Аймгийн Алдарт уяач Б.Амгалан: Эр хүн, адуу хоёр ижилсэх хэцүү, хэцүү

А.Тэлмэн
2014 оны 5-р сарын 29 -нд

Завхан аймгийн Цагаанчулуут сумын уугуул, аймгийн Алдарт уяач Балбарын Амгалангийн сонирхолтой хуучийг эрхэм уншигч та бүхэндээ санал болгож байна. 1954 онд Дэлгэр багийн нутаг Харчулуут хэмээх газар төрсөн тэрээр хүн хүлэг хоёр ижилсэхийн тухайд сонин сайхан хуучийг дэлгэсэн билээ.
-Хурдан морьтой холбогдсон түүхээс яриагаа эхэлье. Малын захад малчны хотонд өссөн хүү багаас адуутай ойр байсан байх?
-Тэгэлгүй яахав. Би чинь хүүхэд байхаасаа эхлээд цэрэгт явтлаа хурдан морь унасан хүн шүү дээ. Бие багатай ч хүүхэд байсан байх. Манай сумаас төрсөн анхны аймгийн Алдарт уяач Билэг болон сумын Алдарт уяач Өндөр Пүрэвжав нарын морийг унадаг  байлаа. Бас болоогүй ээ, нэгдлийн 11 даага сургаад шагналд нь нэг зээрд даага авч тавьчихаад цэрэгт явсан. Халагдаад ирсэн хавчиг соёолон морь болсон байсан. Түүнийгээ 1980 онд анх уяад сумынхаа наадамд түрүүлгэж байлаа. Дараа жил нь 1981 онд АХ-ын 60 жилийн ойгоор бас дахиад түрүүлгэсэн. Ингэж л уяачийн гараагаа эхэлж байлаа.
-Гараа ч аргагүй сайн байжээ?
-Нутгийн хөгшчүүл “хар нялхаараа цоорхой уяач болчихлоо” гээд явуулна. Би түүнд нь  бас битүүхэн урамшина аа./инээв/ Тэгж байгаад 1982 онд нэгдлийн адуу авч хариулах болсон юм. 1982 оны аравдугаар сарын 2-нд 556 адуу аваад 1989 онд шиг санагдаж байна, мянга хүргээд хоёр суурь болгон тасдаж, жилийн дараа 1990 онд дахиад 300 адуу тасдаж суурь болгож байлаа.
-Нэгдлийн олон малыг маллах, норм төлөвлөгөө биелүүлэхийн хажуугаар морь уях гэдэг бас яггүй байсан дуулддаг юм билээ?
-Дуртай хүн аргалаад уядаг л юм билээ. Зээрд морь анх сумын наадамд түрүүлэхэд байнд нь буурал үрээ авсан юм. Тэр нас нийлээд бас айрагдсан. 1983 онд нэгдлийн адуунаас нэг эмнэг зээрд халзан даага барьж сургаад уясан тэр соёолон хүртлээ бага дөрвөн насандаа тувт тав дээр давхисан. Ямар сайндаа л “Тавын халзан” нэртэй болж байхав. Ах нь өнөөдрийн байдлаар их нас, азарга нийлсэн 10 түрүүтэй. Сумын наадамд шүү дээ. Хоёр их насны морийг ээлжлээд сумын наадамд долоон удаа түрүүлгэсэн байдаг юм.
-Нэг нь ямар ч байсан дааганд нь бэлгэнд авдаг зээрд морь.Нөгөө нь...?
-Бас нэг халтар морь байсан юм. Тэр таван удаа түрүүлсэн. Бас нэг хээр азарга завсаргүй гурав түрүүлж байлаа.
-10 түрүү, хэдэн айрагтай вэ?
-Сумын наадмын зургаан насны 40 гаруй айрагтай. Зарим жил зургаан насны морь уяна. Цөөн гэхэд л гурван нас уяна шүү дээ. Тэгээд азарга, их морь түрүүлгээд, соёолон аман хүзүүдүүлж, даага айрагдуулсан жил ч бий.
-Тав түрүүлсэн халтар морь тань хаанахын адуу байсан юм бэ?
-Нэг талаараа миний унаган адуу. Нөгөө талаар хүнээс авсан адуу. Яагаад ингэж ярьж байна вэ гэхээр Шилүүстэйн Цэрэнжигмэд гэдэг хүнд  халтар мориныхоо эцэг жороо хээр үрээг зарсан юм. Тэгээд өгөхдөө “би хээр азарганыхаа нэг төлийг авна. Гэхдээ нүдээ унагачихсан сайн төлийг чинь авахгүй. Таныг ав гэсэн жилийн нэг эр унагыг нь авна шүү” гэж тохирсон юм. Тэгсэн чинь таван жилийн дараа байхаа, “найман эр даага байна. Ирж дуртайгаа ав” гэсэн хэл ирсэн. Тэгэхээр нь хадганд нэг шил архи боож өвөртөлчихөөд нөгөө өвгөнийдөө давхиад очлоо. Сургаад, дэлийг нь засчихсан долоон сайхан үрээ байна. Бүр сулин жороо чиг л байна. Үгүй ээ, тэгсэн дэлийг нь ч аваагүй, нэг муу навсгар халтар даага сайварлаж алдаад л явааг харчихаад авмаар санагдаад болдоггүй. Тэгээд “үгүй энэ мөн хөөрхөн хөсрий юмаа” гэтэл өвгөн, “наадах чинь бараг хонины үнэгүй мал. Хүүхдүүдийг сургаад өг гэхээр сургаж өгөх хүн олдохгүй байгаа юм. Цаад долоог нь сургачихсан. Үйлгүй жороо чиг байна, хурдан ч байх шиг байна. Чи морь сойдог хүн байна. Харж байгаад  дуртайгаа ав” гэж байна. Дүүрсэн хэрэг гэж бодоод энэ халтрыг чинь л авъя гээд хэлээд тавьчихлаа. Тэгсэн нөгөөх чинь байдсан гүү хөхөж байна аа. Байдсан гүүний хэнз унага бололтой юм. Нялх амьтныг цагаан сүүнээс нь  салгалтай биш. Эхтэй нь аваад явалтай биш. Тэгээд “за, би зүсэлчихлээ. Энэ халтрыг та сургаж ерөөсөө болохгүй шүү. Мордож ч хэрэггүй. Би хойтон ирж авъя” гэж хэлээд үлдээчихлээ. Хойтон жил нь яваад очсон сайхан том хар халтар шүдлэн болчихсон байсан. Тэгээд л авчраад уясан, нас нийлтлээ явдаггүй. Шүдлэндээ 14, хязааландаа  хорь гаргаад, соёолондоо бүр 25 дээр ирж байна. Тэгээд харин нас нийлсэн жилээсээ эхлээд тав түрүүлж, долоо айрагдсан.
-Даахин дор хүлэг, дахан дор эр гэдэг оргүй ч үг биш шүү. Ихэнх цуут хурдан хүлэг багадаа хүний нүдэнд өртөхөөргүй хариугүй юмнууд байсан гэлцдэг юм?
-Манай сумын Бира гэж залууд нэг сайхан хээр үрээ байдаг. Нөгөөдөхөд нь миний нүд унаад болдоггүй. Манай хүн болохоор морь уядаггүй. Тэгээд шууд хэлчихэж чадахгүй “чи энэ хээр хязаалангаа уяач” гэсэн “та авч уяхгүй юу. Би ямар морь уях биш” гэж байна. Яг авах болсон “хэдэн байдас хураалгачихсан байгаа” гээд өгсөнгүй. Соёолонд авах гэсэн “би азаргагүй, өгч чадахгүй” гэсээр байгаад гүйцээд хоёр жил болж байхад нь арайхийж нэг авсан юм. Тэгээд тэр жилээ шөвгөрөөд, дараа жилээс нь эхлээд завсаргүй гурав түрүүлж, гурав айрагдсан. Хээр азаргыг анх түрүүлсэн жил нөгөө эзэн нь “Би танд өгөөгүй бол адууныхаа хурдыг мэдэхгүй байж” гээд баярласнаа илэрхийлж байсан. Би бас нөгөөдөхөө дүү гэхгүй ганц шил архитай уулзана аа. /инээв/
-Төлүүд нь давхиж байх юм уу?
-Хэд хэдэн айраг авсан, түрүүлээгүй . Одоо горьдож байгаа ганц морь бий. Энэ жил нас нийлж байгаа юм. Эртээд арваадхан хоног оролдож овъёос идүүлээд тавьсан. Ингэсгээд барьж уяна даа.
-Сонсоод байх нь ээ, голдуу дээд нас түрүүлгэдэг бололтой юмаа?
-Тийм ш дээ. Дээд нас, тэр дундаа азарга, их морины 10 түрүүтэй мөртлөө бага насны ганц түрүү байхгүй. Бага адуугаа хайрлаад уяж чаддаггүй юм шиг байгаа юм. Нэгдлийн адуу маллаж байхад агтны тоо гүйцээх гээд мөн ч олон үстэй эрдэнээ явуулсан шүү. Засгийн адуу маллаж байгаа хүн дээрээс өгсөн даалгаврыг биелүүлэхийн тулд арга буюу л өгдөг юм даа. Мөн ч хэцүү шүү. Ижил дасал болсон эрдэнэт малаа тэгж олноор нь явуулах. Агт чинь бүр хүйс заачихдаг байсан. Заавал эр, аль сайныг авна шүү дээ. Нэг жил би агт уяад гүйцчихлээ гэж санаад уургач морио тавьчихаад очлоо. Тэгсэн чинь нэг адуу дутчихдаг юм. Олон байхад нь тоохгүй л байсан хэр нь ганц адуу дутчихсан чинь авч үлдсэн хэдэн үрээнээс алийг нь өгдөг билээ гээд нулимс унагаж байлаа шүү дээ. Эр хүн, адуу хоёр ижилсэх хэцүү, хэцүү.
-Хүн, морь хоёр ижилссэн өр өвтгөм түүхүүд цөөнгүй шүү?
-Их сонин шүү. Өөрийг чинь асуухаар ярьчихмаар санагдлаа. Бараг худлаа баймаар тохиолдол надад тохиож байсан юм шүү. Би есөн настай сургуульд суугаад 13-тай дөрөвдүгээр анги төгссөн байхгүй юу. Тэгээд нэгдлийн сүргээс 11 даага сургаж, сартай шар халиун мориор шагнууллаа. Миний тэр халиун морь сайхан хүлэг ээ, сайхан хүлэг. Гэм нь надтай ижилсчихээд надаас өөр хүн хүргэдэггүй болчихсон. Гурван жилийн цэргийн алба хаагаад ирсэн хүний гар хүргээгүй гээд онгон дэлтэйгээ давхиж явсан. Салхинаас өөрийг нуруундаа хүргээгүй аргамаг хүлгээ унамаар санагдаад маллаж байсан ахдаа нь хэлтэл “ээ дээ, чи бид хоёр ч барьж барахгүй байх даа” гээд болдоггүй. Халиун морь хашаанд ордоггүй адуу байхгүй юу. Тэгсэн чинь яасан юм, намайг нэг хашгираад тойруулаадахсан хашаанд орчихлоо. Бугуйлдаж аваад оосорлох гэсэн оосорлуулдаггүй. Чөдрөө барьчихаад хоолойгоо засч мөлхсөөр байгаад яваад очтол хүзүү сунгаад үнэрлэж байна аа. Тэгэхээр нь нөгөө ахтайгаа нийлж байгаад эмээллэж хазаарлаж аваад унавал ч унаг гээд хашаан дотроо мордчихгүй юу. Тэгсэн чинь ерөөсөө булгиагүй. Сонин шүү. Тэр хавийнхан эзнээ таньж байна шүү гээд л гайхаад байсан. Тэр үед би морь мал уядаггүй, тусдаа ч гараагүй. Ээжтэйгээ байдаг байсан юм. Халиун морио барьж унасан нь наадмын урд өдөр байж таараад аргамжих санаатай явж байсан чинь алдуураад давхиад явчихлаа. Ингээд маргаашийн наадамд халиун морьтойгоо явна гэсэн маань талаар болох нь гэж бодоод хэд гурийлаадахсан “под, под” гээд шогшоод хүрээд ирсэн шүү. Тэр хангал амьтан гурийлах дуунаар хүрээд ирнэ гэхээр сонин байгаа биз. Тэгсэн надтай явсан залуу “Амгалан ах, та халиун морьтойгоо ярьдаг болчихсон юм байна” гэж билээ. Түүнээс өмнө би хүн, морь ижилсэнэ гэдэг хөгшчүүлийн дэгс яриа л гэж боддог байлаа.
-Халиун мориороо хичнээн жил гангарсан бэ?
-Олон жил гангарсаан. Хөөрхий минь 29 хүрч байж нүд аньсан. Хайрлаад гар хүрч чадахгүй байсаар бүр зөнөглөж өнгөрсөн. Дээр ярьсан сумын наадамд хэд хэд түрүүлсэн зээрд  морь яг унаад явахаар халиун морины хаана ч хүрдэггүй байсан. Даанч миний халиуныг надаас өөр хүн унаж чадахгүй болохоор уралдуулж чадаагүй юм.
-Адуутай нөхөрлөсөн эр хүний амсах ёстой зовлон, жаргалын аль алийг нь хүртжээ?
-Ёстой үнэн шүү. Адуутай нөхөрлөнө гэдэг эр хүний баяр бахдал шүү дээ. Тэр дундаа хурдан морь уяна, сойно гэдэг эр хүнд ихийг бодогдуулж, олон зүйлд сургадаг. Ажиглаад байхад уяачид гэдэг их сонин улс шүү дээ. Хот, хөдөөгийн ялгаагүй наадмын урьд өрдүүдэд хамгийн царай муутай хүмүүс байдаг хэр нь морио түрүүлж, айрагдчихаар нүд ам нь гялалзаад хамгийн царайлаг нь болчихдог. Үгүй тэгдэг биз дээ. Наадмын өмнө харвал хэдэн сар хээр хоносон, хүйтэн цагийн тоосонд дарагдчихсан хувцастай юмнууд байдаг. Тэгээд морь айрагдсан юм уу, түрүүлсний дараа бол нөгөөдөхийгөө мартчихсан түмэн амьтнаар баяр хүргүүлээд, инээд алдаад л... Хүүхдээ барьж авч үнсээд л...  Монгол наадам гэдэг сайхаан, сайхан.
-Наадам нүдэнд харагдаж байх чинь ээ?
-/инээгээд/Манай том банди аавыгаа дуурайгаад морь уяж эхэлж байна. Энэ жил би өөрөө морь уяагүй. Манай банди есөн настай дүүгээ дагуулаад явсан. Их нас, хязаалан хоёр гуравлуулчихаад ирнэ лээ. Түүнд нь бас их урам ороод байгаа. Монгол эр хүн морьтойгоо ойр байж, монгол наадамдаа оролцож байх хэрэгтэй. Намайг багад манай нутгийн Самдан заан гэж хүн байсан. Тэр надад “Ээ дээ хүү минь, чи морь уяад байгаарай. Чиний морь давхина шүү” гээд. Яагаад тэгж захидаг байсан гэхээр эрт дээр үеэсээ манай энэ Хошууч бэйсийн хошууг усан хүрээтэй, усан хилтэй хэмээдэг байсан юм билээ. Усан хүрээ заагтай манай хошууны морьд нас нийлэхээрээ гүйцэгддэггүй байсан юм гэнэ лээ. Нутаг ус чинь тийм зохилдолгоотой юм чинь шантрахгүй хичээвэл амжилт олно л гэж байхгүй юу.
-Тийм учиртай байх нь ээ. Дээхнэ үеийн настайчуудын амнаас учир ерөөлгүй үг цөөн унадаг байсан юм шиг ээ?
-Хэлээд юу гэхэв. Манай нутгийн мундаг морь шинждэг хүний тухай домгийг өөрт чинь ярьж өгөх үү.
-Дуртайяа сонсъё?
-Маргааш түрүүлэх морийг маргаангүй хэлдэг Үст гэж морь шинждэг өвгөн байжээ. Хошууны ноёд нөгөө өвгөнийг наадмын урд өдөр дагуулж яваад уяа морьдыг шинжүүлж, таавал хайрцгийн боов гээчээр шагнадаг байж. Нэг жилийн наадмаар дагуулж яваад өмнөх шигээ асуусан Үст өвгөн, "Гол багийн шон дээр нэг жаахан ягаан морь байна. Хавчиг соёолон байхаа даа. Тэр маргааш түрүүлнэ" гэж. Ноёд тайжууд нөгөөхийг нь очоод үзсэн даага шиг хариугүй ягаан юм байна гэнэ. Тэгээд Үстэд “энэ жил чи хайрцгийн боовоо алдлаа шүү” гэсэн “алдъя алдъя, дээдэс минь” гэсэн юм гэнэ лээ. Маргааш нь морь уралдаж. Үстийн заасан жаахан ягаан түрүүлж, хайрцгийн боовоо авч байсан гэдэг.
-Сайхан түүх байна?
-Хамгийн сонин нь тэр ягаан морь манай буурал ээжийн бүлийн морь байсан юм билээ. Тэгээд л тэрийг мэдэх Самдан заан надад тэгж захиж байхгүй юу. Тэр үедээ учрыг нь сайн мэдэхгүй ч зааны үгэнд ихэд урамшиж байсан. Магадгүй морь гэдэг хийморилог амьтнаас заяа хазайж, нүүр буруулаагүй өдий хүрэхэд тэр буурлын урмын үг нөлөөлсөн байх.
-Бидний урилгыг хүлээж авч сайхан хууч дэлгэсэн Алдартаа баярлалаа. Хурдан тууртын босоо цагаан хийморьт өнө мөнхөд ивээгдэж яваарай.
-Тэр ерөөл бат сайхан орших болтугай. Дүү нарын ажил сайхан бүтэж явахыг хүсье дээ.

А.Тэлмэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна