Ц.Энхтайван: Уугуул нутаг, аав ээж, ойр дотныхноо баярлуулах шиг сайхан баяр бахархал, омогшил байдаггүй юм билээ

Санжаадорж
2014 оны 2-р сарын 26 -нд

Хүн ер нь өвөг дээдсийнхээ нутгаа хүндэлж, шүтэж тахиж явах ёстой юм билээ

-Морьтон монголчуудын мөнхийн омогшлыг дэлхий дахинаа тунхаглан зарласан түүхэн үйл явдлын хийморилог эрхэмтэй ярилцах таатай байна. 2013 оны Монголын хурдан морины онцлох үйл явдлын нэг нь “Монгол морь-3000” арга хэмжээ байсан байх.
-Юуны өмнө гарч буй морь жилийн мэндийг Монголынхоо нийт уяачдад хүргэе. 2013 он надад болон манай уяаныханд ээлтэй сайхан жил байлаа. Хонгор халзан морь маань бахдам сайхан амжилтыг үзүүлж уясан эзэн, унасан хүүхэд наадамчин олноо баясгасан. Улсын баяр наадамд аман хүзүүнд хурдалж, шигшмэл морьдын “Их хурд-6” уралдаанд айргийн гурваар давхисан. Түүний дараа “Монгол морь-3000” Гиннесийн амжилтанд бүртгүүлэх 4249 морины уралдаанд түрүүлсэн амжилтаар улиран одож байгаа оноо үдлээ.
-2013 оны чансаа өндөр хамгийн том гурван наадмаас түрүү, айраг хүртсэн гэхэд дэндүү даруу аашилж байгаа юм шиг санагдахгүй байна уу. Эсвэл ийм сэтгэлийн хөдөлгөөн багатай хүн үү?
-Сэтгэлийн хөдөлгөөн багатай. Бас барих чадвар ч  сайтай байж мэднэ /инээв/. Бариа ойртож хугацаа багасах тусам тамхи татах нь л ихэснэ. Тэр нь магадгүй сэтгэл хөдлөлөө барих, өөрийгөө хянах нэг хэлбэр байж болох юм. Хажууд байгаа ойр дотны хүмүүс бол анзаарна л даа. За нөгөөх чинь ер нь их догдолж байгаа юм байна шүү гээд л...

"Таны морь нэг л өдөр түрүүлнэ" гэсэн хүүгийн маань үг биеллээ олсон

-Хонгор халзан морины энэ жилийн уралдаануудаас аль нь илүүтэй догдлуулав. Төрийн наадмын анхны айргийг авчирсан улсын наадам уу, эсвэл гурван жилдээ нэг болдог морины олимп “Их хурд-6” юу. Эсвэл дэлхийн дээд амжилтанд бүртгүүлэх 4249 морины нүсэр уралдаан уу?
-Улсын наадам, “Их хурд” хоёр хэдхэн минутын дотор л үйл явдал нь өрнөөд өнгөрчихдөг. Хүүхэд, морь мал гэж байтал дараа дараагийн үйл явдлууд өрнөчихдөг учраас би Гиннесийн уралдааныг гэж хэлэх байна. Үнэхээр бас юм бодогддог юм билээ. Би үзэгчдийн дунд сууж байсан. Бариа дөхөөд ирсэн малгайгаараа нүүрээ таглаад, морь, хүмүүсийн дундуур хойшоо зүтгээд л олны дундаас гарахын түүс болсон. Ямар сайндаа хөлсний хашаа руу очиж чадаагүй.
-Ховорхон тохиох тийм баярт мөчид юу бодогддог юм бэ?
-Өвөг дээдэс, эцэг эхийнхээ нэрийг дуудуулан нутаг усаа баясгаж байна гэдэг хамгийн бахархалтай юм байна  лээ. Тэр үед  “Баянхонгорын бүх хүн л цай, сүүнийхээ дээжийг өргөж байсан шүү”гэж дараа нь надад нэг хөгшин хэлсэн. Хүнд уугуул нутаг, аав ээж, ойр дотныхноо баярлуулах шиг сайхан бахархал, омогшил байдаггүй юм байна гэдгийг тэгэхэд л мэдэрсэн дээ.
-Сэтгэл нь хонгор, итгэл нь хонгор, адуу нь хонгор, амраг нь хонгор нутгийн хөвгүүдийн хийморь ассан жил байлаа. Та аль сумын хүн бэ?
-Би Төв аймгийн Баян-Өнжүүл сумын хүн. Миний дээдчүүл Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын хүмүүс. Монгол хүн аавынхаа нутгаар овоглодог шүү дээ. Тэр жишгээр би Баянхонгор аймгийн Баян-Овоо сумаараа овоглож байгаа. Миний аав Цэндийн өвөө номхон Түндэв гэж нутаг усандаа нэр хүндтэй, адуу мал сайтай хүн байсан гэдэг. Тэр хүний өвөлжөө Ламын гэгээний 370 жилийн ойн хурдан морь уралдсан Дуурсахын хөндийд байдаг юм билээ. 2009 оны наадамд очихдоо  шөнө аавтайгаа хоёул явж уулын мухарт байдаг өвөлжөөг нь олж тахисан юм. Маргааш нь миний үрээ айрагдаж, том наадмын анхны айргийг авчирсан. Хүн ер нь өвөг дээдсийн нутгаа хүндэлж, тахин шүтэж тахиж явах ёстой юм билээ.
-Баянхонгорчууд нутгийн хүүдээ хөл алдаж байгаа дуулдсан?
-Баян-Овоо сумынхан бүр тусад нь хүлээж авч уулзсан. Аймгийн удирдлагууд, уяачдын холбоо гээд нутаг орны төлөөлөл цөм хүлээн авч уулзан баяр талархлаа илэрхийлсэн. Үнэхээр сайхан юм билээ. Би чинь нутгийнхнаа сайн таньдаггүй байсан хүн. Тэгсэн энэ жил өвөг дээдэс, зарим хамаатан садангуудаа хүртэл олж авлаа. Нутаг орон хүүгээ л гэдэг юм байна гэдгийг мэдэрсэн. Энэ бүхэн монгол морины буян заяа юм даа. Ламын гэгээн Лувсанданзанжанцаны мэлмий гийсний 360 жилийн ойгоор мянга гаруй морь уралдаж түүнд Баян-Овоо сумын харьяат Баатар гэдэг хүний морь түрүүлж байсан юм билээ. Түүний дараа өнгөрсөн жил болдог 4249 морь уралдаад бас Баян-Овоогийн хүүгийн морь түрүүллээ хэмээн нутгийн олон ихэд бэлгэшээж байсан.
-Том наадмын анхны айргаа уугуул нутгийн дэвжээнээ амсч байж. Дээдсүүдийн нутаг хайр хишгээ харамгүй хайрладаг бололтой?
 -Тийм шүү. Морь сонирхоод багагүй хугацаа өнгөрсний эцэст 2009 онд нутагтаа болсон бүсийн наадмаас анхны айргаа хүртэж байлаа. Тэгэхэд саарал шүдлэн маань айргийн таваар хурдалсан. Шувуун саарал маань Дорноговь аймгийн адуу. 2008 онд шүдлэндээ улсын наадамд 15-аар давхисан. Уг нь тэр  жил их хурдан, бараг айрагдчих болов уу гэсэн горьдлоготой байсан ч урьд өдөр нь хүүхэд гараа хугалаад тэгээд чадаагүй. Морины ажил хийж байсан миний нэг таньдаг хүн ирээд “нэг морь авлаа. Хүүхдээр чинь унуулаад үзье” гэсэн юм. Наадмын урьд өдөр морь авдаг нь ч яадаг юм байсан. Тэгээд манай хүүхэд мордоод явлаа. Тэгсэн нөгөө найз маань “нэг хөдөлгөөдөх” гээд хашгирсан хүүхэд ч ухасхийсэн морь нь бусгаад шидчихдэг юм. Тэгээд л сандраад хүүхдээ аваад  гэмтлийн эмнэлэгт ирж гарыг нь шохойдуулаад буцсан. Маргааш нь хүүхэд заавал өөрөө унана гээд уйлаад болдоггүй. Тэгэхээр нь арга буюу гадуур нь цамц өмсгөөд мордуулчихсан юм. Тэгээд л бор үрээ маань 15-аар ирсэн дээ. Түүний дараа нь Ламын гэгээний наадамд айрагдсан.Тэр үед манай морьдын уяаг Манлай уяач Цэрэндэжид гуай тааруулдаг байсан юм. Энэ дашрамд “Тод магнай” сэтгүүлээрээ дамжуулан Цэрэндэжид гуайдаа сар шинийн мэнд дэвшүүлье.
-Шувуун саарал чинь одоо уралдаж байгаа юм уу?
-Үгүй ээ. Ламын гэгээний наадмын үеэр нь хөл нь эвгүйтээд түүнээс хойш уралдаагүй.
-Хонгор халзан морины эзнийг морь сонирхоод удаагүй гэж бодсон нь ташаа байх нь ээ.Хэзээнээс хурдан хүлгийн хийморьт сүсэглэх болсон юм бэ?
-20-иод жилийн өмнө юм уу даа. Би ер нь залуугаасаа морь унаж, уул хадаар хэсэн, ан ав хийж, байгалийн зураг авдаг байсан хүн. Тэр хоббидоо хөтлөгдөн сүүлийн 20 жилийн хугацаанд Бурхан Халдунд гэхэд л есөн удаа бараалхсан. Хэнтий аймгийн Дадал, Биндэр, Хөвсгөл аймгийн Цагааннуур, Булган аймгийн Тэшиг гээд байгалийн үзэсгэлэнт газруудаар морьт аялал хийдэг юм. Тэгж явахдаа л санаандгүй гэмээр тохиолдлоор хурдан морь сонирхдог болсон доо.
-Түүнийгээ  бидэнтэй хуваалцаач?
-Ууланд явж байгаад Хэнтийн Батширээтийн гөрөөчидтэй таартал нэг өвгөн миний унаж явсан хээр морийг харчихаад ангийнхаа олзон дээр өөрийнхөө унаж явсан морийг өгөөд авъя гээд болдоггүй.
-Ямар хишиг хүртсэн байсан юм?
-Баавгай, гахай агначихсан байсан  юм. Тэрийгээ дээр нь морио өгөөд, миний унаж явсан морийг авъя гээд байдаг. Ууланд яваа хүн чинь юу гэж унаа морио солих вэ дээ. Тэгээд наймаа хийсэнгүй. Буцаж явсан найз маань “хөөе, чи наадахаа суманд уяад үзээч” гэж байна. Би хотод ажилтай хүн хэдий заваар нь уях вэ дээ. Дуртай тулдаа завчилж хавар тавдугаар сард 10 хоног, намар 10-15 хоног ууланд явдаг байсан юм чинь.
-Тэгээд уяагүй хэрэг үү?
-Хамт явсан хүмүүс маань хээр морийг уяад Мөнгөнморьт сумын наадамд түрүүлгэчихсэн. Ууланд яваа морь чинь байнгын бэлтгэл ажилтай уяаны хэлээр онгойчихсон байдаг юм байна. Байнгын жигд ачаалалтай байдаг учраас хээр морь тийнхүү түрүүлсэн байх л даа.
-Тэр нь хэдэн он байхав?
-1995 он юмуу даа. Түүнээс хойш л ер нь хурдан морь сонирхож оролдоод үзье гэж шийдсэн дээ.
-Хээр морь чинь хаанахын адуу байсан юм бэ?
-Хэнтийн Цэнхэрмандал гаралтай адуу. Хээр морь сумын наадамд түрүүлэхэд ихэд урамшин түүнээс хойш Дорнод, Сүхбаатараас олон адуу авсан. Миний бор азарга байна. Дорнодын адуу. Надад ирэхээсээ өмнө тэндээ бооцоот уралдаанд нэг айрагдсан байсан. Тэгээд надад ирээд Сэлэнгэ аймгийн Орхон суманд болсон хаврын үсийн уралдаан болон Сант, Хушаат, Орхон сумдын наадамд бүгдэд нь айрагдсан. Мөн Дарханы наадамд түрүүлсэн. Ламын гэгээний наадамд соёолон уралдаж байсан халзан азарга 2010 онд хавчигтаа улсад уралдсан ч хадуурчихсан. Тэр үед манай хүүхдүүд надтай хамт бариан дээр морио хүлээгээд зогсож байсан манай үрээ ирдэггүй ээ. Тэгсэн хүү маань аавынхаа сэтгэлийг засах гэсэн үү “ааваа нэг л өдөр таны морь түрүүлэх байх аа” гэж билээ.
-Нээрэн л түрүүллээ дээ?
-Энэ жил хүүхдүүдтэйгээ хамт Гиннесийн уралдааныг  үзээд зогсож байсан тэр хүү маань “би бага байхдаа таны морь түрүүлнээ гээд хэлж байсан. Та  санаж байна уу” гэж хэлж байна лээ. Хүүхдийн зөн юм уу ямар ч байсан биелсэн дээ.

Хонгор халзан морийг өмнө нь үзсэн хүмүүс голоод буцсан байсан


-Хүлэг, эзэн хоёр учирсан түүхүүд сонирхолтой байдаг. Хонгор халзан морь эзнээ хэрхэн олсон бол?
-Сайн хүлэг эзнээ хайж явдаг гэдэг. Эзэн нь ч гэсэн сайн хүлгээ хайж л явдаг. Тэгээд бие биенээ олж, юмны учрал бүрдсэн үед л амжилт  гаргадаг байх гэж би боддог. Хонгор халзан морь бид хоёрын учирсан түүх бас их сонин л доо. Намайг авахаас өмнө хүмүүс очиж сонирхсон юм билээ. Бүр нэр цуутай, алдартай уяачид ч очсон байдаг. Тэд харчихаад голсхийгээд л явчихдаг байж л дээ. Хонгор халзан морь чинь бие жижигтэй, дээрээс нь багадаа хөнгөн гэмтэл авч байсан адуу байгаа юм. Харин манай Ихбаяр харчихаад  “тэр гэмтэл нөлөөлөхгүй ээ” л гэсэн. Тэгээд л авахаар болсон доо.
-Хэзээ ирсэн гэдэг билээ?
-2012 оны намар. Тэгээд 2013 оны хавар “Дүнжингаравын хурд-2013”, “Эрдэнэт-2013” хаврын бүсийн уралдаануудад уралдсан шүү дээ.
-Тан дээр ирэхээс өмнө ямар амжилт гаргасан байсан юм бэ?
-Баяндэлгэр сумын наадамд хоёр түрүүлээд, соёолон үрээ Өвгөн ноёнд айрагдсан байдаг. 2012 онд  Сүхбаатарын 70 жилийн ойгоор зургаад давхисан. Тэр уралдааны бичлэгийг үзээд л авахаар шийдсэн дээ.
-Хэдий хурдан хүлэг байсан ч өөрт тань ямар нэгэн сайн зөн төрөхгүй бол  чиний савны адуу биш гэсэн үг гэх яриа бий. Танд  хонгор морио анх харахад тийм эерэг мэдрэмж төрж байв уу?
-Их л сайхан адуу харагдсан. Ер нь хонгор халзан морь хавар, зун, өвөл хэзээ ч байсан уяан дээр нь очиход өөдөөс алхаад ирдэг. Дөхөөд очихоор өөдөөс зүтгээд байдаг зантай. Эзнээ таньдаг юмуу даа.
-Хонгор голдуу адуугаар нааддаг  гэж дуулсан. Хонгор зүсийг бэлгэшээдэг үү?
-Зориуд зүс ижилсүүлээгүй. Гэхдээ тэгж л таараад байдаг юм. Хонгор нутгийнх болоод хонгор морь таараад байна уу гэж хааяа боддог л юм./инээв/
-Хонгор адуунууд тэгээд хэрхэн давхиж байна?
-2011 онд дөрвөн түүхт ой давхцсан жил төвийн бүсийн наадамд хязаалан, шүдлэн насны хоёр үрээ мордуулсан. Хоёулаа 20 гарч давхисан. Энэ жил тэднийгээ харна даа.Унаа морьд дунд ч хонгор зүстэй адуу цөөнгүй бий. 

Суудлын ажлаас болж нуруу нь өвддөг болсон хүмүүсийг нэг сар морь унаад үз гэж зөвлөдөг

-Хурдан морь сонирхогсдын эгнээ өргөжин тэлж байна нь сайшаалтай ч адуу эдлэх гэдэг том соёл улам бүр бүдгэрч буй нь харамсалтай. Харин хонгор халзан морины эзэн тэр тал дээрээ дориун нэгэн бололтой. Морь унахын ач тусыг өөрийнхөөрөө тодорхойлооч.
-Морь унахаас илүү сайн дасгал байхгүй л болов уу. Ялангуяа хотын суугаа ажилтай бидэнд морь унаснаар бүх бие организм хөдөлгөөнд орж сэргэдэг. Гадаадад суугаа ажил эрхэлдэг хүмүүсийн нуруу нь өвдлөө гээд эмнэлэгт хандахад хамгийн түрүүнд морин тойруулгат очиж нэг сар морь унаад үз. Тэгээд ирээрэй” гэсэн зөвлөгөөг өгдөг юм билээ. Нурууны диск гэж ярьдаг зөөлөн эдийн гэмтлийн үед морь унах нь хамгийн сайн дасгал сургууль болдог гэдэг. Цэвэр агаарт байнгын жигд хөдөлгөөнтэй байх нь олон талын ач холбогдолтой нь шинжлэх ухаанаар нотлогдсон байх л даа.
-Хагас сар түүнээс дээш хугацаагаар морь унаад уул хадаар явахад танд ямар бэрхшээл тулгардаг вэ. Бас тэрхүү аяллын дараа ямар давуу талууд мэдрэгдэх үү?
-Эхний үед чулуу юм уу, хожуул хайж байгаад морддог байсан бол хоёр долоо хоногийн дараа буцахдаа бараг уулын өөдөө шогшоон дунд дагаж гүйж байгаад мордчихдог болдог. Өдөр хоногоор гэдэс багасч бие жавхайгаад уяаны ажил хийхээр морь яаж хөнгөрдөг билээ түүн шиг л болдог доо. /инээв/. Эрүүл агаарт тэгж явах эр хүний дээдийн жаргалын нэг юм гэж өөрийн эрхгүй бодогддог юм.
-Зурган дээрх эмээл хазаар тэргүүтэн хэн гээч дархны бүтээл вэ?
-Энэ бол манай Төв аймгийн Баян-Өнжүүл  сумын мундаг дархан Оношир гэж хүний бүтээл. Тэр сайхан буурлын хамгийн сүүлийн бүтээл нь миний эмээл байгаа юм. Оношир гуай энэ эмээлийг манай нутгийн Ням гэж бууралтай хамтарч хийсэн. Нэг нь арьсыг нь элдэж, ширэн эдлэлийг нь хийгээд нөгөө нь Архангайн Жаргалантаас модыг нь авчирч засаад жил гаруй ноцолдож байж гарсан бүтээл  дээ.

Тариачид бид хавар цас ханзрахад гараад өвөл 12 сарын эхээр л гэртээ ирдэг улс


-Зураг үзэж суухад ан авд нэлээд сонирхолтой юм шиг байна. Магадгүй энэ цагт ховордсон “жинхэнэ” анчдын нэг болов уу хэмээн таамаглаж байна?
-Машин машин тэргээр хөөж ан хийнэ гэдэг утга учиртай сайхан санагддаггүй. Түүний оронд олон хоног ангийнхаа араас явж, байгаль дэлхийн хишгийг хүртвэл сая л тэр ан болох байх даа. Ингэж явах нь дасгал сургуулилт болохоос гадна өвөг дээдсийн уламжлал үндэсний онцлог шүү дээ.
-Ямар маркийн буу хэрэглэдэг вэ?
-Янз бүрийн буу бий. Буудахаас гадна анч нохдоор мөр хөөлгөн үнэрлүүлж бас ан хийнэ.
-Уяаны үеийн дэг ёс гэж байдаг шиг анчдын сахидаг ёс жаяг бий биз?
-Байлгүй яахав. Ахалж байгаа хүнийхээ үгийг дагахаас эхлээд, хийж болох, болохгүй үйлдлүүд, агнаж болох, болохгүй амьтан гээд олон зүйлүүд бий шүү дээ. Хэдий гурвуулаа яваа ч ганцыг нь л авах ёстой амьтан ч гэж байна. Содон, хөхүүл, нялх, хээлтэй болон орооных нь үед ямар ч амьтныг агнахыг хатуу цээрлэдэг. Мөн ангийнхаа хишгийг хуваахаас эхлээд анчдын мөрддөг дэг ёс бий бий.
-Ярилцагч маань морь уяж, унаж, ан хийж, зураг авдаг хоббитой юм байна. Өөр бидний мэдэхгүй нууц бий юу?
-Юу байхав дээ.
-Та чинь тариа тарьдаг билүү. Ер нь байгаль дэлхийтэй их ойроос харилцдаг хүн юмаа даа? 
-Тиймээ. Тариа ногоо ургуулж, хангай дэлхийнхээ хишгийг хүртдэг өөрийн ажилдаа сэтгэл хангалуун байдаг шүү. Тариа тарина гэдэг амаргүй ажил. Жилийн дөрвөн улирлын турш дахь олон хүний нөр их хөдөлмөрийн үр шимээр та бидний иддэг гурил бүтдэг. Хавар цас ханзрав уу, үгүй юу гэрээсээ гараад  ургуулах гэж хэсэг үзнэ. Ургасан хойно нь  арчлах гэж бас нэг хэсэг үзнэ. Арчилсан хойноо хураах гэж бөөн ажил болно. Зарим жил цасанд даруулна. Ингэсээр хавар гарсан хүмүүс 12 дугаар сар дөхүүлээд гэртээ харина шүү дээ.
-Танайх хаана, хаана тариалдаг юм бэ?
-Бид Завхан аймгийн Асгат, Сэлэнгэ аймгийн Орхон, Хушаат, Сант, Хэнтий аймгийн Дадал  зэрэг цаг уурын онцлогтой, бүс нутгуудад тариа тарьдаг.
-Гурил хийх үү?
-Завхан аймгийн Асгатад жижигхэн гурилын үйлдвэртэй. Сэлэнгийн тариаг улсын нөөцөд өгдөг юм. Харин Дадал суманд жижиг гурилын үйлдвэр барихаар төлөвлөж байгаа.
-Хөрсөн дээр алт тарьдаг буянт үйл эрхэлдэг юм байна. 2014 оны уралдаануудын тов гарчихлаа. Морьдоо хөнгөрүүлэн бэлтгэж буй биз ээ?
-Нас болгонд шахуу  уяж байгаа. Удахгүй морь жилийнхээ өнгийг тольдоно доо.
-Угтан ирж буй усан морин жилдээ хүлэг морь нь хурдан хийморилог, хүүхэд багачуул нь эрүүл золбоолог, хурсан олон нь баяртай жаргалтай байж төр түмнээ цэнгүүлэх болтугай. Сэтгүүл, сайтын хуудсаар дамжуулан мэндийн цэнхэр хадгийг өөд өөд нь өргөн дэвшүүлэх боломжийг олгож байна. 
-“Тод магнай” сайт, сэтгүүлийн хамт олонд болон нийт Монголынхоо уяачид, малчид, тариачид, тариаланчдад ирж байгаа морь жилийн мэндийг хүргэж, морины босоо цагаан хийморь шиг бүгдийнх нь ажил өөдрөг, амжилттай сайхан байхын ерөөл дэвшүүлье.

А.Мөнх

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна