Үндэсний морин уралдаан бол монгол дархлаа

Санжаадорж
2014 оны 4-р сарын 07 -нд

Монгол Улсын  Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, “Би эхээс төрөөд гурав хоноод морин дээр гарсан гэдэг юм.  Монголчуудын агуу сайхан соёл бол морьтой харьцдаг соёл. Энэ монгол адууны соёл  бол монголчуудыг энэ дэлхий дээр өөрийгөө таниулдаг, ялгардаг соёл юм гэж боддог. Тэгэхээр  морио  уядаг, адуу малтайгаа   холбоотой амьдарч байгаа хүмүүс  бол Монголын мөн чанарыг хадгалж байгаа улс.  Энэ соёл нь Монголыг хэдэн зуу, мянган  жил авч явж ирсэн байгаа юм.  Ер нь монгол хүн  адуугаа хурааж морио барихдаа очих газраа бодож барьдаг. Үүнийг би их гоё философи юм байна гэж боддог. Байгальд ээлтэй агуу үйлдвэрлэл.  Нүүдэлчин ахуй гэдэг үнэт  зүйл. Үүнийг авч явах ёстой “ гэж ярихыг  бид бүгд сонссон.
Монголчуудын морьтой харьцдаг соёл нь  монгол адуутай монгол ахуйд бий болсон зөвхөн монгол үндэстэн оршин тогтнож ирсэн дархлаа  болохыг Монгол Улсын Ерөнхийлөгч хэлжээ.   
Монголчуудын адуутайгаа харьцдаг соёлын хөгжлийн  оргил нь үндэсний морин уралдаан юм. Үндэсний морин уралдаан нь үндэстний уламжилж ирсэн хүндэтгэл, билэгдэл, хатуу дэг, ёс жаягтай  байдагт  мөн чанар нь оршдог.  Төр улсын  хийморь лундааг билэгдсэн, сайн сайхны агуулга чанарыг илэрхийлж хөгжиж ирсэн онцлогтой. Унасан хүүхдийн хийморь, уясан эзний хийморь, уралдсан морины хийморь тэгширч байж морь түрүүлдэг гэж билэгддэг. Түрүүлсэн хүлгийг “төрийн билэгдэл төгс шинжит хурдан хүлэг”, “төрийн түмэн эх”, “ мөнх төрийн мөнгөн магнай "  гэх мэтээр нэрлэн дээдэлдэг.  “Морь уях төрийн хэрэг” ч гэж үг бий болсон.  Монгол адуугаа төрийн сүлдэнд мөнхөлдгийн учирч ийм ажээ.  
Үндэстний  энэ их агуу соёлыг  авч явах эсэх нь үндэсний аюулгүй байдлын  бодлогоос  шууд хамааралтай. Иймээс төр засгийн  бодлого Ерөнхийлөгчийн хэлж буй үгтэй нийцэж байна уу, үгүй юу гэдгийг өнөөгийн бодит байдалтай жишиж үзэж, бодож тунгаах  цаг иржээ.
Өнөөгийн XXI зууны эхэнд Үндэсний морин уралдааныг “Монголчуудын их өв соёл” гэдгийг умартан, нэр хүндийн бизнес, мөрийтэй тоглоомын хэлбэрт  хувиргасан субъект нь ММСУХ, эрх зүйн баримт бичиг нь Баяр наадмын тухай хууль  боллоо.   
Дэлхий нийт олон улсад автомашин техникийг  марк стандартаар, морин уралдааныг  үүлдрээр ялган ангилан уралдаан тэмцээн  зохион байгуулдаг нь  хуульчлагдан  тогтсон байдаг аж.  Гэтэл манай улсын Баяр наадмын тухай хуульд төрийн  баяр наадамд зөвхөн  “монгол адуу” гэх буюу  үүлдрээр ангилж уралдуулах  тухай  үг үсэг байхгүй. Тиймээс Хүй долоон худгийн монгол наадмын дэвжээн дээр адуу хэлбэртэй амьтан бүхнийг  уралдуулах эрх зүй бүрэлджээ.  
Үүний үр дүнд  гайхамшигт түүхт  монгол адуугаа “мал хариулдаг  адуу” гэх,   их өв соёлыг авч яваа  жинхэнэ уяачдыг “барлаг” хэмээн үнэ хүндгүй болгон нэр хүндийг нь  доош оруулан гутаалаа. Ингэж монгол адуу, жинхэнэ уяач хоёр нэр хүндийн бизнесийн үзэл суртлын хэлмэгдэлд дарагджээ.    
Монгол үндэстэн, өнөөгийн бид оршин байгаа үндсийн үндэс нь   бидний өвөг дээдэс, монгол адуу хоёрын ач тус гэж бичигч би бээр сүсэглэж явдаг хүн.  Монгол хүн монгол адуугаа дорд үзнэ гэдэг угтаа үндэстэн мөхөж байгаа ч юм шиг бодогдох боллоо.
Аль болох шинжлэх ухаанч байдлаар хандах нь чухал тул  монгол адууны биологийн мөн чанарын тухай   Монгол Улсын Биологийн хүрээлэнгийн генетикч, эрдэмтэн докторуудын яриаг энд өгүүлье.     
...дэлхийд 250-иад үүлдрийн адуу байдгийн нэг нь монгол адуу ажээ. Монгол адуу нь хиймэл биш уугуул адуу гэдгийг тогтоосон байна.  Монголын өргөн уудам нутагт тархсан  Ховдын Мянгад адуу, Тэсийн голын адуу, Хөвсгөлийн цагаан адуу, Өмнөговийн  Говьшанхын адуу , Хэнтийн  Галшар адуунуудын генетикийн шинжилгээ хийхэд хоорондоо ав адилхан  байдаг байна. Энэ бол аль нь ч ялгаагүй монгол адуу мөн гэдгийг шинжлэх ухаан нотолжээ. Галшар адуу бол монгол адууг дотор нь монгол адуугаар нь  сайжруулж бий болгосон адуу болохоос  өөр цусны адуугаар  эрлийзжүүлж бий болгоогүй  гэдэг нь  генетикийн  шинжилгээгээр нотлогдсон байна. Эрлийз адуу бол монгол адуу  ч биш, ямар ч үүлдрийн адуу биш, туршилтын амьтан гэж үздэг юм байна. Эрлийзжүүлснээр монгол адууны чанар  муудахын зэрэгцээ,  хэдэн үеийн дараа  гений цөмрөлд орж 30-40 жилд устах ёстой гэнэ. Мөн монгол адуу тахиас үүсээгүй болохыг  ч  эрдэмтэд   нотолсон байна. Хардэл жанжин бэйсийн Галшар адууг бий болгосон нь эрдэмтдийн энэ дүгнэлттэй таарч байгаа нь гайхамшигтай юм. Харин  Жаргалант, Морин тойруулгын адууны мөхөл, хувь заяа ч амьдрал дээр нотлогдсоныг дараах жишээ харуулж байгаа юм. 1930-аад оны сүүлээр  Батсүмбэр, Жаргалантын САА-д морин завод байгуулж Галшарын хурдан удамт адуун сүргээр суурилан Дон, Орлов үүлдрийн 40-50 азарга тавьж эрлийзжүүлэн  3-4 мянга болтол өсгөн  үржүүлжээ. Гэвч морин завод  1960- аад онд  татан буугдаж, тэдгээр адуу Төв , Сэлэнгэ аймгийн зарим САА,  сумдын  малчдын гар дээр тоо ёсоор шилжсэн  боловч  цагийн явцад эрдэмтдийн хэлснээр гений цөмрөлд ороод устаж үгүй болжээ. Морин тойруулгын адууны хувь заяа мөн ийм замаар үргэлжлээд дуусч байгааг  харж болно. 
Гэтэл ММСУХ-ны удирдлага  шинэ үеийн  тэрбумтан залуучуудыг “Монгол адуу хоцрогдсон. Англи, Араб азаргануудаар  монгол гүүнүүдийг хүчиндээд бай. Төрийн наадамд уралдуулах шинэ монгол адуу яаралтай  хий"  гэж уриалсаар байна.   Эрдэмтэд үүнтэй санал нийлэхгүй байна.  
1990 оноос хойш үндэсний үзэл сэргэх хандлага үүсч  зохиолч Ш.Сүрэнжавын “Цэц магнай, Гарьд магнай, Тод магнай “ гэсэн эрийн гурван наадмын мөн чанарыг өгүүлсэн уран сайхны кино дэлгэцнээ гарсныг сайн мэднэ. Эднээс “Тод магнай” гэдэг нь моринд өгсөн өргөмжит  цол  байснаас тэр кинонд  цол хэргэмтэй уяач гардаггүйг бид харцгаасан. Хурдны өлгий Халхын Сэцэнхан аймгийн түүхэнд мөнхөрсөн  уяачид Сэцэнхан Артсэд, хардэл жанжин бэйс М.Пүрэвжав, Ононмөр хаван,  монхор халтар Цогдэлгэр нарыг том  уяач  гэхээс өөр албан ёсны  алдар  цолгүй байжээ. Тэр үеийн төрийн эрх мэдэлтнүүд  өв соёл, ёс суртахууныг дээдэлж байсны гэрч баримт дээрх жишээнээс харагдаж  байна. 
“Уяач”  гэдэг тодорхой хүлээн зөвшөөрөгдсөн  үнэлэмжтэй,  хүндэтгэл хүлээсэн нэр. Монголчууд өөр хоорондоо “Адуутай харьцах соёлыг эзэмшсэн, хүлэг морио шинждэг, өөрөө уях дадлагатай,  уяачийн дэг, соёл,  ёс  суртахууныг дээдлэн сахидаг,  адуунд үнэнхүү  сэтгэлээ өгсөн, морь хурдлуулах эрдэмийг  төгс сурахын  төлөө үргэлж үнэн сэтгэлээсээ зүтэгдэг  хүнийг  уяач” гэж хүндэтгэж  ирсэн   байдаг. Тэднийг   дотор нь  муу уяач, тааруухан уяач, сайн уяач, том уяач, эрдэмт уяач  гэх мэтээр  уяачийнх нь хувьд эрэмбэлж жишиг тогтоож  иржээ. Энэ бол  монголчуудын шударга чанар, ёс заншил болтлоо хэвшсэн хадгалж явах ёстой  өв соёл юм. 
Уяач хүн хамгийн чухал нь ямар ч үед  “хүүхэд мэнд сайн уралдах”  ёстой  гэсэн бичигдээгүй тангарагтай. Үүнээс хамааруулж хэзээ,  хаана, ямар наадамд,  ямар морио унуулж уралдуулахаа  шийддэг. Өвлийн хөлдүү хүйтэнд хүүхэд, морь бээрэх, даарах эрсдэл нүүрэлж байдаг  тул уралдуулдаггүй.  Эрт цагаан сар гарах нь олон тул  цагаан сар гарлаа гээд ч уралдаад байдаггүй. Хаврын  дулаан өдрийг сонгон, замын байдлыг харгалзан ус нутгийн ойролцоогоор уралдуулж  нааддаг байв. Өөрөөр хэлбэл, нутаг усаараа  ойрын  хүрээндээ морио  уралдуулж  нааддаг  ёс заншил  уламжилж ирсэн  байна. Энэ бол хурдны өлгий Галшар болон зүүн  нутгийн соёл. 1990 оны дунд үеээс олон аймаг, сумыг хамарсан олон зуун морь уралддаг бүсийн уралдаан зохион байгуулдаг болсоор хориод жил болжээ. Энэ байдлыг үндэсний морин уралдааны хөгжил гэж бахархан сайшааж ирлээ. Энэ  нь   үндэсний өв соёл гэдэг мөн чанараа хэр зэрэг хадгалж, хөгжүүлж  байгаагаар  нь үнэлж  дүгнэсэн гэвэл худлаа.  Харин  хаа сайгүй том, жижиг уралдаан жилийн дөрвөн улиралд явагддаг  болсон  гэдгээр үнэлжээ гэвэл үнэнд ойртох биз.  
Баяр наадмын тухай хуульд “уяачид” цол олгоно гэсэн байдаг ч  “уяач”-ийн цолыг “морины эзэн”-д олгож ирсэн нь  үндэсний морин уралдааныг  мөрийтэй тоглоомын хэлбэрт оруулж  замаас нь  хадууруулчихлаа.    Гэсэн хэдий ч Монгол Улсын төр монгол өв соёлоо хамгаалах ёстой  гэж  найдаж өөрийн  үзэл бодлоо ийнхүү илэрхийлж байгаа юм.  
Монголын үндэсний морин уралдааны их өв соёлыг хөгжлийн өндөр түвшинд хүргэсэн  төр нийгмийн зүтгэлтэн, уяач, шинжээч, зураач, Хардэл жанжин бэйс, ноён М.Пүрэвжавын мэндэлсний 170  жилийн ой 2014 онд тохионо. Морьтон ардын шүтээн энэ их хүний ойг тэмдэглэх  гол утга нь  түүний суут  бүтээл, туурвилыг судлах, монгол адуу, монгол уяачийн гайхамшиг, түүнтэй холбоотой ёс жаяг өв соёлыг   шинэ үеийнхэнд мэдүүлэхэд  сургууль болох учиртай. 
Анх  1991 оноос “өвгөн ноёны наадам” нэртэйгээр  ийм л зорилгоор санаа төрж  уралдаан  наадам хийж эхлүүлсэн юм.  Түүнээс хойш М.Пүрэвжавын нэрэмжит улсын зүүн бүсийн уралдаан таван удаа болоход аймгийн Засаг дарга Балдандорж, Ч.Энхээ, Ч.Эрдэнэбаатар нар  хурдны өлгий нутгийн аймгийн Засаг дарга гэдгээрээ бахархан дэмжиж байсныг уяачид сайшаан ярьсаар  байгаа.  Энэ хугацаанд   уяач, аймгийн  Засаг дарга  асан С.Жаргалын үед бүсийн  уралдаан хийгдээгүй завсарлажээ.  Энэ бол  түүх. Өнөөгийн дэлхийн даяарчлалын явцад “үндэстэн өөрийн соёлоороо ялгарч оршиж үлдэх  учиртай”  гэсэн мэргэдийн сургаалыг  бид мэднэ.  
Үндэсний морин уралдаан бол өөр хаана ч байхгүй үндэсний өв соёл,  Монгол монголоороо  байхын дархлаа билээ. Үүнийг авч явах ёстой.      

Н.Санжаадорж        
 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна