Уран дархан Д.Алтангэрэл: Дархан хүний бүтээл цаг хугацаа өнгөрөх тусам үнэ цэнэ нь өсч байдаг

А.Тэлмэн
2014 оны 5-р сарын 14 -нд

-“Эмээлийн” Алтангэрэл гэдэг нэрийг нэг бус удаа дуулж байлаа. Бараг овог тань болсон энэ ажлаа хэзээнээс эрхлэх болсон юм бэ?
-Би сайн багшийн хүчинд дархан болсон хүн. Миний багш бол Ардын зураач, Төрийн шагналт Гэлэгийн Одон гэдэг агуу хүн байлаа. Одон багшийнхаа удирдлаган дор УБИС-ийн уран зургийн ангийг төгсч, тэр цагаас хойш энэ ажлаа хийж байна даа. Их сургуульд байхдаа л дархан хийж эхэлсэн гэхээр бараг 30 хэдэн жил энэ ажлаа хийчихэж байгаа юм байна шүү дээ. Миний ирээдүйг харж, дархан болгосон багшдаа одоо ч гэсэн талархаж явдаг юм. Багш маань намайг тэнгэрээс харж байгаа байхаа.
-Ур ухаан, уйгагүй хөдөлмөр шингэсэн монгол дархны үйлийг хэн дуртай нь эрхлээд байхгүй. Ядаж л гарын ур дүй гэгч гарцаагүй байх учиртай биз ээ? 
 -Нэг хувийн авьяас, 99 хувийн хөдөлмөрөөс уран бүтээл төрдөг гэдэг. Хүн болгонд байгаль эх ямар нэгэн авьяас заяадаг. Харин түүнийг нь хүн өөрийн хөдөлмөрөөр хөгжүүлж, оюун ухаандаа төвхнүүлж чадвал сая уран бүтээл төрдөг. Миний хувьд энэхүү нэг хувийн авьяас ээжийн талаас өвлөгдөж ирсэн гэж боддог юм. Яагаад гэхээр удам судраа судлаад байсан чинь манай дээд талынхан Дарьганга зүгийн хүмүүс болоод явчихаж байна лээ. Дарьгангын хийц гэдэг Халхад алдартай шүү дээ.
-Та ингэхэд аль нутгийн хүн бэ?
-Би Сэлэнгэ аймгийн Зүүнхараагийн сангийн аж ахуй буюу Мандал суманд төрсөн. Харин манай ээжийн ахыг бага байхад нь манай нутгийнхан “Дарьгангын сайран хөлтийн удмууд явж байна” гэдэг байсан юм.
-Та удам дамжин ирсэн нэг хувийн авьяасаа хэдий үеэс мэдэрсэн бэ?
-Дөрвөн настайгаасаа эхлээд л цаас харандаа барьчихаад “тугал унтуулсангүй, босгочихлоо” гээд эмээдээ загнуулаад л гүйдэг хүүхэд байсан. Амихандаа зурах гэж байгаа санаатай. Манай ээжийн ээж Чойдог гэдэг хөгшин байсан юм. Тэгээд 5-6 настай болоод ирэхээрээ нутгийнхаа сийлбэрч Палам гэдэг хүн дээр очиж хөөгдөөд л, загнуулаад гардаг байсан.
-Авьяасаа их эрт мэдэрсэн байх нь ээ?
-Наймдугаар анги төгсчихөөд хотод ирж Дүрслэх урлагийн дунд сургуульд шалгалт өглөө. Тэр үед Амгалан багш захирлаар ажиллаж байсан юм. 210 хүүхэд шалгалтанд ороод 20 нь тэнцэж байхад би тэр дунд багтчихсан байсан.
-Тэгвэл та эхлээд Дүрслэх урлагийн сургууль төгссөн юм байна шүү дээ?
-Үгүй ээ. Амгалан багш маань “Чи авьяастай хүүхэд байна. Даанч бэлтгэл алга. Ирэх жилээс бэлтгэлтэй хүрээд ир” гэсэн юм. Гэсэн ч хөдөөний хүүхэд бол хөдөөний л хүүхэд байдаг хойно би дахиж ирж чадаагүй. Харин Баянчандманийн ТМС-д хуваарилагдаад, хичээлээ хийхгүй сийлбэр хийгээд л суудаг байлаа. Манай ТМС-ийн захирал Балдандорж гэж хүн байсан юм. Тэр хүн миний гарын дүйтэйг мэдчихээд хүмүүст өгөх бэлэг дурсгалын зүйлс сийлүүлнэ. ТМС төгсөөд Зүүнхараагийн автын слесарийн ангид орж төгсөөд түүгээрээ ч ажилласан юмгүй. Эрдэнэтийн цэргийн ангид алба хаасан. Энэ хугацаандаа зураач, сийлбэрч болно гэсэн багын мөрөөдлөө гээж чадахгүй байсаар УБИС-д шалгалт өгч тэнцээд Одон багшийнхаа шавь болсон доо.
-Анхны уран бүтээл тань юу байсан бэ?
-Хамгийн анхных гэвэл тав байна уу зургаан настай байхдаа нэг модон морь сийлчихээд, дэл сүүлийг нь тас хараар, их биеийг нь мөнгөн боронзоор будаад бурхандаа тавьж байсан маань. Анхных болоод тэр үү, одоо хүртэл санаанаас гардаггүй юм. Түүнээс хойш 80 гаруй эмээл, 2500 гаруй аяга хийсэн байна. Мөн олон арван шавь бэлтгэж. Дархны хөдөлмөр гэдэг чинь агуу хөдөлмөр байхгүй юу. Суудал дээрээ таван цаг сууж чадахгүй хүн дархан болно гэж яриад ч хэрэггүй. Тэгж удаан сууж төвлөрч байж бүтээл гардаг юм.
-Уншигчдын маань эрэлтэнд нийцэх тул эмээлийн талаар жаахан дэлгэрэнгүй ярилцъя. Алтангэрэл дархны урласан эмээлүүд юугаараа давуу байдаг юм бэ?
-Монгол эр хүний дээд зэргийн чимэг гангараа бол сайхан эмээл, хазаар тэргүүтэн. Сайн эдлэл хэрэгсэлтэй сайхан морь унаад явж байгаа хүн ямар ч үнэтэй гоё машин унаснаас илүү нүдэнд дулаахан харагддаг. Хэдэн зуун саяын үнэтэй машин унаад явж байхад гадаадынхан тоож хардаггүй хэрнээ сайхан эмээл, хазаартай морь уначихсан явахад зогтусаад харж байх жишээтэй. 1997 онд нэг том эмээл хийчихээд захиалагчийнхаа хамт анхны “Их хурд”-ыг очиж үзлээ. Тэгсэн гадаадынхан автобуснаас дөнгөж буугаад л нөгөө эмээл дээр шавчихсан. Ямар сайндаа манай нөгөөдүүл явах гэхээр улсууд шавчихаад явуулахгүй бөөн юм болж байхав. /инээв/
-Тэр үеэс л Алтангэрэл дархны эмээл моданд орж эхэлсэн юм байна шүү дээ?
-Өмнөговийн нэг залуугийн захиалгаар хийгдсэн шинэ загварын нэлээд том эмээл байсан юм. Тэр үед тийм том эмээл байгаагүй болохоор хүмүүс их шохоорхсон байх л даа. Би дан ганц эмээл бус хазаар, хударга, дөрөө гээд бүгдийг нь цогцоор нь хийдэг. Тэгж байж сайхан бүтээл болно. Түүнээс биш эмээл хийж байгаа нь энэ гээд дөрөөг нь хаячихвал эмжээргүй дээлтэй адил харагдана биз дээ.
-Монгол эмээл хэдэн янзын хэв загвартай байдаг юм бэ?
-Монгол Улс чинь олон үндэстэн, ястантай. Тэр бүгд өөр өөрсдийн хэлбэр хийцтэй эмээл, хазаар хэрэглэдэг. Баруун аймгийнхан гэхэд гөлөм нь ухаадастай байдаг бол зүүн аймгуудынх ухаадасгүй, шулуун шахуу гөлөмтэй байх жишээтэй. Хийцийн хувьд Төв Халх, Дарьганга, Батноров гэсэн гурван том хийц байна. Батноров хийц гэдэг нь цутгаж хийдэг. Холоос харахад гоё, тод харагдана. Харин Дарьганга хийцийн эмээлийг цагаан мөнгийг давтаж, хөөн, нимгэлээд хээ хуар, ургамал амьтны дүрсийг сүлжиж хийдэг. Ер нь хамгийн нарийн нь Дарьганга хийц. Холоос сайн тодорч харагдахгүй ч ойртож очоод харвал илүү уран нарийн хийцтэй. Төв Халх хийц гэдэг нь энгийн чимэглэлтэйг хэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, өдөр тутмын хэрэглээний гэсэн үг.
-Хүмүүс аль хийцийнхийг нь илүүтэй сонирхдог юм бэ?
-Батноров хийцийг л илүүтэй сонирхдог доо. Би ч гэсэн голдуу Батноров талыг барьж хийдэг. Гэхдээ захиалагчийнхаа бие, донж төрхөнд тохируулж загвараа гаргана шүү дээ.
-Хүний бие хаад бас тохируулах ёстой юу?
-Тэгэлгүй яахав. Жижиг биетэй хүнд данхайсан том эмээл хийгээд өгчихвөл араас нь гарахгүй юм болно биз дээ. Эсвэл том биетэй хүнд жижиг эмээл хийгээд өгчихвөл хүүхдийн эмээл тохчихсон юм шиг  харагдана. Тиймээс захиалагчийнхаа саналыг сонсчихоод , дотроо тэр хүнд тохирох эмээлийг зурж бодно. Тэгж байж хийнэ шүү дээ.
-Нэг эмээл дунджаар ямар хугацаанд бүтээгддэг вэ?
-Бүтээл хийхэд хугацаа ярьдаггүй юм. Ялангуяа, шинэ загварын эмээл хийх гэж байгаа бол хугацаанд баригдаж хийнэ гэж байхгүй. Ер нь уран бүтээлч хүн өдөр болгон шинээр сэтгэдэг. Өнөөдөр нэг зохиомж хийчихээд 2-3 хоногийн дараа эргээд харахад шал өөр юм толгойд орж ирэх жишээтэй. Заавал захиалга орж ирсэн үед биш. Би хаана ч явсан ямар шинэ загварын эмээл хийвэл ард түмний сэтгэл санаанд нийцэх бол гэж эрэлд хатаж бодож явдаг хүн. Тэгээд ч намайг  зориод ирж байгаа хүмүүст аль болох сайн сайхан зүйл хийж өгөхийг хичээнэ. Дархны бүтээл гэдэг нэр хүндийн илэрхийлэл болдог. Тэр ч утгаараа дархан хүний бүтээл цаг хугацаа өнгөрөх тусам үнэ цэнэ нь өсч байдаг. Халхын алдартай дархчуудын бүтээл өнөөдөр маш өндрөөр үнэлэгдэж байна шүү дээ. Дээр үеийн юмны үнэ цэнийг мэддэг хаад ноёд мундаг дархчуудад азарга адуу, суурь хонь тасдаж өгөөд юмаа хийлгэдэг байсан гэдэг. Ер нь дархчуулын бүтээлийг хэрэглэдэг хүмүүс бол урлагийн мэдрэмжтэй, аливаа юмны үнэ цэнийг мэдэрдэг хоосонгүй хүмүүс байдаг.
-Өнөөдрийг хүртэл хийсэн 80 эмээл тань өөр хоорондоо давтагдашгүй бүтээлүүд болсон уу?
-5-6 нь шинэ загварын эмээл байгаа юм. Гэхдээ би ер нь болж өгвөл давтагдахааргүй бүтээл хийхийг хичээдэг. Би гэлтгүй уран бүтээлч хүмүүсийн “муу” зан юм уу даа. Тод манлай уяач Онон бид хоёр олон жил сайхан нөхөрлөж байгаа найзууд. Би Ононд 3-4 ч эмээл хийж өгсөн. Сүүлийн эмээлийг бол бүр хийж өгье гэж бодож шинэ загвараар хийсэн. Тэр эмээл бол эмээл эмээлээс этгээд. Хамгийн наад зах нь Ононгийн өөрийнх нь тамганы дүрсийг оруулж өгсөн.
-Таны хийцийн эмээл дунджаар ямар ханштай байдаг вэ?
-Энгийн хэрэглээний Батноров хийцийн эмээл бол 25 сая хавьцаа. Том шинэ загварын эмээл бол 80 саяас дээш яригданаа.
-Ний нуугүй хэлэхэд, сүүлийн үед чамирхал нь дэндээд хэрэглээ гэдгээ тооцоогүй эмээл цөөнгүй харагдах юм. Хүн малдаа зүдэргээтэй тиймэрхүү эмээлүүдийг бүтээл гэж хэлэх нь зөв эсэхийг сайн мэдэхгүй л байна?  -Хүн хүний сэтгэхүй өөр. Зарим нь эд хөрөнгөөр баярхаж байхад, зарим нь хийц донжоор нь гайхуулж байна. Ер нь монголчууд эрт дээр үеэс хийцийн нарийнаар гангарч ирсэн ард түмэн. Эмээл гэхэд л гоё хийцтэй, тэгсэн мөртлөө морь, хүндээ зохицсон байж гоё харагдана. Түүнээс биш 200-300 лан мөнгө оруулчихаад хүн, мал аль алиныг зовоогоод байвал хэцүү шүү дээ. Өөрийн чинь хэлсэнчлэн тийм эмээл цөөнгүй харагддаг юмаа.
-Зохистой тун нь хэдэн лан байхав?
-Дунджаар 60-70 лан мөнгө ороход хамгийн тохирмжтой. Мориндоо ч тэр, эзэндээ ч тэр түүртэл байхгүй. Тэгээд гүйцэтгэл сайхантай, цэвэрхэн, донж нь таарсан бол хараа булаагаад л явчихна. Түүнээс 200-300 лан мөнгө оруулж хийнэ гэдэг зохисгүй. Хүнд шүү дээ. Түүн дээр чинь хударга, хазаар орно. Тэгэхээр тэр их хүнд юмыг моринд тохоод удаан явбал нуруу туруугаа авахаас эхлээд гэм олно шүү дээ. Ер нь хүн өөртөө зохисон эдийг хэрэглэж байх нь хамгийн сайхан гангараа болдог. Хийж өгч байгаа хүн ч гэсэн түүнийг нь илэн далангүй хэлдэг байх хэрэгтэй.
-Та түүхий эдээ хаанаас авдаг вэ. Сайн элдсэн сур нүдний гэм болоод байна гэх уяач цөөнгүй таардаг юм?
-Уг нь завтайсан болоод цагтайсан бол өөрсдөө л түүхий эдээ боловсруулчихмаар байгаа юм. Миний аав сур сайхан элддэг. Бороо шороонд норсон ч хатаж хорчийдоггүй сайхан сур хийдэг байж билээ. Би ч гэсэн завтай болоод элдвэл муу юм хийхгүй л дээ. Даанч өдөр шөнөгүй ажилтайгаа ноцолдчихоор хаагуур нь сур элдэхэв. Гэхдээ гайгүй сур нийлүүлдэг нэг хүнтэй. Түүнээсээ авна. Хаа хамаагүй хүнээс авчихаар утаагаар утаад өмхийрүүлчихсэн. Нөгөөг нь эмээлд хийчихээр утааны хачин муухай үнэр гараад хэцүү юм билээ. Гөлмөө бол Хятадаас орж ирснийг нь л авч байна. Өөр сонголт байхгүй.
-Эмээлийн мод оо?
-Эмээлийн модоо өөрсдөө бэлтгэнэ. Уулнаас бэлтгэж ирсэн модоо нэг хүнд өгч ерөнхий рамыг нь зангидуулчихаад, өөрсдөө засч янзлаад сийлнэ. Алтангэрэлийн хийж байгаа эмээлийн цаана маш олон хүн ажилтай, орлоготой болдог. Жишээлбэл, гөлмөө сая 500 мянга төгрөгөөр оёулна. Би өнгөрсөн хугацаанд 20 гаруй шавь бэлтгэсэн. Тэд маань одоо 2-3 шавьтай болчихсон байна. Дор бүрнээ бүтээл хийгээд явж байна. Энэ нь миний бас нэгэн бахархал. Би монгол хүн битгий ажилгүй хоолгүй байгаасай гэж боддог. Ажил олдохгүй байна. Ажилд орно доо гэж ярьж байгаа залуучуудыг ойлгодоггүй. Хүн өөрөө л ажлыг бий болгоно шүү дээ. Түүнээс биш заавал аль нэг байгууллагад орж, цагаа бүртгүүлснээр ажилтай болж байгаа юм биш. 
-Техник технологийн давуу талыг ашиглах уу. Эсвэл дан уламжлалт арга барилаараа хийдэг юм уу?
-Ер нь болж өгвөл уламжлалт арга барилаараа хийхийг хичээдэг. Монгол дархны урлал гэдэг нэг талаараа соёлын өв байхгүй юу. Жинхэнэ дархан хүн, ялангуяа өөрийгөө уран бүтээлч гэж үнэлдэг хүн нэг хэлбэр загварын зүйлийг олон дахин хийж үйлдвэрлэл явуулдаггүй. Хэвэнд цутгаад хэдэн зуугаар нь үйлдвэрлэж байгаа хүмүүс бол дархчуул биш. Нүдний ур, ухааны ур, гарын ур гурав нь нийлж байж дархан болно уу гэхээс подвол, байшингийн өнцөгт хужаа хэвэнд цутган ээмэг, бөгж цохиж байгаа хүмүүс бол дархан биш. Гэлээ гээд тэднийг буруутгах аргагүй. Тэд амьдралаа залгуулж байгаа хүмүүс шүү дээ.
-Дархан хүн бурхан ухаантай гэсэн хэлц бий. Та үүнийг юу гэж тайлдаг вэ?
-Бурхны бүтээл дахин давтагдашгүй. Бас засварлах аргагүй төгс байдаг гэдэг шүү дээ. Түүнтэй л зүйрлүүлж хэлсэн болов уу гэж ойлгодог. Би 2004 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди гуайн ивээл дор “Монгол дархан-2004”  үзэсгэлэнг зохион байгуулж, Халхын бүх дархчуулыг цуглуулж байлаа. Долоо хоног үргэлжилсэн тэр арга хэмжээ үнэхээр олны таашаалд нийцсэн үйл явдал болсон. Ямар сайндаа Ерөнхийлөгч микрофоноор үг хэлж дуусчихаад буцаж ирээд “Монголын түүхэнд байгаагүй гоё үзэсгэлэн боллоо” гээд баяр хүргэж байхав. Түүний дараа 2008 онд Энхбаяр Ерөнхийлөгчийн үед одоо Төрийн ордонд залаастай байгаа “Монголын Нууц Товчоо” бүтээлийн гүйцэтгэлд хоёр шавьтайгаа оролцож, бүтэн таван сарын турш үсээ цайтал сууж байж мөнгөн хэрэглэлийг нь хийсэн. Гэхдээ ямар нэг хөлс аваагүй. Түүхэн ач холбогдолтой тэр том бүтээлийг бий болгоход уран бүтээлчийнхээ хувьд хандив өргөх учиртай гэж үзсэн юм.
-“Монгол дархан” үзэсгэлэнгээ дахин хийе гэсэн бодол бий юу?
-Бодолгүй яахав. Соёлын сайд Оюунгэрэлтэй уулзчих юмсан гэж бодоод л явна. Тэгээд сайдаар дамжуулж байгаад Ерөнхийлөгчтэй уулзчихвал дэмжих байх л гэж бодож байгаа. Анхны үзэсгэлэнгээс хойш 10 жил өнгөрсөн байна шүү дээ. 10 жилийн ой дээр нь Монголын бүх урлалын дархчуулыг цуглуулаад өөрсдийнх нь ур чадвар ямар хэмжээнд, хаахна явааг харуулчихмаар байна.
-Дахиад л эмээлийн талаар асуух болох нь. Унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангахуйц, дээр нь хурдан моринд халгаагүй орчин цагийн онцлогт тохирсон монгол эмээл нэн хэрэгтэй байна. Энэ талаар бодож байв уу?   
-Наадахыг чинь олон жил бодож байна аа. Нэг эвтэйхэн загвар гаргачихаад жижиг цех байгуулчихвал ядаж л хэдэн ажлын байртай болно шүү дээ. Түүнээс гадна би бас нэг том юм бодож явдаг хүн.
-Юу тэр вэ?
-Уралдаан наадмуудын медаль. Медалийн стандарт гэдэг юмыг маш яаралтай баталж цэгцлэхгүй бол болохоо байж. Манай найз уран дархан Нямдорж гэж хүн байдаг юм. Тэр маань Японы эрдэмтэнтэй  хөдөөгүүр явж байгаад малчин айлд орж л дээ. Тэгсэн айлын хойморт баахан медаль өлгөөтэй байхыг харж байснаа нөгөө япон эрдэмтэн чинь  “Танай Монгол чинь дархан байхгүй юм уу. Зах дээр зардаг медаль авчраад зүүчихсэн байх юм” гэсэн гэнэ лээ. “Морь мэдэхгүй шахуу гадны хүн тэгж хэлэхээр нь сэтгэл эмзэглэж, элэг эмтрэх шиг болсон шүү” гэж найз маань ирээд надад ярьсан. Монгол хүн морио дээдэлдэг гээд л яриад байна. Тэгсэн хэр нь тэр сайхан хүлгийнхээ магнайд Эрээний хог дээр байдаг төмөр авчраад залчихаар ямар хэрэг байхав дээ. Морины бай шагналд өгч байгаа мөнгөнийхөө 10 хувийг медальд нь зориулаад, дархчуулаа ч гэсэн дамжаад тухайн уралдаан, наадмынхаа хэв шинжийг илэрхийлсэн медаль хийлгэж болно шүү дээ.Тэгээд медалийн хэлбэрийг бүр тогтох хэрэгтэй байгаа юм. Жишээлбэл, улсын наадмын медаль бөөрөнхий хэлбэртэй байдаг бол бүсийнх нь дөрвөлжин байдаг ч юм уу. Цаашлаад аймгийн баяр наадмынх нэг хэв загвартай, сумынх нь бас нэг хэв загвартай. Морины медалийг нь хараад л хаана ямар уралдаанд амжилт гаргаж  байсныг нь танихуйц хэмжээний.
-Сайхан санаа байна?
-Би энэ тухайгаа ММСУХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэнд хэлсэн. Одоогоор ямар нэг хариу хэлээгүй л байна.
-Алтангэрэл дархан эмээл тэргүүтэн урлахаас гадна морин эрдэнээ дээдэлж, монгол наадмаа чимдэг нэгэн. Хэзээнээс хурдан хүлгийн уяа эвлүүлэх болсон юм бэ?
-Хар нялхаасаа адуу дагасан хүн. Адуундаа дэндүү хайртай. Хичнээн ядарч байсан ч адуун дээрээ очоод бүхнээ мартчихдаг хүн дээ. Ялангуяа хавар гүү унагалаад эхлэхээр аль нь эр унага гаргасан бол, аль нь охин унага гаргасан бол гээд тогтож суухаа байна шүү дээ.
-Улсын наадамд азарга айрагдуулж байсан гэдэг билүү?
-2001 оны Улсын наадамд миний хээр азарга таваар давхиж байсан. Түүнээс өмнө хээр азарга маань 1994 онд шүдлэндээ Улсын наадамд аман хүзүүнд хурдалж, хязааландаа наймаар давхиж байсан адуу.
-Аль нутгийн ямар угшлын адуу вэ?
-Сэлэнгэ аймгийн Зүүнхараа сумын адуу. 1997 онд байна уу даа, хоёр сая 500 мянган төгрөгөөр найзаасаа худалдаж авч байсан юм. Тэгээд Онон, манай бас нэг найз хоёр уяж Улсын наадамд айрагдуулж байсан юм. Моринд дуртай болохоороо энд тэндээс олон адуу авсан. Муугүй адуунууд цуглуулсан гэж боддог шүү.
-Жишээлбэл, хаа хаанаас авч байв?
-Олон газраас авсан даа. Дөнгөж орж ирсэн машин өгөөд азарга авч л байлаа. Бас Ононд эмээл хийж өгөөд 60 саяд бодон хоёр үрээ авсан. Түүгээрээ азарга тавих санаатай байна. Жаргалантын морин заводын адуу манай түүгээр их тархсан байдаг юм. Түүнээс ч авсан. Би машин тэрэг сонирхдоггүй. Хөл дүүжлээд ажил амжуулж байвал боллоо гэж үздэг. Тэгсэн хэр нь адуунд бол гар татахгүй ээ. Адуу гэдэг чинь аргагүй хийморилог амьтан шүү дээ.
-Танай нутгийн адуу ч гэсэн цус сайн сэлбэсэн хурдтай даа?
-Тэгэлгүй яахав. 1976 оны Улсын наадамд түрүүлж байсан Дүвжирийн хээр, 1977 оны наадамд түрүүлж байсан “Онги” хэмээх Дашзэвэгийн хээр гээд хурдан морьдыг би хүүхэд байхдаа унаж байлаа.
-Улсад түрүүлэхэд нь үү?
-Үгүй ээ. Тохоштойгоо мулт үсэрч уначихаад ахдаа загнуулж хөглөж явсан эр дээ. Түүнээсээ болоод ахаасаа жавтий хүртэн дахиж унах эрхгүй болсон. Манай ах гэдэг нь хээр морины жинхэнэ эзэн “майга” хэмээх  Шарав гэж хүн байсан. Манай садангийн хүн л дээ. Тэгээд л надаар унуулж, тохоштой мордуулаадахсан чинь  гараа сайтай адуу байгаад ухасхийхэд нь би шувтраад уначихгүй юу. Тэгсэн “чи унаж чадахгүй юм байна” гээд болиулчихсан. Түүнээс хойш би олон жил хүний морь унасаан. 1975 онд манай ахын эхнэр өнгөрөөд, ах маань хээр морио Дүвжир гуайд зарчихсан юм. Тэгсэн Дүвжин гуай тэр жилээ улсад түрүүлгээд, хойтон жил нь Дашзэвэг гуайд зарж, нөгөөх нь ахиад түрүүлсэн. Тэр хээр морь аргагүй хурдан буян байсан даа. Ер нь манай Хараагаас Халхын олон хурдан буян төрсөн. Түүний нэг нь Ганбаатарын ухаа халзан морь байна.
-Нээрэн тийм шүү. Ингэхэд дархан маань ямархан хийцтэй эмээлээр  гангардаг вэ. Эсвэл загасчны морь усгүй гэдэг шиг өөртөө эмээл төхөөрч амжаагүй явна уу?
-/инээгээд/ Ёстой голыг нь олоод хэлчихлээ. Өнөөдөр би өөрөө цай уух аягагүй, тохох эмээлгүй л сууж байна. Нэг аятайхан аяга, эмээл хийчихээр хүмүүс орж ирээд энийг чинь л авъя гээд аваад явчихдаг юм. Одоо нас ахиад ч тэр юм уу, хүүдээ, өөртөө эмээл хийе гэж бодоод материалаа бэлтгэчихсэн байгаа. Өөрөө хэрэглээд сүйд болдоггүй юмаа гэхэд үр хүүхдэд үлдэх байлгүй дээ.
-Бидний урилгыг хүлээж авч, уран бүтээлийнхээ цагаас хумслан  байж ярилцсан танд баярлалаа. Уран бүтээлийн өндөр амжилт хүсье.
-Баярлалаа. Та бүгдэд ч гэсэн уран бүтээл, ажил хөдөлмөрийн их амжилт хүсье.

А.Мөнх

 

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • 197.211.58.17

    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. и

    Reply