүн, эр хүндээ хайртай гэдэг нь юмуу даа. Гэхдээ бас би эх хүний талд байдаг. Ерөнхийдөө бөөрөнхий эр хүн. Яагаад вэ гэвэл эргүйгээр эмэгтэй хүний тухай сэтгэх, эмгүйгээр эр хүний тухай сэтгэж боддоггүйгээс тэр. Эр хүн бол эр хүн шиг тулсан юмны өмнө үхэж чадах, тулгарсан юманд тэнэг зөнөг ч бай шийдвэр гаргахдаа эр хүн эр хүн л байдаг. Би харин ус барьж гүйгээд, авгайнхаа дээл, дотуур хувцсыг нь угаагаад байгаа эр хүнд дургүй.
- Яагаад? Бүсгүйчүүд харин ч эсрэгээрээ халамжтай хань гэдэг шүү дээ?
- Яагаад ч юм эр хүнд зохихгүй, дэмий ажил санагдаад байдаг юм. Би хоцрогдсон феодлын сэтгэлгээтэй хүн л дээ. Эр хүн өмд угаагаад сууж байх, хүүхдийн баас хусаж байх нь надад таалагддаггүй. Ний нуугүй л хэлнэ. Эр хүнийг тийм юманд зармааргүй л байдаг юм. Эр хүнийг чинь эх орон нь цагаа болохоор үхүүлж зардаг юм. Энэ бүх амьдрал чинь унаад ирэхийн цагт эр хүн нуруун дээрээ тогтоож өргөж босгодог юм. Тийм болохоор би эрчүүддээ хайртай. Аар саархан юманд далдганаад байгаа хүнийг манай хань халамжтай гэж ярьж байгаа эмэгтэй хүнд бас дургүй. Халамж гэдэг тийм аар саархан үйлчилгээ шиг юмаар илэрдэг эд ч биш, цаанаа байгаа сэтгэлийн их хайраар нь хэмждэг юм. Ханиа хүндэлж байгаа хайр, цаад их юм нь бүтэн цул байвал наад талын жижиг юмыг анзаарах хэрэггүй. Тэгш эрх эдлэх гээд эмэгтэй хүн эртэйгээ үзэлцээд байгаа нь таалагддаггүй. Нэг их тэгш байх гэж, ухаандаа талх байвал нэг талыг нь би зүсчихээд нэг талыг нь чи зүснэ. Хувцас байвал нэг ханцуйг нь угааж, нөгөөг нь чи угаана гэдэг улсууд байдаг. Түүнд дургүй. Эр хүнийг өмөөрсөндөө тэгж байгаа юм биш. Эм хүнээр та нар эмнэг сургуулаад үз л дээ. Зохих нь уу, үгүй юу. Эмэгтэй хүнээр адуу уургалуулаад үз. Говийн эмэгтэйчүүд бол уургалдаг юм л даа. Говийн эмэгтэйчүүд айхтар, гэхдээ зохидоггүй юм, яагаад ч зохидоггүй юм. Мориндоо мордож байгаа, татаж байгаа тэнхээ, морио суулгаж байгаа дадал заншил нэг л зохиж өгөхгүй, нэг л турьхандаад, энхрийдээд байдаг юм. Түүнтэй адилхан эмэгтэй хүнээр мод хөрөөдүүлээд, хагалуулаад, эрэг боолт чангалуулаад, уурын зууханд галч хийлгээд үз. Бас л зохихгүй. Тэгвэл энэ зохидоггүй ажил гэдгээс чинь зохисгүй шаардлага гэдэг чинь гарч байгаа юм. Эр хүн шөнөдөө хүүхдээ уйлахад босоод хичнээн сэгсчээд бүүвэйлээд ч хүүхэд хөхөө эрдэг байхгүй юу. Хөхийг нь эх нь өгдөг. Тэгэхээр би эрчүүдийгээ өмөөрөөгүй, зүгээр л зохилдолгооны талаар ярьж байна. Ил далд хуурдаггүй, яг л нэг зантай эр хүн бол жинхэнэ эр хүн. Түүнээс халамж тавьж байгаа дүр эсгэдэг хүн бол эр хүн биш.
- Эр хүн болж төрөх, эр хүн болж төлөвших хоёрын хооронд ихээхэн ялгаа бий. Магадгүй төрөхөөсөө төлөвших нь хэцүү байх?
- Эр хүн болж төрөх чинь зөвхөн хүйсээ олохын шалтаг. Эр хүн болж төлөвшинө гэдэг бол магадгүй мөн чанараа олохын ухаан. Үүний язгуур нь эцэг эхээс заяадаг. Дээр нь энэ их амьдралын үер, уруй дотор хэрхэн эвдрэх вэ, хэрхэн өөрийгөө олж авах вэ, гэдэг чинь их л ажил л даа.
Бие нь том болоод, бяртай болоод, авдар өргөөд, гэрээ үүрч, дээр нь ээжийгээ суулгаж нүүхээрээ эр хүн болчихож байгаа юм биш. Тэрэн дотор оюуны боловсрол, бие бялдрын хөгжил, эр хүний зан чанарын бүрдэлт, ертөнцийг үзэх эр хүний үзэл гээд зөндөө юм багтана. Магадгүй гэр орон дахь төлөв төвшин чиг баримжаа, үндсэн хайр халамжийг эр хүн үүрдэг юм шүү. Эмэгтэй хүн бол энхрий улс. Тийм болохоор үүнд их хол ялгаа бий. Эмд хүрсэн өдрөө л эр хүн болчихдог юм биш. Тэрнээс цааш зөндөө л юм байна. Үхэхэд хүртэл эр хүн болсон байх ёстой. Эр хүн шиг үхэх ёстой байхгүй юу. Манай хөгшчүүл, өвөг дээдэс сайхан үхэж чаддаг байлаа шүү дээ. Өвчинд автаж байгаагаа мартаж, огоорч, амирлангуйд төлөв төвшин очдог. Ёо хэлэхгүй үхэж байгаа өвгөчүүл Монголд л байдаг юм. Тэгж бодохоор чинь эр хүн болно гэдэг төрөхөөс төгсгөлөө хүртэл эр байхын том үүрэг байна шүү дээ. Эр хүнээ үзүүлэх их хугацаа. Алдаа багатай хүнийг сайн эр гэхгүй. Явж явж ийм хүмүүс бусдыг алдахгүй байхыг шаарддаг, хүний алдаагаар хооллодог болчихдог. Тийм болохоор би алдаж байгаа эр хүнийг эр хүн биш гэж хэлэх дургүй. Алдаж онох чинь хэнд ч байдаг юм. Магадгүй эр хүн бүсгүй хүнээс олон алдаж байж илүү явдаг.
- Таныхаар жинхэнэ Монгол эр хүн ямар байх ёстой вэ? Юугаар нь тийнхүү үнэлдэг юм бол?
- Хүний хань л хүнийг тодорхойлохоос биш, хичнээн дотнын найз нөхөд байгаад хэн гэдгийг нь хэлж чадахгүй. Тэр бүү хэл үр хүүхэд нь ч эцгийгээ тодорхойлж чаддаггүй юм шүү дээ. Хүүхнүүд гаднаас нь хараад энэ жинхэнэ эр хүн байна даа гээд үнэлдэг. Энэ бол өнгөц үнэлгээ. Жинхэнэ эр хүнийг хань л тодорхойлдог. Зүгээр адилхан эр хүний хувьд хэлэхэд одооны эрчүүд их жүжиглэдэг болчихож. Нэг их гү?эсхэн, хүн чанартай хүн болох гэж жүжиглээд л... Илүү саваагүй зан эр хүнд зохидоггүй юм. Хувьдаа би илүү зангүй хүнийг л гайгүй эр хүн юмуу даа гэж тоодог. Жинхэнэ эр хүний өөр нэг са?хан чанар нь сайн, муу явахад нэгэн зангаараа байх. Манай эрчүүдийн дунд бас зөрчил байдаг л даа. Сайн яваа нэгнийхээ улыг долоож гүйдэг бялдууч эрчүүд зөндөө байна. Долигонодог, бялдуучилж худлаа инээдэг. Эр хүн худлаа инээх ямар муухай гэж санана. Харамсалтай нь эмэгтэйчүүд энийг муу ялгаж, их хууртдаг шүү дээ. Инээсэн ч үнэн инээж, уйлсан ч үнэн голоосоо уйлж байвал чи хүнээрээ байна гэсэн үг. Муу, сайн ямар ч явахад зангаа хувиргадаггүй эр хүн бол дээдийн дээд эр хүн.
- Гудамжинд хөлчүүрхэж хэвтээ, эхнэртээ агсам тавьж байгаа эрчүүдээс би тэрхүү мөн чанарыг олж хардаггүй?
- Ардчиллыг дагаж орж ирсэн эрх чөлөөг л бид буруу эдэлсэн улс. Эрчүүд бол бүсгүйчүүдээс илүү мэдрэмтгий улс гэж би хэлсэн. Тийм болохоороо ч эрчүүд нь илүү мэдрээд эвдэрцгээсэн л дээ, зарим нь. Ихэнх нь гэж хэлж даанч болохгүй шүү дээ. Олдсон эрх чөлөө, хувь хүний эрх гэдгийг л хэмжээтэй эдэлдэг юм шүү гэдгийг л мэдэхгүй задгай болсон. Бид нар чинь явж явж ардчиллаар цангаагүй, архиар цангачихсан юм шиг архи их ууцгаасан. Хаа хаанаа, эр эмгүй. Эрчүүд, эмэгтэйчүүд согтуу байхыг би сүүлийн үед бараг тэнцүүхэн олж харж байгаа шүү. Хүйсээр нь ялгаад муу хэлээд байх юм байхгүй. Эр, эм хоёр хүйс бие биенээ муулна гэдэг монголчуудын эв, гэр бүлийн дотор их том цав тогтоож байгаа хэрэг. Ямар ч юм сүүдэртэй байдаг. Чулуу хүртэл сүүдэртэй, шоргоолж хүртэл сүүдэртэй байдаг. Энэ хорвоод чинь сүүдэргүй улсууд байхгүй. Бие биенийхээ алдааг илүү хардаг болчихсон хаашаа ч үе юм бэ дээ. Өөрийгөө хянах гэдгийг мартаад өрөөл бусдыг хянах гэдэгт шилжчихсэн юм уу даа. Энэнээс болоод байгаа юм болов уу гэж боддог.
- Тэгвэл эрх чөлөөг буруу мэдэрсэн эрчүүддээ хандаж юу гэж хэлмээр санагддаг вэ?
- Архи ууж байгаа улс гурав, дөрвөн янз байгаа юм л даа. Орчлонгийн мөнх бусыг таньсан хойноо гэнэн сэтгэлгээ нь бүх тархийг нь эзлэхийн цагт биеэ ганд нь хаяж нэг хэсэг нь уудаг. Энэ бол их оюунлиг хүмүүсийн дотор гардаг явдал. Зарим нь хайраар дутаж архинд орж байхад, нөгөө хэсэг нь хайранд бялуураад ууж байх жишээтэй. Зарим нь үгүй, дутуу өчүүхэн бэрхшээлийн өмнө сөгдөхөөрөө амьдралын идэвхээ алдаж ууж байна. Нэг үгэнд гомдоод архинд орчихсон хүн байдаг юм шүү дээ, эр улс дотор. Би эр хүн учраас мэдэж байна. Сонсохгүй гэж бодож байсан, сонсож байгаагүй, сонсож болохооргүй ганцхан үгэнд гомдоход л эр хүн архинд орж болдог. Үүнийг сэтгэхүйн талаас нь нарийн судлах хэрэгтэй л дээ. Яг үнэндээ нэгэнтээ гундчихсан хүнийг их олон сургамжийн үгээр булаад нэмэргүй байдаг юм шиг санагддаг. Чих нь юм дуулахаа больчихдог юм. Хүн болгон л нэг янзын юм хэлнэ. Тэгэхээр би нэмэгдэж яахав. Харин эр хүн гэдэг бодгалын дэргэд гундах юу ч биш, гутрах юу ч биш. Тэгж ярих юм бол хагацал юу ч биш, жаргал юу ч биш. Эр хүн гэдэг юмаар хорвоо өм цөм дутаж л байдаг юм.
- Та энэ үгийг бүсгүйчүүд бидэнд л хандаж хэлээд байнаа даа?
- Эмээл дээр ургасан уул атлаа
Элгэнд чинь багтсан толгод
Эр хүнийг л хайрлаж яваарай гэж охиддоо, бүсгүйчүүддээ зориулж бичсэн миний шүлэг бий. Эр хүн агуу их мөртлөө алгын чинээ хайранд багтдаг байхгүй юу. Эр хүн чинь инээд хүрмээр энхрий амьтан. Эр хүнийг энхрийлж болохгүй юм шиг боддог. Бүдүүн бараг, энхрийлж хэрэггүй юм шиг эр хүнийг ганд нь битгий хаяж байгаач. Эр хүнийг энхрийлж байгаач гэж хэлмээр байдаг юм. Эр хүн чинь хайрламаар улсууд шүү дээ. Тэр их бяр, тэр их эр зориг, үзүүлээд байгаа сүр хүчин чинь бүгд л эхийн өвөрт багтдаг л эд байхгүй юу.
- Санал нэгдэж байна. Гэхдээ хүмүүс айл гэрийн ноён нуруу эр хүнийг хошуу дэвсээд байх нь зохимжгүй гэж боддог байх?
-Идэх унтах, тухлах жаргах гэдэг чинь их жаахан зүйл шүү дээ. Хоёр хүн амьд мэнд бие биенээ түшиж байнаа гэдэг чинь харин том юм. Тэр их томыгоо бодохгүй жаахан юман дээрээ маргаад, жижиг юмнаасаа эвдрээд салж байгаа нь хамгийн том алдаа. Би ухаандаа эм хүн юмаа гэхэд архи уудаг нөхрийгөө архи уулаа гэж зэмлэх биш, амьд харагдаж байгаад нь баярлаж явах ёстой. Тэвчээр, өршөөл гэдэг чинь амьдралын тулгуур багана нь юм шүү дээ. Амьдралын тал нь уучлал, тал нь хайр байдаг. Эр хүнийг хүлээх хэрэгтэй. Эр хүн өршөөлгөх дуртай. Өршөөлийн өмнө өчүүхэн болдог. Өршөөж л байх юм бол зөөлөрдөг. Эр хүнгүй айл хүйт дааж байдаг. Олсон орлогоор нь өрхийн тэргүүнийг тодорхойлж болохгүй. Зарим айлд эхнэр нь илүү цалин авч байгаа бол өөрийгөө өрхийн тэргүүн шиг ойлгодог. Өрхийн тэргүүн гэдэг бол эр хүн. Энэ тухайд бол эргэлзээд байх юм байхгүй. Арга буюу орчлонгийн хагацал дайрах үед өрхөө толгойлоод үлдэж байгаа эмэгтэй хүнийг эс тооцвол өөр ямар ч үедээ эр хүн өрхийн тэргүүн байдаг. Өрхийн тэргүүн ямар байна тэр айл тийм л байдаг.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна