Аймгийн Алдарт уяач Ж.Бат-Эрдэнэ: Сүхбаатар адууны шилмэл сүргийг бий болгохоор зорьж байна

А.Тэлмэн
2014 оны 3-р сарын 28 -нд

-Таны өвөг дээдэс өөрсдийн бэсрэг угшлын адуугаар одтой сайхан нааддаг байсан хүмүүс. Унаган адуугаа уяж уяачийн гараагаа эхэлж байв уу?
-Миний өвөө, аав, авга ах нар цөм хурдан морь уядаг байсан. Би тэднийгээ залгамжлан уяж байгаа гурав дахь үеийн уяач. Өвөө маань намайг төрөхөөс өмнө 1964 онд бурхан болсон болохоор би сайн мэддэггүй юм. Харин Дугар ахыгаа сайн мэднэ. Манайхаар их ирж очдог сайхан буурал байсан. Мөн багадаа аавын ах Рэгжибуу гэж хүний морийг унадаг байлаа. Би таван настайгаасаа эхлэн хурдан морь унасан.
-Багаасаа унасан юм байна?
-Тийм шүү. Ахынхаа уясан морийг унаад том жижиг олон наадамд уралдсан. Би багадаа их дураараа хүүхэд байсан. Хичээл номондоо сайн онц сурдаг байсан болохоор  тэрүү аав ээж зэмлэхгүй. Тэгээд бусад хүүхдүүд унтаж байхад би уяаны дэргэд хөгшчүүлийн хуучийг сонсож суудаг байлаа.
-Томчуудын яриа чагналаа гэж зэмлэхгүй юу?
-Харин би дархан эрхтэй хүүхэд байсан юм. Өөр хүүхдүүд очихоор хөгшчүүл аашлаад хөөчихдөг хэр нь би хөөгддөггүй байсан.
-Уяан дээр жинхэнэ амттай хуучууд хөвөрнө биз?
-Тэгэлгүй яахав. Ахынхаа өвөр дээр хэвтээд нутгийн мундаг уяачдын хуучийг сонсож байх тэр үеэс л морь гэдэг энэ хийморилог амьтанд татагдсан юм болов уу гэж боддог юм. Их сайхан сайхан юм яринаа. Гунгаа Жамсран гэж хүний хүрэн морины давхил, хийцийг их ярина. Тэр нь нөгөө дөрвөлжин адуу шүү дээ. За тэгээд тэр үед хурдалж байсан хурдан адуу, тэдгээрийн удам угшил, уяаны онцлог гээд юу эсийг ярихав. Тэр үед Монхцой Алдартын халиун, саарал  адуунууд их хурдан байлаа. Бүгээн Дамдинсүрэн гуайн хээр адуунууд ч бас их хурдалж байсан. Тэдгээрийн тухай салахын аргагүй амттай хуучийг хүүрнэдэгсэн. Би өөрийгөө Халзангийн оргил үеийнхний дунд хүүхэд насаа өнгөрөөсөн гэж боддог. Яагаад гэхээр манай Халзан эрт дээрээсээ хурдтай. Аймгийнхаа баяр наадмын зургаан түрүүг авчихдаг тийм сум байлаа шүү дээ.
-Хууччуулын тэр сайхан хууч яриа сэтгэлийн мухарт хадгалагдсаар олон жилийн дараа эргээд мориндоо орсон юмаа даа?
-Тэгсэн л байх. Би ер нь морь сонирхож уяхдаа ном судар уншиж  сүйд болоогүй. Хөгшчүүдийнхээ ярьдаг байсанчлан чих, толгой, хавирга, ахар сүүл, туур  зэргийг нь хараад өөрийнхөө хэмжээнд шинжинэ. Мөн өвчүүг нь их харна. Өвчүү түлхүү байх юм бол цээжний бяр сайн гэдэг байсан. Азарга тавих адуу хавирга томтой байх хэрэгтэй гэж ярьдаг байсан. Түүнчлэн эргүүлэг олон байх нь сайн адууны шинж гэдгийг бодож явдаг.
-Тэр үеийн уяачид эдэлгээгээр нь голдуу уядаг байсан юм шиг санагддаг? 
-Хурдан морины уяаны нэг хэсэг нь эдэлгээ гэж ярьдаг байсан. Буурал уяачид хөлөрсөн адуу унаж ирээд хотонд тавихад нөгөөх нь хэд сайхан хөрвөөгөөд давхина. Тэр үед яагаад ч юм их баясдаг байсан. Бодвол хурдан адууны шинж юмуу эсвэл адуу өсч үржихийн бэлгэдэл байсан байх.
-Та хэдэн жил хурдан морь унасан бэ?
-Тав зургаан жил унасан байх шүү.
-Тэгвэл уяачийн хувьд шимтэх болсон нь хэзээнийх вэ?
-Манай аав Жалбасүрэн Сүхбаатар аймгийн прокурорын газрын даргаар 20 жил ажилласан хүн. Шаардлага өндөртэй нийгмийн үед төрийн албан хаагч морь уях боломжгүй шүү дээ. Тиймээс аав маань тэтгэвэрт гарснаасаа хойш буюу Гааг ахыг өнгөрснөөс хойш ганц нэг морь уяж эхэлсэн. Тэр нь 1980-аад оны эхэн үе юмуу даа. Гэхдээ цөөхөн жил уясан.
-Гааг ахыг тань дээд боловсролтой мундаг сэхээтэн байсан гэж ярих юм билээ?
-Тийм шүү. Манай Гааг бол тухайн үеийн том сэхээтэн хүн.ЗХУ-ын коммунист намын дээд сургуулийг улаан дипломтой төгссөн.  Намын төв хороонд зааварлагчаар ажиллаж байсан. Мөн  Дорноговь аймгийн даргаар ажиллаж байсан. Тэгээд Лоохууз гуайн хэргийн үеэр хэлмэгдэж, албан тушаалаасаа буураад Төв аймгийн Баяндэлгэр суманд томилогдон тоо бүртгэгчээр ажиллаж байсан юм билээ. Дараа нь Сүхбаатар аймагт цөлөгдөн адуу малаа хариулж байгаад морь мал уясан гэдэг. Гааг гоё юм эдэлж хэрэглэдэг их ганган хүн байсан. Ямар сайндаа л “ганган Төгс” гэж байхав.
-Та аавынхаа уясан морийг унадаг байв уу?
-Манай аав цөөхөн жил морь уясан. Аавын уясан морийг манай дүү Батзандан унадаг байсан. Тэгээд бид сургууль соёлын мөр хөөж аавд хань болж үлдсэн нь одоо  манай морьдыг  уяж байгаа Баттөр байгаа юм. Төрөө манай хамгийн том ахын хүүхэд л дээ. Дүү маань өнөөдрийг хүртэл адуу малаа маллан гардан уяж байгаа. Бид хэд бол ажлын зав чөлөө харж байгаад наадмын үеэр л очно шүү дээ.
-Та ер нь хэдий үеэс хурдан моринд шимтэх болсон юм бэ?
-Ажил төрөл, сургууль соёл гэж явсаар байгаад одоогоос 20-иод жилийн өмнөөс л адуу руугаа  орсон байх. 2000 оны эхэн үе юмуу даа. Баяр наадмаар овоо хэдэн хоногийн амралт тохиодог шүү дээ. Түүнийгээ далимдуулан гэр бүлээрээ нутагтаа амрах гэж очоод адуугаа харсан хачин их хөөрч, догдолсон. Угшлыг нь ярихаар олон жил хөндийрсөн хүн чинь мэдэх мэдэхгүй болж таараад. Тэгээд буурлын буян дээдсийнхээ үйл хэргийг үргэлжлүүлье гээд мориндоо нэлээд эрчимтэй орсон доо.
-Гурван үе дамжсан удамт хурдан хүлгэд уяан дээр тань хүлээж байсан байх. Тэднийг уяхаас уяачийн гараагаа эхэлсэн үү?
-Адуу руу нэлээн эрчимтэй орсон шүү. Юун түрүүнд сор угшил бий болгоё гэдэг зорилт тавьсан. Тэгээд аав ээж, ах дүү хамаатан садангуудтай ярьж зөвлөж байгаад Сүхбаатар аймгийнхаа хурдан удмын адуутай айлуудынх ихэнхээр нь явж тэдгээрийн угшлын адуунаас гүү голдуу авсан. Нутгийн хурдан буянгуудыг нэг дор цуглуулахын зэрэгцээ цэвэр угшлын Англи азарга аваачсан. Одоо эхний  төлнүүд нь гарчихсан.
-Сүхбаатарын адууг шинэ цагийн монгол адуугаар баяжуулж цус холтгохоор шийдсэн юмаа ?
-Миний бодож байгаагаар Сүхбаатарын адуу эх талын ген сайтай. Сүхбаатар угшлын гүү гэдэг манай нутгийн том баялаг юм. Тиймээс ч нутаг оронд нь цэвэр цусны азарга оруулж, цусыг нь холдуулан адууны чанар сайжруулах зорилт тавьж байгаа. Өвгөн ноён  Хэнтийн Галшарыг нутаг орны онцлогт тохирсон адуу үржүүлж байсан шиг Сүхбаатар аймгийнхаа байгаль цаг уурын онцлогт тохирсон шинэ цагийн монгол адуу гаргаж авах зорилтыг дэвшүүлж байна. Ингэхдээ  гүүгээ байнга солино гэж бодож байгаа. Өөрөөр хэлбэл энэ жил 10 гүү тавьсан бол дараа жил өөр 10 гүү тавих зэргээр саваар нь сэлгэнэ.
-Энэ жил хэдэн гүү тавьсан бэ?
-Энэ жил 12,13 гүү унагална. Англи азаргаа аваачаад хоёр жил болж байна. Анхны төлүүд нь энэ хавар гарсан. Бодож байсанчлан хэлбэр хийц сайтай, сайхан унаганууд гарсан байна лээ. Эд нар дээрээ түшиглээд дараа дараагийн үржил селекцийн ажил явагдана. Хэдэн жилийн дараа Сүхбаатарын адууны шилмэл сүрэг бий болгоно гэж бодож байгаа.
-Хэтээ харсан зорилт байна. Ингэхэд Бат-Эрдэнэ дарга хэдэн оны аймгийн Алдарт уяач вэ?
-2007 онд болсон байхаа. Амжилт гэвэл аймгийн баяр наадамд халтар азарга, шүдлэн хязаалангууд түрүүлж айрагдсан. Мөн халтар азарга маань хаврын бүсийн уралдаанд айрагдсан. Эдгээрийг харгалзан үзэхийн зэрэгцээ нутгийнхаа хурдан морийг хөгжүүлэхэд оруулж байгаа хувь нэмрийг маань үнэлж энэхүү цолыг олгосон болов уу гэж би боддог. Удам дамжсан уяач хүний хувьд адуугаа сайжруулж нутаг орныхоо хурдан морины хөгжилд хувь нэмрээ оруулна гэж боддог.
-Сэтгэлчлэн бүтэх болтугай. Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье.
-Ерөөл бат оршиг. Амжилт хүсье.
А.Мөнх /"Тод магнай" сэтгүүл. Дугаар 07/42/. 2013 он/

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна