Дэлхийн морин спортын өнгийг тодорхойлогч-Күүлмоор /Coolmore stud/

Тэлмэн
2014 оны 3-р сарын 27 -нд

Ирландад очсон хоёр дахь өдрийн өглөө бид алдарт Күүлмоор /Coolmore Stud/ адуу үржүүлгийн төвтэй танилцсан юм. Салбартаа тэргүүлэгчдийн нэг Күүлмоор адуу үржүүлгийн төв 1975 онд  байгуулагджээ. Түүнээс өмнө жижиг фермерийн аж ахуй төдий байсан бөгөөд дэлхийн II дайнд гарамгай амжилт байгуулсан алдарт нисгэгч Тим Вигорс 1945 онд түүнийг өвлөн авсан байдаг. Тим Вигорс 1951 он хүртэл Гоффс дуудлага худалдааны компанид ажиллаж байгаад өөрийн гэсэн компани /дуудлага худалдааны/ байгуулан 1968 онд Күүлмоорт ирж, найз Винсент О’Брайн /тухайн үедээ алдартай уяач байжээ/ саятан Роберт Сангстер нартай хамтран адуу үржүүлгийн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн нь өдгөөгийн Күүлмоорийн үндэс болжээ. Гэвч Күүлмоорийг жинхэнэ утгаар нь цэцэглүүлсэн хүн бол Тим Вигорс бус харин түүний хамтрагчийн хүргэн Жон Магнир юм. Жон Магнир бол Винсентийн хүргэн бөгөөд Күүлмоорийг бүхэлд нь эзэмших болсноосоо хойш сая сая долларын ашигтай ажиллуулж чадсан, шилдэг маркетер юм. Тэрээр энэ салбарт /адуу үржүүлгийн/ ороод хорь гаруй жилийн нүүр үзэж байгаа ч “Күүлмоор”-оо Арабын Нэгдсэн Эмиратын Дубай хотын захирагч Шейх Мохамедийн Дарли морин заводтой өрсөлдөхүйц хэмжээнд хүргэж чадсан гайхалтай бизнесмен билээ. Магнирийг ирэхээс өмнө Күүлмоорийн азарганууд нэг нь жилд дунджаар жилд 40 орчим гүү хээлтүүлдэг байсан мань эр түүнийг нь тав дахин өсгөж, 200 орчим гүү хээлтүүлэх боломж нөхцлийг бүрдүүлж чаджээ. Өдгөө Күүлмоор төв гүү хээл авсан эсэхийг хоёр долоо хоногийн дотор тодорхойлж, гэдсэн дэх унаганы хүйсийг хоёр сартайд нь төвөггүй хэлдэг болжээ. Компаниа Арабын Шейхтэй өрсөлдөхүйц хэмжээний болгож чадсан ч Магнир бизнесээ өргөжүүлэн цэцэглүүлэх талаар цаг үргэлж санаа тавьж явдаг нэгэн. Чухам тиймдээ ч Таттерсалсийн дуудлага худалдааны өнгийг тодорхойлогч хэмээгддэг бизээ. Тэрээр дуудлага худалдаанаас хамгийн сайн адууг таньж, үнэ хайрлалгүй авч чаддаг. Басхүү түүнийхээ үр шимийг хэд дахин өсгөн олж авч чаддаг авьяаслаг нэгэн юм. Ганцхан жишээ хэлэхэд л 2006 онд Флоридагийн дуудлага худалдаан дээрээс Форестри нэртэй шүдлэн үрээг 16 сая ам.доллараар худалдаж авч, шинэ үнэ тогтоож байсан нь одоо хэр нь эвдэгдээгүй байна.
Күүлмоор өдгөө Ирландаас гадна Америк, Австралд салбарлан дэлхийн хамгийн шилмэл 60 гаруй азаргануудаар үржүүлэг хийж байна. Күүлмоороор овоглосон шилдэг азарганууд тив алгасан хувийн онгоц хөлөглөн нисч, хээлтүүлэгт ордог бөгөөд  хавартаа дэлхийн бөмбөрцгийн хойд талд буюу Ирланд, Америк, Японд, харин зун намартаа Австрали, Өмнөд Африкт очин үржүүлгэнд ордог байна.
Күүлмоороор овоглосон шилдэг азаргануудыг нэг бүрчлэн тоочих боломжгүй ч амьд домог болсон Дейнхилл болон Сайдлерс Уилс өнөө цагийн хамгийн нэртэй азарга Галилеог дурсахгүй өнгөрч болохгүй бизээ. Биднийг очиход Күүлмоорт /Ирланд дахь/16 азарга байсан бөгөөд тэдгээрээс нэг удаагийн хээлтүүлгийн өртөгөөрөө Галилео /350.000 евро/ тэргүүлж байгаа гэнэ. Галилеон эцэг нь алдарт Сайдлерс Уилс бол, эх нь Urban Sea хэмээн гүү юм. Дашрамд сонирхуулахад, Галилео өнөө цагийн алдартай азаргануудын нэг Sea The Stars-тай эцэг нэгтэй аж.
Бидэнд тэрхүү алдарт азаргыг бодитоор харах боломж тохиосон бөгөөд мөн Mastergraftsman, Declaration of war, Camelot зэрэг шилмэл азаргыг “шинжсэн”. Күүлмоорийн азарга бүр өөрийн нэр бүхий жүчээтэй. Жүчээний цэвэрлэгээ, арчилгаа, агааржуулалт зэргийн тухайд өөлөх юмгүй. Жүчээтэй танилцсаны дараа алдарт  Сайдлерс Уилсийг дахин харах боломж тохиосон нь энэ өдрийн хамгийн гайхалтай агшны нэг байлаа. Сайдлерс Уилс бол Күүлмоорийн түүхэнд мөнхөд дурсагдах азаргануудын нэг.Морь сонирхогчдын эчнээ танил Умардын бүжигчний төл энэ азарганы үржүүлгийн төлбөр нь 235 мянган фунт стерлинг байсан бөгөөд 23 жилийн турш үржүүлэгт орж, жил бүр 100-аас доошгүй гүү гишгэдэг байжээ. Сайдлерс Уилс 2008 онд “тэтгэвэртээ”  2011 онд 30 настайдаа нас барсан байна. Түүнийг нас барахаас хоёр жилийн өмнө чихмэл хийх ажлыг эхлүүлсэн бөгөөд амьсгал хураамагц хөлдөөн, хамгийн сүүлийн үеийн техник, технологийн шийдлийг ашиглан гайхалтайгаар хадгалж, Германд хоёр жилийн турш чихмэлийг нь хийсэн байна. Хялгасан судас нь хүртэл мэдрэгдэх яг л амьд мэт энэхүү чимхэл жинхэнэ урлагийн бүтээл болсон бөгөөд өдгөө Гүүлмоорийн үзэсгэлэнгийн танхимд залаастай байдаг юм билээ. Урсгал зөөлөн харцаар алсын бараа харан мөнхөрсөн Сайдлерс Уилсийн төлүүд тун амжилттай уралдаж, эцэг азарганыхаа болон Күүлмоорийн нэрийг дэлхийд таниулсан юм. 
Күүлмоор үе үеийн шилдэг азаргануудаа хөшөө дурсгалд мөнхөлсөн ч Сайдлерс Уилсийн чихмэл жинхэнэ урлагийн бүтээл болсон хэмээн олон хүн санал нэгддэг гэсэн. 5000 гектар талбай бүхий Гүүлмоориор явган аялахад нэлээдгүй хугацаа зарцуулах тул бид цаг хэмнэн   менежерийн хамт машинаар тойрч эргэн тойронтой нь танилцаад аяллаа өндөрлөсөн юм.
Англи цэвэр цусны адууны үржүүлгээрээ дэлхийд тэргүүлэгч Күүлмоорийн өнөөдрийн амжилтанд эздийн зөв бодлого, сайн азаргануудын оролцоо чухал байсан ч төр засгийн бодлого дэмжлэг дэм болсон мэт санагдсан. Учир нь 1969 онд Ирландын сангийн сайдын шийдвэрээр азарганы орлогыг татвараас чөлөөлсөн бөгөөд тэрхүү шийдвэр өнөөдрийг хүртэл хүчинтэй хэвээр байгаа юм. Мөн түүнчлэн морин спорт хөгжиж буй манай улсын хувьд, хурдан морь сонирхогчид нь дор бүрнээ адуугаа сайжруулахаар хөрөнгө зарж, сайн муу нь мэдэхгүй үнэтэй азарга, гүү авч байхаар нэгдэн нийлж, Күүлмоорийн туршлагаас хуваалцан адуу үржүүлгийн томоохон төвтэй болчихоод дотоодын болон хөрш зэргэлдээ Орос, Хятад цаашлаад азийн бусад улс орнуудын зах зээлд нийлүүлэхэд болохгүй зүйлгүй санагдсан шүү.
Бид цаашдаа Күүлмоорийн үе үеийн шилдэг азаргануудын талаарх мэдээллийг цувралаар хүргэх тул өнөөдрийн тэмдэглэлээ энэ хүрээд жаргаая.

А.Тэлмэн


 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна